Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 38

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Н.Дэлгэрмаа даргалж, 

Нарийн бичгийн дарга                               Н.Дэлгэрцэцэг
Улсын яллагч                                             Б.Одонтуяа
Шүүгдэгч                                                     М.Цогтбаатар              
Шүүгдэгчийн өмгөөлөгч                             В.Содномцэрэн
         Хохирогч                     Х.Ичинноров
        Гэрч             М.Хаянхярваа
П.Ариунаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Цогтбаатарт холбогдох 201613000048 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 32 настай, халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Түмт овогт Магсаржавын Цогтбаатар  /Регистрийн дугаар: ИЭ82042978/
Шүүгдэгч  М.Цогтбаатар  нь Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Түмт овогт Магсаржавын Цогтбаатар нь 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн Барилгачдын хэсгийн 3-7 тоотод байрлах гэртээ эхнэр Х.Ичинноровыг “хөдөө явуулахгүй” гэсэн шалтгаанаар түүний гуя, хөл рүү нь өшиглөсөн, 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр согтуугаар “хоол хийсэнгүй хүүхэд уйлууллаа” гэсэн шалтгаанаар дух руу нь гараараа нэг  удаа цохиж, бөгс рүү нь өшиглөсөн, 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “гэр орноо цэвэрлэсэнгүй” гэсэн шалтгаанаар дух руу нь гараараа нэг удаа цохисон, 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гараараа толгой, гар, хөл рүү нь цохих 2-3 удаа чирэх зэргээр удаа дараа зодсон болох нь түүнийг байнга зодож сэтгэл санааны дарамт үзүүлдэг талаараа мэдүүлсэн хохирогч Х.Ичинноровын  “...Бид хоёр гэр бүл болоод 4 жил болж байгаа, 2016 оны 02 дугаарс арын 28-ны өдөр гэртээ байж байгаад нөхөр Цогтбаатартай маргалдаад, намайг гэр орноо цэвэрлэсэнгүй гээд үглээд байхаар нь би 2 хүүхдээ аваад гэрээсээ гараад явсан юм. Тэгээд зам дээр явж байсан чинь Цогтбаатар араас машинтай ирээд машинд суучих гэхээр нь би машинд суухгүй гэсэн чинь Цогтбаатар гараараа дух руу нэг удаа цохьсон, Тэгэхээр нь би такси бариад Ногоон хашаанд ах Төгөлдөр гэдэг айлд очсон юм. Тэгсэн манай эгч Ариунаа наад нүүр царайгаа яачихсан юм бэ гэхээр нь Цогтбаатар намайг зодсон гэсэн чинь тэр яахаараа хүн зодож байдаг юм бэ? гээд Цогтбаатарын утас руу залгасан чинь Цогтбаатар Ариунаа эгчтэй хэрэлдээд, амиа хорлоно гээд байсан, тэгэхээр нь цагдаа дуудсан юм. 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байхаа Цогтбаатар архи ууж ирээд намайг 1-2 удаа цохиж байсан Тэрнээс өмнө 2015 оны 05 дугаар сард намайг зодоод цагдаа дуудаад эрүүгийн хэрэг үүсээд шүүхээр ороод хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан. Цогтбаатар хаяа архи уудаг уухаараа агсан зантай Цогтбаатар намайг гараараа цохиж зоддог. Миний нүүр болон биед гэмтэл учирсан байхыг Ариунаа эгч харсан...надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлгээр,
гэрч  П.Ариунаагийн “... Би 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад 14 цагийн орчимд Ичинноров бага хүүхдээ тэвэрчихсэн. Баруун нүдний дээд хэсэг дээр байхаа дух нь төвийгөөд хавдчихсан Цогтбаатар намайг зайл гэж хөөгөөд гудамжинд зодоод байхаар нь хүрээд ирлээ гээд уйлаад манайд ирсэн. Би Цогтбаатарыг эхнэр Ичинноровыгоо зодож байхыг нь хараагүй, Ичинноровыг Цогтбаатарт зодуулчихлаа гээд нүүр нүд нь хөхөрчихсөн байхыг мэднэ. ...2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Ичинноров миний гар утас руу залгаад Цогтбаатар намайг зодоод байна. Та намайг ирээд аваадах гэхээр нь би Хаянхярваатай хамт Цогтбаатарын гэрт яваад очсон чинь Ичинноров хашааныхаа гадаа хүүхдээ тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Тэр үед Ичинноровын гар, хөл, гуя зэрэг нь хөхөрчихсөн байсан. Тэгээд Хаянхярваа бид хоёр Ичинноровыг хүүхэдтэй нь хамт авч явсан... Цогтбаатар олон удаа эхнэрээ зодсон бүр нэг гэрт орохоосоо өмнө зодож байсан яг хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Цогтбаатар удаа дараа Ичинноровыг зодож байсан тэр бүхэнд гэрч байхгүй Ичинноров л мэдэж байгаа байх Ичинноров Цогтбаатарт зодуулаад эмнэлэгт хэвтэж байгаагүй, Цогтбаатарт зодуулаад манайд юм уу Хаянхярваагийнд очдог тэгээд маргааш нь нөхөр нь ирээд аваад явчихдаг” гэсэн мэдүүлэг 
гэрч М.Хаянхярваагийн “...Ичинноров миний ахын хүүхэд Цогтбаатар нь манай хүргэн байгаа юм. Би Цогтбаатарыг эхнэр Ичинноровыг цохиж, зодож байхыг хараагүй, Ичинноровыг нөхөртөө зодуулчихсан нүүр бие нь хөхөрчихсөн, нүд улайчихсан, зүүн хөлийн гуя шилбэ хөхөрчихсөн, байхыг 2 удаа харж байсан. 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ичинноровыг Цогтбаатар зодоод Ариунаа эгч цагдаа дуудаж өгсөний дараа Ичинноров манайд ирсэн үед зүүн нүд нь хөхөрчихсөн, нүд нь улайчихсан, зүүн хөлийн гуя, шилбэ хэсэг нь хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь яасан гээд асуухад Цогтбаатар гэж намайг зодсон гэж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 23-нд Ичинноров миний гар утас руу залгаад Цогтбаатар намайг  зодоод байна та ирээд аваадах гэхээр нь Ариунаа эгчтэй хамт Цогтбаатарын гэрт яваад очиход Ичинноров хашааныхаа гадаа хүүхдээ тэврээд уйлаад сууж байсан. Тэр үед Ичинноровын гар, хөл, гуя хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь яасан бэ гэхэд Цогтбаатар намайг шоронд явуулах гэлээ гээд зодсон гэж ярьж байсан. Тэгээд Ичинноровыг хүүхэдтэй нь хамт гэртээ авч ирсэн” гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна. 
Хэргийн үйл баримт нь хохирогч Х.Ичинноров удаа дараа  Цагдаагийн байгууллагад хандаж байсныг нотолсон   Завхан аймгийн  Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 5/33 тоот Эрүүгийн хэрэг  үүсгэхээс татгалзах тухай тогтоол тогтоол, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 85 тоот   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  захирамж,   Завхан аймгийн Цагдаагийн газрын мэдээллийн сангийн лавлагаа болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогджээ.


Хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар авагдсан байх тул шүүх үнэн зөв гэж  үнэлсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлд заасан “Тарчлаах” гэмт хэргийн бүрэлдэхүүн болох “тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, 3 ба түүнээс дээш удаагийн бие махбодийн хүчирхийлэл үйлдэж байсан” гэсэн шинжийг хангасан байх тул  М.Цогтбаатарыг хохирогч Х.Ичинноровыг байнга зодож тарчлаах буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй.


Шүүгдэгч М.Цогтбаатар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй.
 Шүүгдэгч  М.Цогтбаатар  нь анх удаа  гэмт хэрэг  үйлдсэн,үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч Х.Ичинноровын “манайх 2 нялх хүүхэдтэй, банкны зээлтэй, надад нэхэмжлэх зүйл гомдол саналгүй” гэсэн хүсэлт зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж  үзлээ.
Шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт  хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Түмт овогт Магсаржавын Цогтбаатарыг бусдыг байнга зодож тарчлаах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цогтбаатарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол  Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цогтбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар М.Цогтбаатарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цогтбаатарт хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цогтбаатар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай. 

7. Шүүгдэгч М.Цогтбаатарт өмнө авсан батлан даалтад өгөх таслан  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй,битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
10. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дото Завхан аймгийн эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н. ДЭЛГЭРМАА