| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00415/И |
| Дугаар | 456 |
| Огноо | 2017-10-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 456
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч С.З, Д.Б, хариуцагч Д.Б нарыгоролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, С.З, Д.Б нарын нэхэмжлэлтэй Д.Б-д холбогдох Завхан аймгийн ******* сумын ******* багийн **-** А тоотод байрлах 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 90 м3 байшинг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан, *******, ******* баг **-р байр **-** тоотод оршин суух Хун тайж овогт С-ийн З, ******* овогт Д-ийн Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Манайх Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хажууд ахуйн зориулалттай өвлийн байшинтай бөгөөд энэхүү байшингийнхаа дундуур нь хувааж талыг нь буюу 90м3 хэмжээтэй 3 өрөөг гаднаас хаалгатай болгон өөрчилж газаргүйгээр 1998 онд 3,000,000 төгрөгөөр Д.Б-д үнийг нь 2 жилийн дотор авахаар худалдсан юм.
Гэтэл Д.Б нь манайд байшингийн үнийг одоо болтол төлөөгүй тул бид гэрээнээсээ татгалзаж байна.
Мөн Д.Б манайд тохиролцсон ёсоор байшингийн үнийг төлөөгүй хирнээ уг байшинг 2005 онд өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл анхнаасаа Б манай хоёрын хооронд хийгдсэн байшин худалдах, худалдан авах хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг худалдахдаа заавал улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.
Мөн худалдан авагч одоо хүртэл үүргээ биелүүлээгүй буюу байшингийн үнийг төлөөгүй байгаа учраас манайд буцааж байшинг маань өгөх ёстой гэж үзэж байна.
Иймд бусдын хууль бус өмчлөлөөс өөрийн байшин, газрыг буцааж авмаар байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1998 онд би өөрийн төрсөн дүү болох Б-д өөрийн байшингаа дундуур нь хувааж 2 талд нь хаалга гаргаад 2 жилийн хугацаатай мөнгийг нь төлж дуусахаар тохиролцож байшингаа зарсан юм. Яагаад тэгж зарах болсон юм бэ? гэхээр манайх тэр байшингаа зарчихаад мөнгөөр нь төвд үйлчилгээний зориулалттай байр авах зорилготой зарсан юм. Тэгээд зарснаасаа хойш мөнгийг нь удаа дараа нэхсээр байгаад өгөлгүй өдийг хүрсэн юм. Тиймээс одоо байшингаа буцааж авах хүсэлтэй байна.
Тэр үедээ мөнгө төгрөгөө авсан байсан бол төвд байрлал сайтай үл хөдлөх хөрөнгө худалдаад авчихсан байх байсан. Тухайн үед нь Б мөнгөө төлж чадаагүй учраас байшингаа буцааж авч хүүгээ гэрлүүлэх бодолтой байгаа юм. Тиймээс нэхэмжлэл гаргасан юм гэв.
Нэхэмжлэгч С.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын гэрчилгээ нь гэр бүлийн хэрэгцээнд манай гэр бүлийн бүх гишүүдийн нэр дээр гарсан байдаг. Гэтэл Б бидэнд хэлэлгүйгээр байшингаа өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн байгааг ойлгохгүй байгаа юм. Улсын бүртгэлийн байгууллага ажлаа хэрхэн хийдгийг бид сайн ойлгохгүй байгаа. Иймд бид одоо байшингаа буцааж авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Завхан, *******, Товцог баг тэжээлийн фондын **-** тоотод оршин суух ******* овогт Д-ийн Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.З, Д.Б нарын нэхэмжлэлтэй танилцлаа. 1998 онд Завхан аймгийн ******* сумын ******* багийн эрчим хүчний үйлдвэрийн хажууд ахуйн зориулалттай өвлийн байшинг дундуур нь хувааж талыг нь газаргүйгээр тухайн үед газаргүйгээр 3,0 сая төгрөгөөр 2 жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон. Түүнээс хойш засвар хийж 2000 онд гэр бүл болсон. 2005 онд эхнэр Ж.М-ийн шаардлагаар бизнесийн зээл авах зорилгоор улсын бүртгэлд бүртгүүлж зээл авсан. 2007-2008 онд гэр бүл салах үед Хас банкинд зээлтэй байсан тул зээлээ төлөхийн тулд Д.Д-д 3,0 сая төгрөгөөр зарсан. Иймд Д.Д-тай тохиролцож түүнийг хохиролгүй болгоно гэжээ.
Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хүмүүсийг алийн болгон чирэгдүүлэх вэ, байшинг нь буцааж өгнө гэсэн бодолтой байгаа. Анх 1998 онд 2 жилийн хугацаатай мөнгийг нь төлж барагдуулна гэж уг байшинг авсан юм. Түүнээс хойш мөнгийг нь төлөх боломжгүй явсаар байгаад өдийг хүрсэн юм. Тухайн үед манай гэр бүл банкнаас мөнгө зээлэх шаардлагатай байсан учраас байшингаа улсын бүртгэлд өөрсдийнхөө нэр дээр бүртгүүлээд гэрчилгээ авсан юм. Одоо энэ хүмүүсийн байшинг буцааж өгөхөөс өөр аргагүй л болоод байна гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.З, Д.Б нар нь хариуцагч Д.Б-д Завхан аймгийн ******* сумын ******* багийн **-** А тоотод байрлах 90 м3 байшинг 3,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдах худалдан авахаар гэрээг амаар байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогджээ.
Уг худалдах худалдан авах гэрээний талаар талууд маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбогдох баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр хуульд заажээ.
Худалдах-худалдан авах гэрээг байгуулах талаар:
а. Худалдах-худалдн авах гэрээний тухайд хэлбэрийн хувьд заавал бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлага байхгүй ч худалдах худалдан авах гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байгаа тохиолдолд гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлага нь Иргэний хуулийн 109-р зүйлийн 109.2-д байна. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ. Мөн хэлцлийн хэлбэрийн хувьд нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлэхээр заажээ.
Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөлийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заажээ.
б. Иргэний хуулийн 43-р зүйлд хэлцлийг ямар тохиолдолд хийгдсэн гэж тооцох вэ гэдгийг тайлбарласан. Энэ хуулийн 43.2.3-д Хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол хэлцэл хийсэн гэж үзнэ гэжээ. Дээр дурдсанаар Иргэний хуульд Худалдах-худалдан авах гэрээнд гэрчлүүлэн бүртгүүлэх шаардлага тавьдаггүй харин гэрээний зүйл үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон хэлцэл бичгийн хэлбэртэй нотариатаар гэрчлүүлсэн байхыг хуульд шаардах байна.
в. Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно. Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй гэсэн ойлголтыг хэлцлийн зорилго, гол нөхцөл талуудын эрх үүргийг тодорхой бус байхыг заажээ.
г. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг захиран зарцуулахад гэр бүлийн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд гишүүний бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэсэн, хэрэв зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэжээ.
Нэхэмжлэгч С.З, Д.Б, хариуцагч Д.Б нар нь худалдах-худалдан авах талаар аман хэлбэрээр хоорондоо тохиролцож уг үл хөдлөх эд хөрөнгө болох Завхан аймгийн ******* сумын ******* багийн **-** А тоотод байрлах 90 м3 байшинг 3,000,000 төгрөгөөр өгч авалцсан нь нотлогдож байна.
Хүчин төгөлдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь шаардлага ба үүргийг үүсгэдэг. Худалдагч нь /нэхэмжлэгч С.З, Д.Б/ худалдсан эд хөрөнгийн өмчлөлийг худалдан авагчид шилжүүлж, худалдан авагч /хариуцагч Д.*******/ нь эд хөрөнгийн үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Гэвч хуульд заасан хэлбэрийг зөрчсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад бичиг баримт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх гэсэн, уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэсэн, хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно /хэлцлийн зорилго, гол нөхцөл, талуудын эрх үүргийг тодорхой бус байхыг/ гэсэн, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг захиран зарцуулахад гэр бүлийн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд гишүүний бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэснийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.З, Д.Б нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-д холбогдох аман хэлбэрээр байгуулагдсан хэлцлээс үүссэн маргааны улмаас Завхан аймгийн ******* сумын ******* багийн **-** А тоотод байрлах 3,000,000 төгрөгийн үнэ бүхий 90 м3 байшинг буцаан гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.З, Д.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ