Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1947

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, ** тоотод оршин суух  Ш овогт Б.Л /РД:*********/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х дүүрэг,  ** тоотод оршин суух И овогт Б.Г /РД:**********/,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух Б овогт Г.Ж /РД:*******/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 398 300 төгрөг, 37 мөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э*******, хариуцагч Г.Ж*******, Б.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

  Миний бие Б.Л******* нь Б.Г******* болон түүний эхнэр Г.Ж******* нартай зээлийн гэрээг бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн 4 984 600 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай 2015 оны 11 сарын 24-ний өдөр Б.Г*******д зээлүүлсэн юм. Б.Г*******, Г.Ж******* нараас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Б.Г*******оос үндсэн зээл 4 263 931 төгрөг 89 мөнгө, түүний алданги 2 134 368  төгрөг, 50 мөнгө бүгд 6 398 300 төгрөг 37 мөнгийг гаргуулж өгнө үү.

Миний бие Б.Лхагвадулам нь Б.Г*******, Г.Ж******* нартай зээлийн болон барьцааны гэрээг бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн 2500 ам.долларыг сарын 10 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Г*******ид зээлдүүлсэн. Эхнэр Г.Ж******* нь 2015.12.10-нд хүү 250,33 ам.доллар, 2016.02.01-нд хүү 248,67 ам.доллар, 2016.03.29-нд хүү 250 ам.доллар, мөн 2016.03.29-нд зээлээс 725,24 ам.доллар, 2016.05.25-нд алданги 177,20 ам.доллар тус тус төлсөн бөгөөд одоо үлдэгдэл зээл 1774,76 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл 1 ам.доллар, алданги буюу анзыг төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн 50 хувиар бодож 887,38 ам.доллар, нийт 2663,14 ам.доллар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч ам.доллараар зээлсэн боловч тухайн үеийн ханшаар бодоод  4 984 600 төгрөгийг зээлдүүлсэн талаар маргахгүй. Тиймээс ч шүүхэд хандаж зээлийн гэрээний үүргийг төгрөгөөр буюу 6 398 300 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн талаарх тайлагнал бол хариуцагч нарын хариу тайлбартай холбоотойгоор ам.доллараар бол үнийн дүн нь ийм болсон гэдгийг харуулахаар өгсөн юм. Харин ч нэхэмжлэгч ам.долларын төгрөгийн зөрүүг тооцохгүйгээр авсан мөнгийг төгрөгт шилжүүлэн бодсон. Тиймээс нэхэмжлэлийг хангаж 6 398 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Ж*******, Б.Г******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бид нэхэмжлэгч Б.Л*******аас 5 000 000 сая төгрөг зээлэх санал гаргасан боловч нэхэмжлэгчийн мөнгөний боломж нь болж өгөхгүй байна гэсэн үндэслэлээр 4 263 931 төгрөг зээлсэн билээ. Уг гэрээ байгуулагдсан өдрөөс хойш бид нэхэмжлэгч Б.Л*******ын өөрийн нэр дээр байрлах Төрийн банкны 417000521 тоот дансанд 2015.12.10-ны өдөр 500 000 төгрөг, 2016.10.19-ний өдөр 300 000 төгрөг, Хаан банкинд байрлах 5032160904 тоот дансанд 2016.02.01-ний өдөр 500 000 төгрөг, 2016.03.29-ний өдөр 2 000 000 төгрөг, 2016.06.24-ний өдөр 54 000 төгрөг нийт 3 354 000 төгрөг төлж байсан. Үүнийг нотлох банкны хуулга нь байгаа түүнийг шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгч байна. Иймд нэхэмжлэгч Б.Л*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 6 398 300 төгрөг 37 мөнгөний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь хариуцагч бид Иргэний хуульд заасны дагуу зөвхөн зээлийн гэрээний хугацаанд хүү төлөх үүрэгтэй, харин хугацаа хэтэрсэн тохиолдолд нэхэмжлэгч нь алданги тооцох ёстой байтал хүү тооцож давхар алданги тооцсон байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага болох 4 263 931 төгрөг гэж оруулсан байгаа нь үндэслэлгүй би анх зээл аваад зээлийн эргэн төлөлтийг хийж байсан гэтэл уг мөнгө нь хасагдаагүй байгаа бөгөөд, нэхэмжлэл дээр оруулсан хүү алданги гэх мөнгө нь зөвхөн алданги байх ёстой бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтаас харвал дээр шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм. Үндсэн зээлийн үлдэгдлээс нь миний төлсөн 3 354 000 төгрөгийг хасахаар 909 931 төгрөг болж байна. Харин алданги нь дээрх заалтаас хархад 909 931 төгрөгийн 50% гэхээр 454 965 төгрөг болж байна, нийт 1 364 896 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

  Хариуцагч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид зээлийг боломжийн хирээр төлж явсан, гэтэл 6 398 300 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Зээлийг ам.доллараар төл гэж хэлээгүй, тиймээс бид төгрөгөөр зээлийг төлж байсан гэв. 

 

Хариуцагч Г.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6 398 300 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бид анхнаасаа ам.доллар зээлнэ гэж тохиролцоогүй, төгрөгөөр зээлсэн. Тухайн өдрийн ханшаар тооцоод 4 984 600 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээний үүргийг төлж явсан, гэтэл нэхэмжлэгч хүү, алдангийг нэмж тооцсон байгаа тул үүнийг хасч, үлдэгдэл мөнгийг төлөхийг зөвшөөрнө гэв. 

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Л******* нь хариуцагч Г.Ж*******, Б.Г******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 398 300 төгрөг, 37 мөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.Л******* хариуцагч Б.Г*******, Г.Ж******* нар нь 2 500 ам.долларыг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцож, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр №1284/18:50 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулжээ. /хэргийн 4-р хуудас/

Мөн хариуцагч Б.Г******* нь М.Ч*******ын өмчлөлийн Б******* дүүргийн ******* хороо, ******* тоотод байрлалтай, Г-22*******0 дугаарт бүртгэлтэй 563 м.кв газрыг зээлийн барьцаанд барьцаалж, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, итгэмжлэл, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно. /хэргийн 5-6-р хуудас/

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн  зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гарын үсэг зурагдсан, зохих газарт бүртгэгдэж, гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилсэн, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. 

Нэхэмжлэгч нь хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулж, 2 500 ам.доллар буюу 4 984 600 төгрөгийг зээлсэн боловч үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тул үндсэн зээл 4 263 931 төгрөг, хүү 2 402 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 2 131 965 төгрөг, нийт 6 398 300 төгрөг, 37 мөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нар нь 2 500 ам.доллар буюу 4 984 600 төгрөгийг зээлсэн талаар маргаагүй боловч үндсэн зээл, хүүнд нийт 3 354 000 төгрөгийг төлсөн тул зээлийн гэрээний үлдэгдэл 1 364 896 төгрөгийг төлнө гэж маргасан.

 

Хариуцагч нар нь 2 500 ам.доллар буюу 4 984 600 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хариуцагч нь тохирсон хугацаанд нь мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна. 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.

Зохигч зээлийн гэрээг бичгээр хийж, гэрээндээ хүү, алданги тооцохоор тохиролцсон байгаа тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу хүү, алданги тооцож нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу тооцоход үндсэн зээл 4 984 600 төгрөг, хүү 1 495 380 төгрөг, нийт 6 479 980 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байх бөгөөд /2 500 ам.доллар х1 993,84=4 984 600 төгрөг, 4 984 600 х10хувь:100=498 460 төгрөг, 498 460 х3сар=1 495 380 төгрөг, 4 984 600+1 495 380=6 479 980 төгрөг/ нэхэмжлэгчээс хариуцагч нар зээлийн үүрэгт 3 354 000 төгрөгийг буцаан өгсөн талаар хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул буцаан өгсөн 3 354 000 төгрөгийг /2015.12,10-ны 500 000 төгрөг+2016,10,19-ний 300 000 төгрөг+2016.2.01-ний 500 000 төгрөг+2016.3,29-ний 2 000 000 төгрөг+2016.6.24-ний 54 000 төгрөг=3 354 000/ хасч, үлдэх 3 125 980 төгрөгийг /6 479 980 төгрөг-3 354 000 төгрөг=3 125 980/ хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв. 

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээ”-нд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар тооцохоор харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу алдангийг тооцоод 2 134 368 төгрөгийг нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй” тул хариуцагч нарын гүйцэтгээгүй үүрэг 3 125 980 төгрөгний 50 хувь болох 1 562 990 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Иймд хариуцагч Б.Г*******, Г.Ж******* нараас үндсэн зээлд 3 125 980 төгрөг, алданги 1 562 990 төгрөг, нийт 4 688 970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Л*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 709 330 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Г.Ж*******, Б.Г******* нараас зээлийн гэрээний үүрэгт 4 688 970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Л*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 709 330 төгрөг, 37 мөнгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117 330 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 89 973 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ХУЛАН