Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2016/0312/з |
Дугаар | 221/МА2016/0599 |
Огноо | 2016-09-09 |
Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2016/0599
Т.Батчимэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасанжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхйин 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 482 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Батчимэгийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 482 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.4-т заасныг баримтлан Ашигт малтмалын газрын даргаас дахин шинэ акт гартал Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч миний гомдлыг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2 дахь удаагаа шийдвэрлэхдээ дахин тодорхой бус шийдвэр гаргалаа. Шүүхийн зүгээс нэхэмжлэгч Т.Батчимэгийг ажлаас чөлөөлсөн тушаалд болон тухайн нөхцөл байдлыг хууль бус болсон гэж хуулийн дагуу дүгнэсэн атал Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 тоот тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь дахин тодорхой бус байдлыг бий болгож үргэлжлээд нэхэмжлэгчийн эрх ашиг хохирсон хэвээр байх нөхцөлийг үүсгэж байна. Хариуцагчийн зүгээс энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ямар нэг судалгаа хийж, ажилд авах хүсэл сонирхлыг илэрхийлэхгүй байгаа тул нэхэмжлэгч миний гомдлыг нэг мөр шийдвэрлэж нэхэмжлэлийг хангаж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Т.Батчимэгийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын даргад /хуучнаар/ холбогдох “Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 0227 дугаар магадлалд заагдсан ажиллагааг бүрэн хийгээгүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /хуучнаар/ 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 89 дүгээр зүйлийн 89.1-д “Захиргааны хэргийн шүүхийн магадлалд дурдсан заалтыг хэргийг дахин хэлэлцэж байгаа шүүх заавал биелүүлнэ” гэж заасныг тус тус зөрчжээ. Тодруулбал,
Шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 болон 27.2.4 дэх хэсэгт заасан төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны аль баталгаагаар, хэрхэн хангагдах эрхээ зөрчигдсөн гэж нэхэмжлэгчийн үзэж байгааг тодруулалгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан “шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэнтэй нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч аль албан тушаалд томилогдохыг хүсч байгаа, эсхүл тухайн байгууллагад түүнийг мэргэжил, мэргэшлийнх нь дагуу ажиллуулах албан тушаалын сул орон тоо байгаа эсэхийг шалгаж тодруулах нь захиргааны хэргийн шүүхийн үүрэг, мөн чанар, зорилготой нийцэх бөгөөд хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрөөгүй атал төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /хуучнаар/ 70 дугаар зүйлийн 70.2.7-д зааснаар маргаан бүхий актын биелэлтийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэл болно.
Зүй нь нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан баталгаагаар хангагдахыг хүсвэл түүний ажиллаж байсан Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх, тухайлбал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар Уул уурхайн байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй ижил эсэх, уг ажлын байр Т.Батчимэгийг ажлаас чөлөөлөгдөх үед байсан, эсхүл шинээр бий болсон эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх, мөн хуулийн 27.2.4-т заасан “мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” баталгаагаар хангагдахыг хүсвэл түүнийг ажлаас чөлөөлөх үед мэргэжил, мэргэшлийнх нь дагуу ажиллуулах сул орон тоо байсан эсэх, шинээр бий болгосон эсэхийг шалгаж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Хэдийгээр хавтаст хэрэгт Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” Б/72 дугаар тушаал түүний хавсралт, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалтай ижил чиг үүрэг бүхий байж болохуйц албан тушаалтны ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан боловч дээр дурдсан үндэслэлүүдийг шалгахад хангалттай баримт болж чадахгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч урьд ажиллаж байсан Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэний ажилдаа эгүүлэн тогтоолгохыг хүсч байгаа тохиолдолд Ашигт малтмалын газрын даргын /хуучнаар/ 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэний орон тоог цөөрүүлсэн нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд хариуцагчийн тайлбарт дурдсан “Ашигт малтмалын газарт Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэний орон тоо дангаараа байх шаардлагагүй, цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой асуудлыг Мэргэжлийн хяналтын газар, Цөмийн энергийн зөвлөл шийдвэрлэдэг” гэснийг шалган тогтоож, тухайн байгууллагад Цацраг идэвхт ашигт малтмалын байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн зайлшгүй шаардлагатай эсэхийг шалгаж хэргийг шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох ач холбогдолтой юм.
Иймд нэхэмжлэгчийн “шүүх тодорхой бус шийдвэр гаргасан, хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ямар нэг судалгаа хийж, ажилд авах хүсэл сонирхлыг илэрхийлэхгүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэстэй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН