Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 590

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00514/И

 

         Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Х.Б-ны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: ............................ оршин суух, Б.Д, Т.Э нарт холбогдох

            “зээл, зээлийн хүүнд 67 861 452 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.

Хариуцагч Б.Д, Т.Э нарт 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт, саналын дагуу хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ........ банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Б.Д, Т.Э нар нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 69 558 750 (жаран есөн сая таван зуун тавин найм долоон зуун тавин мянга) төгрөгийг зээлийг 180 сарын хугацаатай, сарын 0,5 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 3 өрөө орон сууц болон авто зогсоол барьцаалсан юм.  Б.Д, Т.Э нар нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 3 745 258 төгрөг, зээлийн хүүд 6 327 774 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 4.2.8 заагдсан үүргийг биелүүлээгүй тул уг гэрээний 6.1.11 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцлан зээлдэгч Б.Д, Т.Э нараас 2017 оны 4 дүгээр сарын 24-ний байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/201542400795 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн төлбөр 65 813 492 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2 047 960 төгрөг, нийт 67 861 452 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь манай банкинд ажилладаг байсан. Банк зөвхөн өөрийн ажилчдадаа олгодог нэн хөнгөлөлттэй нөхцлөөр Б.Д-д зээл олгосон Б.Д, Т.Э нар нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 69 558 750 (жаран есөн сая таван зуун тавин найман мянга долоон зуун тавин мянга) төгрөгийг зээлийг 180 сарын хугацаатай, сарын 0,5 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн.  Б.Д, Т.Э нар нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 3 745 258 төгрөг, зээлийн хүүд 6 327 774 төгрөгийг төлсөн байна. Иймд үндсэн зээлийн төлбөр 65 813 492 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр      2 047 960 төгрөг, нийт 67 861 452 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Д, Т.Э нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: ХААН банкнаас нэхэмжилсэн 67 861 452 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг            67 861 452 төгрөгийг өөрийн санхүүгийн боломжид тулгуурлан 1 жил 3 сар буюу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 26, 34х/

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ....... банкны Хэнтий аймаг дахь салбар нь Б.Д, Т.Э нарт холбогдуулан “зээл, зээлийн хүүнд 67 861 452 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Д, Т.Э нар нь .......... банкны Хэнтий аймаг дахь салбартай 69 558 750 төгрөгийн орон сууцны зээлийн гэрээ байгуулсан болох 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/201542400795 тоот Орон сууцны зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 3-9х/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10-14х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 26, 34х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нар нь 2017 оны 05 дугаар сараас хойш зээлийн төлөлтийг хийгээгүй байх ба нэхэмжлэгч ........ банкны Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч                        Б.Д-г ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул түүнд Зээлийг буцаан дуудах тухай мэдэгдлийг 2017.04.13-ны өдөр гардуулж өгсөн байна.   

Нэхэмжлэгч .......... банк нь зөвхөн өөрийн ажилчдадаа олгодог дотоодын нэн хөнгөлөлттэй нөхцлөөр Б.Д-д олгосон Орон сууцны зээлийн гэрээний харилцаа уг зээлийн гэрээний 6.1.11-т заасан үндэслэлээр буюу зээлдэгч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зээлдүүлэгчийн саналаас татгалзсанаар цуцлагдсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т: зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү.. төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд нэхэмжлэгч ................ банкны Хэнтий аймаг дахь салбарын хариуцагч Б.Д, Т.Э нараас “зээл, зээлийн хүүнд 67 861 452 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Д, Т.Э нараас 67 861 452 /жаран долоон сая найман зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ......... банкны Хэнтий аймаг дахь салбарт олгосугай.  

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 497 257  төгрөгийг  улсын орлого болгож, хариуцагч Б.Д, Т.Э нараас 497 257  төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

  3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР