Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2018/ШЦТ/610

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай,

   улсын яллагч Г.Эсэн,

   иргэдийн төлөөлөгч Д.Саранцэцэг,

шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Л.Данзанноров,

хохирогч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Болортуяа,

иргэний нэхэмжлэгч Д.Ц,

гэрч Э.Н, З.Т,

шинжээч Т.Сэлэнгэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Хүрэлбаатарын Х.Д, Тавнан овогт Төгсбаярын Н нарт холбогдох 1810000940332 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа сантехникийн угсралтын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух Х.Д

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа тавилгын үйлдвэр ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Т.Н

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Х.Д, Т.Н нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Будда Виста” хотхоны ресторанд 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчим Д.Т.Нийг зодож түүний бие махбодид хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Х.Даас: “...Тухайн өдөр 2 байгууллагын шинэ жилийн үйл ажиллагаа дуусах болоод би ариун цэврийн өрөөнд бие засаад зогсож байхад нэг хүн миний араас түлхээд би хана мөргөсөн. Тэгээд би эргэж хараад яагаад байгаа юм бэ, болгоомжтой яваач гэхэд чи намайг болгоомжтой яв гэдэг хэн юм бэ гээд зодоон эхэлсэн. Тэгээд зууралдаад ариун цэврийн өрөөнөөс гараад хүмүүс салгасан. Зааланд ороод сууж байхад цагдаа ирсэн...” гэв.

Шүүгдэгч Э.Нгээс: “...Байгууллагын шинэ жилд очоод 23 цагийн үед харих гээд ариун цэврийн өрөө ороход 3 залуу зогсож байхаар нь би дотор байгаа хүмүүс гарахыг хүлээгээд гадаа зогсож байтал дотор маргалдаж байгаа чимээ сонсогдохоор нь ороход Х.Д Т.Н нар зууралдсан зогсож байсан. Тэгээд бид 4 яасан бэ гээд ариун цэврийн өрөөнөөс зууралдаад гараад ирсэн.Тэгэхэд Б гэдэг залуу гүйгээд явсан ба Т.Н, Х.Д бид 3 гарч ирэхэд Т.Н Х.Д хоёр хоорондоо зууралдаад салахгүй, харилцан зодолдож байсан. Би Х.Дыг салгахад Т.Н өөрөө гүйж ирээд зодолдоод байсан. Цааш нь юу болсоныг мэдэхгүй...” гэв.

Хохирогч Т.Нэс: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шинэ жилийн арга хэмжээ болсон. Манай байгууллагын шинэ жил рестораны 2 давхарт болсон болохоор би 1 давхарын ариун цэврийн өрөөнд ороод би босоо султуурт бие засаад эргэхдээ Х.Дыг түлхсэн. Тэгэхэд Х.Д надад олон нийтийн газар биеэ зөв аваад яваач гэхэд нь би уучлаарай гэсэн боловч маргалдаад бид хоёр заамдалцсан. Б гараа угаачихаад та хоёр боль гээд бид хоёрыг салгах гэж байхад араас нь Т.Н толгой руу нь цохьсон. Хамаг юм эхлүүлсэн хүн бол Э.Н байгаа. Х.Д намайг 2-3 удаа цохьсон. Х.Д, Э.Н, Б бид 4 зууралдаж гарч ирэнгүүт Э.Н миний зүүн нүд рүү маш хүчтэй, гал манартал 2 удаа хүчтэй цохьсон. Тэгэхэд Х.Д намайг дахиад цохьсон. Би маш хүчтэй цохилт авсан болохоор ухаан балартаад доошоо тонгойгоод Э.Нтэй зууралдаж байхад дахин 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд коридорын үүдэнд ухаан алдаад нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт явж байсан. Дараа нь нэг сэрэхэд 1 дүгээр эмнэлэгт байсан. Таксин дотор явж байхад 2 удаа зүрх зогссон гэсэн. Баасансүрэн надад хиймэл амьсгал хийгээд би энд зогсож байна. Гэмт хэргийн улмаас эд эрхтэнээсээ салсан. Эмчилгээний зардалд 76.773.940 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Д.Т.Нийн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Будда Виста” хотхоны ресторанд манай шинэ жил болсон ба нойлын өрөөнд нэг залуутай шүргэлцсэн ба тэр залуу намайг та яагаад байнаа гэхээр нь уучлаарай хөгшөөн гэхэд миний куртикны захнаас зуураад авсан ба тэр үед хамт явсан Б дундуур ороод салгах үед тэр залуутай хамт явж байсан залуу Быг цохиж байгаа харагдсан. Намайг заамдсан залуу 2-3 удаа толгой руу цохиод угаалгын өрөөнөөс чирч гаргаад тэр 2 залуу миний нүүр, толгой, хамар гээд гараараа хэд хэдэн удаа цохисон. Яг хэн нь хичнээн цохисон талаар мэдэхгүй байна. Тэгээд би хэсэг шоконд ороод ухаан алдсан ба нэг сэрэхэд рестораны үүдэнд манай эхнэр хажууд байж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 10-11, 82-83, 2 дугаар хх-ийн 30 дугаар хуудас/

Гэрч Б.Бын: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Оюу толгой ХХК-ны шинэ жил Будда Виста хотхоны 2 дугаар давхарт байрлах ресторанд эхэлсэн. 23 цагийн орчим тарах дөхөж байхад Т.Н бид хоёр 1 дүгээр давхарт байрлах нойл руу орох үед нэг хүн шээгээд зогсож байсан. Би шээгээд зогсож байхад Т.Н үл таних хүнтэй маргалдаад зодолдож эхэлсэн.Би салгах гэхэд намайг араас толгой руу цохихоор нь гараад ажлынхныгаа дуудах гээд коридорт гарахад манай ажлынхан байхгүй байхаар нь бүүр гараад энд зодоон болоод байна оръё гэж хэлээд ажлынхаа хүмүүсийг аваад орсон чинь нойлын үүдэнд 2-3 залуучууд нийлээд Т.Нийг газарт унагаачихсан зодож байхаар нь салгаад авсан чинь зүүн нүд нь таг болчихсон нүднээс нь цус урсаад байж байсан. Т.Н өөр хүнтэй маргалдаагүй бид нар зүв зүгээр арга хэмжээ дуусгаад нойл орж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч Б.Бгийн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Ред Пат” ХХК-ны шинэ жилийг Будда Виста хотхонд байрлах ресторанд тэмдэглэсэн юм. 23 цаг 50 минутын орчим шинэ жилийн арга хэмжээ тарах үед би рестораны гадаа байж байхад Т.Нийг хүн зодчихлоо /хэн хэлснийг санахгүй байна/ гэхээр нь дотогшоо оронгууд үүдний коридор хэсэгт Т.Н хагас суучихсан доошоо тонгойгоод гараараа нүүрээ дарчихсан, нүд орчмоос нь маш их цус гарсан байдалтай байхаар нь би очоод хэн чамайг зодсон бэ? юу болсон бэ? гэж асуухад Т.Н өөдөөс юм хэлэхгүй ёо ёо нүд өвдөөд байна гэхээр нь эмч дуудах гээд залгах хооронд Т.Н ухаан алдаад шалан дээр уначихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 15-16 дугаар хуудас/

Гэрч Б.Аын: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай ажлын шинэ жилийн арга хэмжээ болоод орой 23 цаг өнгөрч байхад би ажлынхантайгаа рестораны гадна байж байхад Т.Н зодуулсан байна гэж манай ажлын Цэнгэл хэлэхээр нь дотогшоо ороход Баасансүрэн түрүүлээд орчихсон Цогоог сандал дээр суулгах гээд байж байсан. Т.Нийн нүүрийг харахад битүү хавдчихсан, нүүр нь цус болчихсон юм асуухад хариулахгүй шокийн байдалтай байсан. Тэгсэн өлгүүр дээр зогсож байсан охин коридорын буланд тэр 2-3 залуу наад ахыг чинь зодчихсон юмаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17-18 дугаар хуудас/

Гэрч М.Б: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай нөхрийн ажлын шинэ жилийн арга хэмжээ болсон ба 23 цаг өнгөрч байхад би нөхөр Т.Н лүү залгаад баяр чинь тарах болж байна уу? очиж авах уу? гэж асуухад тэг тэг гэхээр нь би Будда Виста хотхоны руу очиход гаднаас хүн оруулахгүй гэж хамгаалагч нь хэлэхээр нь би дотроос хүн авах гэж ирсэн гээд дотогшоо ороход рестораны үүдний хэсэгт түшлэгтэй сандал дээр манай нөхөр ухаан алдчихсан хажууд нь хэдэн хүн сандарсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би хэн ингэчихсэн юм бэ гэхэд зөөгч зодсон хүмүүсийн нэг нь энд байгаа гэхээр нь дотогшоо ороод шар өмдтэй залуугийн зургийг нь авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19-20 дугаар хуудас/

Гэрч Э.Нгийн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаа хийж байхад 1 болон 2 дугаар давхарт байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон. Цагийг нь тодорхой санахгүй байна 23 цаг өнгөрч байсан байх 1 дүгээр давхрын гал тогооны хэсэгт зогсож байхад хүмүүс хашгирах чимээ гарахаар нь чимээ гарсан зүг болох угаалгын өрөөний тийшээ гүйгээд очтол нэг залуу шалан дээр 4 хөллөөд босож чадахгүй байхад нь нэг залуу урдаас нь хөлөөрөө өшиглөсөн чинь тэр 4 хөллөөд босож чадахгүй байсан залуу хойш савж унасан. Энэ үед уг 4 хөллөөд босож чадахгүй байсан залуугийн нүднээс маш их цус гарч шалаар дүүрэн цус болсон. Тэгээд тэр 4 хөллөсөн залуутай хамт явж байсан хүмүүс орж ирж уг залууг авч өргөж үүд рүү сандал дээр суулгаад эмнэлэг дуудсан. Намайг харахад тэр залууг нэг л хүн зодож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Гэрч Д.Т: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай “ШПИТЦ” ХХК-ны шинэ жилийн баярын арга хэмжээ Будда хаусд байрлах ресторанд болсон. 23 цагийн үед 00 өрөөний гадна тамхи татаад Нгийн эхнэр Жаргалыг хүлээгээд зогсож байхад 00 дотроос Н, Х.Д 2 өөр 2 хүнтэй ноцолдоод, зууралдаад, маргалдсан байдалтай гараад ирсэн. Гарч ирэнгүүтээ хоорондоо маргалдаад унангуут нь би салгасан. Эхлээд Нг татаж цааш нь болгочихоод эргэж Х.Дыг татахад нөгөө нүдэндээ цохиулсан залуу Х.Дын пиджакнаас зуурчихсан байсныг хүчтэй сэгсэрээд тавиулж байсан бөгөөд тэр залуу газарт унаж байсан. Х.Д өө пизда миний товчийг тасалчихлаа ш дээ гэж байсан. Х.Д, Н хоёр тэр залуутай яг яаж зодолсныг би хараагүй ямар ч байсан тэр хоёр нойлын өрөөнөөс тэр залуутай зууралдаж, ноцолдож, зодолдоод гарч ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91-92 дугаар хуудас/

Гэрч Д.Тийн: “...Тухайн орой шинэ жил тэмдэглэж байсан зааландаа байж байтал 23 цагийн орчим зөөгч охин танай хүмүүс, өөр хүмүүстэй маргалдаад байна гэхээр нь 00 орчим очиж Тайванцэцэг, Намуун хоёртой уулзаад юм ярьж байгаад үүд рүү явах гэтэл 00 дотроос 4 хүн зодолдоод гарч ирсэн. Би тухайн үед  ажилд ороод 20-иод хонож байсан болохоор өөрийн компаний ажилчидаа сайн танихгүй байсан бөгөөд сүүлд танилцаад тэр хоёр залуу Х.Д, Н нар гарч ирсэн гэдгийг мэдсэн. Гарч ирэх үед нь Тайванцэцэг, Намуун бид гурав үүд рүү зугтаагаад холдсон ба хэн хэнийгээ яаж зодсон талаар хараагүй зодоон дууссаны дараа очиход нүдэндээ цохиулсан залуу намайг цохичихлоо шдээ гээд орилж байсан. Х.Д, Н нарын биед ил харагдахаар айхтар цус нөж гоожсон шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 93-94 дүгээр хуудас/

Гэрч Х.Жаргал-Ундрахын: “...2017 оны 12 дугаар сарынм 28-ны өдөр “Шпитц” ХХК-ны шинэ жилийн баяр Будда хаус ресторанд болсон ба 23 цагийн орчим 00-ийн орчим хүмүүс шуугилдаад зодоон болоод байх шиг байхаар нь очиход хүмүүс хоёр тийш нь салгаж байхаар нь би Тайванцэцэгтэй хамт нөхөр Нг татаж салгаад шинэ жил болж буй заал руу оруулж суулгаад эргэж Х.Дыг авч явсан. Х.Д, Н нар тэр нүдэндээ цохиулсан гээд байгаа залуутай яаж зодолдсон болохыг хараагүй учир нь би салгаж байхад нь очсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 95-96 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд:

Хохирогч Д.Т.Нийн биед үзлэг хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №824 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №772 тоот хэргийн материалаар нэмэлтээр шинжилгээ хийсэн дүгнэлт /2 дугаар хавтасны 6-7 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №981 тоот хэргийн материалаар нэмэлтээр шинжилгээ хийсэн дүгнэлт /2 дугаар хавтасны 40-41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.Дыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтолтын зэргийг тодорхойлж /0.36%/ эрүүлжүүлсэн тухай баримт /2 дугаар хх-ийн 66-68 дугаар хуудас/,

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрч Б.Баар Т.Нг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас/,

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Т.Нэр Х.Д, Т.Н нарыг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 99-102 дугаар хуудас/,

2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрч Э.Нгээр Х.Д, Т.Н нарыг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн  45-48 дугаар хуудас/,

2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн СД-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 65 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Яллагдагч Х.Дын: “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би хохирогч Д.Т.Нийг зодож, хүнд гэмтэл учруулсан юм. Нтэй бүлэглэж зодсон зүйл байхгүй учраас хүлээн зөвшөөөрөхгүй байна. Т.Н намайг Т.Нтэй зодолдож байхад нь салгах гэж татаж, чангааж ноцолдож байсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 241-243 дугаар хуудас/,

Яллагдагч Т.Нгийн: “...Хохирогч Т.Н, Х.Д хоёр харилцан цохилцоод зууралдаад байхаар нь би нэг удаа салгах гээд хохирогчийн цээж рүү нэг удаа цохих болсон. Өөр хохирогч Т.Нийг цохиж, зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 248-249 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /1 дүгээр хх-ийн 73, 227 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 74, 79, 103 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 226 дугаар хуудас/

-Захиргааны зөрчил авагдсан эсэх талаарх мэдээлэл /1 дүгээр хх-ийн 68, 76-78 дугаар хуудас/,

-Боловсролын талаарх мэдээлэл /1 дүгээр хх-ийн 225 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Д, Т.Н нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж тус тус заасны дагуу хавтаст хэрэг авагдсан нотлох баримтыг үнэлэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Д, Т.Н нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүгдэгч Х.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчлэх  хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэг хамтран оролцох гэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1-т “ гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.

       Хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч Х.Д, Т.Н нар нь гэмт хэрэг үйлдэх тухайгаа хоорондоо урьдаас тодорхой ярьж тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцад санаатай нэгдэж хамтран оролцсон болох тогтоогдохгүй байна.

      Учир нь хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээ хийсэн дүгнэлтүүд, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

гэрч Э.Нгийн:  “...Би тухайн өдөр рестораны угтагч хийж байсан. Шинэ жилийн арга хэмжээ орой тарсан байсан учир би коридорт байсан. Тэгэхэд гадаа баахан хүмүүс шуугилдаад байсан болохоор юу болж байгааг нь хараад эргээд харахад хохирогч Т.Н дөрвөн хөллөсөн байхад нь нүд рүү нь Х.Д өшиглөж байсан. Э.Н тэнд байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,  “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажлаа хийж байхад 1 болон 2 дугаар давхарт байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болсон. Цагийг нь тодорхой санахгүй байна 23 цаг өнгөрч байсан байх 1 дүгээр давхрын гал тогооны хэсэгт зогсож байхад хүмүүс хашгирах чимээ гарахаар нь чимээ гарсан зүг болох угаалгын өрөөний тийшээ гүйгээд очтол нэг залуу шалан дээр 4 хөллөөд босож чадахгүй байхад нь нэг залуу урдаас нь хөлөөрөө өшиглөсөн чинь тэр 4 хөллөөд босож чадахгүй байсан залуу хойш савж унасан. Энэ үед уг 4 хөллөөд босож чадахгүй байсан залуугийн нүднээс маш их цус гарч шалаар дүүрэн цус болсон. Тэгээд тэр 4 хөллөсөн залуутай хамт явж байсан хүмүүс орж ирж уг залууг авч өргөж үүд рүү сандал дээр суулгаад эмнэлэг дуудсан. Намайг харахад тэр залууг нэг л хүн зодож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

гэрч З.Тын: “....Би тухайн өдөр “Будда Хаус” ресторанд цагийн ажил хийж байхад манай ажлын гадаа зодоон болоод хүмүүсийг салгаад буцаад ороход ард өөр зодоон болж байна гэсэн. Тэгээд би хамгаалагчийн хамт гүйгээд очиход 2 хүн нийлээд 1 хүнийг зодож байсан. Би зодуулж байсан хүнийг салгаж татаж байхад доороос нэг ботинктой хөл орж ирээд хохирогчийн нүд рүү нь өшиглөсөн. Би хэний хөл вэ гэдгийг харж амжаагүй...” гэх мэдүүлэг, “…Ингээд би очоод зодуулж байсан /Цог-Эрдэнэ/ залууг хойноос нь бүсэлхийгээр нь тэврээд хойш нь татсан чинь коридорын гарц талдаа зогсоод хохирогч /Т.Нийг/ залууг цохиж байсан залуугийн талаас нэг хөл орж ирээд хохирогч залууг тонгойсон байхад нь нэг удаа өшиглөсөн. Өшиглөхөд хохирогч залуугийн нүднээс цус гоожчихсон байсан бөгөөд хохирогч залуу нүдээ дарчихсан, гар нь цус болсон.Намайг салгаж байх үед Мөнхбат гэх хамгаалагч залуу нөгөө хохирогч гэх залууг зуурчихсан байсан залууг нь тэврээд татаж байсан. Ингээд татаад хойш нь болгоход хохирогч залуу ухаан алдчихсан байсан. /2 дугаар хх-ийн 33 дугаар хуудас/

        Гэрч Б.Бын: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Оюу толгой ХХК-ны шинэ жил Будда Виста хотхоны 2 дугаар давхарт байрлах ресторанд эхэлсэн. 23 цагийн орчим тарах дөхөж байхад Т.Н бид хоёр 1 дүгээр давхарт байрлах нойл руу орох үед нэг хүн шээгээд зогсож байсан. Би шээгээд зогсож байхад Т.Н үл таних хүнтэй маргалдаад зодолдож эхэлсэн.Би салгах гэхэд намайг араас толгой руу цохихоор нь гараад ажлынхныгаа дуудах гээд коридорт гарахад манай ажлынхан байхгүй байхаар нь бүүр гараад энд зодоон болоод байна оръё гэж хэлээд ажлынхаа хүмүүсийг аваад орсон чинь нойлын үүдэнд 2-3 залуучууд нийлээд Т.Нийг газарт унагаачихсан зодож байхаар нь салгаад авсан чинь зүүн нүд нь таг болчихсон нүднээс нь цус урсаад байж байсан. Т.Н өөр хүнтэй маргалдаагүй бид нар зүв зүгээр арга хэмжээ дуусгаад нойл орж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 13 дугаар хуудас/

        Гэрч Д.Т: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай “ШПИТЦ” ХХК-ны шинэ жилийн баярын арга хэмжээ Будда хаусд байрлах ресторанд болсон. 23 цагийн үед 00 өрөөний гадна тамхи татаад Нгийн эхнэр Жаргалыг хүлээгээд зогсож байхад 00 дотроос Н, Х.Д 2 өөр 2 хүнтэй ноцолдоод, зууралдаад, маргалдсан байдалтай гараад ирсэн. Гарч ирэнгүүтээ хоорондоо маргалдаад унангуут нь би салгасан. Эхлээд Нг татаж цааш нь болгочихоод эргэж Х.Дыг татахад нөгөө нүдэндээ цохиулсан залуу Х.Дын пиджакнаас зуурчихсан байсныг хүчтэй сэгсэрээд тавиулж байсан бөгөөд тэр залуу газарт унаж байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91-92 дугаар хуудас/ зэргээс дүгнэхэд шүүгдэгч Х.Д нь хохирогч Д.Т.Нийг өшиглөсний улмаас түүний биед хүнд хохирол учруулсан байна гэж шүүх үзэв.

       Өөрөөр хэлбэл хохирогч Д.Т.Нийн  гавлын зүүн талын суурь ясны их далавчны заадас дайрсан зөрөөгүй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул, зүүн нүдний салст лимбийн урагдал,нүдний алимны агууламжийн гоожилт, судсан бүрхүүлийн хавчигдалт,  нүдний алим авах мэс заслын дараах байдал /бүрэн хараагүйдэл/ гэмтэл нь уг журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 65%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” “нулимсны замын тасрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэж /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн №824 дугаартай, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн материалаар нэмэлтээр шинжилгээ хийсэн шинжээчийн №772 дугаартай дүгнэлтэнд /2 дугаар хавтасны 6-7 дугаар хуудас/ тус тус дурдсан гэмтэлийг шүүгдэгч Х.Дын хохирогчийн нүд рүү өшиглөсөн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн материалаар нэмэлтээр шинжилгээ хийсэн шинжээчийн №772 дугаартай дүгнэлтэнд хохирогч Д.Т.Нийн “...зүүн талын нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны зүүн хажуу ханын далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дух, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэж дурдсан бөгөөд уг гэмтэл нь зодооныг салгах явцад шүүгдэгч Т.Нгийн цохисон гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь хохирогч Д.Т.Нийн мэдүүлэг, гэрч Э.Нгийн мэдүүлэг, гэрч З.Тын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Т.Сэлэнгэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн материалаар нэмэлтээр шинжилгээ хийсэн шинжээчийн №772 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хохирогч Д.Т.Нийн биед учирсан хүнд, хүндэвтэр зэргийн гэмтэл нь хоорондоо холбоотой талаар мэдүүлсэн тул дээрх гэмтлүүдийг шүүгдэгч Х.Д нь учруулсан гэж үзсэн болно.

        Шүүгдэгч Х.Д нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Будда Виста” хотхоны ресторанд 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчим Д.Т.Нийг зодож түүний бие махбодид хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.Н нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Будда Виста” хотхоны ресторанд 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчим шүүгдэгч Х.Д, хохирогч Т.Н нарын зодооныг салгах явцдаа хохирогчийг цохиж түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Д.Т.Нийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 10-11, 82-83, 2 дугаар хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Б.Бын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Б.Бгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Б.Аын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17-18 дугаар хуудас/, гэрч М.Болоргэрэлийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч Э.Нгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Д.Т мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 91-92 дугаар хуудас/, гэрч Д.Тийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 93-94 дүгээр хуудас/, гэрч Х.Жаргал-Ундрахын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 95-96 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн №824 дугаартай

  1. Д.Т.Нийн биед гавлын зүүн талын суурь ясны их далавчны заадас дайрсан зөрөөгүй хугарал, зүүн нүдний салст, лимбийн урагдал, нүдний алимны агууламжийн гоожилт, судсан бүрхүүлийн хавчигдал, нүдний алим авах мэс заслын дараахь байдал / бүрэн хараагүйдэл /, нулимасны замын тасрал, зүүн талын нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны зүүн хажуу ханын далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дух, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. 5. 6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гавлын зүүн талын суурь ясны их далавчны заадас дайрсан зөрөөгүй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул, зүүн нүдний алим авах мэс заслын дараах байдал / бүрэн хараагүйдэл / гэмтэл нь уг журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 65%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн материалаар нэмэлтээр шинжилгээ хийсэн №772 дугаартай

  1. Д.Т.Нийн биед учирсан гавлын зүүн талын суурь ясны их далавчны заадас зөрөөгүй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул, зүүн нүдний салст, лимбийн урагдал, нүдний алимны агууламжийн гоожилт, судсан бүрхүүлийн хавчигдалт, нүдний алим авах мэс заслын дараах байдал / бүрэн хараагүйдэл / гэмтэл нь уг журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31.1-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 65%-р алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт, нулимсны замын тасрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн талын нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны зүүн хажуу ханын далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дух, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтасны 6-7 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн материалаар нэмэлтээр шинжилгээ хийсэн  №981 дугаартай

  1. 2. Д.Т.Нийн биед учирсан гавлын зүүн талын суурь ясны их далавчны заадас дайрсан зөрөөгүй хугарал, зүүн нүдний салст, лимбийн урагдал, нүдний алимны агууламжийн гоожилт, судсан бүрхүүлийн хавчигдалт, нүдний алим авах мэс заслын дараах байдал / бүрэн хараагүйдэл /, нулимасны замын тасрал, зүүн талын нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны зүүн хажуу ханын далд хугарал, хамрын таславчын мурийлт, зүүн дух, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэг бус удаагийн үйлдлээр нэг цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтасны 40-41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.Дыг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр согтолтын зэргийг тодорхойлж /0.36%/ эрүүлжүүлсэн тухай баримт /2 дугаар хх-ийн 66-68 дугаар хуудас/, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрч Б.Баар Т.Нг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 97-98 дугаар хуудас/, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Т.Нэр Х.Д, Т.Н нарыг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 99-102 дугаар хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрч Э.Нгээр Х.Д, Т.Н нарыг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн  45-48 дугаар хуудас/, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн СД-ийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Хохирогч Т.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 76.773.940 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэнээс хохирогч Т.Нэс 1-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 507.960 төгрөг /1 дүгээр хх 34-40 дугаар хуудас/, 1-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 40.000 төгрөг /1 дүгээр хх-ийн 121 дүгээр хуудас/, “Люкс мед” эмнэлэгт Томографийн шинжилгээ 2 удаа хийлгэсэн төлбөр /1 дүгээр хх-ийн 121 дүгээр хуудас/ 240.000 төгрөг, “Талимаа” эмнэлэгт эмчлүүлсэн баримт /1 дүгээр хх-ийн 121 дүгээр хуудас/ 175.298 төгрөг, “Ти Ти Жи” ХХК-нд шилэн нүд хийлгэсэн баримт /1 дүгээр хх-ийн 122 дугаар хуудас/ 160.000 төгрөг, “Мөнхийн тун” эмийн сангаас эм худалдан авсан баримт /1 дүгээр хх-ийн 124 дүгээр хуудас/ 14.210 төгрөг, “Гашуун булаг” ХХК-аас эм худалдан авсан баримт /1 дүгээр хх-ийн 124 дүгээр хуудас/ 11.200 төгрөг, “Аагфарма” ХХК-аас эм худалдан авсан баримт  /1 дүгээр хх-ийн 124 дүгээр хуудас/ 70.351 төгрөг, Халдварт өвчин судлалын үндэсний төвд Балнадын /дархлаажуулалтын/ вакцин 3 удаа хийлгэсэн баримт /1 дүгээр хх-ийн 128 дугаар хуудас/ 105.000 төгрөг, Энэтхэг улсад хийлгэсэн эмчилгээ, үйлчилгээний төлбөртэй холбоотой баримтууд /1 дүгээр хх-ийн 202-224 дүгээр хуудас/ 38.048.788 төгрөг, 1-р эмнэлгээс өвчний түүх хуулбарлан авсан баримт /1 дүгээр хх-ийн 33 дугаар хуудас/ 8.000 төгрөг, “Люкс-Мед” эмнэлгээс 4 удаа СД хуулбарласан баримтууд /1 дүгээр хх-ийн 122 дугаар хуудас/ 20.000 төгрөг, ЦГГ-аас эмнэлгийн онош орчуулсан баримт /1 дүгээр хх-ийн 123 дугаар хуудас/ 22.000 төгрөг, “Шилбүүр” орчуулгын газрын эмнэлгийн онош орчуулсан баримт /1 дүгээр хх-ийн 123 дугаар хуудас/ 25.000 төгрөг, “PSW” ХХК-ны Солонгос эмнэлгийн зөвөлгөө хүссэн баримт /1 дүгээр хх-ийн 123 дугаар хуудас/ 30.000 төгрөг, бензиний баримтууд /1 дүгээр хх-ийн 125 дугаар хуудас/ 262.502 төгрөг, “Медилайз” ХХК-ны Эмчилгээний санал авах үйлчилгээний хөлс/1 дүгээр хх-ийн 126 дугаар хуудас/ 30.000 төгрөг, “Медилайз” ХХК-ны Энэтхэгийн визний материал /1 дүгээр хх-ийн 126 дугаар хуудас/  50.000 төгрөг, “Туяа-Эрдэнэ” ХХК-ны Фото зураг угаалгасан баримт /1 дүгээр хх-ийн 127 дугаар хуудас/ 20.800 төгрөг, “М маркет” ХХК-ны нислэгийн хоёр хүний тийз захиалсан баримт /1 дүгээр хх-ийн 127 дугаар хуудас/ 5.019.800 төгрөг, Энэтхэг улсад хийсэн эмчилгээ үйлчилгээнээс бусад зардалд /1 дүгээр хх-ийн 167-201 дүгээр хуудас/ 2.177.390 төгрөг, “Редпаф монгол” ХХК-ны цалингийн тодорхойлолт нэг өдрийн цалин 302.323 төгрөг /1 дүгээр хх-ийн 145 дугаар хуудас/ нийт 15.052.140 төгрөг, “Люкс-Мед” томографийн зураг авахуулсан баримт 108.000 төгрөг, “Перфект” эмнэлэгт үзүүлсэн баримт 20.000 төгрөгийн нийт 67.221.939 төгрөгийн нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангасан байна гэж шүүх үзлээ.

       Шүүх дээр дурдсан нотлох баримтаас өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Д.Цаас ажилгүй байсан хугацааны цалин /1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/ 2.003.500 төгрөг, дүү Д.Т.Нийг Энэтхэг улсад эмчлүүлэхэд гарах бусад зардал зэргийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Т.Нд эмчилгээний зардалд нийт 15.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Д.Цын ажилгүй байсан хугацааны цалин 2.003.500 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 47.221.939 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.   

Мөн хохирогч Т.Н нь цаашид гарах эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч Д.Ц нь ажилгүй байсан хугацааны цалин, дүү Д.Т.Нийг Энэтхэг улсад эмчлүүлэхэд гарах бусад зардал зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

“Гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүйгээр бусдын… эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба…бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид

 

төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан учир шүүгдэгч Х.Даас 47.221.939  төгрөгийг гаргуулан хохирогч Т.Нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх, шүүгдэгч Х.Д, Т.Н нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан камерын бичлэг бүхий 2 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.Д, Т.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

  

1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х.Д, Т.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Х.Дыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Сартуул овогт Хүрэлбаатарын Х.Дыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

     Тавнан овогт Төгсбаярын Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Дын 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Нг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Х.Дт оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 2 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Х.Д, Т.Н нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Х.Даас 47.221.939 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Нд олгосугай.

 

8. Х.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Х.Дт авсан цагдан хорих, Т.Нд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ

 

ШҮҮГЧИД                                             С.БАЗАРХАНД

 

        Б.БАТБОЛОР