Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 164

 

М.М-, Д.Б- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00698/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 931 дүгээр шийдвэртэй,

          Нэхэмжлэгч М.М-, Д.Б- нарын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Т.Ц-,Т.Д- нарт холбогдох,

          “14.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Д.Б-, М.М- нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.М-, Д.Б-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч М.М-аас:

Нэхэмжлэгч бид өөрсдийн өмчлөлийн 3 өрөө орон сууцаа зарахаар зарлуулахад Т.Ц-, Т.Д- нар нь надтай уулзаж байр худалдан авах тухай саналаа хэлсэн. Би тэр 2 хүнтэй уулзаж тохиролцоод байраа 50.000.000 төгрөгөөр худалдахаар урьдчилгаа 15.000.000 төгрөгийг худалдан авагч тал болох Т.Ц-, Т.Д- нарт 2016 оны 12 дугаар сарын 15-нд өгөхөөр, үлдэгдэл 35.000.000 төгрөгийг үе шаттайгаар хуваан өгч 2016 ондоо багтааж байрны үнийг бүрэн төлж дуусгахаар тохиролцсон. Тэд банкны зээл хөөцөлдөж байна гэсээр 12 сар болгосон.

Зээл нь ондоо багтаж бүтэхээргүй боллоо гээд бид 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Байрны өмчлөх эрхийг Т.Ц-гийн нэр дээр шилжүүлэн өгч өмчлөх эрх худалдан авагч талд шилжсэн бөгөөд мөнгийг 2016 ондоо багтаан өгөхөөр тохирсон.

Гэрээ хийснээс хойш худалдан авагч тал нь хэлэлцэж тохирсон хугацаандаа мөнгөө  гүйцэд өгөлгүй хугацаа хэтрүүлж, байрны мөнгийг бүрэн төлж дуусаагүй бөгөөд одоо 13.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Орон сууц худалдаж авах үедээ Т.Ц- нь 3 өрөө орон сууцыг өөрийн дүү Т.Д-тээ авч өгч байгаа талаар ярьсан. Одоо тэр байранд Т.Д- нь амьдарч байгаа ба өмчлөх эрх нь Т.Д-ийн нэр дээр шилжсэн байгаа юм байна. Иймд үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээгээр байр худалдан авсан Т.Ц- одоо байранд оршин сууж өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан Т.Д- нараас байрны үлдэгдэл мөнгө болох 13.000.000 төгрөг, тэдний хууль бус үйлдэл чирэгдлийн улмаас шүүхэд хандаж хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлсний зардал 1.000.000 төгрөг нийт 14.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Ц-гээс:

Би дүү Т.Д-т байр авч өгөх зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 15-нд М.М-тай харилцан тохиролцож, Дархан сумын 20-ын 7 дугаар байрны 47 тоот 3 өрөө байрыг 48.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. 2016 оны 8 дугаар сарын 15-нд 2.600.000 төгрөг, 8 дугаар сарын 18-нд 1.400.000 төгрөг, 11 дүгээр сарын 09-нд 14.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 22-нд 4.500.000 төгрөг, 12 дугаар сарын 15-нд 500.000 төгрөг төлөөд байраа барьцаалаад байрны 8 хувийн зээлд хамрагдсан. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээ хийснээс хойш 12 дугаар сарын 28-нд 7.800.000 төгрөг, 12 дугаар сарын 23-нд 5.000.000 төгрөг, 12 сарын сүүлээр бэлнээр 5.000.000 төгрөг, нэхэмжлэгч М.М- байрны хөнгөлөлтийн татварт 1.000.000 төгрөг нийт 41.800.000 төгрөг төлсөн. Одоо 6.200.000 төгрөг үлдсэн тул би гэрээний үүргээ зөрчөөгүй М.М-д өгөх ёстой 48.000.000 төгрөгийг цувуулан өгч байна.

Байрны үлдэгдэл мөнгө 13.000.000 төгрөг нэхэмжилж байгаагаас 6.000.000 төгрөгийг зөвшөөрч үлдэгдэл мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.М- нь 12 дугаар сарын 15-нд 15.000.000 төгрөгийг өгөхөөр үлдэгдэл 13.000.000 төгрөгийг 2016 онд багтааж үе шаттайгаар төлөхөөр тохиролцсон гэж нэхэмжлэлдээ бичсэн нь үндэслэлгүй бөгөөд гэрээнд заагаагүй. 2017 оны 03 дугаар сард М.М- надтай уулзаж үлдэгдэл мөнгийг өгөхгүй удлаа байраа 50.000.000 төгрөгөөр тооцож 13.000.000 төгрөг төлүүлнэ гэж бичүүлсэн. Би 13.000.000 төгрөг төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хэрэг биш бөгөөд байранд байгаа гал тогооны тавилгаа 1.000.000 төгрөгөөр үнэлж надад зарахаар болсон. Тавилга 1.000.000 төгрөг хүрэхээр үнэтэй биш тул тавилгыг буцааж өгнө гэжээ. 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбартаа:

Бид 2016 оны 12 дугаар сарын 15-нд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ хийхдээ байрны үнийг 50.000.000 төгрөг гэж тохиролцоод урьдчилгаа өгч, үлдэгдлийг банкны зээлээр гүйцээж өгөхөөр тохиролцсон. Харин гал тогооны тавилгыг үнэлээгүй байранд тааруулаад захиалгаар хийлгэсэн тавилга байсан учраас би тухайн үед үнэлэхгүйгээр байр авсан хүмүүст үлдээхээр санал тавьсан байсныг тэд хүлээн зөвшөөрч авч үлдсэн. Тухайн үед энэ талаар ямар нэгэн санал хэлж байгаагүй. Хариуцагч нар хэлсэн ярьсан зүйлээсээ буцаж дээрхи үнэнд нийцэхгүй тайлбарыг гаргаж байх тул гэрээнээсээ татгалзаж, 3 өрөө орон сууцаа буцаан авч тэднээс авсан мөнгөө эргүүлэн өгөх хүсэлтэй байна. Иймд хариуцагч нараас 14.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Дархан сум 5-р баг 20-р хороолол 7-р байрны 47 тоот 3 өрөө орон сууцаа хариуцагч нараас буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шинээр гаргаж байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурайгаас:

Анх гэрээ хийхэд 39 м.кв талбайтай орон сууцыг 15.000.000 төгрөгөөр зарахаар тохирсон. 50.000.000 төгрөгөөр тохиролцсон гэдэг нь нотлогдохгүй байгаа. Хариуцагч нар нь бид хоёр 48.000.000 төгрөгөөр тохирсон гэж хэлсэн. Надад  6.000.000 төгрөг төлөх ёстой гэж хэлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийсэн 15.000.000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг зарж дуусгавар болсон. Хууль ёсны нотариатын баталгаатай 15.000.000 төгрөгөөр зарах гэрээ байгаа болно. Иймээс бусдын өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийг буцааж авах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч М.М- нь хариуцагч Т.Ц-г цагдаад өгнө гэхээр 13.000.000 төгрөгийг төлнө гэсэн бичиг хийж өгсөн гэж хэлсэн. Энэ бол дарамталж хийлгэсэн бичиг юм. Харин анх гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн дээр тооцоогоо нийлвэл төлнө гэв. Хариуцагч нар нь  төлбөр төлхөөс зугтаж алга болсон зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 931 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Д.Б-, М.М- нарын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Ц-, Т.Д- нарт гэрээнээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 227950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б-, М.М- нар давж заалдсан гомдолдоо:

            Нэхэмжлэл гаргахдаа ямар учраас хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа, ямар учраас гэрээнээс татгалзаж байгаагаа нэхэмжлэлдээ тодорхой дурдаж, шүүх хуралдаанд оролцохдоо тодорхой тайлбар хийж холбогдох нотлох баримтуудаа өгсөн. Т.Ц- нь орон сууцны үнэд 130.000.000 сая төгрөг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт болон бусад баримтуудаа өгсөн. Хариуцагч Т.Ц-гээс үлдэгдэл мөнгөө удаа дараа нэхэмжлэхэд 12.200.000 төгрөгийн үлдэгдлийг 13.000.000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн. Бид орон сууцаа буцаан шаардаж байгаа тохиолдолд орон сууцны үнийг анх хэдэн төгрөгөөр тохирсон эсэхийг заавал нотолж зах зээлийн үнэлгээг эрх бүхий шинжээчээр тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь бид мөнгө нэхэмжлээгүй, гэрээнээсээ татгалзаж 3 өрөө орон сууцаа буцаан авахыг хүссэн.

Гэрээний хүчин төгөлдөр эсэх тал дээр талууд маргаагүй болно. Би Т.Ц-гээс орон сууцны үнэд цувуулж 37.800.000 төгрөг авсанаа “Хаан” банкны дансны хуулгаар нотолсон, харин хариуцагч нь 41.800.000 төгрөгийг надад өгсөн гэж тайлбар гаргасан боловч 3.000.000 төгрөгийг буцаагаад дансаар авсанаа нуугаад хэлээгүй. Харин шүүх хурал дээр 37.800.000 төгрөг өгсөнөө хүлээн зөвшөөрсөн. Мөн Т.Д-ийг бид хариуцагчаар татсан шалтгаан нь үнэ  бүрэн төлөгдөөгүй бидний 3 өрөө орон сууцыг эгчээсээ өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байсан учир түүнээс орон сууцаа буцаан авахыг шаардсан явдал юм. Иймд миний гаргасан гомдлыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай хариу тайлбартаа:

           2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хууль ёсны дагуу хийгдсэн бөгөөд 2 талын хүсэл санал дээр үндэслэж нотариатаар батлуулсан байдаг. Энэхүү гэрээнд 2 тал маргаагүй ийм гэрээ хийснээ хүлээн зөвшөөрч байна. Гэрээний 2 дугаар зүйлд үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 15.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож төлөх нөхцөлийг бэлэн мөнгөөр тохирсон.Төлбөр төлөх хугацаа гэсэн хэсэгт хугацаа заагаагүй байгаа нь төлбөрөө төлсөн байдлыг илэрхийлж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь хариуцагч Т.Ц-г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчиж байгаа гэх бөгөөд гэрээний ямар заалтыг яаж, зөрчсөн нь ойлгомжгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээнд заасан үнээс тусдаа үнэ тохирч нэхэмжлэгч нар 50.000.000 төгрөг гэх, хариуцагч нар 48.000.000 төгрөгөөр тохирсон гэх боловч хэдэн төгрөгөөр тохиролцсон нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч нар нь Т.Ц-г 13.000.000 төгрөг төлнө гэж баталгаа гаргасан нь нотлох баримт болох хэдий ч энэ нь гарцаагүй төлөх ёстойг нотолсон баримт биш юм. Нэхэмжлэгчид нь хариуцагч Т.Ц-г дарамталж цагдаад өгнө гэж сүрдүүлж бичүүлсэн байна. Энэ нь гарцаагүй төлөхийг зөвшөөрсөн нотолгоо гэж үзэхгүй. Талуудын маргаж байгаа асуудал нь гэрээний тал дээр маргаагүй болно. Иймд анхан шатны шүүх хууль буруу хэрэглээгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.  Нэхэмжлэгч Д.Б- нар нь Т.Ц-, Т.Д- нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болон өмгөөлөгчийн зардалд  14 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, гэрээнээс татгалзаж,  орон сууцаа  буцаан авахаар  шаардсан байна.

Дээрх шаардлагаа үндэслэлд нэхэмжлэгч шүүхэд зохигчдын дунд бичгээр байгуулсан худалдах худалдан авах гэрээг болон 13 000 000 төгрөг төлөх талаарх  хариуцагчийн  үйлдсэн баримтыг  ирүүлж, уг гэрээний үүрэгт хариуцагч 13 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын гаргасан тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.  Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 15 ны өдөр бичгээр орон сууц  худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж,  Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р багийн 20 хороолол 7-47 тоотод байрлах 39.0 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь 15  сая төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Талууд хэдийгээр орон сууцны  үнийг  гэрээндээ 15 000 000   гэж заасан боловч  орон сууцыг нэхэмжлэгч 50 000 000 төгрөгөөр  хариуцагч 48 000 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь  хариуцагчийг 37 800 000 төгрөг төлсөн  гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд  хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан “байрны үлдэгдэл 13 000 000 төгрөгийг 2017 оны 04-03-ны өдөр дотор гаргаж өгөхөөр болов“ гэсэн  гарын үсэг бүхий баримтыг маргаагүй  байх тул нэхэмжлэгчийн орон сууцны үнийг 50 000 000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбарыг үнэн зөвд тооцох үндэслэлтэй байна.

Иймд байрны үнийн үлдэгдлийг худалдагч шаардах эрхтэй бөгөөд  байрны үнийг төлөх үүргээ худалдан авагч биелүүлээгүй гэж үзэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч гэрээгээр тохирсон хугацаандаа худалдан авсан зүйлийн үнийг төлөөгүй нь гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж гэрээнээс татгалзах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдах худалдан авах гэрээндээ  мөнгө төлөх  хугацаа тохироогүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч  гэрээний мөнгө төлөх хугацааг 2016 оны 11 сарын 29 гэж амаар тохирсон гэж тайлбарласан боловч үүнийгээ шүүхэд нотолж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан гэрээгээр талууд үүрэг гүйцэтгэх хугацаа тохироогүй байна.

            Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 208.3-т үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг  тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг  хэдийд ч шаардах эрхтэй,  бөгөөд үүрэг гүйцэтгэгч ийнхүү шаардсанаас хойш 10 хоногийн дотор үүргээ гүйцэтгэх  үүрэгтэй гэж заасан байна. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар худалдагч тал төлбөрийн үүргийг гүйцэтгэхийг удаа дараа шаардсан бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаагаа худалдан авагч 2017 оны 4 сарын 3 гэж тодорхойлж үүнийгээ баримтжуулсан боловч үүргээ гүйцэтгээгүй байна. Иймд худалдагчид худалдан авагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзах шаардах эрх үүссэн хэдий ч хэрэгт авагдсан баримтаар худалдан авагч Т.Ц- нь худалдан авсан гэрээний зүйлийг буюу орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр төрсөн дүү Т.Д-т шилжүүлсэн бөгөөд энэ гэрээ  нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаан гараагүй байна. 

            Иргэний хуулийн 219, 225 дугаар зүйлүүдэд гэрээнээс татгалзах үндэслэлийг зохицуулсан нь маргааны үйл баримтад нийцэж байгаа боловч гэрээнээс татгалзах журам, гэрээнээс татгалзсаны үр дагаврыг  зохицуулсан Иргэний хуулийн  204, 205  дугаар  зүйлийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны үр дагавар орон сууцны өмчлөлийг буцаан шаардах эрхгүй байна. 

             Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2-т  үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн  эсхүл бусдын эрхээр хязгаарласан,түүнчлэн түүнийг боловсруулах дахин боловсруулах замаар өөрчилсөн бол 205.1-д зааснаар  гэрээний гүйцэтгэлийг  биет байдлаар буцаан өгөх үүрэг үүсэхгүй талаар 205.2-т заажээ. 

Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хангах боломжгүй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1.Нэхэмжлэгч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 931 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч М.М-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

             3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ         

                                         ШҮҮГЧИД                                                 С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                           Л.АМАРСАНАА