Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 15

 

2019            02             15                                                  15

 

П.А, Д.Б, БЗ ХХК-нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                            

                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхтэй цахимаар холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Э.Тулгаа,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЗ/35 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч П.А, Д.Б, БЗ ХХК-нд холбогдох, эрүүгийн 1720001430067 дугаартай, 3 хавтас, 654 хуудас бүхий хэргийг, прокурор Э.Тулгаагийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1..... оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архитекторч мэргэжилтэй, ам бүл 5, ээж, 2 дүү, охины хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, Туулын ........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Жарангийнхан овогт П-ийн А /РД:УЗ9....../-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1.... оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автозамын инженер мэргэжилтэй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр  баг, ....дугаар байрны ........ тоотод оршин суух, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Шаравчогдон овогт Д-ийн Б/РД:ЕЭ.......773/-нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Монгол Улсын бүртгэлийн 00005....... дугаартай гэрчилгээтэй, 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01 шийдвэрийн дагуу үүсгэн байгуулагдсан, БЗ гэсэн оноосон нэртэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт байршилтай, “хатуу хучилттай зам барих” үйл ажиллагаа явуулдаг, хязгаарлагдмал хариуцлагатай компани төрлийн хуулийн этгээдэд холбогдуулан мөн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Тулгаагаас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч П.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай эсрэг урсгалтай, 2 эгнээ зам дээр өөрийн эзэмшлийн 95-93 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 2.2, 2.3 /б, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Т.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт авто замын байгууламжийн засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ Монгол Улсын MNS 4596:2014 стандарт, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5 дахь заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас 95-93 УБЯ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.А зам тээврийн осол гаргаж, иргэн Т.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

БЗ ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт авто замын байгууламжийн засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ Монгол Улсын MNS 4596:2014 стандарт, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5 дахь заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас 95-93 УБЯ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан П.А зам тээврийн осол гаргаж, иргэн Т.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                          Анхан шатны шүүх: Шүүгдэгч Жарангийнхан овогт Пү-н А, шүүгдэгч Шаравчогдон овогт Д-н Б, БЗ ХХК нарт холбогдох эрүүгийн 1720001430067 тоот хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,

хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Б, П.А, хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч Д.Булгантамир нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, 95-93 УБЯ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн байгааг дурдаж,

Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Тулгаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  ... Үүнд: Шүүгдэгч нарыг 2004-04-05 ны өдөр батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох хэсгээр буруутгаж анхан шатны шүүхэд яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ба уг дүрэм нь 2018-11-01-ний өдөр хүчингүй болж шинэ дүрэм хэрэгжиж эхэлсэн, хүчингүй болсон дүрмээр шүүгдэгч нарыг буруутгах үндэслэлгүй тул дахин шинжээч томилох ажиллагааг хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Тухайн хэрэг нь 2017-09-09-ний өдөр үйлдэгдсэн ба тухайн цаг хугацаанд 2004-04-05-ны өдөр батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба шинжээчийн дүгнэлт нь мөн тухайн замын хөдөлгөөний дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан цаг хугацаанд буюу 2018-10-21-ний өдөр гарсан нь хууль ёсны үндэслэлтэй.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмүүд нь уг дүрмийг буцаан хэрэглэх болон хөнгөрүүлэх, ашигтай байдлаар хэрэглэх заалт байхгүй, Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн үйлчлэл нь 2018-11-01-ний өдрөөс зогссон бөгөөд уг  өдрөөр өмнөх эрх зүйн харилцааг зохицуулж байсан хүчин чадал нь хэвээр үлдсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ. 2. Шинжилгээ хийлгэхээр хэд хэдэн шинжээчийг томилсон бол дүгнэлт гаргахаас өмнө хоорондоо зөвлөлдөж, санал нэгдвэл дүгнэлтэд бүгд гарын үсэг зурна” гэж заасан бөгөөд Тээврийн цагдаагийн албаны 2018-10-21-ний өдрийн 607 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хууль ёсны болно. Хэрэв шинжээчийн дүгнэлт нь Замын хөдөлгөөний дүрэм хүчингүй болсонтой холбогдуулан уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэн үнэлэх эсэх асуудал яригдаж буй бол энэ нь шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбоотой биш бөгөөд харин ч уг дүгнэлтийг үнэлэхэд эргэлзээтэй байдал бий болгож байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулуийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангаж шинжээч томилж шийдвэрлэх боломжтой байсан.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар хуралдаан явагдаж байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна, мөн зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэж хуульчилсан байдлыг дагаж мөрдөхгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй бөгөөд уг захирамжийн удирдлага болгосон хэсэгт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.6 дугаар зүйлийн 12 буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй зүйл заалт баримталсан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 буюу “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шийдвэр гаргах журмыг баримтлан буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд уг хэрэгт шүүхийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг хийгдэж яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн болно. Иймд 2019/ШЗ/35 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хууль /2015 он/-ийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйл “Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөн”, мөн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэг үйлдсэн эсхүл үйлдээгүй гэж тус тус үзэх үндэслэл нь дурдсан хууль болон холбогдох бусад хуулиудад нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрэм /2018-11-01-ний өдрөөс дагаж мөрдсөн/-ийн заалтыг зөрчсөн үйлдэл байхыг шаардана.

Өөрөөр хэлбэл хүчингүй болж үйлчлэл нь дууссан, хуучин дүрэм /2004 он/-ийн заалтыг үндэслэж прокуророос,  шүүгдэгч нарыг яллаж байгаа нь Эрүүгийн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцэхгүй тул Замын хөдөлгөөний шинэ дүрмийн аль заалтыг хэн ямар байдлаар яаж зөрчсөн, хэний гэм буруутай үйлдлийн улмаас хэнд хохирол, хор уршиг учирсныг, нэмэлт шинжилгээ хийлгэж тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж Эрүүгийн хуулийн хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. 

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2019/ШЗ/35 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Э.Тулгаагийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА