| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0999/и |
| Дугаар | 00999 |
| Огноо | 2017-10-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 00999
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1986 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, үсчин ажилтай, ам бүл 4, ээж 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 29-12 тоотод оршин суух, “Сахалт” овогт Адъяахүүгийн Анхбаяр /РГ-86072501/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багийн нутаг Улааны өвөр гэх газарт оршин суух, “Ар тогоруутан” овогт Пүрэвцэрэнгийн Лхагвадорж /РГ-85051412/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч А.Анхбаяр, хариуцагч П.Лхагвадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нөхөр П.Лхагвадоржтой 2006 онд айл болж хурим найр хийж хамт амьдрах хугацаанд том хүү Лхагвабаярыг 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, Мягмарбаярыг 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тус тус төрүүлсэн. Бид хоёр 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа болон хоёр хүүхэд маань энэ хугацаанд надтай хамт амьдарч байгаа ба том хүү 5 дугаар анги, бага хүү 3 дугаар ангид тус тус суралцаж байна. Хамт амьдрах хугацаанд нөхөр П.Лхагвадорж нь архи ууж, гэрээ шатаахыг 2-3 удаа завдаж улмаар 3 дахь удаагийн завдалт дээрээ гэрээ шатааж, шүүхээр орж шийтгүүлж байсан тул цаашид хамт амьдрах боломжгүй тул гэр бүлээ цуцлуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан юм.
Иймд гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч П.Лхагвадоржийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би эхнэртэйгээ хамт амьдрах хугацаанд хоёр хүүтэй болсон ба миний хүүхдүүд тул хүүхдийн асуудал дээр маргаан байхгүй. Гэр оронгоо согтуудаа шатааж байсан нь үнэн болон хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрч байгаа тул гэр бүлээ цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн байна. Би өөрийн гэсэн гэр оронгүй, ажил төрөлгүй тул 2 хүүхдээ ээж дээр нь үлдээе. Хүүхдийн тэтгэлэг төлнө, эд хөрөнгийн маргаангүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч А.Анхбаяр нь хариуцагч П.Лхагвадоржид холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч А.Анхбаяр нь хариуцагч П.Лхагвадорж нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү П.Мягмарбаяр, хүү П.Лхагвабаяр нар төрсөн болох нь.Тухайлбал;
Гэрлэгчдийг гэр бүл болсныг 2006 оны 7 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын улсын бүртгэлийн ажилтан бүртгэж № 41 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүү “Ар тогоруутан” овогт Лхагвадоржийн Лхагвабаяр /РГ-06291316/, 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүү “Ар тогоруутан” овогт Лхагвадоржийн Мягмарбаяр /УО-10291432/ нарыг төрүүлсэн, тэдэнд олгосон төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн засаг дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Ирээдүй 21-р зуун” ахлах сургуулийн тодорхойлолтууд болон гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2013 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан тохиролцсон, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд маргаангүй байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд А.Анхбаяр, П.Лхагвадорж нарын гэрлэлтийг цуцлаж хүү Л.Лхагвабаяр, Л.Мягмарбаяр нарыг эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдлаа.
Нэхэмжлэгч А.Анхбаярыг шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэл болон хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлсөн. Харин хариуцагч П.Лхагвадоржоос гэр бүл цуцлуулах нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөг байгаагаас 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн 11 настай хүү Л.Лхагвабаяр /РГ-06291316/-т 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцоход жилд 2.082.000 төгрөг болох ба нэг жилд төлөх тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 48.262 төгрөг, 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн 7 настай хүү Л.Мягмарбаяр /УО-10291432/-т 11 хүртэлх настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцоход жилд 1.041.000 төгрөг болох ба нэг жилд төлөх тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 29.534 төгрөг, нийт 147.996 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Ар тогоруутан” овогт Пүрэвцэрэнгийн Лхагвадорж /РГ85051412/, “Сахалт” овогт Адъяахүүгийн Анхбаяр /РГ86072501/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү “Ар тогоруутан” овогт Лхагвадоржийн Лхагвабаяр /РГ-06291316/, 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү “Ар тогоруутан” овогт Лхагвадоржийн Мягмарбаяр /УО-10291432/ нарыг эх А.Анхбаярын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 11 настай Л.Лхагвабаярт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 7 настай Л.Мягмарбаярт 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч П.Лхагвадоржоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Анхбаярыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч П.Лхагвадоржоос улсын тэмдэгтийн хураамжинд 147.996 /нэг зуун дөчин долоон мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ