| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 186/2018/0820/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 90
М.Ат холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Отгонсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 827 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр М.Ат холбогдох эрүүгийн 1802001790122 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
О овгийн М.А, 1994 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын технологич мэргэжилтэй, ШУТИС-ийн магистрант, ам бүл 2.......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;
М.А нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 57-10 УНҮ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэлд, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 0.6 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газар: М.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ат 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, М.Ат оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргахыг тус тус дурдаж, Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Аын эзэмшлийн 57-10 УНТ улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг буцаан олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.6 грамм өвс, 0.3 грамм шавар нэршилтэй бодис, “Simpson bart” бичигтэй гар утасны резинэн гэр, цэнхэр өнгийн асаагуур, 1000 вон 1 ширхэг, хоромхон тос зэргийг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан М.Ат оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Отгонсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүх нь “... хорих ял оногдуулж, шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзээд дээрх оногдуулсан хорих ялаас чөлөөлөн тэнсэж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.” гэж дүгнэн шүүгдэгч М.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай заасан байхад анхан шатны шүүхээс хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан М.Ат 2 жилийн хорих ял оногдуулаад 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн ...илэрхийлсэн бол 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэж ойлгоно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болох талаар заасан бөгөөд өөрөөр шинэчилсэн Эрүүгийн хуульд оногдуулсан хорих ялыг тэнсэх гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан зохицуулалтыг мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ойлгож хэрэглэхээр байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 827 дугаартай шийтгэх тогтоолд М.Ат оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн заалтыг өөрчлүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч М.Ат холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
М.Ат холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.
М.А нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 57-10 УНҮ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгсэлд, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг Делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 0.6 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдэн нь хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар тогтоогджээ.
Мөн прокуророос М.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ат 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг 2 жилийн хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх ба Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” заалт нь мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан агуулга, ерөнхий зарчмаар хэрэглэгддэг бөгөөд өөрөөр хэлбэл, тэнсэх тохиолдолд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэдэг зохицуулалттай. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.
Харин шүүхээс М.Аыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чМ.А, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байх тул гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 827 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 827 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Ат холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл М.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН