Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/379

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн даргаар И.Буманбаяр улсын яллагч П.Нямцэцэг шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам /№0776/ хохирогч Я.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Ц.Монгол /№0730/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хт холбогдох 201625031616 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ДарханУул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 аав ээж дүү нарын хамт амьдардаг, Боржигон овогт Б.Х, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Х нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б.Х нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зогсолтгүй хүч” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа итгэмжлэгдэн хариуцуулсан хөрөнгийг 2015 оны 10 дугаар сарын 19-нөөс 2016 оны 6 дугаар сарын 15-ны хооронд эргэлтийн мөнгөнөөс нийт 11.725.018.70 төгрөгийн эд хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Оюунцэцэгийн мэдүүлсэн мэдүүлэгтээ: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Я.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 15-наас Юнител кампани үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулж бүх гэрээт салбаруудаа худалдааны төлөөлөгч гэсэн орон тооны ажилтан бий болгосон. Би өмнө 2012 оноос хойш “Зогсолтгүй хүч” ХХК байгуулж Юнител компанитай хамтарч ажиллаж байсан. Тэгээд худалдааны төлөөлөгч ажиллуулах хүн судалж эхэлсэн. Хыг судалж үзэхэд эрэгтэй хүүхэд, компьютерын программ дээр сайн ажилладаг, хөдөөний хувьдаа машинтай, машин сайн жолооддог гэсэн шалгуурыг хангаж байсан учраас авсан. Хыг Юнител компаниас явуулсан сургалтанд хамруулаад 14 хоног дагалдан ажиллуулаад 2015 оны 11 дүгээр сарын 01-нээс бие даан ажиллуулсан. /1хх-ийн 142х/ Б.Хтай сард 800.000 төгрөгөөр цалинжуулаад нийгмийн даатгалыг төлөөд ажилласан өдөр нь машин түлшинд нь 20.000 төгрөг зарцуулахаар бодож ажиллуулах гэрээ байгуулсан. Тухайн үед Х нь худалдааны төлөөлөгч нэршилтэй Юнител компаниас бэлэн мөнгөөр карт, нэгж аваад дэлгүүрүүдэд тараагаад олсон орлого буцааж дансанд хийж юм уу бэлнээр нэгж авах эргэлттэйгээр үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Худалдааны төлөөлөгч нь ажил тарсны дараа үйл ажиллагаа бйанга тайлагнадаг өдрийн тайланг Юнител компаниас программаар хянадаг. Анх Хыг ажилд ороход нь 15 сая төгрөгний хөрөнгө бэлнээр өгөөд ажиллуулж эхэлсэн. Х эхний үед маш сайн ажиллаж байсан. Авхаалжтай түргэн шуурхай дэлгүүрүүд ам сайтай ажиллаж байсан. 2015 оны 11 сард Х надад машиндаа өвлийн дугуй авна гэж хэлээд 683.000 төгрөг зээлээд цалингаасаа өгье гэж надад хэлсэн. 2015 оны 11 сарын эцэст би тайлан гаргахад үйл ажиллагаанаас 792.290 төгрөгний дутагдал илэрсэн. Дээрх мөнгөнүүдээ цалин дээрээс нь суутгаад 820.290 төгрөг авлагатай болсон. Хаас яагаад ингээд мөнгө төгрөг дутсан талаар асуухад өөрөө хэлэхгүй байсан. Өөрийнх нь бичсэн тайланг үзэхэд 216.210 төгрөг бичээд авсан байсан. Үлдсэн мөнгийг мэдэхгүй байсан. Би Хыг сэжиглээд эргэлтийн мөнгийг нь багасгахаар шийдээд 2015 оны 12 дугаар сарын 03-наас эргэлтийн мөнгийг 12 сая болгосон. 2015 оны 12 дугаар сард тайлан гаргахад 1.782.680 төгрөг дутсан. Үүний 1.218.140 төгрөгийг зөвшөөрөлгүй тайлангийн дэвтэр дээр бичээд авсан байсан. Энэ мөнгийг яах юм гэхэд машинтай мөргөлдөөд засварын зардалд өгчихсөн даатгалаас авч өгнө гэж хэлсэн. Тухайн сардаа цалинг нь суутгаж бодоод 1.097.680 төгрөгний авлагатай үлдсэн. 2016 оны 01 дүгээр сард тайлан гаргахад 818.600 төгрөг дутсан байсан. Тайлангийн дэвтэрийг үзэхэд 734.800 төгөрг бичээд авсан байсан. Цалинг суутгаад үзэхэд 163.000 төгрөгний авлагатай үлдсэн. Ингээд 3 сард дарааллаад мөнгө дутаад байхаар нь Х карт яаж авч байгаад ажиглалт хийхэд бэлэн мөнгө их байгаа хэрнээ бага мөнгөнд карт аваад байсан. Тэгээд би түүний үгэнд итгэсэн. Карт олдохгүй байхаар нь би хүн амьтан руу залгаж карт олоод очоод ав гэхэд цөөн мөнгөөр аваад байсан. Тэгээд тоолох гэхээр Хын ажил их байсан учир надад олдохгүй байсан. Цагаан сарын дараа 5 сая төгрөгөө гаргаад карт ав гэхэд авах гэж байна, авч байна гэж худлаа яриад ерөөсөө уулзалдахгүй байсан. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тооцоо хийхэд 12 сая төгрөгнөөс 5.539.700 төгрөг тутсан. Юунд зарсан яасан юм гэхэд хэлэхгүй байсан. Ээжийг нь дуудаж уулзаад гэрээ цуцлах гэхэд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэхэд төлбөрөө барагдуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь 2016 оны 3 дугаар сарын 01-нээс эргэлтийн мөнгийг нь 5 сая төгрөг болгосон. 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэхэд мөнгөө өгөөгүй, 2016 оны 3 дугаар сарын 23-нд дахин тооллого хийхэд эргэлтийн мөнгө өгөх ёстой байж байтал дахин мөнгө дутаалаа ямар учиртай юм гэхэд би зээл авч байгаад заавал төлнө ажилгүй болчихвол төлж чадахгүй гэхээр нь би мөнгөө авахын тулд халж чадаагүй. Одоо Хаас 11.684.693 төгрөг авах ёстой. Урьд нь 13 сая төгрөг нэхэмжилж байсан. Юнител компани 2 сая торгууль тавьсан мөнгийг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг, Гэрч Ч.Агийванчигийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 11 сард MGL JTS гэдэг Юнител компанитай хамтран ажилладаг компанид худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Анх ажилд ороход компаниас надад 9,500,000 төгрөг бэлнээр өгч би уг мөнгөөр бэлэн карт авсан. 4 сая төгрөгний мобайл диллерийн нэгжтэй утас надад өгсөн. Тэгээд би бэлэн картын нэгжнүүдээ гэрээтэй дэлгүүрүүд худалдаалдаг. Манай компани болохоор Юнител компаниас 7 хувийн хөнгөлөлттэй үнээр картын нэгжээ аваад 3 хувийн хөнгөлөлттэй дэлгүүрүүдэд өгдөг. Харин мобайл диллерийн нэгжийг 4 хувийн хөнгөлөлттэй дэлгүүрүүдэд өгдөг. Би борлуулалт хийхдээ компаниас тавьж өгсөн таб ашиглаж үйл ажиллагаа явуулдаг. Дэлгүүр бүгд өөр өөрсийн кодтай байдаг. Таб дээр дэлгүүрийнхээ кодыг хийгээд авъя гэсэн нэгжүүдийг нь шивээд хасалт хйидэг. Миний хийсэн үйлдэл автоматаар программ дээр бүртгэгддэг. Программ алдаатай бүртгэх тохиолдол байхгүй. Би өөрөө л алдаатай шивэхгүй бол программ алдана гэж байхгүй” гэх мэдүүлэг, /1xx-н 144/ Гэрч Б.Гантөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамт явсан. Х намайг хамгаалагч маягаар дагуулж явдаг байсан. Тухайн үед эхэлээд надад 40,00 төгрөг өгнө гэж ярьж байсан. Тэрийгээ өгч чадахгүй болохоор нь би сард 300,000 төгрөг өгчих гэж хэлж байсан. Сүүлдээ надад тэр мөнгө өгч чадахгүй байсан. 12 сарын гэр лүүгээ явах гээд 200,00 төгрөг авсан. Бид 2 Өргөө 2 дээрээс очиж нэгж аваад тэгээд дэлгүүрүүдээр явж борлуулаад оффис дээр ирээд компьютер дээр сери дугаараар нь тулгаж үзэхэд өдөрт дунджаар 4-5 сая төгрөгний борлуулалт хийдэг байсан. Х нь хйисвэр хөнгөн зантай. Мөнгө төгрөгөнд их үрэлгэн ханддаг. Жишээ нь машин луугаа Воноку гэдэг ус хийдэг. Хэлэхээр миний машин Воноку л уудаг ш дээ гээд баярхах маягийн зан гаргадаг ..” гэх мэдүүлэг /1 xxийн 145/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №85 дугаартай шинжээчийн “Бэстгрант аудит” ХХК-ний 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Гэхдээ Б.Хын орлогоос бэлэн авсан гэх 3,399,153 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Бүрэлдэхүүнтэй шинжилгээгээр шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “Зогсолтгүй хүч” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Х нь 20156 оны 10 дугаар сарын 19-нөөс 2016 оны 06 дугаар сарын 15-ны хооронд ажиллах хугацаандаа анхан шатны бүртгэлээр нийт 11,725,018,70 төгрөгийн зөрчил дутагдал гарагсан байна. Үүнээс Б.Хын орлогоос бэлэн авсан гэх 3,399,153 төгшрөгийг нотлох санхүүгийн бахимт байхгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Харин үрэгдүүлсэн, хувьдаа завшсан эсэх үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй болно” гэсэн дүгнэлт. /2хх-ийн 10-12х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Б.Хын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд ирсэн хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн дээрх гэмт хэргийг одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсэгт нийцүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Мөн шүүх хуралдааны дүгнэлтийн хэсэгт улсын яллагч нь Б.Хт холбогдох гэмт үйлдлийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргасан болно. Иймд шүүгдэгч Б.Хыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.Хт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байх бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан тэнсэнгийн хугацаанд бусдад учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлөхийг үүрэг болгон шийдвэрлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Оюунцэцэг нь мэдүүлэхдээ: “...манай компанид Б.Хын гэмт үйлдлээс болж нийт 11.725.018 төгрөг 70 мөнгөний хохирол учруулсан үүнээс зарим хохирлыг барагдуулж одоо 10.725.018 төгрөг 70 мөнгөний төлбөр үлдсэн байгаа. Мөн аудитын дүгнэлт гаргуулахад 500.000 төгрөг төлсөн, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийг гаргахад гарсан зардалд нийт 1.200.000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Үүнийг нь бид төлөөгүй байгаа” гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч дээрх хохирлуудыг хүлээн зөвшөөрч байгаа байдлуудыг үндэслэн шүүгдэгчээс нийт 10.725.018 төгрөг 70 мөнгөнийг гаргуулж “Зогсолтгүй хүч” ХХК-д, мөн хавтас хэрэгт авагдсан баримт байх тул 1.200.000 төгрөгийг гаргуулж шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд тус тус олгуулах нь зүйтэй байна. Харин нэхэмжилж буй 500.000 төгрөг нь хавтас хэрэгт авагдсан баримтгүй байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Боржигон овогт Бадамральдын Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.Хыг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх арга хэмжээ авахыг үүрэг болгосугай. 4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй Б.Х нь нийт 91 /ерэн нэг/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай. 5. Б.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнд хувийн баталгаа авч, түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай. 6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Хаас 10.725.018.70 /арван сая долоон зуун хорин таван мянга арван найман төгрөг далан мөнгө/ төгрөгийг гаргуулж “Зогсолтгүй хүч” ХХК-д олгосугай. 7. “Зогсолтгүй хүч” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох баримтаа бүрдүүлэн 500.000 төгрөгөө жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хаас 1.200.000 төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгосугай. 9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ