Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 1963

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** тоотод байрлах “В******* аж ахуйн нэгжүүдийн холбоо”-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод байрлах “М*******” ХХК-нд холбогдох

Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал болон үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардал нийт 1 833 580 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х*******, хариуцагч Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч  В******* аж ахуй нэгжүүдийн холбооны дарга Д.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай “Вива Сити Хотхон дахь аж ахуй нэгжүүдийн холбоо” ГҮТББ нь улсын бүртгэлд 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлж В******* нийтийн эзэмшлийн талбайд цэвэрлэгээ, харуул хамгаалалт, хог хаягдал, зүлэгжилт хийх үндсэн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг авсан. Дундын өмчлөлийн эд хөрөнгө, орчны тохижилтын ашиглалт, үйлчилгээний зардлыг өмчлөлийн талбайн зориулалт, байрлал, хэмжээнээс хамааруулж ААНХолбоо ТУЗ, ХЗ-ийн хурлын шийдвэрээр тогтоосон тариф, хураамжийн дагуу тооцдог болно.

Тус холбоо нь “М*******” ХХК-ийг төлөөлж Б.Э*******тэй 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн № УС-15/171 тоот аж ахуй нэгж байгууллагад үзүүлэх ашиглалт үйлчилгээний гэрээг байгуулсан.

Уг гэрээгээр Холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн хэвийн байдлыг хангах, Сууц өмчлөгчид болон хэрэглэгчийн эзэмшиж буй талбайн ашиглалт, үйлчилгээг эрхлэн хариуцах үүрэгтэй. Хэрэглэгч нь Холбооны дүрмийг биелүүлж, өөрийн эзэмшил, ашиглалтын талбайн болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хотхоны зам болон талбайн гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдал татан зайлуулах, усан оргилуур, засвар үйлчилгээтэй холбогдсон нийтлэг зардлыг Холбоонд төлөх үүргийг хүлээсэн. Гэтэл хэрэглэгч “М*******” ХХК нь гэрээний 2.1-т заасан үүргээ биелүүлэхгүй, ААНХолбооны УЗ-ийн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хурлын шийдвэрээр тогтоосон 2016 оны 2-12 дугаар сарын төлбөр 1 249 930 төгрөг, 2017 оны 1-05 дугаар сарын төлбөр 568 150 төгрөг нийт 1 818 080 төгрөгийг төлөөгүй.

Манай байгууллага нь гэрээний 3.2.1-т заасан цэвэрлэгээ үйлчилгээ, 3.2.2-т үйлчилгээний стандарт, 3.2.3-т харуул хамгаалалт, 3.2.4-т галын дохиолол, аюулгүй ажиллагаа, 3.2.5 гадна талбайн гэрэлтүүлэг, түүний засвар үйлчилгээг цаг тухайд нь түргэн шуурхай чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж ирсэн. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлд “М*******” ХХК-аас Вива Сити Аж Ахуй Нэгжүүдийн Холбооны төлбөрт 1 818 080 төгрөг, нотариатын зардал 15 500 төгрөг болох нийт 1 833 580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид хариуцагч “Мэйд ин Э*******” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх ашиглалт үйлчилгээний гэрээ байгуулж гэрээний үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Гэрээг түрээсийн гэрээний тусгай нөхцөлд зааснаар 3 жилийн хугацаатайгаар буюу 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртлэх хугацаатайгаар байгуулсан. Хариуцагч нь уг газарт ажиллахгүй байгаа, гадагшаа явсан гэсэн боловч энэ талаараа болон гэрээ цуцлах талаараа бидэнд мэдэгдээгүй, гэрээ одоо ч хүчин төгөлдөр байгаа. Тиймээс бид гэрээний дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын зардалд 2016 оны 2 сараас 12 сар хүртлэх 113 630 төгрөгөөр тооцож 1 249 930 төгрөг, 2017 оны 1 сараас 2017 оны 5 сар хүртлэх хугацааны төлбөр 568 150 төгрөг, нийт 1 818 080 төгрөг, эдгээр баримтуудыг нотариатаар батлуулсны хөлс 15 500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

            Хариуцагч “М*******” ХХК-ийн захирал Б.Э******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            Нэхэмжлэгч нийт 1 833 580 төгрөгийг Мэйд ин Э******* ХХК-иас нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

            2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Б.Э******* би “М-Си-Эс Проперти” ХХК-тай Хан-Уул дүүргийн 4 хороо, Вива сити хороололд байршилтай, S/16 дугаар байрны 1 давхар 4 тоот 60 м.кв талбайтай модулыг урлангийн зориулалтаар 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртлэх хугацаанд түрээслэсэн билээ.

            Харин В******* аж ахуйн нэгжүүдийн холбоо ГҮТББ-тай 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх ашиглалт үйлчилгээний гэрээ”-г байгуулсан. Дээрх 60 м.кв талбайтай модулыг түрээслэн авснаас хойш 2015 оны 3 дугаар сараас эхлэн 11 дүгээр сар хүртлэх хугацаанд түрээсийн байранд засвар, үйлчилгээг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн бөгөөд ямар нэгэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй. Засварын үйл ажиллагаа дууссаны дараагаар 2015 оны 12 дугаар сараас эхлэн 2016 оны 6 дугаар сар хүртлэх хугацаанд өөрийн урлангийн үйл ажиллагааг дээрх түрээсийн байранд эрхлэж байсан. 2016 оны 7 дугаар сараас эхлэн 12 дугаар сар хүртлэх хугацаанд Герман улсад ажиллаж амьдарч байсан. Мөн 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийн түрээслэх хугацаа дуусгавар болсон. Дээрх үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 1 дүгээр сараас эхлэн Энхбаатар гэх залуу түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2016 оны 2-12 дугаар сарын төлбөр 1 249 930 төгрөг, 2017 оны 1-5 дугаар сарын төлбөр 568 150 төгрөг, нийт 1 818 080 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг л зөвшөөрч байна. Урланг түрээслэж, гэрээ байгуулж дундын өмчлөлийн ашиглалтын зардлыг төлж байсан нь үнэн. Үйл ажиллагаа явуулж байсан зардлаа төлсөн, байхгүй байсан хугацааны зардлыг төлөхгүй. Учир нь би Монголд байгаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд өгсөн. Энэ талаараа би мэйл явуулж байсан. Гэтэл төлбөрийн нэхэмжлэх нь дандаа миний хаягаар ирээд байсан. Урланд өөр хүмүүс ажиллаж байгаа. Тиймээс ажиллаагүй байж төлөхөд хэцүү байна, үйл ажиллагаа явуулж байхад галын дохиоллыг ч хангаж өгөөгүй, 600 000 төгрөгийг л төлөхийг зөвшөөрнө, бусдыг зөвшөөрөхүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “В******* аж ахуй нэгжүүдийн холбоо” ГҮТББ нь хариуцагч “М*******” ХХК-д холбогдуулан дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 1 818 080 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардалд 15 500 төгрөг, нийт 1 833 580 төгрөгтийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “В******* аж ахуй нэгжүүдийн холбоо” ГҮТББ нь хариуцагч “Мэйд ин Э*******” ХХК-наас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашилалт, засвар үйлчилгээний зардалд 2016 оны 2 сараас 12 сарын төлбөр 1 249 930 төгрөг, 2017 оны 1 сараас 5 сарын төлбөр 568 150 төгрөг, нийт 1 818 080 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардал болох нотариатын үйлчилгээний хөлс 15 500  төгрөг, нийт 1 833 580 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Мэйд ин Э*******” ХХК нь түрээсийн гэрээний хугацаа дууссан, 2016 оны 7 дугаар сараас 12 сар хүртлэх хугацаанд Германд байсан, Монгол улсад байгаагүй, үйл ажиллагаа явуулаагүй тул дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээний зардлыг болон нотариатын зардлыг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

           

            Нэхэмжлэгч “В******* аж ахуйн нэгжүүдийн холбоо” ГҮТББ нь хариуцагч “Мэйд ин Э*******” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр №VC-15/171 тоот Аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх ашиглалт үйлчилгээний гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн байдлыг хангах, эзэмшил ашиглалт хамгаалалтыг хариуцах, нэхэмжлэгч нь үйлчилгээтэй холбогдсон нийтлэг зардлыг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан № VC-15/171 тоот гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №02 тоот “Мэйд ин Э*******” ХХК-ийн өргөдөл, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 15-18-р хуудас/

Зохигч талууд 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр №VC-15/171 тоот Аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх ашиглалт үйлчилгээний гэрээ, түрээсийн гэрээний тусгай нөхцлийг харилцан тохиролцож байгуулсан талаараа маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч ашиглалт, үйлчилгээний зардлыг шаардах эрхтэй байна гэж үзэв.

Хариуцагч нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, Вива сити хотхоны  S16 байрны S4 давхарын худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайг урлангийн зориулалтаар түрээслэсэн, түрээсийн гэрээний хугацаа нь 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр дууссан тул дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээний зардлыг төлөх үүрэггүй гэж мэтгэлцсэн.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан Аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх ашиглалт үйлчилгээний гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д “талууд энэхүү гэрээг Тусгай нөхцөлийн 3-т заасан хугацаагаар байгуулав”, 7.3-т “гэрээний хугацаа дуусахад аль нэг тал нь гэрээг цуцлах талаар шаардлага гаргаагүй нөхцөлд энэ нөхцлөөр анх гэрээ байгуулсан хугацаагаар дахин сунгасан гэж үзнэ” гэж заажээ.

Мөн хэрэгт авагдсан Түрээсийн гэрээний тусгай нөхцлийн 3-д “гэрээний хугацаа 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг дуустал нийт 3 жилийн хугацаатайгаар байгуулна” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь түрээсийн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртлэх хугацаагаа байгуулсан эсэх талаараа баримтаар нотлоогүй болно.

Иймд хариуцагч нь Аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх ашиглалт үйлчилгээний гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 болон Түрээсийн гэрээний тусгай нөхцлийн 3-д зааснаар гэрээний хугацаанд гэрээний 4-д зааснаар ашиглалт, үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нь 2016 оны 7 дугаар сараас 12 сар хүртлэх хугацаанд Герман улсад ажиллаж, амьдарч байсан, урландаа үйл ажиллагаа явуулаагүй, энэ талаараа мэдэгдэж мэйл явуулсан гэж тайлбарласан бөгөөд түүний шүүхэд ирүүлсэн гадаад паспортын хуулбараар 2016 оны 7 дугаар сарын 14-нөөс 2017 оны 1 дүгээр сарын 31-ний хүртлэх хугацаанд Монгол улсад байгаагүй болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчтэй байгуулсан Аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх ашиглалт үйлчилгээний гэрээг цуцлах талаараа мэдэгдэл, санал хүргүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж заасан боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаараа мэдэгдэж байсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний хөлс болох 2016 оны 2 дугаар сараас 12 сарыг хүртлэх, 2017 оны 1 сараас 5 сарыг дуусталх 1 818 080 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, нэхэмжлэх, “Мэйд ин Э*******” ХХК-нд хүргүүлсэн мэдэгдлээр тогтоогдсон, хариуцагч нь төлбөрийн тооцооллын талаар маргаагүй тул хариуцагчаас 1 818 080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ зохих ёсоор буюу тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргахад баримтуудыг нотариатаар баталгаажуулж 15 500 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийн нотариатын зардалд төлсөн 15 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иймд хариуцагч “Мэйд ин Э*******” ХХК-иас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 818 080 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардал 15 500 төгрөг, нийт 1 833 580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В******* аж ахуйн нэгжүүдийн холбоо” ГҮТББ-д олгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “Мэйд ин Э*******” ХХК-иас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 818 080 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан зардал 15 500 төгрөг, нийт 1 833 580 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “В******* аж ахуйн нэгжүүдийн холбоо” ГҮТББ-д олгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 288 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44 288 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.ХУЛАН