Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0355

 

“М” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, гуравдагч этгээд С.Н, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 322 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “М” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 326/2012, 2013 оны 02 дугаар сарын 21- ний өдрийн 112/2013 дугаар актуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 2008 он хүртэл 2 давхар хүртэл барилгын зөвшөөрлийг олгодог байсан. 2012 оноос Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 16 давхар хүртэл барилгын зөвшөөрөл олгодог болсон. Иймд 2007, 2008, 2009 онуудад олгогдсон зөвшөөрөл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт байхгүй гэдгийг “М” ХК мэдэж байсан. Манайд албан бичиг өгсөн учраас хариуг нь өгсөн.

 

 

 

... Зөвхөн 01792010 гэсэн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн талаар яригдаж байгаад архиваас 01802010 дугаартай зөвшөөрөл гарч ирсэн байдаг. Үүгээр барилга эхлүүлэх ажлын зөвшөөрөл байхгүй байсан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа.

Мөн Т.Энхтүвшин байцаагчийн акт гарсан нь үнэн. Шүүхийн шийдвэр гарсны дагуу хуулийн чиглэлээр мэргэжлийн хүн биш тул ийм зүйл гарсан байх гэж миний зүгээс ойлгож байна. Баянгол дүүргийн шүүхийн шийдвэр, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолууд, гүйцэтгэх захирлын хийсэн гэрээ зэргээс харахад хөрөнгө оруулалтын дагуу Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг хангасан тул Улсын комисс хүлээж авсан.

Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрлийн хувьд Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор зохицуулагддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “2007 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний дагуу “М” ХК-ийн газар дээр барилга барих болсон тул гэрээнд заасан үүргээ биелүүлж барилгаа барьсан. Уг гэрээнд талууд маргадаггүй. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 389 дүгээр шийдвэрт барилгын зөвшөөрлийн тухай заагаагүй гэдгийг хариуцагч тайлбартаа дурдсан.

Барилгын зөвшөөрөлтэй холбоотой Хяналтын шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлаар гомдол гаргасан. Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр 301, 302, 303 дугаар барилгыг зөвшөөрөлтэй эсэх талаар маргасан болохоос 7-н байрны асуудал дээр маргаан огт байхгүй. Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс 301, 302, 303 дугаар байрууд зөвшөөрөлтэй гэдгийг батлахаар ажиллагаа хийж холбогдох байгууллага болон архиваас материал авч үзэхэд 01/79/2010, 01/80/2010 гэсэн зөвшөөрөл нэг өдөр гарсан байдаг. Уг зөвшөөрлийг холбогдох байгууллага нь нотолж хэлсэн.

Уг гэрээний дагуу барилга барих ажил эхэлсэн. Анх 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зөвшөөрлөөр 2, 6, 7 дугаар байшингийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан. Үүний дараа уг зөвшөөрлийг сунгасан. Уг сунгалтын ард 301, 302, 303 гэж бичсэн дээр зөрчил гардаг.

2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/80/2010 гэсэн зөвшөөрөл дээр 1- 5 дугаар байшин гэсэн байгаа, Ингээд өмнөх зөвшөөрөлтэй нийлээд 8 байшинд

 

зөвшөөрөл олгосон болж байна. 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 130/2010 тоот актаар 2 байшинг Улсын комисс хүлээж авсан. Тус 2 байшин уг маргаанд огт хамааралгүй болж, нэхэмжлэгчийн зүгээс уг 2 байшингийн талаар маргах ёсгүй болж байгаа.

Сүүлд гаргасан 01/80/2010 дугаар зөвшөөрлийн тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас албан бичиг ирсэн. Уг албан бичигт 01/80/2010 зөвшөөрлийг 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай олгосныг дэд бүтцийн бүртгэлийн санд бүртгэлтэй байна гэдэг. Уг 01/80/210 дугаар зөвшөөрөл нь шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг хянан шийдвэрлүүлэх нэг үндэслэл болсон. Иймд уг албан бичгээр хууль эрх зүйн хувьд 8 байшин зөвшөөрөлтэй гэдэг нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч тал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй албан бичиг өгсөн гэж тайлбар хийж, барилгын зөвшөөрөл дээр 301, 302, 303 гэж бичсэн нь хуурамч гэж нэхэмжлэгч тал маргадаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичигт уг 688 айлын орон сууцны барилгыг зөвшөөрөлгүй барилгын жагсаалтаас хасав гэсэн байгаа. Уг албан бичигт 688 айлын гэсэн байгаа нь 301, 302, 303 дугаар байрны айлын тоотой таарч байдаг. Иймд 01/80/2010 зөвшөөрөл нь эхний 5 байшингийн зөвшөөрөл болж байна. Өмнөх Улсын комисс хүлээж авсан 2 байшингийн хувьд маргадаггүй гэж хэлсэн.

Иргэн С.Н-г хүлцэл өчсөн албан бичиг явуулсан гэж нэхэмжлэгч тал тайлбартаа хэлсэн. Иргэн С.Н нь төрийн захиргааны байгууллагаас тавьсан шаардлагын дагуу торгуулах юм бол уг зөрчил арилна гэсэн тул уг албан бичгийг өгсөн. 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр торгуулийг хийсэн байдаг. Үүний дагуу 301 ба 303 дугаартай байшинд 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 019205 дугаар захиргааны шийтгэвэр ногдуулсан байгаа. Үүнийг нэхэмжлэгч болон Улсын Дээд шүүх анзааралгүй 301, 302, 303 дугаар байр зөвшөөрөлгүй гэж ойлгосон. Уг алдаанаас болоод бүх шатны шүүх уг алдааг анзаараагүй, мөн хэргийн оролцогчид анзаараагүй байдаг. 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 019205 дугаар захиргааны шийтгэвэрт 301 ба 303 гэж бичсэн хавтаст хэрэгт байгаа. Энэ нь юугаар нотлогддог вэ гэхээр мэргэжлийн хяналтын газар өгч байгаа тайлбарууд дээр зөвхөн 2 дугаар цогцолбор зөвшөөрөлтэй байсан гэдэг. Гурван барилгыг зөвшөөрөлгүй гэж ярьдаггүй. Шинээр илэрсэн нөхцөл байдлаар өгсөн барилгын актууд хавтаст хэрэгт байгаа.

Цаг хугацааны хувьд өмнөх маргааныг шийдвэрлэхдээ 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албанаас ирүүлсэн албан бичиг хавтаст хэрэгт байгаа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа шүүхийн шийдвэрийн дараа уг барилгыг барьсан гэдэг. Энэ байшин 2009 онд эхлүүлэх зөвшөөрөлтэй нь холбогдох байгууллагын албан бичгээр нотлогддог, мөн ажлын тэмдэглэл архивд авагдсан.

Уг хэргийг шийдвэрлэхдээ “Э” ХХК гэж андуурч яваад байдаг. Иргэн С.Н нь тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь С.Баярсайхан гэж өөр хүн байгаа. Иргэн С.Н-гийн хувьд өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э” ХХК-ийг гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргасан байдаг. Гэтэл шүүх шаардлагагүй гэж үзсэн. Иргэн С.Н нь тус компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, харин томоохон гэрээнд зарчмын хувьд оролцдог. “Э” ХХК-иас зарим баримтууд гарч ирсэн тул шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзсэн. Өнөөдөр Улсын комиссын 2 актын тухай яригдаж байгаа. Нэхэмжлэгч барилгын ажлыг түдгэлзүүлсэн улсын байцаагчийн эс үйлдэхүйд холбогдох дээд шатны байгууллага болон шүүхэд гомдол гаргаагүй.

2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 389 дугаар шийдвэрийн 19 дүгээр хуудасны 24 дүгээр мөрт “....баригдсан барилгын доорх газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн...” гэж дурдсан байгаа. Энэ 3 барилгыг буулгах талаар огт дурдаагүй газрын гэрчилгээтэй л холбоотой байдаг. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү.

Бид өмнө нь баригдсан байшин гэдгийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас нотолж байгаа. Өмнөх шүүх хуралдаанд баригдсан байшингийн тухай нэхэмжлэгч гомдол гаргадаггүй. Уг нэхэмжлэлийг Г.А гаргасан байхад гарын үсэг зурсан хүн нь Б.З байгаа. Шинээр илэрсэн нөхцөл байдлаар хяналтын шатны шүүхээр хянагдахад энэ талаар Б.З хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Уг нэхэмжлэлийн дараа Г.Агийн итгэмжлэл хэрэгт авагдсан. Иймд шаардлага хангаагүй нэхэмжлэл гаргасан, маргаан бүхий 2 акт нь нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчиж байгаа нь тогтоогдохгүй байна. Мөн хамтран ажиллах гэрээний дагуу төлбөрөө авсан талаар нэхэмжлэгч маргадаггүй байж, гүйцэтгэгч компани болон оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байгаа нь учир дутагдалтай байна.

 

2007 онд “М” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд бүх гишүүд зөвшөөрч гүйцэтгэх захирал Б.З зөвшөөрөл олгосны дагуу иргэн С.Н-тай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “М” ХК үүргээ биелүүлээгүй, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-д заасны дагуу борлуулалтын ашгаас авах байсан боловч мөнгө шаардлагатай гэсний дагуу би банкнаас өндөр хүүтэй зээл авч 2 тэрбум төгрөгийг төлсөн. Үүний дагуу “М” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлөөр газрын албанд холбогдох материалыг бүрдүүлэн өгч 5 га газрыг манайд шилжүүлсэн тул орон сууцны барилгын ажил эхэлсэн.

Эхний 7 барилга ашиглалтад орж дууссан. Дараагийн 3 барилгын ажил дуусаагүй байхад “М” ХК-ийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан.

Уг асуудлаас өмнө “М” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.З надтай уулзаж, гэрээндээ өөрчлөлт оруулж үнийн дүнгээ нэмэхийг шаардсан. Би гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу борлуулалтын ашгаас өгөх ёстой байсан боловч та мөнгө шаардлагатай гэсэн тул банкнаас өндөр хүүтэй зээл авч шаардлагатай мөнгийг гаргаж, гэрээ байгуулсан тул боломжгүй гэсэн хариу өгсөн учраас газрын асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, 2011 оны 389 тоот шийдвэр гарсан тул уг шийдвэрийг хүндэтгэн үзэж, дутуу 20 барилгаа бариагүй, дутуу баригдсан байшингаа барьж дуусгасан.

“М” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.З мөнгө авч чадахгүй байгаа болохоороо барилгын ажил дуусахыг хүлээж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Би удаа дараа “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон талбайн инженер нарыг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргаж байсан боловч энэ асуудал шийдэгдэхгүй байсаар эцсийн шийдвэр гарсан.

Нэхэмжлэгч тал оршин суугчдын эрх ашгийг хохирохгүй гэж яриад байгаа боловч уг 2 байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахыг түдгэлзүүлсэн тул уг байрны айлууд гэрчилгээгээ авч чадахгүй зээл авч чадахгүй хохирч байна. Мөн орц гарцыг хаасан тул өөр иргэдийн гараажийг худалдаж авч орц гарцыг нээсэн.

Одоо өөр газруудад барилгын ажил явагдаж эхэлж байна. Уг газарт 5000 айлын хотхон ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах ёстой. Энэ төлөвлөгөөг би батлуулж байсан юм. Шүүх дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “М” ХК яаж хохирсон тухай тайлбар хэлж чаддаггүй. Уг газар объект байсан гэж тайлбарладаг. Уг газар морин тойруулгын төмөр л байсан үүнийг хүнд зарсан байсан. Бид уг газар холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгын ажил явуулсан. Энэ маргаан нь 2 компани хоорондын маргаан биш ард нь олон айлын асуудал шийдвэрлэгдэх тул үүнийг шүүх анхаар үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 322 дугаар шийдвэрээр: “Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 9 дүгээр зүйлд заасныг баримтлан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 326/2012, 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 112/2013 дугаар актыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий “М” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А давж заалдах гомдолдоо: “Шийдвэрт: Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын актыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэл нь:

  1. Маргаан бүхий 301, 302, 303 дугаартай барилгуудыг барихаар газар олгосон засаг даргын шийдвэр байхгүй. /Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 349 дүгээр захирамжаар “М” ХК-д барилга барихаар газар олгосныг 2008 оны 181 дүгээр захирамжаар хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрээр иргэн С.Нд газар шилжүүлсэн 2008 оны 181, 2010 оны 877 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон./ Энэ бүгд нь “М” ХК-ийн эзэмшил газар дээр барилга барих үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн боломжгүй болсныг харуулна.
  2. 301, 302, 303 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй. /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар уг барилгад зөвшөөрөл олгоогүй гэж 2 удаа, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зөвшөөрөл олгоогүй гэж 3 удаа тус тус мэдэгдсэн/ Үүнээс үзэхэд зөвшөөрөлгүй баригдсан барилга гэдэг нь тодорхой байдаг.
  3. Шүүхээс баримталж хэрэг шийдээд байгаа Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг зөрчсөн гэдэг нь улсын байцаагчийн акт, улсын байцаагчийн илрүүлсэн зөрчлийн тэмдэглэл, хүний эрхийн комиссын зөвлөмж зэргээр тодорхой болдог
 
  1. Газрын маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрэгжээгүй
  2. Барилгын тухай хуулийн 5.1.3-д заасны дагуу Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг хэрэгжүүлээгүй
  3. Барилгын тэг тэнхлэг татсан акт, ил далд ажлын акт, ажлын журналыг мэдэхгүй, гэж байгаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй зүйлийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж хүлээж авсан зэргээр барилга байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын 326/2012, 112/2013 дугаартай актуудыг хүчингүй болгох хангалттай үндэслэл байгаа нь тодорхой байдаг.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр газар нь “М” ХК-ийн эзэмшилд байгаа нь нэгэнт тогтоогдсон байхад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2-т Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүлнэ” гэсэн, 5.3-т захиргааны шүүхийн актыг биелүүлээгүй этгээдэд ...хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалтууд тус тус хэрэгжихгүй байна.

Газар эзэмших эрх нь “М” ХК-д хадгалагдаж байгаа учраас Нийслэлийн засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/475 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээнүүд сунгагдсан, газар эзэмшигч газрын төлбөрөө төлсөөр байна. Барилгын тухай хуулиар барилга барихад засаг даргын газар олгосон шийдвэр байна гэсэн заалт хэрэгжих ёсгүй байдлаар шүүхийн шийдвэр гараад байгааг ойлгохгүй байна

Гуравдагч этгээдээс Монгол Улсын ерөнхий шүүгчид гаргасан гомдлыг татаж, шинээр илэрсэн нөхцөл байдал гэсэн хүсэлт гаргаснаас эхлээд цаашид асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхой болсон. Гэх мэт олон зүйлээр тайлбар хийж болох боловч шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүй байгаа учраас нэмэлт тайлбарын шаардлагагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа итгэлтэй, гарцаагүй үнэн гэдэгт эргэлзэхгүй байгаа мөн шударга, үнэн гэдэг зүйл байхгүй болсныг ч мэдэрч байна.

Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйл нь бүхэлдээ Засгийн газрын бүрэн эрхийн асуудал байдаг бөгөөд 5.1.3-д барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах болон барилгын ашиглалтын дүрмийг баталж мөрдүүлэх гэсний дагуу Засгийн газар дүрмийг баталсан байдаг. Харин Засгийн газраас

 

 

 

 

баталсан дүрмийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хэрэгжүүлж ажиллаагүй гэсэн нэхэмжлэлийн шаардлага байдаг.

Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйл нь барилга байгууламжид тавих шаардлагын тухай зүйл байна. Улсын байцаагчийн акт, Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмж зэрэг нь барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үздэг Гэтэл шүүх 9 дүгээр зүйлийг баримталж хэрэг шийдэж байна. Мөн барилгын мэргэжлийн байгууллагуудаар шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй гэж хүчээр шийдэж байгаа болохоор асуудал цаашдаа энэ байдлаар бүх шатанд шийдэгдэх нь ойлгомжтой боллоо.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, хэлэх үгээ бичгээр хэрэгт үлдээх, худал хуурмаг хууль бус үйлдэл гаргахгүй, хүн гүтгэж хүний нэр хүндэд халдахгүй, Монгол Улсын шат шатны шүүхийн шийдвэр эцэслэн гартал өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсээр байх болно. Хэрэв барилгын байгууллагуудаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан тохиолдолд Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжид тавих шаардлагыг зөрчсөн нь тодорхой болох учраас хүсэлтийг хүлээж авахаас татгалзах байдлаар үнэнээс тойруулах шийдэлд хүрсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай гаргасан хүсэлтийг процессын гэж үзээд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90.3 дахь хэсэгт зааснаар эцсийн шийдвэр болно гэж шийдсэн байх, түүнээс биш хэргийг бүхэлд нь хянуулахгүйгээр шийдвэрлэх хуулийн заалт байхгүй учраас анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн тохиолдолд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй үлдээж өгнө үү" гэжээ.

ХЯНАВАЛ:

“М” ХК иргэн С.Н-тай 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, өөрийн компанийн эзэмшлийн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр захирамжаар олгогдсон Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8,87 га газарт барилга барих чиглэлээр С.Н-гийн хөрөнгө оруулалттайгаар хамтран ажиллах, ингэхдээ “М” ХК өөрийн эзэмшилд байгаа газрын 4,15 га талбайн эзэмших эрхийг 2007-2009 он хүртэл барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд С.Н-д шилжүүлэх, мөн өөрийн эзэмшилд байгаа 4,72 га газар дээр дараагийн барилгажих талбайн асуудлыг 2007 оны 12 дугаар сарын 01-ний дотор

 

 

 

 

шийдвэрлэх, иргэн С.Н барилгын ажил гүйцэтгэхтэй холбогдон гарах зардал болон барилгын борлуулалтыг бүрэн хариуцах, гэрээний хугацаа нь “М” ХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр захирамжтай газрын эзэмших эрхийг С.Н-гийн эзэмшилд шилжүүлж, С.Н нь баригдаж дууссан барилгын борлуулалтын ашгаас “М” ХК-д шилжүүлснээр дуусгавар болохоор харилцан тохиролцжээ.

Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181 дүгээр захирамжаар “М” ХК-ийн эзэмшил газрын хэмжээг багасгаж, иргэн С.Н-д 50000 м.кв газрыг эзэмшүүлэхээр, 2010 оны 877 дугаар захирамжаар С.Н-гийн эзэмшлийн газраас барилгын доорх газрыг нийтийн эзэмшилд өгч, үлдэх хэсгийг түүнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч тухайн захирамжуудын холбогдох хэсгийг шүүх хүчингүй болгожээ.

Харин С.Н газрыг эзэмшиж байх явцад хамтран ажиллах гэрээнд заагдсаны дагуу тухайн газарт орон сууцны барилгууд баригдсанаас Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2011 оны 5 дугаар сарын 09- ний өдрийн 140/2011 дүгээр актаар орон сууцны 101-105 дугаар 5 барилгыг хүлээн авсан бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байна.

Гагцхүү нэхэмжлэгч тэдгээрийн дараа баригдаж дууссан орон сууцны 301, 302, 303 дугаартай барилгуудыг хүлээн авсан улсын комиссын 2012 оны 326/2012, 2013 оны 112/2013 дугаар актуудыг хүчингүй болгуулахаар маргажээ. Ийнхүү маргасан шалтгаанаа нэхэмжлэгчээс тухайн болон зэргэлдээ орон сууц өмчлөгчдийн эрх ашиг зөрчигдсөн, тухайлбал орц, гарцыг хаасантай холбоотой хэмээн тайлбарлажээ.

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 932 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 462 дугаар магадлал зэргээс үзвэл “М” ХК барилга барихад зориулж газар эзэмших эрхээрээ, иргэн С.Н барилга барих үйл ажиллагаагаараа хамтран ажиллахаар тохирсон, ийнхүү хамтран ажиллах явцад С.Н тохиролцсон хэмжээнээс илүү газрыг шилжүүлж авснаас талуудын хооронд маргаан

 

үүссэн хэдий ч гэрээний харилцаа нь дуусгавар болоогүй, өөрөөр хэлбэл тэдний хамтын үйл ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байгаа нь тогтоогдож байна.

Тиймээс хамтран ажиллах гэрээнээс үүдэлтэй маргаанаас шалтгаалж уг гэрээний дагуу баригдсан барилгын ажлыг зогсоох буюу ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актыг хүчингүй болгохоор шүүхэд хандсаныг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар гаргасан гэх боломжгүй. Тодруулбал, “М” ХК өөрийн эзэмшил газрын тодорхой хэсэгт орон сууцны барилгыг бусдын хөрөнгөөр бариулж, түүнээс тодорхой хэмжээний ашиг олох зорилгоор бусадтай хамтран ажиллах гэрээ байгуулсан, хамтын ажиллагааны явцад орон сууцны барилгууд баригдаж, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авсан нь уг компанийн гэрээгээр илэрхийлсэн хүсэл зоригт нийцжээ. Харин гэрээний талуудын хамтын үйл ажиллагаа болон гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхтэй холбоотой маргаан нь Иргэний хуулиар зохицуулагдаж шийдвэрлэгдэх асуудал юм.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд С.Н болон түүний эзэмшлийн “Э” ХХК барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа хууль тогтоомж зөрчсөн, тийнхүү баригдсан барилгыг хариуцагч төрийн захиргааны байгууллага хүлээн авсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх эдгээр болон бусад асуудлаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.