Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/254

 

2018.02.22

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                           

улсын яллагч О.Багшбаяр,

хохирогч Ө.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Б.N, Г.Б нар, тэдгээрийн өмгөөлөгч Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хар ямаарт овгийн Батзоригийн Б.Nд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Залаар овогт Гончигийн Г.Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706 0149 80351 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Хар ямаат овгийн Батзоригийн Б.N, 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, "Хүнс комплекс" ХХК-нд мах шулагч ажилтай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо *****************тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД: ***********/,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Залаар овгийн Гончигийн Г.Б, 1986 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, "Цагаан шөнө" баарны захирал ажилтай, Сонгинохайрхан дүүргийн ********************* тоотод оршин суудаг, урд 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөд Ховд аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар шийтгүүлсэн, /*********************/,

 

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Цагаан шөнө" баарны ойролцоо гудамжинд хохирогч Ө.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Б.N нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Цагаан шөнө" баарны ойролцоо гудамжинд хохирогч Ө.Ууганбаярыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

 Шүүгдэгч Б.N шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 26-нд “Цагаан шөнө” гэдэг нэртэй бааранд ажиллаж байхад хохирогч залуу 2-3 найзтайгаа орж ирээд манай баарнаас 2 сэт архи авч уусан. Тэгээд найзуудтайгаа муудалцаж эхлээд байх шиг байсан. Тэгээд байхаар нь баарнаас гаргатал бид 2 муудалцсан. Би улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид 1.300.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

 Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны  8 сарын 26-нд “Цагаан шөнө” гэдэг нэртэй бааранд байж байтал хохирогч Ууганбаяр нилээн агсан согтуу тавиад байсан. Тэгээд манай баарны эд зүйлийг хагалаад эвдэлсэн байсан. Энэ хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 Хохирогч Ө.Ууганбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 8 сарын 26-нд найзуудтайгаа тэр бааранд ороод санамсаргүй байдлаар ширээн дээрээс шилтэй пиво унагаатал намайг тэр баарны хамгаалагч нар шууд авж гараад подволруу оруулаад хананд шахаад алгадаад байсан. Дараа нь манай нэг найзыг бас цохиод байх шиг байсан. Дараа нь Б.N бас цохисон. Тэр үед бид нарыг зүгээр цагдаад өгөөд асуудлыг шийдчихгүй өөрсдөө ингээд цохиод байсанд нь гомдолтой байна. Нийтдээ гэм хорын хохирол, ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээний зардалд 10.467.169 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

Шинжээчийн №11680 тоот дүгнэлт:

  1. Ө.Ууганбаярын биед хэвлийн битүү гэмтэл, элэгний дугуй холбоос дээд доод хэсэгт тус бүр 2 см няцарсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт 2.5 л зүүн хацар, шанаа. хүзүү. баруун, зүүн гарын тохойнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  3. Дээрх хэвлийн битүү гэмтэл, элэгний дугуй холбоос дээд доод хэсэгт тус бүр 2 см няцарсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт 2.5 л бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх26-27/,

Шинжээч эмч Б.Чимэд-Очир мэдүүлэхдээ: “...Хохирогч Ө.Ууганбаярын биед учирсан хэвлийн битүү гэмтэл нь элэгний дугуй холбоос дээд доод хэсэгт тус бүр 2 см няцарсан шарх хэвлийн хөндийн цус алдалт 2.5л гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Мөн 2 болон түүнээс дээш нэг удаагийн үйлчлэлээр ч үүсэж болно. Харин бусад гэмтлүүдээс тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн үзэрэгт багтана. Үлдсэн гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт багтана. Тархи доргилт нь элэг рүү цохих болон хүзүү хоолой боох үед үүсэхгүй. Өөрөөр хэлбэл зүүн хацар, шанаанд зулгаралт, нүүрний зөөлен эдийн няцрал гэмтлүүдийг авах үед үүссэн байх боломжтой…” гэх мэдүүлэг. /хх52-53/,

Хохирогч Ө.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 08 дугаар сарын 26-ны орой 21 цаг болж байхад өөрийн найз н.Мөнхтулга, н.Намсрай, н.Лхагвасүрэн 3-тай сансарын "цэ" пабын үүдэнд уулзсан. Тэнд уулзаад бид нар "big" нэртэй хоолны газар орж хоол идсэн. Уг газраасаа гараад “irish” нэртэй пабад орж сууж байгаад 4-үүлээ нийлээд 0.75 литрийн "Соёрхол" нэртэй архи хувааж уусан. Тэгээд тэндээсээ гараад "цагаан шөнө" нэртэй баар луу 00 цаг болж байхад орсон. Бид 4 ороод 60.000 төгрөгийн сет захиалаад сууж байсан. Үүний дараа манай өөр нэг найз болох н.Шийрийгаадан ирсэн. Ингээд бид нар тавуулаа болоод сууж байгаад эхний захиалсан сетээ дуусгачихаад, дахиад нэг 60.000 төгрөгийн сет захиалсан. Уг сетэнд нэг 0.75 литрийн "Хар чингис" нэртэй архи, 3 ширхэг пиво, 3 ширхэг ус байсан. Сүүлийн сетээ захиалсаныхаа дараа манай найзуудаас н.Лхагзасүрэн, н.Мөнхтулга 2 бүжиглэх гээд бүжгийн талбай руу гарсан. Харин н.Шийрийгаадан, н.Намсрай 2 тамхи татах гээд байж байсан. Тэр үед би ширээн дээрээ ганцаараа үлдсэн бөгөөд тамхи татах гээд гарсан хоёрын араас гарч утсаар яръя гэж бодож байсан. Би цүнхэнд байсан гар утсаа авах гээд хайсан чинь миний гар утас байхгүй байсан. Тэгээд гар утас байхгүй болохоор нь жоохон уурлаад ганцаараа байхдаа ууж байсан пивоныхоо шилийг ширээн дээр хүчтэй тавьчихаад босоод явахдаа хөлөндөө тээглээд ширээн дээр байсан архийг газар унагаачихсан. Тэгсэн чинь уг баарны зөөгч залуу ирээд "агсам тавиад байгаа юм уу, яагаад архи унагаагаад байгаа юм бэ?" гэж асуухаар нь би үгүй ээ, босохдоо санаандгүй унагаачихлаа гэж хэлээд байж байсан чинь цаанаас н.Намсрай, н.Шийрийгаадан 2 ирсэн. Тэр хоёр ирээд юу болоод байгаа юм бэ? гээд байж байсан чинь үүдэн дээр зогсож байсан өндөр биетэй, халзан толгойтой залуу зөөгч нар луу хандаад аваад гар гээд байгаа бололтой дохиод байсан. Тэгсэн чинь уг баарны ажилчид бололтой 2-3 хүн ирээд эхлээд манай найзуудыг аваад гарсан. Дараа нь намайг аваад баарнаас гаргасан.

“...Ингээд уг баарны 2 ажилтан намайг аваад баарнаас гарсан. Баарнаас гарсаны дараа уг халзан толгойтой, том биетэй залуу нь намайг дагуулаад дээшээ яваад нэг газар луу орсон. Би яг ямар газар луу орсоноо мэдэхгүй байна. Тийшээ орсоныхоо дараа уг хүн нь намайг хананд шахаад хоолой боосноо, 2-3 удаа алгадаж авсан. Тэгсэнээ надад юм хэлээд байсан. Би яг юу гэж хэлснийг мэдэхгүй байна. Миний хажууд манай найз н.Шийрийгаадан байсан. Тэнд удаагүй бөгөөд буцаад бид 2-ыг дагуулаад баарны үүдэн дээр очсон. Тэнд очиход манай найзууд гараад ирчихсэн байж байсан. Мөн намайг алгадаад, хоолой боогоод байсан ах н.Мөнхтулга руу дайраад тэр 2 маргалдсан. Тэгээд би тэр 2-ын дундуур орж юу болоод байгааг мэдэх гээд алхсан чинь тус баарны зөөгч болох цагаан өнгийн цамцтай, бордуу царайтай залуу хүрч ирээд хажуу тийшээ зогсож бай гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би та нар яагаад ингэж байгаа юм бэ? бид нар төлбөр тооцоог чинь хийнэ ш дээ, та нар ингэж хандаж болохгүй ш дээ гэж хэлсэн чинь уг зөөгч залуу нь намайг заамдаж авахаар нь би зүгээр бай гээд гараараа түлхсэн чинь шууд миний элэг рүү гараараа цохисон. Уг цохилтоос нь болоод миний бие чсулраад доошоо суусан. Улмаар манай найз н.Шийрийгаадан намайг татаж босгоод бид нар тэндээсээ явсан. “...Миний биед шинжээчийн дүгнэлтээр хэвлийн битүү гэмтэл, элэгний дугуй холбоос дээд доод хэсэгт тус бүр 2 см няцарсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт 2.5 л, зүүн хацар, шанаа, хүзүү, баруун зүүн гарын тохойнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт зэрэг гэмтлүүд тогтоогдсон байсан. Уг гэмтлүүдээс би хэвлийн битүү гэмтэл, элэгний дугуй холбоос дээд доод хэсэгт тус бүр 2 см няцарсан шарх, хэвлийн хөндийн цус алдалт 2.5 л гэсэн гэмтлийг тухайн үед элэг рүү цохисон зөөгч залуугийн цохилтоос үүссэн гэж бодож байна. Тухайн үед уг залуу нь миний элэг руу нэг удаа цохисон. Тэгээд л би газар унасан. Харин доошоо тонгойчихсон байхад нэг хүн нь миний баруун мөрлүү өшиглөөд намайг газар зүүн талаараа унагаасан юм. Уг өшиглөсөн хүнийг бол хэн болохыг мэдэхгүй байна. Гэхдээ уг хүнээс өшиглөлтөөс бол надад гэмтэл бэртэл учрааагүй. Харин бусад зүүн хацар, шанаа, хүзүү, баруун зүүн гарын тохойнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт зэрэг гэмтлүүдийг бол цаанаа очоод хананд шахаж байгаад том биетэй, халзан толгойтой ах цохиж учруулсан. Тэр хүн нь тухайн үед миний хоолойг боогоод хананд шахаж байгаад зүүн талын хацар, шанаа орчим руу 2-3 удаа гараараа алгадсан. “...Би 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд гэмтэл согог судлалын үндэсний төвийн хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Үүний дараа 2017 оны 11 дүгээр сарын 06-наас 16-ны өдөр хүртэл Шагдарсүрэнгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Бусад үед нь бол дан гэрээр эмчилгээ хийлгэж байсан. Би 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр эхлээд 103 луу дуудлага өгсөн ба 103-ын эмч ирж үзээд шууд гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Тэгээд гэмтэл дээр үзүүлж байгаад гэмтлийн цагдаад бусдад зодуулсан гэж хэлсэн. Өөрөөр бол чи албан ёсоор тухайн үед нь цагдаад дуудлага өгөөгүй.

“...Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Надад эмчилгээ хийлгэсэн баримтууд байгаа. Цаашдаа ч бас эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Одоогийн байдлаар 1.670.000 төгрөгний зардал багаар бодоход гараад байна…” гэх мэдүүлэг. /хх13-18/,

Гэрч Э.Шийрийгаадан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр үед манай найз бид 2-ыг баарнаас гарсны дараа тус баарыг ажиллуулдаг Г.Б гэдэг хүн нэг ажилчныхаа хамт цаашаа дагуулж яваад нэг шатны хонгил маягтай зүйл рүү оруулсанаа манай найзыг заамдаж хоолойг нь боосноо 2 удаа бол хацар луу нь алгадаж авсан. Тэгэхээр нь би Г.Б ахаас найзыгаа аваад явчихъя гэж хэлээд салгаж аваад наашаа буцаад баарны гадаа ирсэн. Улмаар тэнд дахиж маргалдахад манай найзыг улаан өнгийн саравчтай малгай арагшаа харуулж өмссөн, цагаан өнгийн цамцтай залуу буланд шахаж байгаад нэг удаа элэг рүү нь хүчтэй цохиод манай найзыг унагааж байхыг би харсан. Уг залуугийн нэрийг Б.N гэдгийг сүүлд нь мэдсэн… Би манай найзыг цохьсон Г.Б болон Б.N гэгч 2 хүнийг одоо харвал танина. Тэр 2-ын царайны ерөнхий төрхийг би сайн санаж байна. Би н.Ууганбаярыг цохьсон гэх залууг одоо харвал танина. Уг залуу нь улаан өнгийн саравчтай малгай арагшаа харуулж өмссөн, цагаан өнгийн цамцтай байсан. Миний харсанаар манай найзыг тэр зөөгч залуу элэг рүү цохиод унагааж байсан. Тэгсэнээ яасан овоо пизда вэ? гэж хэлчихээд баар луу яваад орчихсон. Бид нар бааранд ямар нэгэн хэрүүл маргаан үүсгээгүй…” гэх мэдүүлэг. /хх20-24/,

Гэрч Б.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие өөрийн найзууд болох н.Ууганбаяр, н.Мөнхтулга. н.Лхагвасүрэн нарын хамт дөрөвүүлээ 2017 оны 08 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед Сансарын "1пзп"   нэртэй пабад 0.75 литрийн "Соёрхол" нэртэй архи хувааж уусан. Үүнийхээ бид 4 хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цагаан шөнө" нэртэй бааранд ороод 60.000 төгрөгний сет дөнгөж захиалаад сууж байхад манай өөр нэг найз болох н.Шийрийгаадан утсаар яриад ирсэн. Ингээд бид нар тавуулаа болоод захиалсан сетээ хувааж уучихаад, дараагийнхаа сетийг захиалаад дөнгөж ууж байгаад нойл орчихоод эргээд ирсэн чинь манай найзууд байхгүй байсан ба би хувцасаа өмсөөд араас нь гарсан чинь үүдэн дээр манай найз н.Мөнхтулга хамгаалагчтай нь маргалдаад байж байсан. Би яасан гэж асуусан чинь н. Ууганбаярыг бакаль хагалсан, тэрийг нь төлье энэ тэр гээд яриад байсан. Тэнд уг баарны хамгаалагч бололтой ямаан сахалтай залуу н.Мөнхтулгатай юм яриад зогсож байсан. Хажууд нь уг баарны захирал гэх н.Хуягаа гэгч залуу байсан. н.Хуягаа захирал нь болохоор та нар бакалынхаа мөнгийг төл гээд н.Мөнхтулгыг заамдаад хананд шахсан. Тэгэхээр нь би боль, яах гээд байгаа юм бэ? бид нар мөнгөө төлье гээд зогсож байсан чинь гэнэт н.Хуягаа захирал нь та нар яв гэхээр нь бид нар явсан. Нэг мэдсэн яв гэсний дараа би н.Лхагвасүрэн, н.Ширийгаадан, н.Ууганбаяр 3-ыг хажууд байхыг харсан. Улмаар н.Ууганбаяр таксинд суухаасаа өмнө бөөлжиж байсан…” гэх мэдүүлэг. /хх30-34/,

Гэрч С.Намсрай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие өөрийн найзууд болох н.Ууганбаяр, н.Мөнхтулга, н.Лхагвасүрэн нарын хамт 4-үүлээ 2017 оны 08 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед Сансарын "1пзп" нэртэй пабад 0.75 литрийн соёрхол нэртэй архи хувааж уусан. Үүнийхээ бид 4 хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цагаан шөнө" нэртэй бааранд ороод 60.000 төгрөгний сет дөнгөж захиалаад сууж байхад манай өөр нэг найз болох н.Ширийгаадан утсаар яриад ирсэн юм. Ингээд бид нар 5-уулаа болоод захиалсан сетээ хувааж уучихаад, дараагийнхаа сетыг захиалаад дөнгөж ууж байгаад нойл орчихоод эргээд ирсэн чинь манай найзууд байхгүй байсан ба би хувцасаа өмсөөд ардаас нь гарсан чинь үүдэн дээр манай найз н.Мөнхтулга хамгаалагчтай нь маргалдаад байж байсан. Би яасан гэж асуусан чинь н. Ууганбаярыг бакаль хагалсан, тэрийг нь төлье энэ тэр гээд яриад байсан. Харин нөгөө 3 болохоор харагдахгүй байсан. Тэнд уг баарны хамгаалагч бололтой ямаан сахалтай залуу н.Мөнхтулгатай юм яриад зогсож байсан. Хажууд нь уг баарны захирал гэх н.Хуягаа гэгч залуу байсан. н.Хуягаа захирал нь болохоор та нар бакалынхаа мөнгийг төл гээд н.Мөнхтулгыг заамдаад хананд шахсан. Тэгэхээр нь би боль, яах гээд байгаа юм бэ? бид нар мөнгөө төлье гээд зогсож байсан чинь гэнэт н.Хуягаа захирал нь та нар яв гэхээр нь бид нар явсан. Нэг мэдсэн яв гэсний дараа би н.Лхагвасүрэн, н.Ширийгаадан, н.Ууганбаяр 3-ыг хажууд байхыг харсан. Улмаар н.Ууганбаяр таксинд суухаасаа өмнө бойлжиж байсан. Бид нар хоорондоо н.Ууганбаярыг нилээн согтчихсон байна гээд тэндээсээ н. Ууганбаяр, н.Ширийгаадан 2-ыг таксинд суулгаж явуулаад, дараа нь н.Мөнхтулга такси бариад явсан. Харин н.Лхагвасүрэн бид 2 хамт явсан. Би тэр үед эрээн өнгийн богино хавар, намрын куртиктэй, нэг мөртэй хар өнгийн цүнхтэй, яагаан өнгийн пүүзтэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн подволктой байсан. Харин н.Ууганбаяр болохоор саарал өнгийн саравчтай малгайтай. цагаан өнгийн подволктой, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй байсан. н.Лхагвасүрэн болохоор саарал өнгийн пүүзтэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй. цагаан өнгийн подволктой, гадуураа цагаан өнгийн нимгэн куртиктэ байсан. н.Мөнхтулга болохоор хар өнгийн подволктой, хөх өнгийн жинсэн өмдтэй. доогуураа хар өнгийн пүүзтэй, дээгүүрээ урт хавар намрын хөх өнгийн куртиктэй байсан. н.Ширийгаадан болохоор улаан өнгийн цамцтай, цагаан өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, малгайгүй байсан. Намайг нойл орчихоод эргээд ирэхэд тэд нар гараад явчихсан байсан. Улмаар ардаас нь гарахад манай найз н.Мөнхтулга үүдэн дээр сахалтай хамгаалагчтай юм яриад зогсож байсан. Нөгөө 3 байхгүй байсан. н.Мөнхтулга руу захирал н.Хуягаа гэгч нь дайраад байхаар нь би дундуур нь орж салгасан…” гэх мэдүүлэг. /хх25-29/,

Яллагдагч Б.N мэдүүлэхдээ: “...Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2017 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Моника" болон "Цагаан шөнө" чэртэй 2 бааранд хоёуланд нь ээлжлэн зөөгч хийж байсан. Улмаар шөнийн 02 цагийн үед "Цагаан шөнө" нэртэй бааранд нь зөөгч хийж байхад хаалган талаасаа 2 дахь ширээнд сууж байсан 5 залуугийн нэг нь агсам тавиад ширээн дээр байсан пивоны шилээ ширээн дээр цохиод хагалсан. Мөн хажууд байсан нэгнийгээ цохих гэж далайсан. Тэгэхээр нь уг залууг би уг баарны дж болох н.Мооно гэгч залуутай хамт баарнаас гаргачихаад буцаад орсон. Үлдсэн залуучуудыг нь бас араас нь гаргасан. Тэгчихээд хагалсан пивоны шилийг нь цэвэрлэчихээд буцаад араас нь гарсан. Тэгэхэд гадаа бөөнөөрөө байж байсан бөгөөд хажууд нь очоод зогссон чинь миний гаргасан, ширээн дээр пивоны шил хагалсан залуу нь над руу дайрсан. Түүний хажууд уг залуугийн бас нэг найз нь байсан ба тэр залуу бас дайрсан. Тэгээд би тэр 2-той хэрэлдэж байсан чинь цагаан өнгийн подволктой, саравчтай малгайтай, 2 гарандаа шивээстэй залуу нь миний цамцнаас зуураад авсан. Тэгэхээр нь би зүүн гараараа цээж рүү нь нэг удаа цохисон. Намайг цохисон чинь тэр залуу доошоо суусан. “...Өөрөөр бол уг залууг гар хүрсэн хүн байхгүй. Уг залуугийн найз нь татаж босгосон бөгөөд үүний дараа би баар луу буцаад орчихсон. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй.

“...Би шинжээчийн №11008 дугаартай дүгнэлттэй танилцсан. Уг гэмтлийг миний цохилтоос болж учирсныг би ойлголоо. Өөрийнхөө гэм бурууг ойлгож байна. Би шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ бүрэн гэмшиж байна. Хохиролыг төлж барагдуулах болно…” гэх мэдүүлэг.

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх5-10/, хохирогч Ө.Ууганбаярын мэдүүлэг /хх14-18/, гэрч Э.Ширийгаадангийн мэдүүлэг /хх20-22, 23-24/, гэрч С.Намсрагийн мэдүүлэг /хх25-27, 28-29/, гэрч гэрч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх30-32, 33-34/, гэрч О.Мөнхтулгын мэдүүлэг /хх35-37/, гэрч Б.Мөнгөн-Очирын мэдүүлэг /хх37-38/, гэрч Б.Nгийн мэдүүлэг /хх39-40/, гэрч Г.Бийн мэдүүлэг /хх43-44/, гэрч Л.Батбаярын мэдүүлэг /хх45-46/, насанд хүрээгүй гэрч Б.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хх47-48/, шинжээчийн №11008 дугаартай дүгнэлт /хх-50/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх83-95/, яллагдагч Б.Nгийн мэдүүлэг /хх98-99/, яллагдагч Г.Бийн мэдүүлэг /хх105-106/, Б.Nгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх110-122/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Цагаан шөнө" баарны ойролцоо гудамжинд хохирогч Ө.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь,

Хохирогч Ө.Ууганбаярын: “...Би 2017 оны 08 дугаар сарын 26-ны орой …намайг алгадаад, хоолой боогоод байсан ах н.Мөнхтулга руу дайраад тэр 2 маргалдсан. …Тэр хүн нь тухайн үед миний хоолойг боогоод хананд шахаж байгаад зүүн талын хацар, шанаа орчим руу 2-3 удаа гараараа алгадсан” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.N нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Цагаан шөнө" баарны ойролцоо гудамжинд хохирогч Ө.Ууганбаярыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Ө.Ууганбаярын: “…намайг алгадаад, хоолой боогоод байсан ах н.Мөнхтулга руу дайраад тэр 2 маргалдсан. Тэгээд би тэр 2-ын дундуур орж юу болоод байгааг мэдэх гээд алхсан чинь тус баарны зөөгч болох цагаан өнгийн цамцтай, бордуу царайтай залуу хүрч ирээд хажуу тийшээ зогсож бай гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би та нар яагаад ингэж байгаа юм бэ? бид нар төлбөр тооцоог чинь хийнэ ш дээ, та нар ингэж хандаж болохгүй ш дээ гэж хэлсэн чинь уг зөөгч залуу нь намайг заамдаж авахаар нь би зүгээр бай гээд гараараа түлхсэн чинь шууд миний элэг рүү гараараа цохисон” гэсэн мэдүүлэг, шүүгчдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Nд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Nг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Ө.Ууганбаяр нь гэм буруутай этгээдүүдээс /Б.N, Г.Б/ нийт 10.467.169 төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар 1.689.794 төгрөгийн баримт байх бөгөөд шүүгдэгч нар хохирогчид 1.800.000 төгрөгийг нөхөн төлсөн байна.

Иймд Ө.Ууганбаяр нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин, гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээд болох Б.Nгаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.N 1.300.000 төгрөгийг, Г.Б 500.000 төгрөгийг сайн дураар хохирогчид нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Б.Nд хорих ял, Г.Бт торгох оногдуулахааар шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Nд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй, мөн шүүгдэгч Г.Бт оногдуулсан торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хар ямаат овогт Батзоригийн Б.Nг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг,

-Залаар овогт Гончигийн Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Nг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

-Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бийг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бт оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Nд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.N 1.300.000 төгрөг, Г.Б 300.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, тэдгээр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Ө.Ууганбаяр нь гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Nд цагдан хорих, Г.Бт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР