| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0218/э |
| Дугаар | 2018/ШЦТ/1050 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1050
2018 12 06 1050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Б.Л (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0387) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Самдонов овогт Нямдоржийн Ариунтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1808 0410 21225 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Н.А нь Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 7-60 тоотод оршин суух өөрийн гэртээ 2018 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө өөрийн дүү Б.А-тэй маргалдаж, улмаар түүний толгой нүүр, нуруу, өвдгөн тус газруудад цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Ариунтуяа эгчийн гэрт ирсэн. Гэрт А эгч нөхөр С-ийн хамтаар хөдөөнөөс ирчихсэн Э эгч тэр 3 байсан. Тухайн өдөр эмээгийн нас барсан өдөр байсан бөгөөд тэд нар архи уучихсан байсан. Тэгээд би хувцсаа тайлаад зурагт үзээд...байж байхад А эгч намайг архи аваад өг гэхээр нь би С ахтай хамт гарч 0.5 литрийн 1 шил архи аваад буцаж ирсэн. Тэр архийг тэд нар ууцгаасан...тэгээд намайг унтах гээд хувцсаа тайлж байхад...А эгч “гадуур битгий тэнээд бай, гээд над руу уурлаад бас нөхөр С-аа хажууд хувцсаа тайлж нүцгэн явлаа” гээд намайг загнаад миний үснээс зулгааж нуруу руу цохиж, нүүр маажсан юм. Тухайн үед би яг хэдэн удаа яаж цохисоныг нь мэдэхгүй байна...А эгч намайг үснээс зулгаагаад бас нуруу руу цохиод нүүр рүү цохисон...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),
2. Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 31-ний өглөө 04 цагийн орчим манай дүү А над руу залгаад охин А-ийг гэрээс гараад зугтаасан гээд согтуу байдалтай надтай ярьсан. Тэгэхээр нь би охин А-ээс юу болсон талаар асуухад... А-г архи уучихаад агсам тавиад үсдэж чирсэн, бас нүүр рүү цохисон гэж хэлсэн. Тухайн үед миний охины хацрыг нь зулгарчихсан, хөмсөг нь шархалсан, нуруу нь маажуулсан шалбархайтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28)
3. Гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөгөөд гаднаас А орж ирсэн. Тэгээд А би эмээдээ дээж авч өгнө гээд С-ын хамтаар дэлгүүр гарсан бөгөөд орж ирэхдээ 0.5 литрийн “Хараа” архи аваад ороод ирсэн. Тэгээд тухай архинаас нь бид нар гурав гурван хундага уусан юм. Тэгээд А.А-т хандаж “чи гадуур их тэнээд байна, гадуур тэнэж болохгүй, шөнө оройн цагаар битгий гадуур яваад бай, ээжийн чинь бие нь муу байгаа даралт өндөр, чи ээжийгээ хайрлах ёстой ганц охин шүү” гэж хэлээд загнасан. Тэгтэл А өөрийгөө өмөөрөөд “би тэгээгүй” гээд хэрэлдтэл Ариунтуяа шууд, Аминшүүдэрийн нүүрийг алгадсан. Тэгтэл А өөдөөс нь босож ирээд А-ийн үснээс нь зулгаасан. Гэтэл А бас А-ийн үснээс нь зулгаагаад бас гараараа тавиулах гэж бие рүү нь цохиод байсан...А.А-ийн хацар руу нь алгадсан, үснээс нь зулгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10724 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Баруун чамархайн ар хэсэгт 2х2см, 1.5х3см талбайд үс халцарсан, бага зэрэг хавдартай, эмзэглэлтэй, баруун чихний доод хэсэгт 0.5х9см хөндлөн улаан хүрэн зулгаралт, цус хуралттай, хүзүүний баруун хажуу ар дээд хэсэгт 0.5х3см улаан хүрэн хөндлөн цус хуралттай, хамрын зүүн доод хэсэгт 0.2х0.5см улаан хүрэн гүн зулгаралттай, баруун бугалганы гадна дунд хэсэгт 5х5см хөх өнгийн цус хуралттай, түүний голд 0.3х0.5см-с 0.5х1см хүртэл хэмжээтэй 7-8ш улаан хүрэн гүн зулгаралттай, нурууны дээд хэсэгт 0.5х4см 0.4х10см, 0.3х3см улаан хүрэн босоо зулгаралт, цус хуралттай, баруун зүүн өвдөгний дээд хэсэгт ба өвдөгт 1х1см орчим хэмжээтэй 6-7ш хөх өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ
1. 2. Б.А-ийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, баруун чихний доод хэсэг, баруун бугалга, нурууны зулгаралт, цус хуралт, хүзүү, баруун, зүүн өвдөгний цус хуралт, хамрын доод хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21),
5. Шүүгдэгч Н.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нөхөр С-ын хамтаар Ховд аймаг руу ажлаар явсан. Би хөдөө явахдаа эгч Баярмаа, түүний охин А нараар гэрээ харуулсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг өнгөрч байхад нөхрийнхөө хамтаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 7 дугаар гудамжны 60 тоот гэртээ ирэхэд манай гэрт эгч болох Э ганцаараа байж байсан. Харин том эгч Б болон түүний охин А нар байхгүй байсан. Тухайн өдөр манай ээжийн талийгаач болсон өдөр бөгөөд зул өргөсөн. Тэгээд орой нь ээждээ архи болон сүү өргөсөн бөгөөд шөнө буюу 2018 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад А ганцаараа гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би А-ийг яасан орой ирж байхын чи өнөөдөр гэртээ харьж хонохгүй байсан юм уу, бас гадуур тэнээд Т уулзаад байгаа юм уу, гэж хэлээд загнасан. Би ажил хийж байгаа би гадуур тэнээгүй гэж хэлсэн. Тэгээд ээжид дээж өргөх юм аваагүй багадуулчихсан байна гээд А болон манай нөхөр С хоёр гарч яваад архи авчирсан юм. Би ээждээ архи өргөхдөө Ерөөл нэртэй архиар өргөдөг бөгөөд С, А хоёр Хараа нэртэй архи авчирсан. Тэгээд тар архийг нь өргөлгүй С, Э бид нар хувааж уусан. Тэгээд А-т би уурлаад чи ээжийнхээ үгэнд ордоггүй, байнга гадуур тэнээд болж бүтэхгүй юм хийгээд гээд нүүр рүү нь гараараа алгадаад автал А миний өмнөөс хэрэлдээд намайг бариад авахаар нь би А-ийн үснээс зулгаагаад А-ийг нэлээн олон удаа цохисон. А бас миний үснээс зулгаагаад байсан бөгөөд миний хөхнөөс бас хазсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад зууралцаад байж байтал Э болон манай нөхөр С хоёр салгасан...би А-ийн үснээс зулгааж бие рүү нь цохиж бас алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86)
4. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 34, 74), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38), үл хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан тодорхойлолт, лавлагаа (хавтаст хэргийн 35-36), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 37), Хаан банкинд Н.А-ийн эзэмшдэг дансны хуулга (хавтаст хэргийн 43-59), Ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 60), хувийн байдлыг талаарх баримтууд (хавтаст хэргийн 61-71) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Н.А нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 7 дугаар гудамжны 60 тоотод гэртээ, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, дүү Б.А-тэй маргалдаж, улмаар түүний толгой нүүр, нуруу, өвдгөн тус газруудад цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад...А эгч нөхөр С-н хамтаар хөдөөнөөс ирчихсэн Э эгч тэр гурав гэрт байсан. ...А эгч “гадуур битгий тэнээд бай, гээд над руу уурлаад бас нөхөр С хажууд хувцсаа тайлж нүцгэн явлаа” гээд намайг загнаад миний үснээс зулгааж нуруу руу цохиж, нүүр маажсан юм. Тухайн үед би яг хэдэн удаа яаж цохисоныг нь мэдэхгүй байна...А эгч намайг үснээс зулгаагаад бас нуруу руу цохиод нүүр рүү цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),
- Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 31-ний өглөө 04 цагийн орчим манай дүү А над руу залгаад охин А-ийг гэрээс гараад зугтаасан гээд согтуу байдалтай ярьсан. Тэгэхээр нь би охин А-аас юу болсон талаар асуухад... А-г архи уучихаад агсам тавиад үсдэж чирсэн, бас нүүр рүү цохисон гэж хэлсэн. Тухайн үед миний охины хацрыг нь зулгарчихсан, хөмсөг нь шархалсан, нуруу нь маажуулсан шалбархайтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28)
- Гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А нь А-т хандаж “чи гадуур их тэнээд байна, гадуур тэнэж болохгүй, шөнө оройн цагаар битгий гадуур яваад бай, ээжийн чинь бие нь муу байгаа даралт өндөр, чи ээжийгээ хайрлах ёстой ганц охин шүү” гэж хэлээд загнасан. Тэгтэл А өөрийгөө өмөөрөөд “би тэгээгүй” гээд хэрэлдтэл А шууд А-ийн нүүрийг алгадсан. Тэгтэл А өөдөөс нь босож ирээд А-ийн үснээс нь зулгаасан. Гэтэл А бас А-ийн үснээс нь зулгаагаад бас гараараа тавиулах гэж бие рүү нь цохиод байсан...А нь А-ийн хацар руу нь алгадсан, үснээс нь зулгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10724 дугаар дүгнэлт “...1. 2. Б.А-ийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцрал, баруун чихний доод хэсэг, баруун бугалга, нурууны зулгаралт, цус хуралт, хүзүү, баруун, зүүн өвдөгний цус хуралт, хамрын доод хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21),
- Шүүгдэгч Н.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Аминшүүдэрт би уурлаад чи ээжийнхээ үгэнд ордоггүй, байнга гадуур тэнээд болж бүтэхгүй юм хийгээд гээд нүүр рүү нь гараараа алгадаад автал А миний өмнөөс хэрэлдээд намайг бариад авахаар нь би Аминшүүдэрийн үснээс зулгаагаад А-ийг нэлээн олон удаа цохисон. ...Тэгээд бид хоёр барилцаж аваад зууралцаад байж байтал Э болон манай нөхөр С хоёр салгасан...би А-ийн үснээс зулгааж бие рүү нь цохиж бас алгадсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Н.А нь хууль зүйн хувьд “гадуур тэнлээ” гэх сэдэлтээр, насанд хүрээгүй хохирогч А-ийн нүүрэн тус газар цохиж, үсдэж шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.А нь хохирогч ...А-ийг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Н.А-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгч Н.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал буюу “У-З” ХХК-нд ажилладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлж түүнд 450 (дөрвөн зуун тавин) нэгж буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Н.А нь оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1808 0410 21225 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт П.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ариунтуяаг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульз заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ