Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/166

 

 

 

 

 

 

 

 2021        3          11                                   2020/ШЦТ/166

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч С.Солонго,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

иргэдийн төлөөлөгч У.Ганчимэг,

гэрч С.Жаргалсайхан, Д.Эрдэнэцогт, Н.Сэвжидмаа,

шүүгдэгч П.А , түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан зодогт овгийн П.А д холбогдох эрүүгийн 1811012520406 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цагаан зодогт овгийн П.А , 1983 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Атар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, Бетон арматурчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамж 47 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч П.А  нь 2017 оны 12 сард Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-615 тоотод амь хохирогч Д.Хашхүүгийн толгойн тус газарт алхаар цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.А аас нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би яллах дүгнэлт гардаж аваагүй, авахгүй гэдгээ өөрөө тайлбарласан. Намайг хөдөөнөөс ирээд Хашхүү ахынд очиход гэртээ өөрөө байгаагүй. Түүний гэрт Батцэнгэл ганцаараа байсан. Би Хашхүү ахыг хаана байгаа талаар асуухад цагаан сар хийх гээд хөдөө явсан гэж хэлсэн. Бид хоёр архи их уудаг байсан, тэгж архи ууж явж байгаад Америкийн элчингийн урд машинд мөргүүлсэн. Ухаан алдсан байсан учраас юу болсныг мэдэхгүй, Хашхүү алга болсон байсан. Би тэндээс Батцэнгэлийн гэрт очиж унтсан. Намайг Хашхүү ахын гэрт байхад цагдаа нар орж ирээд баривчилж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэс рүү авч явсан. Мөрдөгч мэдүүлэг авахдаа намайг зодсон. Би гэмт хэрэг үйлдээгүй талаараа хэлэхэд мөрдөгч “Чи Хашхүүг алсан” гэж хэлээд намайг зодсон. Би тус мэдүүлэг өгсөн өрөөнд хоносон. Маргааш нь нэг мөрдөгч орж ирээд “Чиний үйлдсэн хэргийг бид нотолсон. Чи хэргээ хүлээ” гэж хэлсэн. Намайг 461 дүгээр хорих ангид хорьсон. Намайг Сэтгэцийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Мөрдөгч надаас миний бие ямархуу байгаа талаар асуухад нь би “Миний толгой өвдөөд байна. Цагдаа нар миний толгой дээр дэвссэн” гэж хэлэхэд мөрдөгч “Чамайг эмнэлэгт үзүүлье. Гэрийнхэнтэй чинь уулзуулъя” гэсэн.  Тэгээд намайг шууд амь хохирогчийн гэрт аваачсан. Түрээр авч явж байгааг хэлээгүй. Надаас амь хохирогчийн гэрийг яаж онгойлгодог талаар болон Хашхүү ахыг хаана унтдаг байсан талаар асуусан. Камераар зураг авсан. Мөн мөрдөгч овоо руу дагуулж гарч тамхи татуулсан. Би хүндэрмээр байсан болохоор мөрдөгчид “Би хүндэрмээр байна” гэж хэлэхэд мөрдөгч намайг жалга руу дагуулж явсан. Би амь хохирогчийг алах ямар ч шаардлага байхгүй. Бие засдаг төмөр хувингаас миний цус илэрсэн гэсэн. Миний хамар заримдаа бөглөрдөг болохоор би нусаа нийх үе байдаг. Цустай нус байсан байх. 0461-р ангид хоригдож байхад эмнэлгийнх нь сувилагч надаас орж ирээд их хэмжээний цус авч байсан. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

Гэрч Н.Сэвжидмаагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед мөрдөн байцаагч ирээд надаас мэдүүлэг авах үед би өөрийн тэмдэглэлээ хараад Атарсайхан ахын ажилсан өдрийг цалин тавьсан өдөртэйгөө тулгаад хэлж өгсөн. Манайд ганц Атарсайхан ах ажилладаг байсан. Өглөө 9 цагаас ажил эхэлдэг. Заримдаа сунаж ажилладаг байсан. Ихэнхдээ 19 цаг хүртэл ажилладаг байсан. Манай гутлын үйлдвэр эмнэлгийн хажууд байдаг. Атарсайхан ах ажилдаа их сайн, манайд ажиллаж байх хугацаандаа анхны цалин авсан өдрөө л архи уусан байдалтай маргааш нь үнэртүүлж ирсэн. Түүнээс хойш нэг ч удаа архи уугаагүй. Атарсайхан ах манай 2017 оны 11,12, 2018 оны 1,2,3 сар гээд нийтдээ 5 сар ажилласан. Энэ хугацаанд ганц хоёр хоногоор гутлаа зарахаар хөдөө явж байсан. 2018 оны цагаан сарын дараахан Улаанбаатар хот руу хувцсаа аваад ирье гэж хэлээд явсан, бусад үед нь ажлаа хийж байсан...” гэв.

Гэрч Д.Эрдэнэцогтоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..хохирогч Д.Хашхүү нь манай хөрш, зүс танина. Хөрш гэдгээр нь мэддэг. Ганцаараа амьдардаг ядарсан хөгшин байдаг байсан. Би харуулын ажил хийдэг байсан, хаяа нэг цалин буухаар нь би дуудаж хамт архи уудаг байсан. Би хүн алаагүй, манай эхнэр ч архи нэг их уугаад байдаггүй. Талийгаач нас бархынхаа өмнө архи бариад тэтгэвэр буусан гээд ороод ирсэн. Тэр үед эхнэр бид хоёр байсан. авчирсан архийг нь хувааж уугаад дууссан. Талийгаач гэртээ орж унтана гээд явсан. Гэртээ ер нь олон жил ганцаараа амьдарсан. Дүү нь гээд нэг залуу хааяа ирдэг байсан. Тэр дүү нь бас нэг залуутай хамт явж байхыг харсан...” гэв.

Гэрч С.Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...цагдаа гэнэт нэг өдөр орж ирээд миний гарыг ард хүлээд, малгайгаар толгой бүтээгээд гэрээс аваад гарсан. Би айсандаа манай нөхөр зодсон гэж мэдүүлэг өгсөн. Олон цагдаа намайг загнаад байсан. ер нь хохирогч Д.Хашхүүг сайн танихгүй, дүү нь гээд хүн хаяа гэрээр нь байдаг байсан. Би үнэнийг л мэдүүлж байгаа...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэн Б.Нансалаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл: /1-р хх 2/, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 53-618 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /1-р хх, 3-10/, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 53-618 тоотод хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 13-16/, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр талийгаач Д.Хашхүүгийн амьдарч
байсан гэх Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаасын 24-615 тоотод хэргийн
газрын үзлэгхийсэн тэмдэглэл: /1-р хх, 17-21/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Анхцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Шинэ жилийн баяраар бид нар ээжийн гэрт цуглахад аав ирээгүй юм. Тэгээд бид нар яагаад ирэхгүй байна аа хөдөө явсан юм болов уу эсвэл Батцэнгэлтэй хамт явсан юм болов уу л гэж бодсон. Тэгээд 2018 оны 01 сард шинэ жилийн дараа манайхан талийгаачийн гэрт очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд 2018 оны 02 сард цагаан cap болоход талийгаач мөн ирээгүй. Учир нь талийгаач цагаан сарыг гэртээ заавал хийдэг бөгөөд бид нар цагаан сарын бэлтгэлийг нь хангадаг юм. Цагаан сарын шинийн 02-ны өдөр Батцэнгэл ээжийн гэрт ирсэн бөгөөд ахтай золгох гэсэн юм, ахынд хүн байдаггүй, би ерөөсөө ахтай уулзаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бид талийгаач Батцэнгэлтэй хамт байхгүй байгаа юм бол ямар нэгэн юм болсон юм боловуу гэж бодоод талийгаачийг алга болсон талаар цагдаад мэдэгдсэн. ...талийгаачийн биед гэмтэл учруулж амьд байх үед нь эмнэлэгийн тусламж үзүүлэлгүй гаргаж хаясан хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх 146/,

Гэрч Б.Нансал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манайх Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 53-618 тоотод оршин суудаг бөгөөд энэ хашаа байшинг 2010 онд худалдаж аваад одоог хүртэл амьдарч байгаа юм. Бид 2016 оны 06 сараас хойш уг хашаа байшиндаа амьдрахгүй хөдөө аавындаа оччихоод ерөнхийдөө ирж очоод байсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2018 оны 04 сарын 26-ны өдөр хоёр хүүхэдтэйгээ уг хашаа байшиндаа ирээд нойл орох гээд явж байтал нойлын ар талын ухсан нүхэнд хүн шиг дүрстэй зүйл харагдахаар нь гайхаад ахиулаад хартал цагаан үстэй, цээжин бие нь нүцгэн доогуураа хар бараан өнгийн өмдтэй бор тэлээтэй хүн харагдсан тэгэхээр нь хэсгийн ахлагч Ундармааруу утсаар яриад манай нойлын ар талын ухсан нүхэнд хүн үхчихсэн юм шиг байна гэтэл сайн шалгаж байж цагдаа дуудахгүй бол болохгүй шүү гэсэн тэгээд хажуу айлын Төмөртогоо, хэсгийн ахлагч Ундармаа нартай шалгаж үзэхэд хүн мөн байсан ингээд цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /1хх 164-168/,

Шинжээч эмч Ч.Эрдэмболор нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Гавал тархины гэмтлийг авсаны дараа эмнэлэгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломж багатай. Тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан буюу том хэмжээний голомттой байсан...Элэгний гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, уг гэмтэл нь амь насанд аюултай хэдий ч гавал тархинд үүссэн хүнд гэмтэлтэй харьцуулахад амь насанд хүрэх аюулаар бага, эмнэлгийн тусламж үзүүлбэл аврагдах боломжтой гэмтэл юм...Талийгаач нь дээрх гэмтлийг авсан даруйдаа 1-2 цагийн хооронд идвэхтэй үйлдэл хийсэн байхыг үгүйсгэхгүй. ...Хүн нас барахад цусны эргэлт зогсож тухайн үеийн спиртийн хэмжээ цусанд хадгалагдаж үлддэг. Иймээс талийгаач нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж үзэж болохоор байна. “...Талийгаач нь тархины хүнд гэмтэл авсаны улмаас гадна орчинд хүйтэнд удаан байсны улмаас осгож нас баржээ. Үхлийн шалтгаан нь осголт. Хүн бүрт осголт явах хугацаа харилцан адилгүй тул ямар хугацаанд осголт явагдсаныг тогтоох боломжгүй. ... Тархины гэмтэл элэгний гэмтэл нь ойролцоо цаг хугацаанд буюу24 цаг дотроо үүссэн байх боломжтой. Тархины гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавлын ясанд хягаарлагдмал гадаргуутай зүйлээр цохисон үед цөмөрсөн хугарал үүсэх ба уг хугарлын хэлбэр нь үйлчилсэн эд зүйлийнхээ хэлбэртэй ижил байдаг. Дээрх гэмтэл унахад үүсэх боломжгүй...Хүн тархины гэмтэл авснаас хойш ухаан алдаж ухэлд хүрэх хүртлэх хугацаа нь тухайн хүнийхээ бие махбодийн онцлог буюу өвчин эсэргүүцэх чадвар, дархлаа, яг тухайн үеийн хүний ядралт, хооллолтын байдлаас шалтгаалж харилцан адилгүй байдаг учраас шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр хүн ямар хугацаанд үйлдэл хөдөлгөөний хийснийг нарийвчлан тогтоох боломжгүй байдаг..” гэх мэдүүлэг /2-р хх-20-25/.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 980 дугаар дүгнэлтэд: “...Талийгаач Д.Хашхүүгийн цогцост гавал тархины ил гэмтэл, гавлын зүүн зулайн гадна хэсэг, чамархайн дээд хэсэг дэх цөмөрсөн хугарал, дээш зулайн голын заадас, доош чамархайн урд хэсэг хүрсэн салбарласан хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны шарх, элэгний баруун дэлбэнгийн гадна доод ирмэг болон доод гадаргуу дахь өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, гавал тархины ил гэмтэл, элэгний өнгөц язрал гэмтэл тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлээс эхлээд хуйхны шарх, гавлын зүүн зулайн гадна хэсэг, чамархайн дээд хэсэг дэх цөмөрсөн хугарал, дээш зулайн голын заадас, доош чамархайн урд хэсэг хүрсэн салбарласан хугарал, дараа нь тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл учирсан байхаар байна. Харин элэгний өнгөц язрал гэмтэл хэдийд үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Талийгаач нь дээрх гэмтлийг авснаас хойш хэсэг хугацаанд амьд байсан байх ба нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгосон байна. Ямар хугацаанд амьд байсныг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн цогцост биеэ хамгаалан тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй. Химийн шинжилгээгээр цусанд спиртийн зүйл илрээгүй байна. Талийгаач 1 дүгээр бүлгийн цустай. Талийгаач нь амь насанд аюултай гавал тархины хүнд гэмтэл авсаны дараа нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож на барсан байх боломжтой байна. Элэгний баруун дэлбэнгийн гадна, доод ирмэг болон гадаргуу дахь өнгөц язрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт / 2-р хх 16-18/.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 482 дугаар дүгнэлтэд: “...П.А  нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /2-р хх-58-60/

 

  1. Шүүгдэгч П.А ы мөрдөн шалгах ажиллагааны үед 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 11 сарын дундуур хотод байсан. ... Батцэнгэл, Хашка ах хоёр барьцалдаж аваад бие биенийхээ хоолойг боосон. Хаашка ах ухаан алдаад унасан. Би хүн алчихлаа шдээ гэж хэлээд Хаашка ах дээр очоод татаад үзэхэд Хаашка ах босоод ирсэн. Тэгсэн дахиад Хаашка ах Батцэнгэл хоёр барыдалдаад авсан. ...Тэгэхээр нь би арматураар гагнасан алхыг аваад Хаашка ахын толгойн зүүн талд дух хэсэгт цохисон. Тэгсэн Хаашка ах хойшоо савж унаад босоогүй. Батцэнгэл хүн алаад хаячихсан юм биш биз дээ гэж хэлээд үзэхэд Хаашка ах босохгүй амьсгалахгүй байсан. Батцэнгэл бид хоёр үлдсэн архиа хувааж уугаад байсан хоолоо идчихээд Батцэнгэл одоо наадахыг чинь яах вэ Хаашка ах босохгүй байна, хоёулаа энийг үүрч яваад овооны урд гүнзгий жалга байгаа тэнд аваачаад тавьчихая гэж хэлсэн. Би болох уу гэхэд Батцэнгэл болно гэж хэлсэн. Хаашка ахыг би үүрээд явсан. Батцэнгэл ах би хүн хараадхая гээд хамт явсан. Бил хоёр уул өгсөөд овоон дээр очоод цаашаа уруудаад жалган дээр очсон. Жалганы үзүүрлүү Хаашка ахыг гулгуулаад дээш нь харуулаад тавьчихаад яваад өгсөн...Энэ хэрэг 2017 оны 12 сарын дундуур, шинэ жилээе өмнө болсон, гадаа хүйтэн байсан. Тэр үед би хөдөөнөөс ирчихээд Хаашка ахынд Батцэнгэл ахтай хамт байсан юм. ...Батцэнгэл хоёр удаа гэдэсрүү нь өшиглөсөн, Намайг алхаар цохиод орон дээр унасаны дараа Батцэнгэл гэдэсрүү нь 2 удаа өшиглөсөн...Батцэнгэл бид хоёр Хашхүүг нас барснаас хойш гэрт нь очсон. Цагаан сарын дараа гэрт нь очиж нилээд хэд хоносон. Орой болгон очиж хонодог байсан, Машинд мөргүүлснээс хойш очоогүй. Бид хоёр шөнө оройн цагаар очиж гэрт нь хонодог байсан. Хашхүүг бид хоёроос хүн сураглаж асууж байгаагүй. ...Хоол асгаад есөн жороор хэлээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь алх аваад цохьсон. Өөр зүйл болоогүй. Хэрэг хүлээлгэх гэж зодож дарамталсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /2-р хх-122-125/.

 

Шүүгдэгч П.А ы мөрдөн шалгах ажиллагааны үед 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ: Тэгээд би “боль боль” гэхэд Хашхүү ах “чи зайл, хоёр хүний дундуур ордог хэн бэ” гэсэн, ... Би “яасан зовлонтой юм бэ, хэрэлдээд байх юм” гэж хэлээд би алх аваад Хашхүү ахын тархи руу нь шидсэн. Алх энд нь цохисон. /баруун зүүн гараараа толгойн зүүн хэсэгт дарж үзүүлэв/ Хашхүү ax ор луугаа саваад унасан. Тэгээд Хашхүү ах босож ирээгүй...Батцэнгэл “энэ үхсэн ч яадаг юм, энийг аваачаад жалганд хийчихье” гэж хэлсзэн. Тэгэхээр нь би “яах юм бэ авгайд нь хэлсэн нь дээр юм бишүү” гэхэд Батцэнгэл “зүгээрээ би чамд зардлын мөнгө олоод өгчихнө, чи тэгээд яваарай” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр талийгаачийг өргөж аваачаад жалганд хийсэн. Тэгээд би тэр өдрөө Заамар луу явсан...Арматур бариултай алхыг толгойн зүүн талд шанаанаас дээд тал руу алх шидчихсэн юм гэх мэдүүлэг /2-рхх 137-141/,

 

2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагч П.А ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...Яллагдагч П.А ... нь ...хойд хэсгээрээ хашаагүй, гадна хэсгийн бүрээс нилэнхүйдээ урагдсан, гэрийн урд хэсэг, баруун хойд хэсэг, дотогш нурсан байдалтай, 4 ханатай гэрийг зааж талийгаач хашхүүгийн гэр гэв. ...Гэрт ороод П.А  нь "Би гэрийн зүүн талд усны саван дээр суугаад цай чанаж, архиа аягалж байсан. Талийгаач гэрийн хойд талд байх орон дээр тамхи татаад сууж байсан. Батцэнгэл баруун талд сууж байсан гээд хүн тус бүрийн сууж байсан газар сууж үзүүлэв....Талийгаач гэрийн хойно суугаад тамхи ороогоод бэлдээд сууж байсан. Батцэнгэл цаанаас босч ирээд тамхийг нь авсан. Тэгээд тамхинаас болоод хэрэлдээд зодолдоод талийгаач Хашхүү Батцэнгэлийн хамарлуу цохиод Батцэнгэл эсгийн дээр унасан. Би боль больцгоо гэж хэлсэн. Тэгээд талийгаач буцаад сууж байхад Батцэнгэл үүдний зүүнурд байгаа тогооны төмрийг аваад шидэхэд талийгаач ёооё гээд толгойгоо барьсан. Толгойгоо бариад хойшоо саваад унасан. Би тэр төмрийг аваад гэрийн тумбочка дээр тавьсан. Намайг цай уудалж байхад талийгаач толгойгоо бариад тархи хагалчихаж байгаа юм бишүү гэсэн. /гавтай гараараа духны баруун хэсэгт хүрч үзүүлэв/ Тэр хоёр дахиад зодолдоод эхэлсэн гээд баруун талд байх эсгий хивс, хөнжил мэт зүйлс давхарласан хэсгийг харуулав. Би энд цай уудлаад зогсож байсан гээд зуухны зүүн хэсэгт зогсоод "би тумбочканы хойд талд хэвтээгээрээ байсан төмөр иштэй, толгой нь арматурын төмөр алх аваад шидсэн. Алх талийгаачийн зүүн хойд хэсэгт оносон. Намайг алх шидэхэд талийгаач ингээд унасан гээд орон дээр ертөнцийн зүгээр баруун тийш хажуугаараа харж хэвтэв. Талийгаачийн эндээс жаахан цус шүүрч байсан гээд толгойны зүүн хэсгийг гавтай гараараа зааж харуулав. Талийгаач цохиулчихаад босож ирээгүй. Батцэнгэл орон дээрээс босоод баруун талд суусан...Батцэнгэл талийгаачийг жаахан байж байгаад босох байх, хоёулаа архинд явъя гэсэн. Тэгээд бид хоёр гараад ...0,5 литрий.н ерөөл архи авсан. Хүрч ирээд задлаад талийгаачид хийж өгөх гэхэд талийгаач босохгүй, нөгөө хэвтсэн газраа хөдөлгөөнгүй байсан. Батцэнгэл бид хоёр архи ууж дуусгаад.... Батцэнгэл "хоёулаа үхсэн үү үгүй юүгэдгийг шалгаж үзье, гадаа хүйтэн байна, хөл нүцгэн гаргая гэсэн....Би цээжнээс нь өргөөд Батцэнгэл хоёр хөлнөөс нь бариад дамжлаад гэрээс гарсан. Тэгээд гэрийн зүүн талаар яваад хаалгаар гараад энд тавиад гэрийн хаалга түгжсэн...Тэгээд би цээжнээс нь өргөөд Батцэнгэл хөлнөөс нь өргөөд хойшоо овооруу явсан гээд гэрийн зүүн хойд талд очоод энэ хавьд нэг амарсан гэв. Ингээд уул өөд явж 12 метр орчим яваад энэ хавьд нэг амарсан. Уулын баруун урд хэсгээр даялж явсан. Уулын урд хэсгээр баруун тийш явж олон хадтай хэсгийг зааж энэ хавьд нэг амарсан. Уг уулын орой дээд хэсэгт модонд хадаг уясан чулуугаар босгосон баруун бэлд ирээд дахиад нэг амарсан. Уулын баруун талд ероол хэсэгт байх жалган дэргэд ирээд жалга хэсгийг зааж толгойг нь дээш нь харуулан тавьсан. Цастай цас нь дагтаршсан байсан. Дээргүүрээ күртиктэй байсан гээд уулын баруун талд байх жалган дотор зогсоод ярив. ...Өглөөний 10 цаг болж байсан...” гэх тэмдэглэл /1-р хх-109-120/.

 

Эд мөрийн баримтаар тогоо тавьдаг гэх суурь төмрийг тооцох тухай 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх, 126/, Эд мөрийн баримтаар 38 см урт, 2 арматурын төмөр гагнаж хийсэн бариултай толгой хэсгийн хоёр тал нь хавтгай хэлбэртэй алх, толгой хэсгийн нэг тал нь хавтгай хэлбэртэй алх, төмөр хувин, эсгийний тасархай зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоол: /1-р хх, 132/, Эд мөрийн баримтаар 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр П.А ы сэжигтнээр өгсөн мэдүүлэг, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлэг, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлгийг газар шалгах ажиллагааны явцад хийсэн бичлэгийг тус тус ДВД-нд буулгаж хуулбарласан 2 ширхэг ДВД-ийг эд мөрийн баримтаар тооцсон тухай 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоол: /1-р хх 133/.

 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 207/, иргэний үнэмлэхийн хуулбар /2хх 202/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч П.А  нь 2017 оны 12 сард Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-615 тоотод амь хохирогч Д.Хашхүүгийн толгойн тус газар нь алхаар цохиж эрүүл алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст иргэн Б.Нансалаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх, 3-10/, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 53-618 тоотод хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх, 13-16/, талийгаач Д.Хашхүүгийн амьдарч байсан гэх Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаасын 24-615 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх, 17-21/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Анхцэцэгийн “..Шинэ жилийн баяраар бид нар ээжийн гэрт цуглахад аав ирээгүй юм. Тэгээд бид нар яагаад ирэхгүй байна аа хөдөө явсан юм болов уу эсвэл Батцэнгэлтэй хамт явсан юм болов уу л гэж бодсон. Тэгээд 2018 оны 01 сард шинэ жилийн дараа манайхан талийгаачийн гэрт очиход гэрт нь хүн байхгүй байсан. Тэгээд 2018 оны 02 сард цагаан cap болоход талийгаач мөн ирээгүй. Учир нь талийгаач цагаан сарыг гэртээ заавал хийдэг бөгөөд бид нар цагаан сарын бэлтгэлийг нь хангадаг юм. Цагаан сарын шинийн 02-ны өдөр Батцэнгэл ээжийн гэрт ирсэн бөгөөд ахтай золгох гэсэн юм, ахынд хүн байдаггүй, би ерөөсөө ахтай уулзаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бид талийгаач Батцэнгэлтэй хамт байхгүй байгаа юм бол ямар нэгэн юм болсон юм боловуу гэж бодоод талийгаачийг алга болсон талаар цагдаад мэдэгдсэн. ...талийгаачийн биед гэмтэл учруулж амьд байх үед нь эмнэлэгийн тусламж үзүүлэлгүй гаргаж хаясан хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /1-р хх 146/, гэрч Б.Нансалын “...Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 53-618 тоотод оршин суудаг бөгөөд энэ хашаа байшинг 2010 онд худалдаж аваад одоог хүртэл амьдарч байгаа юм. ...2018 оны 04 сарын 26-ны өдөр хоёр хүүхэдтэйгээ уг хашаа байшиндаа ирээд нойл орох гээд явж байтал нойлын ар талын ухсан нүхэнд хүн шиг дүрстэй зүйл харагдахаар нь гайхаад ахиулаад хартал цагаан үстэй, цээжин бие нь нүцгэн доогуураа хар бараан өнгийн өмдтэй бор тэлээтэй хүн харагдсан тэгэхээр нь хэсгийн ахлагч Ундармааруу утсаар яриад манай нойлын ар талын ухсан нүхэнд хүн үхчихсэн юм шиг байна гэтэл сайн шалгаж байж цагдаа дуудахгүй бол болохгүй шүү гэсэн тэгээд хажуу айлын Төмөртогоо, хэсгийн ахлагч Ундармаа нартай шалгаж үзэхэд хүн мөн байсан ингээд цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх 164-168/, шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Гавал тархины гэмтлийг авсаны дараа эмнэлэгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломж багатай. Тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан буюу том хэмжээний голомттой байсан., ...Элэгний гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, уг гэмтэл нь амь насанд аюултай хэдий ч гавал тархинд үүссэн хүнд гэмтэлтэй харьцуулахад амь насанд хүрэх аюулаар бага, эмнэлгийн тусламж үзүүлбэл аврагдах боломжтой гэмтэл юм., ...Талийгаач нь дээрх гэмтлийг авсан даруйдаа 1-2 цагийн хооронд идвэхтэй үйлдэл хийсэн байхыг үгүйсгэхгүй., ...Хүн нас барахад цусны эргэлт зогсож тухайн үеийн спиртийн хэмжээ цусанд хадгалагдаж үлддэг. Иймээс талийгаач нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж үзэж болохоор байна. “...Талийгаач нь тархины хүнд гэмтэл авсаны улмаас гадна орчинд хүйтэнд удаан байсны улмаас осгож нас баржээ. Үхлийн шалтгаан нь осголт. Хүн бүрт осголт явах хугацаа харилцан адилгүй тул ямар хугацаанд осголт явагдсаныг тогтоох боломжгүй. ... Тархины гэмтэл элэгний гэмтэл нь ойролцоо цаг хугацаанд буюу 24 цаг дотроо үүссэн байх боломжтой. Тархины гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавлын ясанд хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохисон үед цөмөрсөн хугарал үүсэх ба уг хугарлын хэлбэр нь үйлчилсэн эд зүйлийнхээ хэлбэртэй ижил байдаг. Дээрх гэмтэл унахад үүсэх боломжгүй. ...Хүн тархины гэмтэл авснаас хойш ухаан алдаж ухэлд хүрэх хүртлэх хугацаа нь тухайн хүнийхээ бие махбодийн онцлог буюу өвчин эсэргүүцэх чадвар, дархлаа, яг тухайн үеийн хүний ядралт, хооллолтын байдлаас шалтгаалж харилцан адилгүй байдаг учраас шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр хүн ямар хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийснийг нарийвчлан тогтоох боломжгүй байдаг...” гэх мэдүүлэг /2-р хх 20-25/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 482 тоот дүгнэлт /2-р хх 58/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №980 /2-р хх-16-18/  болон шүүгдэгч П.А ы “...Тэгээд би “боль боль” гэхэд Хашхүү ах “чи зайл, хоёр хүний дундуур ордог хэн бэ” гэсэн, ... Би “яасан зовлонтой юм бэ, хэрэлдээд байх юм” гэж хэлээд би алх аваад Хашхүү ахын тархи руу нь шидсэн. Алх энд нь цохисон. /баруун зүүн гараараа толгойн зүүн хэсэгт дарж үзүүлэв/ Хашхүү ax ор луугаа саваад унасан. Тэгээд Хашхүү ах босож ирээгүй...Батцэнгэл “энэ үхсэн ч яадаг юм, энийг аваачаад жалганд хийчихье” гэж хэлсзэн. Тэгэхээр нь би “яах юм бэ авгайд нь хэлсэн нь дээр юм бишүү” гэхэд Батцэнгэл “зүгээрээ би чамд зардлын мөнгө олоод өгчихнө, чи тэгээд яваарай” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр талийгаачийг өргөж аваачаад жалганд хийсэн. Тэгээд би тэр өдрөө Заамар луу явсан...Арматур бариултай алхыг толгойн зүүн талд шанаанаас дээд тал руу алх шидчихсэн юм...” гэх мэдүүлэг /2-р хх 137-141/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А  нь “...Намайг Хашхүү ахын гэрт байхад цагдаа нар орж ирээд баривчилж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэс рүү авч явсан. Мөрдөгч нарт би гэмт хэрэг үйлдээгүй талаараа хэлэхэд “Чи Хашхүүг алсан” гэж хэлээд намайг зодсон., ...Би амь хохирогчийг алах ямар ч шаардлага байхгүй. Бие засдаг төмөр хувингаас миний цус илэрсэн гэсэн. Миний хамар заримдаа бөглөрдөг, тэр үед нусаа нийдэг, Цустай нус байсан байх...” гэж гэм буруугийн талаар маргасан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэр нь “Амь хохирогч хэзээ нас барсан нь тодорхойгүй. Гэрч нар 2017 оны 12 дугаар сараас хойш хараагүй гэж мэдүүлсэн боловч 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч Төмөрбаатар амь хохирогчийг харсан гэж эрэн сурвалжлах зарыг хаасан байдаг. Тиймээс амь хохирогчийн нас барсан цаг хугацаа нь үгүйсгэгдэж байна. Мөн улсын яллагч гэмт хэргийг 2017 оны 12 дугаар сард үйлдэгдсэн гэж тайлбарласан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэж байна. Амь хохирогчийн нас барсан хугацаанд шүүгдэгч Төв аймгийн Заамар суманд байсан нь гэрчүүдийн мэдүүлэг болон Заамар сумын Засаг даргын албан бичиг буюу бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Тухайн гэрчүүдээс гэрчийн эрх, үүргийг танилцуулж мэдүүлэг авсан учраас нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзэж байна. Атарсайхан нь Заамар суманд ажиллаж байхдаа нэг шөнө Бүүвэйбаатар гэх хүнтэй хамт Улаанбаатар хот руу орж ирээд буцсан гэж мэдүүлсэн байдаг боловч Бүүвэйбаатарын мэдүүлгээр энэ үгүйсгэгддэг. Эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг алх байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэх алх нь яг ямар алх байсныг тодорхой заагаагүй байна. Миний үйлчлүүлэгчийн өмнөх мэдүүлгүүд үнэн зөв, хохирогчийг цохисон гэж үзвэл амь хохирогчийн толгой тус газар үүссэн цөмөрсөн хугарлын хэмжээ нь цохисон зүйлийн гадаргуугийн хэмжээтэй тохирч байх ёстой. Шинжээч эмч амь хохирогчийн толгойн тус газрын гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цөмөрсөн хугарал нь 2 см-ийг харьцах нь 1 см-ийн цөмөрсөн хугаралтай байна гэж дүгнэсэн. Мөн шинжээч эмч 13 дугаар зураг дээр байгаа алхаар тухайн гэмтэл үүсгэгдэх боломжгүй гэж мэдүүлсэн. Энэ алх нь эд мөрийн баримтаар хураагдсан 38 см урт 2 арматурын төмөр гагнаж хийсэн бариултай толгой хэсгийн хоёр тал нь хавтгай хэлбэртэй 3.5 см-ийн диаметртэй алх байна. Хоёр тал нь 3.5 см-ийн диаметртэй алхаар цохисон гэж үзвэл амь хохирогчийн толгойн тус газрын цөмөрсөн хугарал 3.5 см-ийн диаметртэй үүсэх ёстой. Үүнийг шинжээч эмч мэдүүлсэн мэдүүлгүүдээр хэлдэг. Толгойн хэсэг нь 5 см диаметрийн гадаргуутай, нөгөө тал шовх үзүүртэй алхаар тухайн амь хохирогчид үүссэн гэмтэл үүсгэгдэх боломжтой гэж мэдүүлдэг. Гэвч шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Тиймээс амь хохирогчийн толгойн хэсэгт үүссэн гэмтэл тухайн хоёр алхаар үйлдэгдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Хэрэв эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг алхны яг алинаар нь цохисон болох нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т юугаар, яаж үүссэн гэдэг нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй талаар заасан. Мөн шүүгдэгчийг эрүүдэн шүүсэн талаар холбогдох байгууллагад гомдол гаргасан боловч эрүүдэн шүүсэн эсэх нь нотлогдон тогтоогдохгүй байна гэсэн. Энэ нь бас эрүүдэн шүүгээгүй гэсэн үг биш. Шүүгдэгч, яллагдагчийг дээд тал нь 18 сар цагдан хорихоор хуульчилсан. Гэвч миний үйлчлүүлэгчийг 2 жил 11 сар 12 хоног хорьсон нь хүний эрх болон бусад хууль, тогтоомжийг зөрчиж, эрүүдэн шүүж байна гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүх хэн нэгнийг гэм буруутай гэж үзэхийн тулд түүний хийсэн үйлдэл болгон тухайн үйлдлийн улмаас гарсан үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой гэж үзсэн. Шалтгаант холбоог тогтоож чадаагүй. Одоо ч тогтоогоогүй байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А ыг цагаатгаж өгнө үү..” гэх санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан боловч шүүгдэгч П.А ы мөрдөн шалгах ажиллагааны үед:

яллагдагчаар 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “...Тэгээд би “боль боль гэхэд Хашхүү ах чи зайл, хоёр хүний дундуур ордог хэн бэ гэсэн, ... Би “яасан зовлонтой юм бэ, хэрэлдээд байх юм” гэж хэлээд би алх аваад Хашхүү ахын тархи руу нь шидсэн. Алх энд нь цохисон. /баруун зүүн гараараа толгойн зүүн хэсэгт дарж үзүүлэв/ Хашхүү ax ор луугаа саваад унасан. Тэгээд Хашхүү ах босож ирээгүй...Батцэнгэл “энэ үхсэн ч яадаг юм, энийг аваачаад жалганд хийчихье гэж хэлсзэн. Тэгэхээр нь би “яах юм бэ авгайд нь хэлсэн нь дээр юм бишүү” гэхэд Батцэнгэл “зүгээрээ би чамд зардлын мөнгө олоод өгчихнө, чи тэгээд яваарай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр талийгаачийг өргөж аваачаад жалганд хийсэн. Тэгээд би тэр өдрөө Заамар луу явсан...Арматур бариултай алхыг толгойн зүүн талд шанаанаас дээд тал руу алх шидчихсэн юм...” гэх мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хууль зөрчсөн буюу айлган сүрдүүлж, дарамталсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд дээрх мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Нансалын мэдүүлэг, шинжээч эмч Ч.Эрдэмболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд түүний мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар удаа дараа өгсөн дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үзэж, нотлох баримтаар тооцов. Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А ы өгсөн зөрүүтэй мэдүүлгийг нотлох баримтаар тооцоогүй болно.

Мөн мөрдөн байцаалтын шатанд П.А ы гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг хууль зөрчиж авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Хэрэв П.А  нь айлган сүрдүүлж, дарамтлан, хууль зөрчиж мэдүүлэг авсан гэж үзвэл энэ талаарх гомдлоо зохих байгууллагад нь гаргаж, шалгуулах эрхтэй болохыг дурдав.

Талийгаач Д.Хашхүүгийн цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ дүгнэлт болон шинжээчийн мэдүүлгээр Д.Хашхүүгийн цогцост гавал тархины ил гэмтэл, гавлын зүүн зулайн гадна хэсэг, чамархайн дээд хэсэг дух цөмөрсөн хугарал, дээш зулайн голын заадас, доош чамархайн урд хэсэг хүрсэн салбарласан хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны шарх, элэгний баруун дэлбэнгийн гадна доод ирмэг болон доод гадаргуу дахь өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, гавал тархины ил гэмтэл, элэгний өнгөц язрал гэмтэл тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлээс эхлээд хуйхны шарх, гавлын зүүн зулайн гадна хэсэг, чамархайн дээд хэсэг дэх цөмөрсөн хугарал, дээш зулайн голын заадас, доош чамархайн урд хэсэг хүрсэн салбарласан хугарал, дараа нь тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл учирсан байхаар байна. Харин элэгний өнгөц язрал гэмтэл хэдийд үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Талийгаач нь дээрх гэмтлийг авснаас хойш хэсэг хугацаанд амьд байсан байх ба нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгосон байна. Ямар хугацаанд амьд байсныг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн цогцост биеэ хамгаалан тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй. Химийн шинжилгээгээр цусанд спиртийн зүйл илрээгүй байна. Талийгаач 1 дүгээр бүлгийн цустай. Талийгаач нь амь насанд аюултай гавал тархины хүнд гэмтэл авсаны дараа нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсан байх боломжтой байна гэж дүгнэжээ.

 

Шүүгдэгч П.А  мөрдөн шалгах ажиллагааны үед “..Би 2017 оны 11 сарын дундуур хотод байсан.. би арматураар гагнасан алхыг аваад Хаашка ахын толгойн зүүн талд дух хэсэгт цохисон. Тэгсэн Хаашка ах хойшоо савж унаад босоогүй..” гэж өмгөөлөгчийн хамт өгсөн мэдүүлгээр талийгаачийг төмөр алхаар толгойн тус газарт нь цохиж алаад, зөөвөрлөсөн талаар мэдүүлсэн.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.А  нь талийгаач Д.Хашхүүг хүнд гэмтлийн улмаас ухаан алдсан байх үед нь гэмт хэргийн ул мөрөө далдлах зорилгоор Б.Батцэнгэлийн хамт амь хохирогчийг зөөвөрлөж жалганд хаяснаас нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд хохирогчийн ямар хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар шүүгдэгч П.А  анхны мэдүүлгээс хойш маргаж би хохирогчийг алхаар цохиогүй, анх өгсөн мэдүүлгийг цагдаа нар дарамталж авсан гэх боловч өмгөөлөгчийн хамт өөрөө мэдүүлэг өгч байгаа нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди дэх баримтаар үгүйсгэгдэж байна.

Дээрх байдлаас үзэхэд шүүгдэгч П.А  нь Д.Хашхүүг  алсан болох нь тогтоогдож байх тул шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Цагаанзодогт овогт П.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Анхцэцэгээс 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч хэргийн материалд энэ талаархи нотлох баримт байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Шүүгдэгч П.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж 10 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тогоо тавьдаг гэх төмөр  суурь 1 ширхэг, 38 см урттай 2 арматурын төмөр гагнаж хийсэн бариултай алх 1 ширхэг, толгой хэсгийн хоёр тал нь хавтгай хэлбэртэй алх нийт 1 ширхэг, төмөр хувин 1 ширхэг эсгийний тасархай 2 ширхэг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, П.А  2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг DVD-2ш, П.А ы 2018 өдөр өгсөн мэдүүлгийн бичлэгийг хуулбарласан DVD-1ш, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад хийсэн бичлэгийг хуулбарласан DVD-2ш зэргийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч  П.А  нь 2 жил 11 сар 12 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Шүүгдэгч Цагаанзодогт овогт П.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алалах”  гэмт хэрэг буюу хохирогч Д.Хашхүүг толгойн тус газарт нь алхаар цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А ы цагдан хоригдсон  2 жил 11 сар 12 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тогоо тавьдаг гэх төмөр  суурь 1 ширхэг, 38 см урттай 2 арматурын төмөр гагнаж хийсэн бариултай алх 1 ширхэг, толгой хэсгийн хоёр тал нь хавтгай хэлбэртэй алх нийт 1 ширхэг, төмөр хувин 1 ширхэг эсгийний тасархай 2 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, П.А  2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг DVD-2ш, П.А ы 2018 өдөр өгсөн мэдүүлгийн бичлэгийг хуулбарласан DVD-1ш, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад хийсэн бичлэгийг хуулбарласан DVD-2ш зэргийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шүүгдэгч П.А  нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.ХАЛИУН

                              ШҮҮГЧИД                                 Н.БАЯРМАА

                                                                                П.АРИУНБОЛД