Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга                Н.Дэлгэрцэцэг 
Улсын яллагч                    Д.Пүрэвдавга
Иргэдийн төлөөлөгч                Г.Сувд
Шүүгдэгч                                                Э.Отгонбаяр 
Шүүгдэгчийн өмгөөлөгч               В.Содномцэрэн
 Хохирогч                                                    Г.Мөнхбат /цахимаар/
 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч       Д.Бямбанорсом /цахимаар/
 Гэрч            Б.Дамбаа /цахимаар/ 
           Г.Батбаяр
           Д.Ренчиндорж
           Ц.Амарбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар   зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Таван тайж  овогт  Эрхэмбаатарын  Отгонбаярт   холбогдох 201513000052 дугаартай эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумд төрсөн, 33 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын хэсгийн 33-09 тоотод оршин суух хаягтай одоогоор Улиастай сумын Жаргалант багийн Нарлаг энгэрийн хэсэгт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлснийг 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 323 дугаартай тогтоолоор шүүгдэгч Э.Отгонбаярын өмнө шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Отгонбаярыг 3 жил 5 сар хорих ял шийтгэсүгэй гэснийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Таван тайж овгийн Эрхэмбаатарын Отгонбаяр. Регистрийн дугаар: /ИЦ82052779/

            Шүүгдэгч  Э.Отгонбаяр нь Монгол Улсын Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 96 дугаар   зүйлийн 96.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Отгонбаяр нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Улиастай” захын урд талын комиссын гутал зардаг чингэлэгүүдийн хажууд “архины мөнгө нэхлээ” гэсэн шалтгаанаар Г.Мөнхбаттай маргалдаж улмаар түүний толгойн тус газар гараараа 2 удаа цохиж, хатуу хучилттай талбай дээр хавсарч толгойгоор нь унагаасан болох нь хохирогч  Г.Мөнхбатын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ... Доной хөндийд болсон хурдан морины уралдаан дээр тааралдаад зүгээр байж байхад зодох гээд байсан залуу ... ямар ч байсан миний зүүн талын шанаа руу цохиод унагасан. Би газар унаад юу болсныг мэдэхгүй байгаа юм. Намайг ухаан балартаад унасан байхад цохиод байсан. Яг юугаар цохисон гэдгийг мэдэхгүй байна. Би зодуулсныхаа дараа чи надад таксины мөнгө өгөөдөх би гэртээ харья гэсэн чинь наад гайгаа явуул гээд нэг хүн хэлээд байсан...тэр залууг ...Отгонбаяр ... юм билээ. Арай гэж таксинд суугаад миний толгой өвдөөд байхаар нь гэртээ орсон юм. .... Би сууж явсан таксины жолоочийг хэн гэдгийг мэдэхгүй. Саарал өнгийн эксел машин байсан санагдаж байна... Би 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Отгонбаяраас өөр хүнтэй хэрэлдэж муудалцаагүй” гэсэн мэдүүлэг,
           Э.Отгонбаяр Г.Мөнхбатыг хавсарч унагааж байхыг харсан талаараа мэдүүлсэн гэрч Д.Ренчиндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би тэр үеийн сар өдрийг нь мэдэхгүй байна. Улиастай зах дотор байрлах контейнэрүүдийн урд хэсэгт Отгонбаяр ах нэг зүс танихгүй ахыг цемэнтэн дээр хавсарч унагаахыг харсан. Миний харснаар Отгонбаяр гэгч нь тэр ахыг хавирч унагаагаад цамцных нь захнаас заамдаж аваад чи муу намайг барахгүй шүү хоёулаа ийшээ явъя гээд контейнэр тойроод аваад явсан. Би өөр зодож цохихыг нь хараагүй. Отгонбаяр нь тухайн үед монгол гутал өмсөж явсан өөр өмсөж явсан хувцасыг нь сайн санахгүй байна... Би болсон явдлыг 5 орчим метрийн зайнаас харсан. Э.Отгонбаярын хавсарч унагасан хүн толгойнхоо ар дагзаар цементэн талбай дээр хүчтэй унасан” гэсэн мэдүүлгээр, 
Г.Мөнхбаттай маргалдаж улмаар түүнийг цохисон тухайгаа Отгонбаяр өөрөө ярьж байсныг гэрчилсэн Б.Дамбаагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2015 оны 04 сарын 01, 02-ны өдрийн аль нэгэнд нь байсан байх. ... Отгонбаяр дээр баяр дээр таарсан танай ах гэлүү цагаан барсын захирал гээд байсан ах 2, 3 хоногийн өмнө согтуу тааралдаад муудалцсан юм. Тэгээд би  нэг, хоёр цохисон чинь салахгүй баахан зууралдаж байгаад хаячихаад явсан гэсэн юм. Тэгээд Э.Отгонбаяр манайд ирж архи уусны дараа ахыг эмнэлэгт ухаангүй хагалгаанд орсон гэж мэдсэн юм” гэсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг баталж  мэдүүлсэн гэрч Б.Гэрэлмаагийн “...2015 оны 4 дүгээр сарын эхээр  Э.Отгонбаяр гэдэг байх халзан толгойтой намхавтар биетэй лам ах манайд шөнө 00 цагийн үед ирсэн. Манайд байхдаа Э.Отгонбаяр нь цагаан барсын захирал тэрэнтэй би муудалцаад 2, 3 удаа цохиж авсан гэж хэлж байсан. Хүний нэр хэлээгүй. Би ойлгохдоо Г.Мөнхбат ахыг цохиж зодсон юм байна гэж ойлгосон. Учир нь  Г.Мөнхбат ах өөрийгөө цагаан барсын таг Мөнхөө гэж нэрлэдэг юм. Хаана, хэзээ зодсон талаараа бол хэлээгүй” гэсэн мэдүүлгээр болон гэрч Д.Ренчиндоржийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлээр  нотлогдож байна.
    Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Мөнхбатын биед хүнд гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 201500119 дугаартай “Баруун чамархай хэсэгт хавдар, баруун чамархайн хатуу хальсны дээрх цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Баруун чамархай хэсэгт хавдар гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун чамархайн хатуу хальсны дээрх цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт болон өвчтний түүх зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч У.Оргил, шинжээч Т.Отгонбаяр, М.Отгонбаатар нарын шинжилгээний талаар өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Ийнхүү шүүгдэгч Э. Отгонбаяр нь хохирогч  Г.Мөнхбатын толгойн тус газар 2 цохиж, хавсарч унагаан түүнд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан энэ  хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Отгонбаярын үйлдлийг аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байх тул шүүгдэгчийг  бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн боловч  Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Э.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Э.Отгонбаяр нь уг ялыг биечлэн эдэлсэн бөгөөд түүний эдлээгүй үлдсэн 7 сар 10 хоногийн хорих ялыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  191 тоот захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллажээ.
Э.Отгонбаярын ялгүй болох хугацаа буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан 5 жилийн хугацаа мөн зүйлийн 78.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялыг тэнсэн сулласан үеэс тоологдох учир түүний ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байна. 
            Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Э.Отгонбаярын ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа, мөн хуулийн  5  дугаар зүйлийн  5.1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдсэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тус тус өршөөлд хамрагдахаар байна.
Дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “... шүүгдэгч... -ийг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна” гэж заасны дагуу Э.Отгонбаярын үйлдсэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас өршөөн хасах нь илүү ашигтай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Монгол Улсын Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт зааснаар давтан гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. 
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Э.Отгонбаяр Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “хэрэг үйлдсэн хугацаа, орон зайг нотлоогүй байна. Шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж өгнө үү “ гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.

 Хохирогч Г.Мөнхбат 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр  гэртээ ирэхдээ биедээ гэмтэл авсан байсан нь гэрч Д.Бямбанорсомын мэдүүлэг, түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн, гэрч Б.Болормаа, Б.Баярмагнай нарын мэдүүлэгээр тогтоогдсон, Э.Отгонбаяр уг гэмт хэргийг Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Улиастай” захын урд хэсэгт байрлах комиссын гутал зардаг чингэлэгүүдийн хажууд үйлдсэн нь тухайн үйл баримтыг харсан гэрч Д.Ренчиндоржийн мэдүүлэг,  Мөнхбатыг Отгонбаяр хавсарч унагаасан талаар Д.Ренчиндорж өөрөө ярьсныг сонссон гэрч Д.Сүхбат, Д.Донровбаатар  нарын мэдүүлгээр хангалттай тогтоогджээ.
Хэргийн дээрх нөхцөл байдлаар шүүгдэгчийн  өмгөөлөгчийн  “хэрэг үйлдсэн хугацаа, орон зайг нотлоогүй байна” гэсэн үндэслэл нь үгүйсгэгдэж байна.  

Хохирогч  Г.Мөнхбат  шүүгдэгч  Э.Отгонбаяраас  эмчилгээний болон бусад зардалд 3000000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд 1369460 төгрөгний  зардалын гараар бичсэн жагсаалт гаргаж ирүүлсэн боловч дээрх зардлыг нотолсон ямар нэгэн баримт байхгүй байна.
Мөн хэргийн 46, 47 дугаар хуудсанд авагдсан зардлын баримтууд  нь он сар өдөргүй, хэн хаанаас, юу авсан нь тодорхойгүй байх тул хохирогчийн нэхэмжилж буй 3000000 төгрөгийг шүүгдэгчээс бүрэн гаргуулах боломжгүй байна.
 Харин хуульд  заасан  шаардлагыг хангасан баримтаар нотлогдож байгаа 630.500 төгрөгийн зардлыг  шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.Мөнхбатад олгох үндэстэй.  
Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзээд

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286-р зүйлийн 286.1,  296 дугаар зүйл, 297-р зүйлийн 297.1.1, 298-р зүйлийн 298.1, 299-р зүйлийн 299.1, 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.  Таван тайж овогт Эрхэмбаатарын Отгонбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Отгонбаярыг  5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5  дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Отгонбаярт оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Отгонбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 
5. Шүүгдэгч Э.Отгонбаярт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 
6. Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн дотортой, мөр, малгай хэсгээрээ хар, нуруу энгэр хэсгээрээ шар өнгөтэй нийлэг материалтай хүрэм/куртик/-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч Э.Отгонбаяр нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Отгонбаяраас 630.500 төгрөг гаргуулж хохирогч Г.Мөнхбатад олгосугай.
9. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
11. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  Д.НЯМ 
ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ
Н.ДЭЛГЭРМАА