Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/681

 

 

 

 

 

 

 

 

2020           10            16                                          2020/ШЦТ/681

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Ц.Ганчимэг /томилолтоор/,  

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Ц овогт Б-гийн  Гт холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 12-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, - тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шангалгүй, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Б-гийн  Г /РД:- /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн орчимд Өмнөговь аймгаас -УНЗ улсын дугаартай автобусанд зорчин ирсэн Т.Т-ыг буулгахдаа түүний  машиний суудал дээр мартаж, гээж үлдээсэн Хувэй-6 \Huawei Y-6\ маркийн гар утсыг нь бусдын эд зүйл гэж мэдсээр байж авч завшиж, Т.Т-т 320.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 320.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Би прокурортой сайн дураараа ял тохирсон гэв.

 

  1. Хохирогч Т.Т- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би -УНЗ улсын дугаартай автобусаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотод ирсэн. Автобуснаас буухдаа өөрийн гар утсаа мартаад буусан байсан. Жуков дээр очоод гар утсаа санаад залгасан чинь Драгон дээр ирээд 1 шил архи авч өгөөд утсаа ав гэсэн. Би Драгон руу очиж явахдаа гар утас руугаа залгахад ахиад өөр хүн аваад би одоо Яармаг руу ээлж солих гээд явж байна. 12-13 цагийн үед яриад ирээд явчих гэсэн. Тэгээд 11 цаг өнгөрч байхад миний ярьж байсан гар утас руу залгаад би нэг данс явуулъя тэр данс руу 100.000 төгрөг хийчих, би гар утсыг чинь нэг газар үлдээчихье гэсэн. Би 100.000 төгрөг байхгүй бэлэн 40.000 төгрөг байна гэсэн чинь утас салгаад алга болсон...би хохирлын мөнгөө Б.Гас бэлнээр авсан тул одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцох боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-13-14, 15-16 х/,

 

3. Гэрч Ч.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Автобусны урд суудлын хажууд миний гар утасны хажууд нэг утас дугараад байхаар нь аваад ярихад би автобусанд гар утсаа орхисон байна, утсаа авмаар байна гэхээр нь 1 шил архи авч ирж өгөөд утсаа аваарай гэсэн. Анх тэр утас дуугарахад Б.Г ах наадах чинь хүний утас гэж надад хэлж байсан. Тэгээд цаашаа явж байхад Б.Г би хүн хариуцаж авч явж байгаагаараа наад утсыг чинь авна гээд надаас тэр гар утсыг аваад намайг манай гэрийн гадаа буулгасан..” гэх мэдүүлэг /хх-20-21/,

 

4. Гар утасны үнэлгээ тогтоосон баримт /хх-25-27 х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

 Шүүгдэгч Б.Г-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлэв. 

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч  Ц овогт Б-гийн  Г-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Гд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

    

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

8 Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР