| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Номуулин |
| Хэргийн индекс | 110/2016/0002/З |
| Дугаар | 221/МА2016/0297 |
| Огноо | 2016-05-12 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2016/0297
Б-Ө аймгийн Б сумын Засаг даргын
Тамгын газрын даргын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэйгээр, Б-Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Б-Ө аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын нэхэмжлэлтэй, Б-Ө аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б сумын иргэн Б овогт М Б нэхэмжлэлтэй, Б сумын Засаг даргын Тамгын газраас дутуу авсан гэх цалингийн зөрүү 4.955.858 төгрөг нэхэмжилсэн тус сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг Б-Ө аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 407 дугаар шийдвэрээр М.Б нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Нэхэмжлэгч М.Б нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй ба одоо шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Цалин хөлсөө дутуу авч хохирсон гэх М.Б нь тухайн үед сумын Засаг даргын Тамгын газраас тогтоож өгсөн цалин хөлсийг зөвшөөрч гарын үсгээ зурж авч байсан. Иргэн М.Б нь шүүхэд нэхэмжлэл гарган түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон асуудлыг мэдсээр байж зориуд санаатай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарыг төөрөгдүүлж, танил талыг ашиглан хууль зүйн үндэслэл муутай акт дүгнэлт гаргуулсан гэж үзэж байна. М.Бг 2011 онд ажилд томилсон тушаал хууль бус гарсан гэж үзэж байна. Яагаад гэхээр Засгийн газрын 2010 оны 239 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтад жолооч ТҮ-3 гэсэн шатлалаар цалинжих ёстой. Гэхдээ түүнийг ТҮ-1 гэсэн шатлалаар цалинжуулах талаар тушаал гарсан юм. М.Бг ажилд томилсон үеэс буюу 2011 оноос одоо хүртэл Мал эмнэлгийн үржлийн тасагт жолооч гэсэн орон тоо батлагдаагүй. Зөвхөн төсвийн давсан хэсэг болон мал эмнэлэг үржлийн тасгийн хэмнэсэн зардлаас цалинжуулах гээд тухайн үед тушаал гарсан байгаа. Б-Ө аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04-06-031\110 дугаар акт нь хууль зүйн үндэслэл муутай, шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрт акт учраас хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Б-Ө аймгийн Б сумын 5 дугаар багийн иргэн М.Б 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас халагдсан болон ажилласан хугацааны цалин хөлсийг дутуу авч байсан асуудлыг тус тус шалгуулж, амьдралд гүн туслалцаа үзүүлэхийг хүссэн өргөдөл гаргасан ба үүний дагуу Б сумын ЗДТГ-ын санхүүгийн баримт бичгийг шалгаж үзлээ. иргэн М.Бг тус сумын ЗДТГ-ын даргын 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06 тоот тушаалаар тус сумын Мал эмнэлгийн үржлийн тасгийн жолоочоор мөн өдрөөс эхлэн томилж, цалин хөлсийг Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан ТҮ-1 зэрэглэлийн 1 дүгээр шатлалаар цалинжуулахаар тогтоосон байна. Гэвч цалин хөлсийг үүний дагуу олгоогүй болох нь шалгалтаар тогтоогдсон. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал, зэрэглэл болон Засгийн газрын 2012 оны 03 дугаар сарын 78 дугаар тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах албан тушаалын цалингийн доод жишиг-ийг нийтлэг мөрдлөг болгох эрхийн актыг баталсан. Засгийн газрын тогтоолоор баталсан жишиг ёсоор М.Б Б сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлгийн үржлийн тасгийн жолоочоор ажилласан хугацааны цалин хөлс нь 2012 оны 3 ба 4 дүгээр саруудад 284.252 төгрөгөөр, 2012 оны 5 дугаар сараас 2013 оны 12 дугаар сар хүртэл сар бүр 349.630 төгрөгөөр тооцож олгохоор байгаа боловч цалин хөлсийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан хэмжээнээс доогуу р цалин хөлс олгож, 4.265.904 төгрөгөөр хохироосон нь тогтоогдсон. Иймд 2015 оны 04-06-031/110 тоот актаар 4.265.904 төгрөгийн цалингийн зөрүү, 895.839 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн хохирлыг төлүүлэхээр улсын байцаагчийн гаргасан шийдвэрт Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.М нь тайлбартай гарын үсэг зурсан. Уг нөхөн төлбөрийн актыг баталгаажуулах талаар Б-Ө аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1859 тоот Улсын байцаагчийн төлбөр тогтоосон актыг баталгаажуулах тухай" шүүгчийн захирамж гаргуулсан. Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Засгийн газраас баталсан нийтлэг журмыг мөрдлөг болгодоггүй, Монгол улсын хууль, тогтоомж болон хууль, хяналтын байгууллагын гаргасан шийдвэрт үл хүндэтгэлтэй хандаж байна. Иймд улсын байцаагчийн хуулийн хүрээнд гаргасан актыг хэвээр үлдээхийг хүсье гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Б нэхэмжлэлтэй 4.955.865 төгрөг нэхэмжилсэн тус сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон гэж нэхэмжлэгч үндэслэлдээ дурдсан байна. Уг хэргийг шүүх Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо гаргаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ нь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04-06-31/110 тоот акттай ямар ч хамааралгүй юм. Мөн хоёр дахь удаа гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр мөн. Яагаад гэхлээр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль, журмын дагуу хянан үзээд зөв байна, Засаг даргын Тамгын газрын дарга давж заалдах эрхгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэгсэн мөртлөө Засаг даргын Тамгын газрын дарга хуулиа зөрчиж дахиад нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч энэ асуудалд зөвхөн нэг талыг барьж, албан тушаалаа ашиглаж, мэдэн будилж тайлбар гаргаж, өргөсөн тангарагаа зөрчиж байгаад нь харамсаж байна. Иймд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын тавьсан акт нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Б-Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, 10.9.10, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-ийн 4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчдын 2015 оны 10 дугаар 06-ны өдрийн 04-06-031/110 дугаартай Дутуу олгосон цалин болон НДШ-ийг төлүүлэх тухай актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд М.Б давж заалдах гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Захиргааны хэргийн шүүхийн дүгнэлтийг огт үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Б-Ө аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 407 тоот шийдвэр нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо гаргаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон шийдвэр биш гэж миний бие ойлгож байна. Шүүгч нь нэхэмжлэгч Б сумын Засаг даргын Тамгын газрын З.Мтэй 10 жил хамт суралцсан найз нөхдийн холбоотой учир нөлөөнд автагдаж шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Тухайлбал Б-Ө аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тухайн актыг хууль зөрчөөгүй гэж баталгаажуулсныг шүүгч мэдсээр байж уг шийдвэрийн талаар огт дурдаагүй орхигдуулсан байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, М.Б миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье. гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Б-Ө аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч С.Р, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.И нарын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04-06-031/110 дугаар улсын байцаагчийн актаар иргэн М.Бд дутуу олгосон цалингийн зөрүү 3.412.724 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 895.839 төгрөг тус тус нөхөн олгохыг Б-Ө аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт хариуцуулж шийдвэрлэсэн байна.
Б-Ө аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга дээрх улсын байцаагч нарын актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ М.Б цалингийн зөрүү 4.955.858 төгрөг нэхэмжилсэн тус сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг шүүх шийдвэрлээд хэрэгсэхгүй болгосон, М.Бг 2011 онд ажилд томилсон тушаал хууль бус гарсан, Мал эмнэлгийн үржлийн тасагт жолоочийн орон тоо батлагдаагүй, төсвийн давсан хэсэг болон мал эмнэлэг үржлийн тасгийн хэмнэсэн зардлаас цалинжуулж байсан гэж тайлбарлаж маргасан.
Маргаан бүхий Б-Ө аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04-06-031/110 тоот акт холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна. Тодруулбал,
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1.1-д хяналт шалгалт гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг гэж, 10 дугаар зүйлийн 10.12-т Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.12.2-т аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх гэж тус тус зааснаас үзвэл дээрх зохицуулалт нь ажил олгогч, ажилтны хооронд үүссэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлэх, маргааны улмаас хэн нэгэнд хохирол учирсан эсэхийг болон учирсан хохирлын хэмжээг тогтоох эрхийг Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий болон ахлах байцаагчид олгосон хэм хэмжээ биш юм.
Харин эрх бүхий байгууллагаас хохирол учирсан эсэхийг болон учирсан хохирлын хэмжээг тогтоосон нөхцөлд тухайн хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх эрхийг Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий болон ахлах байцаагчид олгосон зохицуулалт гэж ойлгоно.
Гэтэл маргаан бүхий актад дээрх хуулийн зохицуулалтыг баримталж иргэн М.Бд дутуу олгосон цалингийн зөрүү 3.412.724 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 895.839 төгрөг тус тус нөхөн олгохыг Б-Ө аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн нь уг актыг хууль бус гэж үзэх үндэслэл болно.
Түүнчлэн Б-Ө аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С.Р, Т.И нар өөрт олгогдоогүй, гагцхүү улсын ерөнхий болон ахлах байцаагчид хуулиар олгосон эрх хэмжээг хэрэгжүүлж маргаан бүхий актыг гаргажээ.
Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан гэх үндэслэлд хамаарч байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзнэ.
Мөн маргаан бүхий актыг гаргасан улсын байцаагч С.Р нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-д заасан ...өөртэйгээ болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах... үүрэгтэй атал өөрийн нөхрийн төрсөн ахынх нь хүүхэд болох М.Бд холбогдох асуудлыг шалгасан нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл Б-Ө аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2015 оны 10 дугаар 06-ны өдрийн 04-06-031/110 дугаартай Дутуу олгосон цалин болон НДШ-ийг төлүүлэх тухай актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1-д зааснаар шүүх улсын байцаагчийн төлбөр тогтоосон актыг баталгаажуулахдаа агуулгыг бус бүтэц хэлбэрийн хувьд хянаж, актыг биелүүлэх боломжтой эсэхийг шалгадаг бөгөөд Б-Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1859 дүгээр захирамжаар Б-Ө аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 2015 оны 10 дугаар 06-ны өдрийн 04-06-031/110 дугаартай Дутуу олгосон цалин болон НДШ-ийг төлүүлэх тухай актыг баталгаажуулсан нь үйл баримтыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх боломжгүй.
Иймд энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүх улсын байцаагч хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлж маргаан бүхий актыг гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул шийдвэрийн Тогтоох хэсэгт энэхүү маргааны илүү нарийвчилсан зохицуулалт болж чадахгүй Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль баримталсныг хассан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б-Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-ийн 4 гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН