Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2014/0357

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, хариуцагч П.Д, Л.Б, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 296 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч П.Д, Л.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шуухэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: "ТЕГ-ын УТОХГ-ын ТУБ П.Д, Л.Б нарын тус банканд 109,782,9 мянган төгрөгийн нөхөн татвар, 329.3 мянган төгрөгийн хүү, 54,891.5 мянган төгрөгийн торгууль ногдуулсан 2013.02.26-ны өдрийн 2100209 тоот актыг хүчингүй болгуулах." гэжээ.

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Зээлийн харилцаанаас үүдэн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн төлбөрийг барагдуулах ажиллагааг татварын зорилгоор ойлгохдоо зээлийн үйлчилгээ хэмээн үзэж, тооцон татвар ногдуулан төлүүлэх Монгол Улсын татварын хууль тогтоомж байхгүй тул татварын хууль тогтоомжид зааснаар үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан гэж үзэн татвар ногдуулж төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө гэж зээлдэгчээс зээлийн төлбөрт авсан цаашид худалдан борлуулах

 

зориулалттай хөрөнгийг балансын зүүн талын 4 дэх хэсэгт тусгаж, үүний дагуу татвар төлөгч өөрийн өмчлөлд шилжсэн үндсэн хөрөнгийг худалдан борлуулснаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан” гэжээ. Анхан шатны шүүх шийдвэртээ: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 13 дугаар зүйлийн 13 6.5-д заасныг баримтлан Татварын улсын байцаагчийн 109782.9 мянган төгрөгийн нөхөн татвар, 329,3 мянган төгрөгийн хүү, 54891,5 мянган төгрөгийн торгууль ногдуулсан 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2100209 дүгээр актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 256 тоот шийдвэрийг хүлээн авч танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үүний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-д "урьдчилгаа, зээл олгох үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө" гэж заасан байдаг.

Зээл олгох үйлчилгээ гэдэг нь тухайн банкны зээлийн бодлоготой уялдан зээлдэгчийн зүгээс банканд зээл олгохыг хүссэн өргөдөл өгснөөс эхлэн зээлийн төлбөрийг барагдуулж дуусах хүртэлх хугацааг хамрах үйл явц юм.

Өөрөөр хэлбэл банк тодорхой мөнгөн хөрөнгийг зээлдэгчид зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж, зээлдэгч тохирсон хугацаанд буцаан төлөх, эсхүл хэрэв ийнхүү гэрээгээр тохиролцсон үүргээ үл биелүүлсэн тохиолдолд банк барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагаа нь бүхэлдээ хамаардаг.

Тухайлбал: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т Зээлдэгч буюу түүний батлан даагчийн дансанд уг зээл, түүний хүүг төлөх мөнгөгүй бол... барьцаалсан бусад хөрөнгийг худалдаж төлүүлнэ" гэж зохицуулж өгсөн байгаа нь зээлийг зээлдэгчид олгохоос эхлээд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлийг төлүүлж дуусгах хүртэл үйл ажиллагаа нь бүхэлдээ зээл олгох үйл ажиллагааны процесс ажиллагаа бөгөөд, энэ ажиллагаа нь ашиг орлого олж буюу үйлдэл биш, зөвхөн өөрийн бусдад шилжүүлсэн хөрөнгөө буцаан авч байгаа хэлбэр гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн "зээл олгох үйлчилгээ гэдэгт зөвхөн зээлийн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үйлчилгээг хамааруулах бөгөөд харин зээлийг төлүүлэх үйл ажиллагаа нь зээл олгох үйлчилгээ, зээлийн гэрээний үүргийн биелэлтэд хамаарч зээл хүлээн авсан зээлдэгч болон зээлдүүлэгч банк хоорондын байгуулсан гэрээгээр харилцан тохиролцож хүлээсэн үүрэг, гэрээний эрсдэлээс үүдэлтэй хохирол төлбөр төлүүлэх харилцаа болсон бөгөөд үүнийг дээрх зээл олгох үйлчилгээнд хамааруулан ойлгох боломжгүй" гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна.

Хоёр. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: "... зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлээ бүрэн төлөөгүй, төлөх боломжгүй болсон тохиолдолд банк өөрийн зээлсэн хөрөнгийг барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр төлүүлэх учиртай бөгөөд энэ нь зээл олгох үйлчилгээний харилцаа дууссаны дараа гэрээний эрсдэл бий болж, шүүхийн шийдвэрээр гэрээтэй холбогдох төлбөрийг шийдвэрлэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны үр дүнд төлбөрийг төлөх, төлүүлэхтэй холбогдон үүсэх харилцаа бөгөөд банкны зээлийн үйл ажиллагаанаас үүссэн зээлийн эрсдэл, хохирол төлбөр төлүүлэх үйлдэл нь зээл олгох үйлчилгээнд хамааруулан ойлгох боломжгүй байна" гэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "банк" гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөнөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй... бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг... эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг" хэлэхээр 6 дугаар зүйлийн 6.1.2-д банк нь "зээл'-ийн үйл ажиллагааг эрхлэхийг зөвшөөрч, харин 7 дугаар зүйлийн 7.1-д Банк ашиг олох зорилгоор энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хоригложээ.

Хуулийн эдгээр зохицуулалтаас дүгнэхэд банк нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахдаа гагцхүү хуулиар зөвшөөрсөн /тухайлбал зээлийн/ үйл ажиллагааг эрхлэх, харин хуулиар зөвшөөрөөгүй бусад /тухайлбал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах замаар ашиг олох/ үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг.

Түүнчлэн банк барьцааны гэрээг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор буюу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлж чадахгүй тохиолдолд хэрэгжүүлэхээр байгуулагддагаас бус барьцаа хөрөнгийг өөрт шилжүүлэн авах, цааш нь түүнийг худалдах болон бусад хэлбэрээр ашиглаж ашиг олох зорилго байгуулдаггүй. Тиймээс ч Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д банкны хориглох |үйл ажиллагаанд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдах үйл ажиллагаа хамаарахгүй байхаар заажээ.

Эндээс дүгнэхэд бусдад зээлдүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан бий болгохын тулд барьцаа хөрөнгийг нэр дээрээ түр шилжүүлж, улмаар түүнийг худалдан борлуулах замаар зээлийн төлбөрийг барагдуулж байгаа банкны үйл ажиллагааг түүний хуулиар эрхлэхийг зөвшөөрсөн "зээл"-ийн үйлчилгээнээс тусад нь салгаж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бараа борлуулсан гэдэгт хамруулж, тухайн татварыг ногдуулсан нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүх тус банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Өөрөөр хэлбэл дээрх тохиолдолд банкийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-д заасан зээл олгох үйлчилгээнээс тодруулбал, мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаас өөр хориглосон үйл ажиллагааг явуулсан гэж үзэн татвар ногдуулах боломжгүй байхад анхан шатны шүүх үүнийг анзааралгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Мөн Зээлдэгч зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүй болсон тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д "Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана" 158.3-т "Мөнгөн төлбөрийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангах хугацаа болсон бол барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдан борлуулахыг шаардах эрхтэй бөгөөд зөвхөн өөрийн шаардлагыг хангах тохиолдолд энэ эрхийг эдэлнэ." Мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.6-д "Гэрээнд өөрөөр заагаагүй бол ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүргээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулна" гэж тус тус заасны дагуу барьцааны хөрөнгийг худалдан борлуулж зээлийн өр төлбөрийг барагдуулах үүрэг банканд ирж байгаа юм. Иймд энэ үйл ажиллагаа нь НӨАТ ногдуулах барааны борлуулалт огт биш зөвхөн зээлийн төлбөрийг барагдуулах зээлийн орчлын хэсэг гэдгийн нотолгоо болно.

Гурав. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: "Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт банк ашиг олох зорилгоор банкны бус үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно. Зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдаж борлуулах үйл ажиллагаа энэ заалтад хамаарахгүй гэж заасны дагуу зээл төлүүлэх зорилгоор зээлийн барьцааны эд зүйлийг түр эзэмшилдээ байлгах, худалдан борлуулахыг банкны үйл ажиллагаанд хамааруулна" гэж дүгнэсэн атлаа "зээлийн барьцаа хөрөнгийг эзэмшилдээ бус өмчлөлдөө авсан нь нэхэмжлэгчийг хуульд заасан зээл төлүүлэхээр барьцааны эд зүйлийг эзэмшилдээ байлгасан гэж зөвтгөх үндэслэл болохгүй" гэж дүгнэсэн нь хоорондоо харилцан хамраалгүй, алдаатай дүгнэлт болсон гэж үзэхээр байна.

Учир нь Банкны тухай хуулийн 7.1-д зааснаар зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор түр эзэмших, худалдаж борлуулахыг тус тусдаа үйл ажиллагаа байхаар зохицуулсан байна. Үүнээс нэхэмжлэгч Тээвэр хөгжлийн банк нь зээлийн барьцаанд барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор худалдаж борлуулах үйл ажиллагаа явуулсан болно. Банк зээлийн барьцаанд барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор худалдан борлуулахын тулд холбогдох хууль тогтоомжуудад зааснаар өмчлөлдөө шилжүүлэн авч худалдан борлуулдаг байх тул анхан шатны шүүхийн: "зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгийг эзэмшилдээ бус өмчлөлдөө авсан нь нэхэмжлэгчийг хуульд заасан зээл төлүүлэхээр барьцааны эд зүйлийг эзэмшилдээ байлгасан гэж зөвтгөх үндэслэл болохгүй" гэсэн нь үндэслэлгүй байна.

Дөрөв. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: "Тээвэр хөгжлийн банк нь өөрийн өмчлөлийн орон сууцны барилгууд болон бусад үл хөдлөх эд хөрөнгүүдийг борлуулсан байхад уг борлуулсан үйлдлийг зээл олгох үйлчилгээнд хамруулж, уг орлогод нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэх нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1.1-д заасантай нийцэхгүй байна" гэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна:7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа" гэж заасан байдаг.

Тээвэр хөгжлийн банк нь бараа борлуулж, ашиг олоогүй юм. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд барьцаалсан барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар зээл төлүүлэх зорилгоор түр эзэмшихээр өр төлбөртөө тооцон шилжүүлэн авч ӨБҮХХ-д бүртгэн улмаар зээл төлүүлэх зорилгоор гуравдагч этгээдэд худалдах замаар чанаргүй зээл төлүүлсэн байх тул дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 256 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зохих дүгнэлт өгч, хэргийг үндэстэй зөв шийдвэрлэсэн байна. Тиймээс давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч банкны гомдлыг дараах үндэслэлээр хүлээж авах боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “шүүх хуралдаан давхацсан” гэх хүсэлтээр 2014 оны 8 дугаар сарын 27-нд товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулж, дахин товлож мэдэгдсэн боловч “аймагт албан томилолтоор ажиллах, нэмж өмгөөлөгч авах” үндэслэлээр шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээж авах боломжгүй байна. Учир нь биечлэн оролцох хүсэлт гаргасан талын өмгөөлөгч зсхүл төлөөлөгч хүрэлцэн ирээгүй нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд дээр дурдсанаар шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангаж, товыг мэдэгдсэн.

1. Нэхэмжлэгч хуулийн этгээд “зээл олгох үйлчилгээ гэдэг нь тухайн банкны зээлийн бодлоготой уялдан зээлдэгчийн зүгээс банканд зээл олгохыг хүссэн өргөдөл өгснөөс эхлэн зээлийн төлбөрийг барагдуулж дуусах хүртэлх хугацааг хамрах үйл явц байтал шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэж гомджээ.

Ингэхдээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаас “зээл төлүүлэх үйл ажиллагаа” нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-ийн зээл олгох үйлчилгээнд хамаарна хэмээн гомдлын үндэслэлээ тайлбарласан байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтаас[1] үзвэл зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор байна. Өөрөөр хэлбэл зээл олгох үйлчилгээ нь зээлийн дансанд гүйлгээ орсноор дуусгавар болсон байна. Гэтэл уг хуулийн 30 дугаар зүйл нь зээл төлүүлэх үйл ажиллагааны тухай байх бөгөөд гомдолд дурдсан 30.3 дахь заалт нь төлбөр ногдуулсан акт гарах үед хүчингүй болсон[2] байжээ.

Зээл төлүүлэх үйл ажиллагаа нь уг “зээл”-тэй холбогдон үүсэж буй хэдий ч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.5-д зээл олгох үйл ажиллагааг тухайлан зааж татвараас чөлөөлөхөөр, харин зээл төлүүлэхтэй холбогдож үүсэх аливаа гүйлгээг уг татвараас чөлөөлөх талаар зохицуулаагүй байна.

2. Нэхэмжлэгчийн гомдолд “банк нь гагцхүү хуулиар зөвшөөрсөн тухайлбал зээлийн үйл ажиллагаа эрхлэх” тохиолдолд ашгийн төлөө ажиллаж болохоос үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах зэргээр ашиг олох үйл ажиллагаа явуулахыг хориглосон байтал энэхүү хориглосон үйл ажиллагааг явуулж барьцааны гэрээ хийж, ашиг олсон[3] гэж татвар ногдуулсан нь буруу гэсэн агуулгаар маргажээ.

Банкны “зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээл төлүүлэх зорилгоор өмчлөх, улмаар худалдах үйл ажиллагаа" нь ашиг олох зорилгоор эрхлэх хориглосон үйл ажиллагаанд хамаарахгүй[4] байх бөгөөд төлбөр ногдуулсан акт нь хуулиар хориглоогүй дээрх үйл ажиллагаанд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар татвар ногдох ёстой гэж үзсэн байна. Хуулийн уг заалтад борлуулалтын зорилго, агуулгаас[5] үл хамааран “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа"-нд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар заасан байгаа тул татварын акт хуульд нийцсэн, татвар төлөгчийн гомдлыг хангах хууль зүйн боломжгүй байна.

Эдгээр тайлбарласан үндэслэл, шалтгаанаар анхан шатны шүүхийн

 

шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 296 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 
 

 

 

[3]   Хуулийн 4.1.4 —т тодорхойлсон агуулгаар нэмэгдсэн өртгийн албан татвар нь ашиг орлогоос хамааралгүй хэдий ч нэхэмжлэгч хуулийн этгээд “зөвхөн өөрийн бусдад шилжүүлсэн хөрөнгөө буцаан авч байгаа хэлбэр'' тул ашиг орлого олж буй үйлдэл биш гэх гомдлын тухайд: зээл олгох үйлчилгээ нь өөрөө ашиг олох зорилготой учир түүнийг төлүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг ашиг олох зорилгогүй гэж дүгнэх нь боломжгүй юм.

[4]  Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.

[5]   Нэхэмжлэгч банк тэдгээр үл хөдлөх хөрөнгийг борлуулсны зорилго нь “зээлийн төлбөрийг барагдуулах зээлийн оршлын хэсэг” байснаас НӨАТ ногдуулах барааны борлуулалт огт биш гэж тайлбарласан.