Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 141/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

                                            

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат

Улсын яллагчаар М.Гансувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Гад холбогдох эрүүгийн 2034002480213 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Г.Г нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 16-20 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Чанцалнямтай “хүүхдээ хот руу хүргэж өгөх” асуудлаас болж маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Гантулгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч .Гантулга нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 16-20 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Чанцалнямтай “хүүхдээ хот руу хүргэж өгөх” асуудлаас болж маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 49-60 тал/,

-2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №135 дугаартай: “...Г.Чанцалнямын биед тархи доргилт, баруун дал, баруун, зүүн чамархайд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...Дээрх гэмтэл нь нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэхдүгнэлт /хх-ийн 10-11 тал/,

- Хохирогч Г.Чанцалнямын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өгсөн: “...манай том охин Улаанбаатар хот руу өвөө, эмээ дээрээ очино гэсэн чинь одоо явж яах гээд байгаа юм, хоноцын шээсээ аваад зайл гэхээр нь би чи хүүхэд ад үзлээ гэж хэлээд хүүхдээ аваад гарах гэтэл миний нуруу хэсэгт гараараа нэг удаа, бөөр хэсэгт хөлөөрөө нэг удаа цохисон, би орилсон чинь дуугай бай гөлөг минь, муу хүний дуу чанга гэдэг шүү гэж хэлээд үснээс зулгаан доош дарж газар унагаан толгой, нүүр хэсэгт гараараа олон удаа цохисон, тэгэхээр нь би нүүрээ гараар хамгаалаад дарсан чинь сандал аваад толгой хэсэгт нэг удаа дахин цохисон.Би гарч зугтаагаад хажуу гэрт ороод төрсөн ах Баярмагнайд утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 тал/,

- Хохирогч Г.Чанцалнямын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би хамтран амьдрагч Г.Гтай Төв аймгийн Зуунмод сумын Энхтайваны 16-20 тоотод ирээд байж байгаад 2020 оны 03 сарын 08-ны өдөр өглөө цас орчихсон өглөө босоод цас арилгаад тэгсэн Гантулга намайг чи хэвтэж бай би хоол цай хийнэ гэсэн тэгээд би хэвтэж байсан чинь Гантулга утсаараа оролдоод байсан тэгэхээр нь би чи наад утсаа боль хоол цайгаа хийгээч гэсэн чинь чи өөрөө хийхгүй юу гэсэн тэгэхээр нь би чи юу гэээд байгаа юм бэ тэгүүл би хүүхэд хот руу өвөө эмээ дээр очино гээд байна хүргэж өгөөд ирье чи хоол цайгаа хийж бай гэсэн чинь заавал өнөөдөр хүргэж өгөх гээд байх юм яах гэж авчирсан юм гээд намайг цохиод авсан тэгэхээр нь чи яаж байгаа юм гэсэн чинь намайг цохиж зодоод миний биед гэмтэл учруулаад тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...намайг гараараа толгой нуруу руу цохиж зодож гэмтэл учруулсан...Г.Гтай 2016 оноос хойш 4 жил хамтран амьдарч байна гэрлэлт батлуулаагүй...Г.Г...эрүүл байсан...анх удаа намайг цохиж зодсон...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна...”, “...Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй байна. Г.Гтай сайн дураар эвлэрч байна...” гэх мэдүүлэг /хх- ийн 5-7 тал/,

-Гэрч Г.Баярмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.. манай төрсөн дүү Чанцалням нөхөртөө зодуулсан гээд уйлаад яриад байхаар нь би хотоос Төв аймагт ирсэн чинь миний дүүгийн нүүр, толгой, нуруу нь хавдаж хөхөрсөн, айсан байдалтай хоёр хүүхэдтэйгээ хадам ээжийндээ байсан. Тэгээд би цагдаад хандсан...Нөхөр нь хэрэлдсэнээсээ болоод уураа барьж дийлээгүй гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64 тал/,

- шүүгдэгч Г.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Төв аймгийн Зуунмод сумын төвд 6-р багийн нутагт гэртээ 2020 оны 03 сарын 08-ны өдөр эхнэр Г.Чанцалнямыг цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан....хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх- ийн 19-20 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Г нь 2020 оны 3 сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус тус гаргажээ. /хх-ийн 19, 69 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 4 сарын 66-ны өдөр 40 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шйидвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-74, 80 тал/ 2020 оны 4 сарын 16-ны өдөр яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч Г.Г нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Г.Гд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Г.Гантулгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүлээн  хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Г.Гд холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Гийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгосугай.
  2. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Гантулгыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА