Шүүх | Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 140/2016/0040/Э |
Дугаар | 40 |
Огноо | 2016-07-25 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 40
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг
Улсын яллагч Д.Шинэбал
ШүүгдэгчБ.Пүрэврагчаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бямбабаяр
Хууль ёсны төлөөлөгч Ц.Насантогтох
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пүрэврагчаад холбогдох 201613000061 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумд төрсөн, 17 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл -5, эцэг, эх, эгч дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Алтангийн хэсгийн 1-16 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цэнгүүн овогт Болд-Эрдэний Пүрэврагчаа / Регистрийн дугаар: ИГ98091016/
Шүүгдэгч Б.Пүрэврагчаа нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Цэнгүүн овогт Болд-Эрдэний Пүрэврагчаа 2016 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Жавхлантын хэсгийн 1-9 тоотод оршин суух иргэн Л.Оюунцэцэгийн байшингийн цонхны салхивчны шилийг хагалан орж зургийн аппарат, мөнгөн аяга 2 ширхэг, хөөрөг, мөнгөн болон алтан ээмэг бөгж гинж зэрэг эд зүйлс хулгайлсан болох нь эдгээр эд зүйлсийг алдсан талаар мэдүүлсэн хохирогч Л.Оюунцэцэгийн “....Би 2016 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Тува улс руу ажлаар яваад 04 дүгээр сарын 20-ны шөнө гэртээ ирсэн. Маргааш өглөө нь 11 цаг өнгөрч байхад ... бурханы хажууд яваад очсон чинь манай мөлхөө тавилга дотор байсан 2 ширхэг мөнгөн аяга...хөөрөг, миний ээмэг, бөгжний саванд байсан нэг хос алтан ээмэг, нэг хос монетан ээмэг, улаан хүрэн шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, кулан, доод хэсэгтэй бөөрөнхий сувдан шигтгээтэй цагаан алтан ээмэг, бөгж, кулан, ягаан шигтгээтэй монетан ээмэг, цагаан шигтгээтэй 2 ширхэг монетан бөгж, хар шигтгээтэй мөнгөн ээмэг, цагаан мөнгөн гинж, монетан кулан, цагаан шигтгээтэй мөнгөн бөгж 3 ширхэг, бөөрөнхий шигтгээтэй цагаан мөнгөн кулан 1 ширхэг, монетан гинж, 2 ширхэг мөнгөн аяга, Sony маркийн гэрэл зургийн аппарат зэрэг эд зүйл алга болсныг Пүрэврагчаа аваад явсан байна...” гэсэн мэдүүлгээр, түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.Батхүүгийн “... 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ ирэхэд миний хөх дайлантай хөөрөг, зургийн аппарат, эхнэрийн ээмэг, бөгж, мөнгөн аяга зэрэг зүйлүүд алга болсон байсан. Би алдагдсан эд зүйлүүдийг нарийн сайн мэдэхгүй, манай эхнэр сайн мэдэж байгаа...Миний хөөрөг шүрэн толгой, зэс халбагатай бага гарын, жижиг манан хөөрөг байсан 1 сая 500.000 төгрөгөөр үнэлэгдэх байх. Мөн доод ёроол хэсэгтээ цэнхэр шигтгээтэй, Музейн хамт олноос дурсгав гэсэн бичигтэй дунд гарын, нөгөөх нь ямар нэгэн бичиггүй дунд гарын цулгуй мөнгөн аяга байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.Бямбажаргалын “...04 дүгээр сарын 21-ний өглөө гэртээ байж байхад ээж мөлхөө тавилганы тавиур дээр байсан мөнгөн аяга хаана байгаан гэхээр нь би мэдэхгүй гэсэн, тэгээд ээж ээмэг бөгжөө үзсэн чинь ээжийн ээмэг бөгж, аавын хөөрөг зэрэг эд зүйл алга болчихсон байхаар нь цагдаа дуудсан юм.... Манай гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, аавын манан хөөрөг, ээжийн ягаан хайрцагтай ээмэг бөгж, Sony маркийн гэрэл зургийн аппарат зэрэг эд зүйл алга болсон байсан. ...” гэсэн мэдүүлгээр, болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр хурааж авсан шилний хагархай, болон хохирогчийн гэрт байсан мөлхөө тавилган дээрээс илрүүлж бэхжүүлсэн хурууны хээ нь шүүгдэгч Б.Пүрэврагчаагийн баруун гарын хурууны хээтэй тохирч байгааг нотолсон Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2016100038 дугаартай шинжээчийн дүгнэлт, тухайн эд зүйлсийг 2016 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө хулгайлж авсан талаараа мэдүүлсэн Б.Пүрэврагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 4 дүгээр сарын 19-ний ... шөнөө 12 цаг өнгөрч байхад Бямбажаргалын гэрийн гадна ... үүдэн дээр нь очиход хаалга нь цоожтой байхаар нь байшингийн баруун талд байдаг цонхыг гараараа тогшсон чинь цонхны шил нь хагарчихсан. Тэгэхээр нь хагарсан цонхны шилийг нь авч хаячихаад цонхны порчикыг нь татаад үзэхэд порчик нь онгойсон. Порчикоор нь гэрт ороод том өрөөний мөлхөө тавилганы тавиур дээрээс 2 ширхэг мөнгөн аяга, хөх дайлантай хөөрөг, Sony маркын гэрэл зургийн аппарат, унтлагын өрөөний том тольны шургуулганаас жижиг ягаан хайрцагтай ээмэг, бөгж зэрэг эд зүйл аваад буцаж нөгөө порчикоороо гараад явсан. Тэгээд авсан эд зүйлүүдээ зараагүй гэртээ байлгаж байгаад цагдаад баригдаад хураалгасан...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэллээ.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн цонхны шилний хагархай, тавилга дээрх хурууны хээ шүүгдэгчийнх мөн болохыг баталсан Завхан аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 201600038 дугаартай шинжээчийн дүгнэлт, Б.Пүрэврагчаагаас эд зүйл хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйлсийг хохирогчид өгсөн тэмдэглэлээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах нотлох баримтаар үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.Пүрэврагчаагийн бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийн улмаас хохирогчид нийт 3026000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын Үнэлгээний комиссын дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 00/000189 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаагаар, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Пүрэврагчаад ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.7, 55.1.9 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 7 ширхэг шилний хагархайг цаашид ашиглах боломжгүй учир дээрх эд зүйлийг устгах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 286 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Цэнгүүн овогт Болд-Эрдэний Пүрэврагчааг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэврагчааг оногдох эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэврагчаад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пүрэврагчаад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 7/ долоон/ сарын хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд түүнд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
5. Монгол улсын эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.
6. Шүүгдэгчид өмнө авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг шилний хагархайг устгасугай.
8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Б.Пүрэврагчаагийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 500000 төгрөгийн үнэлгээтэй шүрэн шигтгээтэй мөнгөн тоногтой эмэгтэй хүний үсний даралт 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, тогтоол гарахын цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болно..
11. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ