Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00541

 

Ч.Оы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03188 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 271 дүгээр магадлалтай,

Ч.Оы нэхэмжлэлтэй

НМЭГт холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 28 635 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НМЭГын Санхүү, аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад сонгуулийн дараа буюу 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 143 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг шийдвэрийг хууль бус хэмээн үзсэн тул Баянгол дүүргийн шүүхэд хандсан ба тус шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1730 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч тал сайн дураар биелүүлэхгүй байсан тул хэд хэдэн удаа гомдол гаргасны үр дүнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж, төлбөр төлөгчид 2014 оны 3 дугаар сарын 14-ны өдөр эрүүгийн 2014260000400 дугаартай хэрэг үүсч, хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан тул 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр намайг ахлах нягтлан бодогчоор томилсон тушаалыг байгууллагын дарга гаргасан ч ажлыг маань хүлээлцүүлээгүй. Ингээд 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 3300 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хариуцагч биелүүлээгүйгээс шалтгаалж ажил эрхлээгүй буюу ажилдаа эргэн орж чадаагүй тул 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандан ажил эрхлүүлээгүй үеийн цалин хөлс болох 10 322 998 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 457 дугаар магадлалаар 9 544 164 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах өөрчлөлтийг шийдвэрт оруулж, уг магадлал хүчин төгөлдөр болсон. Гэвч миний сонгосон, шүүхийн шийдвэрт заасан ажил эрхлүүлэхгүй бас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогч нөхөн төлөхгүй, ажилдаа эргэн орох талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байсаар байтал 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр тэтгэвэр тогтоолгох насанд би хүрч, аргагүйн эрхэнд тэтгэврээ тогтоолгосон. Хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж ажилгүй, цалин хөлсгүй 3 жил 6 сар хохирсноос гадна насаараа төрийн байгууллагад ажиллачихаад хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосондоо үнэхээр гомдолтой байна. Иймд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс тэтгэвэр тогтоолгосон өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажил эрхлүүлээгүй 42 сарын цалин хөлс 28 635 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 143 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгч нь НМЭГ-т нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2011 онд 12 050 253 төгрөг, 2012 онд 10 701 523 төгрөгийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн албан тушаалаа урвуулан ашигласан үйлдлийг холбогдох байгууллагаас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болохыг шалган тогтоосон байдаг. Тухайн мөнгө завшсан гэх үйлдэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад буй ажилгүй байсан хугацааны цалин хөлс авахаар нэхэмжилж буй хугацаатай таарч байгаа болно. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоол, 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 408 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 221 дугаар тогтоолоор шүүгдэгч Ч.О нь НМЭГын Санхүү, аж ахуйн даргаар ажиллаж байхдаа тус газрын урьдчилан сэргийлэх үйлчилгээний 2011 оны орлогоос 12 050 253 төгрөг, 2012 оны орлогоос 10 701 523 төгрөгийг тус тус завшиж, нийт 22 751 776 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон гэж үйл баримтыг тогтоож хэргийг шийдвэрлэсэн билээ. Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ч.Оыг завших гэмт хэрэг үйлдэж, төрийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан болохыг Эрүүгийн хэргийн шүүхээр тогтоосон тул 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 143 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий байх бөгөөд түүний хууль бус үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй болохыг шүүхээр нэгэнт тогтоосон, үүний улмаас Төрийн байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учирсан нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03188 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч НМЭГаас 28 635 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Чойнжуурын Ч.Од олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Оы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч НМЭГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Оаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НМЭГаас улсын тэмдэгтийн хураамжид 301 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Од олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 271 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул НМЭГт холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин 28 635 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Ч.Оы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд 1. Магадлалд ...нотлох үүргээ биелүүлээгүй гэжээ. Нэхэмжлэгч Ч.О нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн ба ИХШХШТХ-ийн 40.4-т заасны дагуу “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу ИХШХШТХ-ийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу шүүхэд хандсан. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаагүй нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх түүний биелэлтийг түдгэлзүүлэх, хязгаарлах үндэслэл болохгүй ба хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч НМЭГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 28 635 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг  зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлснээс бусад тохиолдолд хөдөлмөрийн харилцаанаас үүсэх аливаа гомдлыг 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах учиртай байна.

Ч.О нь НМЭГт санхүү, аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2 удаа ажлаас халагдсан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1730 дугаар шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 3300 дугаар шийдвэрээр ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон гэх үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2015/01186 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 457 дугаар магадлалаар 2013.07.23-2014.04.29 хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 9 544 164 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ч.Од олгож, шийдвэрлэсэн байна. /хх 3-7 дахь тал/

Шүүхийн шийдвэрийн дагуу ажил олгогч нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоогоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, эрх нь зөрчигдсөн байхад Ч.О нь 2015 оноос хойш шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаагүй, олговрыг шаардаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Мөн Ч.О нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 408 дугаар магадлал,  Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 221 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ. /хх 33-62 дахь тал/ Тэрээр 2015 оноос хойш ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж байсан, шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан байдал хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу  хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг бол хөөн хэлэлцэх тусгай хугацаа нь талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэнээс хамаарч өөр өөр байдаг болохоос гадна хуульд хугацааг тусгайлан заасан байдаг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэж хөөн хэлэлцэх хугацааг тогтоожээ.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хугацааг тоолох журмыг заасан ба шаардах эрх үүссэн үеэс хугацааг эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байхад нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар шүүхийн шийдвэр биелүүлэх газарт хандаагүй, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хугацааг сэргээх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 271 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧ                                                                 П.ЗОЛЗАЯА