Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч *******ын хүсэлттэй*******эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

...Би Баатарчулуун захиралтай 2015 оны 08-р сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт уулзалдаад тэдний компани Сэлэнгэ аймагт тендерийн ажил хийхээр болсон байсан. Би 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажлыг нь эхэлсэн. Дундуур нь Нарантуяа гэдэг хүн захирал гэж өөрийгөө танилцуулаад хотод надтай ирж уулзсан. Тэгээд өөрийгөө би энэ Жаргал Констракшны санхүү хариуцсна захирал гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд бид нар ажлыг нь хугацаанд нь дуусгасан. Улсын комисс ажил хүлээлцэх болоход Нарантуяа цалингаа өгөхгүй, чамтай гэрээ байгуулаагүй Нарны зам гэдэг компанитай гэрээ байгуулсан гэж хэлсэн. Улсын комисс ирээд энэ хүмүүс энд ажилласан энэ хүмүүстэй гэрээгээ байгуул тэгэхгүй бол ажлыг чинь хүлээж авахгүй гэхэд Жаргал Констракшны захирал Б.Баатарчулуун надтай гэрээ байгуулсан. Баатарчулуун увуулж цувуулж өгсөөр байгаад үлдэгдэл мөнгөө өгөхгүй алга болсон. Хэд хэдэн удаа уулзах гээд очсон. Намайг очиж уулзахад Циркийн баруун талд нэг орон сууцны подволд байдаг байсан. Одоо тэндээ байхаа больсон байна лээ. Би утсаар ярьдаг байсан. Тэр утсаа хаасан. Би мэссэж бичээд авдаггүй. Жаргал Констракшн өөрөө барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани байгаа юм. Тийм хэдий ч компанийхаа бүртгүүлсэн хаягтаа байхгүй байгаа. Баатарчулууны аав нь Батдорж гэдэг хүн байгаа. Тэр хүн гэр хороололд амьдардаг. Утсыг нь би мэдэхгүй. Ааваас нь асуухаар компани нь дампуурсан. Хөдөө тариа тарьж байгаа гэж хэлсэн. Утсыг нь өгөөч ээ гэж хэлэхээр утас нь холбогдохгүй байгаа гэж хэлдэг байсан. Аав Батдорж нь тухайн үед надтай талбайн инженерээр хяналтын ажил хийсэн. 99817624 гэж Баатарчулууны утас, 99114339 Баатарчулууны утас байгаа юм. Энэ хүн хаана байгаа н тодорхойгүй, оршин суугаа хаягтаа байхгүй байгаа. Гэхдээ компани нь бол дампуурсан гээд байгаа хэдий ч татварын албанд бүртгэлтэй байгаа... гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь Б.Баатарчулууныг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч *******той Ж-н К-н ХХК 2017 оны 09-р сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний дагуу хөлс төлөх үүрэгтэй байсан хэдий ч ажлын хөлсний үлдэгдэл 2 700 000 төгрөг, ажлын гүйцэтгэлийн баталгаанд үлдээсэн 1 300 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийг Жаргалан Констракшн ХХК-ийн захирал Б.Баатарчулуун төлөөгүй бөгөөд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй байна.

Б.Баатарчулууны төрсөн эцэг Г.Б-ж нь *******той тухайн үед талбайн инженерээр хяналтын ажил хийж байсан бөгөөд Г.Батдорж нь 99009862 гэсэн утасны дугаартай болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар Жаргалан Констракшн ХХК-ийн захирал*******эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгаар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар Батдоржийн Баатарчулууныг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасгаар гүйцэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон ******* нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА