Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 165

 

С.Г-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс:135/2016/01414/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 908 дугаар  шийдвэртэй,

          Нэхэмжлэгч С.Г-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Б.Ө-, Г.Э- нарт  холбогдох,

          “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 97.143.787 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлтэй,

Нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл  бүхий иргэний хэргийг   

          Хариуцагч Б.Ө-, Г.Э- нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч Б.Ө-, Г.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч  С.Г-ас:

Булган аймгийн Орхон сумын Ар мэргэн хэмээх газарт 0,99м2 газар эзэмшдэг бөгөөд манай эзэмшлийн зэргэлдээ газарт хөрш Ж.Энхцоожийн хувийн орон сууцыг барьж байсан Б.Ө- гэх хүн 2015 оны 03 дугаар сард надруу залгаад би сүүлийн үеийн технологоор сэргээгдэх эрчим хүчийн ашиглан халаалтаа шийддэг байшин барьдаг хүн байна, ийм технологоор танай хөршийн байшинг барьж байгаа, маш богино хугацаанд түлхүүр гардуулах нөхцөлөөр чанартай байшин барина, танайх газар дээрээ байшин бариулах уу гэж санал тавихаар нь Б.Ө- болон түүний эхнэр Г.Э-тэй уулзахаар тохирч барьж байгаа байшинг нь очиж үзэн ... гэх зэргээр маш их итгэл, үнэмшил төрүүлөн ярихаар нь эхнэр бид 2 барилгын нийт өртөгийг 120,000,000 төгрөгөөр тохирсон.

Нийт 101,000,000 төгрөгийг Б.Ө-ийн шаардсаны дагуу төлсөн боловч байшингийн цутгалтыг хийгээд, дээврийг хагас дутуу хийж, дээврийн төмрийн урд талыг хийгээд, хойд талыг нь хийгээгүй, хаалгагүй, цонхгүй, байшингийн урд талынх нь шавардлагыг хийлгүйгээр ажлаа хаяад 2015 оны 08 дугаар сараас хойш алга болчихсон.

Энэ өдрөөс хойш Б.Ө-, Г.Э- нар нь биднээс зугтах болж, бид 4 хаягаар нь очиход гэртээ байхгүй, утсаар нь залгахаар утсаа авдаггүй, бараг бүтэн жилийн турш хөөцөлдөж байж 2016 оны 05 дугаар сард олж уулзахад барилгыг чинь 2016 оны зундаа багтааж гүйцээж барьж өгнө гэж амлаж гэрээний хугацааг сунгаж нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, уг нэмэлт гэрээгээр түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр гэрээний хугацааг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Нэмэлт гэрээ хийснээс хойш утсаа авахгүй, гэрийн хаягаар нь очиход гэртээ байгаа мөртлөө хаалгаа тайлж өгдөггүй ийнхүү 2 дахь жилдээ биднийг дахин чирэгдүүлж, хохироож, байгаа ба цаашид барилгын ажлыг дуусгах талаар ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт болсон тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар Б.Ө-, Г.Э- нараас дараахь үндэслэлээр 47,860,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд:

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.2-т зааснаар гэрээт хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч талаас нийт 101,000,000 төгрөг төлсөн боловч үүрэг гүйцэтгэгч нь 70,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байх тул илүү төлсөн 31,000,000 төгрөг,

2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулсан Нэмэлт гэрээний 1.2, 3.1.2-т заасныг баримтлан гүйцэтгэх ёстой 54,000,000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5%-иар тооцон, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 60 хоногийн хугацаанд нийт 16,200,000 төгрөгийн алданги,

            3. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч нь ажлаа дутуу орхиж явсаны улмаас Орхон, Дархан-Уул аймгийн хооронд Б.Ө-, Г.Э- нартай уулзахаар ирж буцсан шатахууны зардал 660,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд Б.Ө-, Г.Э- нараас нийт 47,860,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн шавардаагүй орхисон гадна талын хөөсөнцөр нь удаан хугацааны явцад бутарч унаж эхэлсэн. Мөн дутуу орхисон дээврийн мод нь нар салхинд гандаж муудсан, дотор хана нуралт өгсөн, гадна дотор хана тэгш бус далий тул дахин засах шаардлагатай байгаа болно гэжээ.

Хариуцагч Б.Ө-, Г.Э- нараас. 

            С.Г-ын барилгыг барьж өгөхөөр урьдчилгаа болгон 101,000,000 төгрөг авсанаа хүлээн зөвшөөрч байна. Мөн 2016.05.21-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, хийгдсэн ажлыг 70,000,000 төгрөгийн гүйцэтгэлтэй, 31,000,000 төгрөгийн ажил хийгдээгүй байна.  С.Г-ын байшингийн хувьд торх бүтэн босч, дээврийн ажил дутуу байсан. Байгаа материалаа ашиглавал ажил дуусах боломжтой байсан. Нэхэмжлэгч тал Г.Э- бид хоёртой зөвшилцөөд 8.000.000 төгрөг өгье гэсэн боловч 8.000.000 төгрөгөөс гадна ажилчдын цалин хөлсний асуудал тулгарсан. Мөн давхар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд над дээр 15.000.000 төгрөгийн өр үүсч данс хаагдсан тул нэхэмжлэгч С.Г-ын байшинг дуусгах боломжгүй болсон. 2017.08.24-ний өдөр зөөврийн халаагуур хийх техникийг боловсруулж патент авч, санхүүгийн эх үүсвэртэй болсон тул С.Г-ын байшинг барьж дуусгах боломжтой болсон. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. 79.000.000 төгрөгийн гүйцэтгэл хийгдээд 30%-ийн үлдэгдлээ аваад ажлаа хийх гэж байгаад ажил зогссон. Дутуу хийсэн зүйлээ бид нэмэлт хөрөнгө шаардахгүйгээр өөрсдөө хийх боломжтой. Тэгэхээр 79.000.000 төгрөгийн ажил хийгдсэн. Бохирын шугамын гаргалгаа, дотор сантехникийн шугам, гараашаас машин угаалгын шугам зэрэг бүгд суусан байхад шинжээчийн дүгнэлтэд огт тусгаагүй. Техникийн нөхцөл өгч байж шийддэг шийдлийн дагуу шинжээчийн дүгнэлтээ гаргасан байсан тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэлт гэрээ байгуулахдаа энэ байдлаар ярилцсан. Барилга дууссаны дараа 24.000.000 төгрөгийн төлбөр хийгдэж, барилгыг хүлээлгэн өгөх ёстой байсан. 101.000.000 төгрөгөөс 79.000.000 төгрөгийг хасаад 22.000.000 төгрөг үлдэнэ. Би 30.000.000 төгрөгийг буцааж өгөх боломжтой. Ажлын төсөл байхгүй учраас шинжээчийн дүгнэлт гарах боломжгүй байсан гэжээ.

Нэхэмжлэгч С.Г-ас нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Зохигчдын 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Нэмэлт гэрээ-ний 3.1.2-т гүйцэтгэгч тал нь барилгын энэ гэрээний 2.1-т заасан хугацаанд түлхүүр гардуулж өгөх нөхцлөөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй бол талууд харилцан тохиролцож барилгын зураг төслийн дагуу дутуу баригдсан хэсэгт үнэлгээ тогтоох буюу эсвэл хөндлөнгийн мэргэжилтнээр үнэлгээ тогтоолгож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 05 хувийн алданги тооцож гүйцэтгэгч тал алданги төлнө гэж заасныг баримтлан нэхэмжлэгч талаас цаашид барилгыг гүйцээж барихад хэдэн төгрөг зарцуулагдах талаар мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргасныг шүүх хангаж, “Арлын Ам” ХХК-ийг томилж шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий амины орон сууцанд 49,760,133 төгрөгийн ажил хийгдсэн, цаашид 77,480,819 төгрөгийн ажил хийгдэж байж нийт 127,480,819 төгрөгийн төсөвт өртгөөр манай байшинг барьж дуусгах тухай дүгнэлт гарсан байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.2-т зааснаар Хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно  гэж заасныг баримтлан гэрээт хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч талаас нийт 101,000,000 төгрөг төлсөн боловч үүрэг гүйцэтгэгч нь 49,760,133 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн байх тул илүү төлсөн 51,239,867 төгрөгийг нэхэмжилж байна. Шинжээчийн дүгнэлтээр 77,480,867 төгрөгийн ажил дутуу буюу нийт 127,480,819 төгрөгийн төсөвт өртгөөр барилга баригдаж дуусахаар дүгнэсэн боловч талууд нэмэлт гэрээ байгуулахдаа барилгын төсөвт өртгийг 125,000,000 төгрөгөнд багтааж барихаар харилцан тохиролцсон тул 125,000,000 төгрөгөөс орон сууцанд хийгдсэн 49,760,133 төгрөгийг хасч, цаашид барилгыг гүйцээж барихад шаардагдах 75,239,867 төгрөгийн үнийн дүнгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээний 1.2, 3.1.2-т заасныг тус тус баримтлан хоног тутамд 0,5 хуувиар тооцон, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 120 хоногийн хугацаанд нийт 45,143,920 төгрөгийн алданги нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Ө-, Г.Э- нараас  нэмэлт тайлбартаа:

Дархан сумын 12 дугаар багийн 23 дугаар байр, 17 тоотод оршин суугч иргэн Б.Ө-, Г.Э- бид нэхэмжлэгч Орхон аймгийн Согоот багийн 11 дүгээр байр 48 тоотод оршин суугч иргэн С.Г-ын нэхэмжилж байгаа 92,143,787 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид барилгын ажлын гүйцэтгэлийг нүүр нүүрээ харж сууж байгаад нэг бүрчлэн тооцож 70,000,000 төгрөг болсоныг хүлээн зөвшөөрч тооцоо нийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн барилгын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийсэн нь Иргэний хуулийн 56.2.1-д зааснаар дүр үзүүлсэн хийсэн гэрээ гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус бөгөөд өмнө нэхэмжилсэн 47,800,000 төгрөгөөс алданги хэмээх 16,200,000 төгрөг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс С.Г-ын нэхэмжилсэн 92,143,787 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин С.Г-ас авсан санхүүжилтийн үлдэгдэл 31,097,032 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.Ө-, Г.Э- нараас сөрөг нэхэмжлэлдээ:

     С.Г-ын өөрийн эзэмшлийн Орхон аймгийн Ар мэргэн гэх газар нутагт 2 давхар амины орон сууц барьж өгөхөөр тохиролцож 2015 оны 03 дугаар сард барилга угсралтын гэрээ хийж графикийн дагуу 101,000,000 төгрөгийн санхүүжилт авсан. Уг санхүүжилтаар суурийн блок болон бохирын ажил, барилгын бүтээцийн ажлыг хийж материал болон, ажлын хөлс, тээвэр зарцуулалтад зарцуулан дуусгасан. 2015 оны 08 дугаар сард тухайн үед барилгын материалын болон ажиллах хүчний үнийн өсөлт, эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалан бидний төлөвлөсөн санхүү нь уг барилгад хүрэлцэхгүйгээс болж барилгын ажил зогсож улмаар удаан хугацаагаар үргэлжлээгүй. Ингээд барилга захиалагч бидний хооронд маргаан үүсч нилээд удсан. Гэтэл С.Г- Дэлгэрмаа нар 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн орчимд нэг газар уулзахаар дуудсан. Гэтэл өмгөөлөгч П.Батжаргал биднийг яагаад барилгыг нь барьж дуусгахгүй байгаа талаар ярилцаж, бид учир байдлаа ч бас хэлсэн. Бид барилгад орсон материал ажлын хөлс тээвэр зарцуулалтын тооцоог нэг бүрчлэн гаргаж өгөхөд тээвэр зарцуулалт, хоол хүнсийг та нар зарцуулах ёстой гэж хасаад 79,000,000 төгрөгийн зардал тооцоо гарсан. Гэтэл П.Батжаргал нэмэлт гэрээ хийх санал тавьж, бид гэрээг хийхгүй гэтэл биднийг дарамталж байгаад нэмэлт гэрээг хийлгэсэн. Бид уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч С.Г- сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл дээр ор үндэсгүй худал зүйлийг бичсэн байна. Г.Э- Б.Ө- нар нь өөрсдөө 2016 оны 08 дугаар сард дуусгана гэж гуйж хугацаа өгөх хүсэлт гаргасаны дагуу энэхүү гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд Б.Ө-, Г.Э- нарын санал бүрэн тусгагдсан тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргалаас:

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн. Энэ гэрээний дагуу 129,6 м2 талбайтай байшинг Ө-, Э- нар барихаар тохиролцсон. Явцын дунд 5.000.000 төгрөг нэмэгдэж, байшингийн ажлын гүйцэтгэл 125.000.000 төгрөгөөр хийгдэхээр болсон. Гэтэл барилгын ажлыг гүйцэтгэж байсан Ө-, Э- нар тохиролцсон хугацаандаа байшинг барьж дуусаагүй. Дараа нь нэмэлт гэрээ байгуулж ажил гүйцэтгэж дуусах хугацааг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл болгож өөрчилсөн. Нэмэлт гэрээ байгуулах үед хариуцагч тал 101.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч 70.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэснээ дүгнэсэн. Гэхдээ 70.000.000 төгрөгийн барилгын ажил хийсэн гэж дүгнэхдээ барилгад ямар материал ашигласан, ямар хүмүүс ажилласан талаар тусгаагүй. Нэмэлт гэрээ байгуулахдаа хариуцлагыг өндөржүүлэхийн тулд алдангийн талаар тусгасан. Энэ гэрээний дагуу анх илүү 31,000,000 төгрөг, дутуу хийгдсэн ажлын алданги 16.200.000 төгрөг /60 хоногийн алданги/, тухайн үед гарсан шатахууны зардал гэж 660.000 төгрөг буюу нийт 47.860.000 төгрөгийг анх нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон. Үүнийг гэрээний дагуу томилсон. шинжээчээр Дархан-Уул аймгийн “Арлын ам” ХХК дүгнэлт гаргасан. Уг шинжилгээ хийсэн шинжээч нар нэг талыг бариагүй. Учир нь шинжилгээ хийх байгууллагыг шүүх томилсон. Шинжээчийн дүгнэлтээр нийт 127.480.819 төгрөгийн ажил хийгдснээр барилгын ажил дуусахаар байна. Үүнээс нийт 49.760.133 төгрөгийн ажил хийгдсэн байна гэж гарсан. Өгсөн 101.000.000 төгрөгөөс хийгдсэн ажлын дүн болон 49.760.133 төгрөгийг хасаад 51.239.867 төгрөг нэхэмжилсэн. Одоо байшинд 75.823.988 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа байшин ашиглалтанд орохоор байгаа. Үүний 50 хувиар буюу 37.619.933 төгрөгийг нэхэмжилсэн. Алданги нэхэмжилж байгаа үндэслэл бол Иргэний хуулийн 219 дүгээр зүйл буюу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтэрсэн асуудал юм. Үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тул хугацаа олгосон. Гэтэл хариуцагч тал дахин үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч тал учирсан хохирлоо нэхэмжилж байгаа. Шатахууны зардлыг хуулийн дагуу нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж хэлсэн. Хариуцагч тал 70.000.000 төгрөг гэж ярилцсан талаараа хэлдэг гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гэнэндуламаас: 

Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээг байгуулсан. Ажил гүйцэтгүүлэгч хөлсөө хэсэгчилсэн төлсөн. Хариуцагч нар барилгын ажлаа хийж байсан. 101.000.000 төгрөг авчихаад огт ажил хийгээгүй биш. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэл бүрэн хийгдээгүй гэдгийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байгаа. Мөнгө авсан өгсөн дээрээ талууд маргадаггүй. 2016 онд нэмэлт гэрээ байгуулсан. Энэ гэрээнд нэхэмжлэгч 70.000.000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна гэдгийг тусгасан. 101.000.000 төгрөгөөс 70.000.000 төгрөгийн ажлыг хариуцагч тал хийж гүйцэтгэсэн байна. Үүнийг тухайн үед нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Үүнийгээ үгүйсгэдэггүй. Хариуцагч 30.000.000 төгрөгийг гаргуулахад татгалзах зүйлгүй. Хэрэгт “Арлын ам” ХХК-г шинжээчээр томилсон. Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлд бүрэлдэхүүнтэй шинжээч томилж болно гэж заасан. Хариуцагч талаас хэд хэдэн удаа хүсэлт тавьсан боловч боломжгүй гэсэн учир хүсэлтээсээ татгалзсан. “Арлын ам” ХХК-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Арлын ам ХХК нь Барилгын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6, 2.7, 2.8 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг явуулдаг. Энэ байгууллага шинжээч томилж дүгнэлт гаргадаг газар биш. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг үнэлж шийдвэр гаргах боломжгүй. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эрхгүй этгээд шинжээчийн дүгнэлт гаргасан байхад түүнийг үндэслэж шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 70.000.000 төгрөгийн зардлыг хүлээн зөвшөөрч байгаа тул түүний зөрүүг гаргаж өгөх боломжтой гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 908 дугаар  шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар Г.Э-, Б.Ө- нараас 51 239 867 төгрөг, алданги 35 119 933 төгрөг гаргуулан С.Г-д олгож 3 260 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн 01 тоот гэрээний нэмэлт өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Б.Ө-, Г.Э- нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан 397 250 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Худалдаа хөгжлийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 246 418 төгрөг, хариуцагчаас 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Худалдаа хөгжлийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 59 270 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 86 359 800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 589 749 төгрөгийг хариуцагч Б.Ө-, Г.Э- нараас гаргуулж нэхэмжлэгч С.Г-д олгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

Хариуцагч Б.Ө-, Г.Э- нар давж заалдсан гомдолдоо:

“Арлын ам” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэл нь барилга угсралт, засварын ажил эрхлэх туслах үйл ажиллагааг 2007 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатайгаар бүртгэсэн байдаг. “Арлын ам” ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргах зөвшөөрөлгүй. Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, зарим материалын үнийг хэт доогуур үнэлсэн, барилгын хэмжээс буруу дутуу тавигдсан, одоогийн байдлаар барилгад хийсэн ажлаас 20 нэр төрлийн ажлын гүйцэтгэлийг төсөвт огт тусгаагүй, биднээс баримтаар 1 ширхэг баримт аваагүй, судлаагүй, тайлбар тавих дүгнэлт гаргах процесст оролцох боломж олгоогүй. Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, бүрдүүлбэр дутуу зэрэг дутагдлууд байсан тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч татгалзаж шийдвэрлэсэн.Харин өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авсан боловч дахин “Арлын ам” ХХК-ийг шинжээчээр томилсон. “Арлын ам” ХХК нь дахин дүгнэлт гаргах боломжгүй гэсэн албан тоотыг шүүхэд ирүүлсэн учраас Барилга хот байгуулалтын яамны дэргэдэх барилга хөгжлийн төвийг томилсон ч иргэний хэрэгт шинжээчээр ажиллах боломжгүй гэж татгалзсан. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-д  “шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно” гэж заасан байхад шинжээчийн дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлгүй этгээдээр хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан, шинжээчид хууль сануулаагүй, бодит байдлыг илт гуйвуулсан шинжтэй үнэн зөв болох нь эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ гол нотлох баримт болгосонд  маш их гомдолтой байна. 

Мөн нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь 70.000.000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж дууссан байсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрдөг. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн, эргэлзээгүй, хоёрдмол утгагүй, агуулгын хувьд зөрчилдөөнгүй  байж хэмээн хуулийн дагуу хүчин төгөлдөр болно.

Гэтэл тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 70.239.867 төгрөгөөс алданги тооцож, алданги 35.119.933 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй байна гэж заасан атлаа тогтоох хэсэгт уг алдангийг хариуцагчаас гаргуулахаар зөрчилдөөнтэй шийдвэрийг гаргасан байна.

Нэхэмжлэгч нь хуулийн мэдлэгтэй өмгөөлөгчийн хамт хууран мэхэлж, айлган сүрдүүлж байж гэрээнд гарын үсэг зуруулсан болохоос бодит байдал дээр бидэнд өндөр алданги тооцсон гэрээнд гарын үсэг зурах хүсэл зориг байгаагүй. Иймээс Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017  оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч С.Г-аас давж заалдах гомдолд өгсөн хариу  тайлбартаа:

Б.Ө-, Г.Э- нар нь барилга угсралтын гэрээ байгуулаад гэрээний үүргээ биелүүлээгүй биднийг хохироосон төдийгүй их мөнгө авахаар айлган сүрдүүлсэн мэтээр биднийг гүтгэж байгаад гомдолтой байна. Иймд энэ хэргийг хурдан шийдэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хариуцагч  нараас гаргасан давж заалдсан  гомдлыг хангах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч С.Г-  хариуцагч Б.Ө-, Г.Э- нарт холбогдуулан 

 ажил гүйцэтгэх гэрээний  үүрэгт  анх   47.860.000 төгрөг  нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж  97.143.787 төгрөг  гаргуулахаар  шаардсаныг,  хариуцагч  30.000.000 төгрөг төлөх  боломжтой, үлдэх хэсгийг  төлөх  үндэслэлгүй гэж  маргасан  байна.

            Хариуцагч нар нэхэмжлэгчид холбогдуулан  2016 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн  гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хэлцлийг  “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж   хүчин төгөлдөр бусд тооцуулах  шаардлага гаргасныг  нэхэмжлэгч  мөн зөвшөөрөхгүй  маргажээ.

            Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр  байгуулагдсан  барилга угсралтын ажил  гүйцэтгэх гэрээгээр Булган аймгийн Орхон сумын “Ар мэргэн” хэмээх газар 1 айлын  9х9 хэмжээтэй нийт 129,6 мкв  талбайтай, мансарттай 2 давхар  байшин, 21,6 мкв талбайтай, автомашины гражийг, термоблок систем  ашигласан төмөр бетон бүтээц  бүхий  ажлыг 120 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэхээр тохиролцохдоо гэрээний үнэ буюу  төсөвт өртөгийг  120.000.000 төгрөгөөр тогтоосон \хх-6 дугаар тал\, 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр  байгуулсан гэрээний  нэмэлт  өөрчлөлтөөр  өмнөх төсөвт өртөгийг 5.000.000  төгрөгөөр нэмэгдүүлж, гэрээ  дуусгавар болох  хугацааг  2016 оны 08 дугаар сарын 01  болгон  сунгажээ.  \хх-12 дугаар тал\

            Захиалагч тал ажлын хөлсөнд  2015 оны  03 дугаар сарын 26-наас  2015 оны  06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд   101.000.000 төгрөг төлсөн  байна.

            Ажил гүйцэтгэгч тал  ажлын хөлс  101.000.000 төгрөгийг  хүлээн   авсан боловч  гэрээгээр хүлээсэн  үүргээ  биелүүлээгүй, 2015 оны  08 дугаар сараас хойш  барилгын ажил  зогссон  байна.

            Хариуцагч  нэхэмжлэгчийн  анхны шаардлагыг   эс зөвшөөрч гаргасан үндэслэлд  “...101.000.000 төгрөг  ажлын хөлсөнд авсанаа  хүлээн зөвшөөрч байна,  ... үлдэгдэл  31.000.000  төгрөгийн ажил хийгдээгүй  хэмээн тооцож  хугацаа сунгасан нь үнэн...,   ... алданги болох  16.200.000 төгрөг, мөн зардлын мөнгө болох 660.000 төгрөгийг  төлж чадахгүй...,“  гэсэн тайлбар гаргаснаар  нэхэмжлэгчийн өмгөөлөгч  П.Батжаргалаас   гүйцэтгэсэн ажил болон дутуу ажлын  үнэлгээг  тогтоолгохоор  шинжээчийн  дүгнэлт  гаргуулах хүсэлт гаргасан байна.

            Шүүх  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  хүсэлтийг хангаж,  “Арлын ам” ХХК-ийг  шинжээчээр томилсон  \ хх-54 дүгээр тал \,  шинжээчийн дүгнэлтийг  шинжээч Ч.Рашаандаваа гаргаж  \хх-60 дугаар тал \, гүйцэтгэсэн ажлын үнэлгээг  49.760.133 төгрөг гэж   тогтоосныг  үндэслэн   нэхэмжлэгч  С.Г- нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлсэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ    тус шинжээчийн дүгнэлтийг   гол нотолгоо  болгожээ.

            Шинжээчийн дүгнэлт нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны  хэрэгслийн нэг болдог бөгөөд шинжээчийн дүгнэлтийг гаргуулахад  хуульд нийцүүлэх  үүргийг  шүүх  хүлээнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр  шүүгч захирамж гарган шинжээчийг томилох, шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай  хуульд заасан журмыг баримтлах  ёстой.

            Шүүхийн шинжилгээний тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1  дэх хэсэгт “Шинжилгээг шүүхийн шинжилгээний  байгууллагаас  гадуур хийлгэх бол  эрх бүхий этгээд нь  тусгай мэдлэг бүхий  тухайн хэрэгт  хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж  болохгүй  үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг  урьдчилан тодруулна.”    9.2 дахь хэсэгт  “”Энэ  хуулийн 9.1-д заасан ажиллагааг  явуулсаны дараа  харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай  тогтоол, захирамж хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь  урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна”  гэж  заасныг   шүүх  баримтлах  үүрэгтэй. 

Хариуцагчийн  давж заалдсан гомдлын  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн  дээрх  заалтыг зөрчсөн  гэсэн нь  үндэслэл  бүхий байна.

“Арлын ам” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь  гадаад, дотоод  худалдаа  эрхлэх \ хх-89 дүгээр тал \ гэж байхаас гадна Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон  тусгай зөвшөөрлийн хугацаа  2013 оны 09 дүгээр сарын 25-наас гурван жилийн  хугацаатай олгогдож, \ хх-90 дүгээр тал\  2016 оны  09 дүгээр сарын  25-ны өдөр дуусгавар болсон байх ба  хугацааг сунгасан эсэх  баримт хэрэгт авагдаагүй  байна.

Үүнээс үзвэл   шинжээчээр  оролцуулж болохгүй  үндэслэлийг бүрэн  гүйцэт нягтлаагүй,  “Арлын ам” ХХК  болон  Ч.Рашаандавааг  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1.2-т заасан шаардлагыг хангасан, эрх бүхий шинжээч гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Мөн Ч.Рашаандаваа  “Арлын ам”  ХХК-д хэрхэн хамаарч байгаа талаар хэрэгт авагдаагүй бөгөөд энэ талаар  гомдлын үндэслэлд дурдсан  нь  үндэслэлтэй байна.

Шүүх  шинжээчийг  томилохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн нь  хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар  шийдвэрийг хүчингүй болгох  алдаа  байна.

Иймд  тус иргэний хэргийг анхан шатны  шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр  буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан  хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн  хураамжид  төлсөн 589.750 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ                           

                                    ШҮҮГЧИД                                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                        С.ЭНХЖАРГАЛ