Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/383

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн даргаар И.Буманбаяр улсын яллагч Н.Булганчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эрдэнэбилэг шүүгдэгч Я.А, Я.Ү, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Болормаа /№0583/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянт овогт Я.А, Дүрхүү овогт Я.Ү нарт холбогдох эрүүгийн 201725030993 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, эрэгтэй, 45 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Буян Ас” ХХК-н захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Буянт овогт Я.А

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эмэгтэй, 22 настай, дээд боловсролтой багш мэргэжилтэй, Буян ас ХХК-ны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дүрхүү овогт Я.Ү

Холбогдсон хэргийн талаар: Я.А, Я.Ү нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүгдэгч Я.А нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Буян ас” ХХК-ний захирал, шүүгдэгч Я.Ү нь “Буян ас” ХХК-ний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер албан тушаалд тус тус ажиллаж байхдаа Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Ганбатын захиалгаар үйлчилгээний зориулалттай 5 давхар орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал ажил олгогч шууд хариуцна” гэснийг зөрчин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 02-07-112/276 дугаартай “Барилга угсралтын ажлыг зогсоох тухай улсын байцаагчийн актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Буян Ас” ХХК-ны мужаан А.Дэлгэрдалай барилгаас унаж, амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр Амгаасэд овогтой Дэлгэрдалай 1977 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн бүрэн дунд боловсролтой айлын 3 дахь хүүхэд юм. Ах эгч хоёртой бид хоёр 2001 онд гэр бүл болсон 15, 10, 6 насны гурван хүүхэдтэй юм. ...өөр гомдол санал байхгүй..,” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/ гэрч Ган-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “...Орой 18-19 цагийн үед би доод давхарт арматурын ажил хийж байтал манай барилгын хүмүүс хүн уначихлаа гээд орилолдоод явахаар нь би гараад гүйгээд очтол манай барилга дээр ажиллаж байсан Дэлгэрдалай гэдэг залуу уначихсан байсан. ...Ү инженер өдөр болгон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар өгч гарын үсэг зуруулдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39х/ гэрч Д.Батдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Орой 18 цаг болж байсан байхаа талийгаач Дэлгэрдалай бид хоёр 5-р давхарын гадна талын бэхэлгээ хийгээд би баруун талд нь талийгаач зүүн талд нь бэхэлгээтэй ажиллаж байсан. Тухайн үед дээвэр дээр ДА дээвэр дээр прусс мод авч өгөөд талийгаач бид хоёр прүссээ чагталж бэхэлгээ хийж байсан. Ингээд ажилллаж байтал ДА хөөе гээд орилохоор нь хартал талийгаач доошооо унаж байсан ба нүд ирмэх завдалгүй доор пэд хийх чимээ гараад унасан. ...талийгаач бид хоёр 5-н давхарын барилгын дээд 5-н давхарт нь ажиллаж байсан. ...талийгаач бид хоёр тэр үед бэхэлгээ хийж аюулгүй байдлаа хангасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42х/ гэрч Х.Ганбатын мөрдөн байцаалтад өгсөн: “....Буян Ас ХХК-ны захирал Атой 2016 оны 6 дугаар сард “Захиалагч болон гүйцэтгэгчийн хооронд барилгын ажил гүйцэтгэх” гэрээ байгуулсан барилгын ажил гэрээ байгуулаад удаагүй 6 сард эхэлсэн. ....2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байх яг цаг хугацаа он сарын сайн мэдэхгүй байна. “НМХГ-аас ярьж байна таны захиалан бариулж байгаа барилгын ажлыг зогсоолоо та ирж актаа ав” гэхээр нь би барилгын ажил гүйцэтгэгч котпани захирал Я.Аид “очиж аваарай” гэж хэлсэн юм. Би өөрөө очиж аваагүй Я.А “очиж авахад барилгын ажлыг зогсоосон акт гаргаад 720.000 төгрөгөөр торгосон гэсэн. ...Барилгын ажлыг зогсоогоогүй явуулж байгаа талаар нь би мэдсэн Я.А захирал өөрөө над руу утсаар ярьж хэд хоногийн л ажил байгаа тэрийг дуусгачихъя гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44х/ гэрч Т.Батцэнгэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “….Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шинээр баригдаж буй барилга байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 02-01/217 дугаартай удирдамжийн дагуу НМХГ-н хөдөлмөр хяналтын улсын байцаагч Ц.Энхжаргалын хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Ганбатын үйлчилгээний орон сууцны барилга угсралтын ажилд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гүйцэтгэгч “Буян ас” ХХК-ний талбай даамал Я.А, талбайн инженер Б.Дэлгэрмаа, хөдөлмөр хамгаалалын инженер Я.Ү нарыг байлцуулан хяналт шалгалт хийсэн. Уг хяналт шалгалтаар уг барилга нь зураг төсөлгүй барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтгүй барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа нь барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, …37.1.3., …40.1.16 дахь заалтыг зөрчсөн зөрчил заагдсан тул 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 02-07-112/276 дугаартай улсын байцаагчийн актаар барилга угсралтын ажлыг зогсоосон юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47х/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №1031 тоот дүгнэлтэд: 1.2.6 Талийгаачийн цогцос цээж, хэвлий, бүсэлхийн нугаламын хавсарсан олон гэмтэл: хоёр уушигны няцрал, элэгний баруун дэлбэнгийн язрал, цээж, хэвлийн хөндий дэх цус хуралт, гол судас, хоёр уушигны уг, үнхэлцэг хальс, хоёр бөөрний өөхлөгийн цус хуралт, зүүн талын 3,4,5,6,7,8,10-р хавирганы хугарал, баруун талын 2-11-р хавирганы хоёрлосон, зөрөөтэй хугарал, гялтан хальсны цус хуралт, бүсэлхийн 1-р нугаламын их биеийн бяцарсан хугарал, бүсэлхий, баруун шуу, сарвуу, өвдөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу өндрөөс унах үед үүсэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь дээрх хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ. 3. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. 4. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Цус нь 1 дүгээр бүлгийн харьяалалтай байна. 7. Нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 60-61х/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017/04 дугаартай дүгнэлт “1… Тус барилга дээр ажиллаж байсан гэх А.Дэлгэрдалай нь барилгаас унаж нас барсан нь үйлдвэрлэлийн осол мөн болно. 2.Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хяналт тавих үүргийн аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна.”, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” “Ерөнхий шаардлага” 12-03-04 БНбД-ийн 5.2-д “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах ерөнхий удирдлага нь байгууллагын дарга, эсвэл байгууллагааас томилсон алба тушаалтанд ноогдоно” гэж тус тус заасан байна. Иргэн Х.Ганбатын болон “Буян Ас” ХХК-ийн хооронд байгуулсан захиалагч болон ажил гүйцэтгэгчийн хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний /2016 он гэсэн өдөр гэрээний дугааргүй/ 5.14-д “Гүйцэтгэгч нь ХАБЭА тухай хууль барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм БНаД 12-03-04 болон холбогдох бусад дүрэм журмын шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй ба ХАБЭА-н эрсдлийг 100 хувь дангаар хариуцна. Хариулт 3. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолоор баталсан барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын 3.2.3-д “Барилгын өндрийн дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3,5 м-ээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж /дэвсгэр, банз тор, саравч, гэх мэт/-өөр тоноглох заалтыг Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар “12-101-05 БД-ийн 5.6 “Өндөр хэв хашмалыг угсрах, өндөрт хийгдсэн хэв хашмалыг буулгах ажлыг гүйцэтгэхдээ хамгаалалттай шат, зөөврийн тэрэг ашиглана. гэсэн заалтыг, Өндрийн бүсийн түгжээг бэхлэх байрлалыг тогтоогоогүй байна. б/ Осолдогч нь Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5-д “Ажлын хувцас хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх” гэсэн заалт болон “ Барилга угсарлтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар” БД 12-101-05 БД-ийн 19.1-д барилга, объектийн өндөрт ажиллагчид нь ажлын... хамгаалах хэрэгсэл, бүс ... бүрэн хэрэглэсэн байна” гэснийг хэрэгжүүлээгүй байна...” /хх-ийн 91-92х/ Гэрч Ц.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-50х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9, 11-12х/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 02- 07-112/276 дугаартай улсын байцаагчийн акт /хх-ийн 20-21х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглууж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч Я.А, Я.Ү нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эрдэнэбилэг нь гомдол саналгүй, хохирлоо бүрэн хүлээж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч Я.А, Я.Ү нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байх бөгөөд тэдгээрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буянт овогт Ядамсүрэнгийн А, Дүрхүү овогт Ядамжавын Ү нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.А, Я.Ү нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 3. Шүүгдэгч Я.А, Я.Ү нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэг битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 5.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.БАТГЭРЭЛ