Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 16

 

2019            02             15                                                 16

 

М.Б, С.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                 

           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШЗ/31 дүгээр шүүгчийн захирамжтай, яллагдагч С.С, М.Б нарт холбогдох, эрүүгийн 1819002990152 дугаартай, 1 хавтас, 186 хуудас бүхий хэргийг прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 19... оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ..... төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Улаанбаатар хот, ....... дүүргийн 19 дүгээр хороо, ....... тоотод оршин суух, Боржигон овогт Мягмарын Б/РД:ЕЮ..........205/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

яллагдагч: Монгол Улсын иргэн, 196.......оны 03 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн ........суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ......дүгээр хороо, товчоо 7 гудамж, ..... тоотод оршин суух, Жарантай овогт Сэрээтэрийн С /РД:ЧИ......167/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Яллагдагч С.С нь бусадтай бүлэглэн Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр М.Бтай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч М.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр С.Стай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                                         

Анхан шатны шүүх: Яллагдагч С.С, М.Б нарт холбогдох эрүүгийн 1819002990152 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар аймгийн Прокурорын газарт буцааж,

хэргийг прокурорт очтол яллагдагч С.С, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Прокуророос яллагдагч Сгийн ямар гэмт хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчөөгүй, харин С нь нөхөр Г.Т гэгчтэй бүлэглэн М.Бг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь С.С, М.Б, гэрч Б.Энхтуул нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...яллагдагчаар татах хүн хуулийн этгээд хаана байгаа нь тодорхойгүй...” тохиолдолд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэхээр заасан ба БНХАУ-ын иргэн Чи Жузи буюу Түмэнбаатарын Т /РД:СП66021501/ Монгол Улсад байхгүй, БНХАУ-д оршин сууж байгаа болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар тогтоогдож эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, Т.Тт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, тогтоол танилцуулаагүй учир яллах дүгнэлтэд С.С нь бусадтай бүлэглэн хэмээн бичсэн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэх заалтын дагуу Т.Тт холбогдох хэргийг тусад нь шалгуулахаар эрүүгийн 181900361 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа учир 31 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Тодруулбал “Хэргийг прокурорт буцаасан” шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба хэргийн бүх ажиллагааг хянахад “...яллагдагч С.Стай бүлэглэсэн гэх этгээдийг олж тогтоох ажиллагааг хийсэн” гэж үзэх нөхцөл байдал хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна.  

Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад хохирогч С.Сгийн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод авахуулсан /хх-111/ толгойны томограф зураг, дүгнэлтийг шинжээчийн дүгнэлтэд тусгуулах хүсэлт /хх-40/-ийг мөрдөгчөөс “...шаардлагагүй” /хх-42/ гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх төдийгүй холбогдох зураг болон эмчийн дүгнэлтийг, хохирогчид буцааж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох хуулийн шаардлагад нийцээгүй улмаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэсэн хуулийг шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ШЗ/31 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Дүүрэнбилэгийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА