Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 606

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2017/00535/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: “Х банк ХХК”- хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Б.Ч- д холбогдох

            “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 9 674 925 /есөн сая зургаан зуун далан дөрвөн мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

     Нэхэмжлэгч “Х банк ХХК”-дахь эрх хүлээн авагч М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Ч нь Хадгаламж банктай 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 6 500 000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн Хадгаламж банк дахь 25200003617 тоот төгрөгийн дансанд олгохоор тохиролцсон ба Хадгаламж банкнаас 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус дансанд 6 500 000 төгрөгийг шилжүүлж мемориалын баримтад Б.Ч гарын үсэг зурсан. Тухайн үед Б.Ч нь Хадгаламж банкинд зээл олгох хүсэлт гаргахдаа буюу цалингийн зээлийн өргөдлийн маягтад өөрийгөө Мах-Экспорт ХХК-д борви гаргагч, цуслагч ажил эрхэлдэг гэж бичин уг мэдээллийн үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурж байсан. Мөн тус байгууллагын дарга Б.Чулуунтогтох, ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэнавч нарын Б.Ч нь тус компанид 728 000 төгрөгийн үндсэн цалинтай хөргөлтийн машинист ажилтай зээлийг цалинтай адилтгах орлогоороо төлж барагдуулах чадвартайг тодорхойлсон гарын үсэг компанийн тэмдэг бүхий тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг ирүүлсэн. Гэвч Мах-Экспорт ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Эрдэнэнавч гэгч нь түүний банкинд гаргаж өгсөн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг хуурамчаар үйлдэж өгснийг Б.Ч ашиглаж банкнаас зээл авсан байсан. Хадгаламж банкны эрх хүлээн авагч Төрийн банкны хооронд 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 187/2014БЭХА/365 дугаартай гэрээг байгуулж гэрээгээр Төрийн банк нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн тэнцэл дэх гэрээний хавсралтад заасан активыг /чанаргүй зээлүүдийг/ өөрийн орон нутаг дахь салбаруудаар дамжуулан төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Иймд Төрийн банкны Хэнтий аймаг дахь салбараас тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаснаар Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн 201323000348 дугаартай хэргийг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Мах-Экспорт ХХК-ийн Б.Ч нь тус компанид ажилладаг гэх тодорхойлолтод зурсан захирал Б.Чулуунтогтохын гарын үсэг болон нийгмийн даатгалын дэвтэрт дарсан дардсууд нь хуурамчаар үйлдэгдсэн болох нь криминалистикийн шинжилгээгээр тогтоогдсон. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/177 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Дагва овогтой Эрдэнэнавчид холбогдох эрүүгийн 201323000348 дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байсан тул нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийг урьд нь иргэний журмаар гаргах боломжгүй байсан ба прокурорын тогтоолоор дээрх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул иргэний журмаар нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш 2013 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 2 286 770.68 төгрөг, зээлийн хүүнд 1 299 692.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22 927.85 төгрөг, нийт 3 609 390.96 төгрөг төлсөн. Зээлдэгчийн зээлийн гэрээний үлдэгдэл 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 4 213 229.32 төгрөг, зээлийн хүү 4 591 011.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 870 684,86 төгрөг, нийт 9 674 925.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-4х/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Ч нь зээл авсан өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 2 286 770.68 төгрөг, зээлийн хүүнд 1 299 692.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22 927.85 төгрөг, нийт 3 609 390.96 төгрөгийг төлсөн байна. Хариуцагч нь Хадгаламж банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу Хадгаламж банкнаас шилжүүлсэн мөнгийг өөрөө авч цааш нь захиран зарцуулсан байдаг. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 9 674 925.72 төгрөгийг гаргуулж Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч Б.Ч-ыг гарын үсэг зурж зээл авсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Бид нар зээлийн гэрээний үүрэг хангах талаар ярьж байгаа. Зээлийн гэрээнд Хадгаламж банк болон Б.Ч нь зээлийн гэрээний талууд болж гарын үсэг зурсан. Б.Ч нь уг зээлийг аваад захиран зарцуулсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Б.Ч-ы Хадгаламж банктай байгуулсан гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус, хууль бус хэлцэл юм. Б.Ч нь Мах-Экспорт ХХК-д огт ажиллаж байгаагүй бөгөөд Энхчулуун болон Эрдэнэнавч нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн Б.Ч-ыг гуйж гарын үсэг зуруулсан бөгөөд Б.Ч нь өөрийн хүсэл сонирхлын дагуу уг гэрээг хийгээгүй. Тухайн үед мөнгө хэрэгтэй байсан тул Эрдэнэнавчийн өгсөн 1 000 000 төгрөгийг авч хэрэглэсэн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр дурдсан 3 609 390 төгрөгийг Б.Чулуун нь өөрийн гэр орныг зарж төлсөн. Ч-ы хувьд цаашид уг мөнгийг төлөх боломжгүй. Эрдэнэнавч болон Энхчулуунтай уулзахад эдгээр хүмүүс нь өөрсдөө мөнгөө төлнө гэдэг. 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байхад банкны хүү зогсоогүй үндсэн мөнгөнөөсөө илүү мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг мөнгийг төлөх боломжгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагч нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Б.Ч-д холбогдуулан “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 9 674 925 /есөн сая зургаан зуун далан дөрвөн мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Б.Ч нь Хадгаламж банкнаас 6 500 000 төгрөгийн зээл авсан болох нь 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 8 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 21-28х/, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 1-4х/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Зээлдэгч Б.Ч нь зээл авсан өдрөөс хойш 2013 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 2 286 770.68 төгрөг, зээлийн хүүнд 1 299 692.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22 927.85 төгрөг, нийт 3 609 390.96 төгрөг төлсөн байна.

Нэхэмжлэгч тал нь одоо үндсэн зээлийн үлдэгдэл 4 213 229.32 төгрөг, зээлийн хүү 4 591 011.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 870 684,86 төгрөг, нийт 9 674 925.72 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т: хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д: анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагчаас нэхэмжилж байгаа анзын хэмжээ илт их буюу хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт 5 461 696.4 /таван сая дөрвөн зуун жаран нэгэн мянга зургаан зуун ерин зургаа/ төгрөг байгаа нь зээлдэгчийн хувьд төлөхөд хүндрэл үүсэхүйц байгаа тул шүүх анзын хэмжээг багасгаж 1 786 771 /нэг сая долоон зуун наян зургаан мянга долоон зуун далан нэг/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т: Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ6

Иймээс үндсэн зээлийн үлдэгдэл 4 213 229 төгрөг дээр шүүхээс багасгаж тогтоосон 1 786 771 төгрөгийн анзыг нэмж нийт 6 000 000 /зургаан сая/ төгрөгийг хариуцагч Б.Чулуунаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Жич: нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул хариуцагчаас тэр хэмжээгээр шүүхийн зардлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                       

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.8-д зааснаар хариуцагч Б.Ч-аас 6 000 000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 674 926 /гурван сая зургаан зуун далан дөрвөн мянга есөн зуун хорин зургаа/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Б.Ч-аас 110 952 /нэг зуун арван мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

  3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР