Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 880

 

 

 

 

2019 оны 12 сарын 04 өдөр      Дугаар 128/ШШ2019/0880                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн нэгдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: “С” ХХК,

          Хариуцагч: АМГТГКХД

        Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГКХД 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 227 тоот шийдвэрийг хүчингүй болгож, XV-0*******- тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг АМГТГКХДд даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ш.Ж нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь Б аймагт 2009 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани нь энэ хугацаанд хуулийн дагуу хайгуулын үйл ажиллагааг эхлүүлж геологийн ашиглалтын тархац, зүй тогтол, ашигт малтмал бүхий хуримтлалтай байж болох хэтийн төлөв бүхий талбайг тогтоох зорилгоор геологийн тодорхой үе шаттайгаар өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар хийж ирсэн. Манай компани нь ашигт малтмал хайгуулын XV0*******- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг холбогдох материалын хамт хуулийн хугацаанд буюу 2018 оны 6 дугаар сард Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн. Уг хүсэлтийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7/4902 тоот албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд ийнхүү сунгалт хийхдээ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасан давхцалтай тул давхцалтай хэсгийг буцаан өгөхийг даалгасан. Иймд уг мэдэгдлийн дагуу “С” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасан давхцалтай газрыг буцаан өгөх өргөдлийг 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан. Ашигт малтмал газрын тосны газар уг хүсэлтийг шийдвэрлэж байх хугацаанд уг хайгуулын тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөр төлөх хугацаа өнгөрсөн бөгөөд тухайн үед хайгуулын талбайн зарим хэсгийг буцаан өгсний дараа төлбөрөө төлөх ёстой гэсэн чиглэл санамжийг удаа дараа өгч байсан. Манай компани нь 2016 онд 1963180 гектар талбайгаас 1145582 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, 817597 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тухай 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 555 дугаартай шийдвэрийг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гардаж хүлээж авсан байдаг. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс уг хайгуулын тусгай зөвшөөрлийн газрыг хэсэгчлэн буцааж авах тухай албан ёсны шийдвэр гараагүй, 10 дахь жилийн төлбөр хэдэн төгрөг болохыг лавлаж асуухад шийдвэр гартал түр хүлээж байх чиглэл зөвлөмжийг тухайн асуудал эрхэлсэн мэргэжилтэн өгч байсан тул төлөх боломжгүй байсан. Мөн дээрх хугацаанд “С” ХХК-ийн захирал Ч.Н нь Х аймагт өөрийн эмэг эхийг асарч байсан тул санхүүгийн болон компанийн тамга тэмдгийг дур мэдэн ашиглах боломжгүй гэх шалтгааны улмаас түүнийг орлон ажиллаж байсан хүмүүс энэ асуудлыг түр хойшлуулсан байдаг. “С” ХХК-ийн зүгээс 10 дахь жилийн ашиглалтын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт, албан хүсэлт, хүндэтгэн үзэх нотлох баримтуудыг бүрдүүлэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор бичгээр хүсэлт гаргасан. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс уг зөвшөөрөлд төлөх мөнгөн дүнг тодруулан ээлжит жилийн төлбөрийг хариуцагч талын тогтоосон мөнгөн дүнгээр буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 52.275.785 төгрөг, алдангид 5.500.000 төгрөг тус тус төлж захиргааны байгууллагад хүргүүлсэн. Гэтэл  Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс дахин 7.000.000 төгрөгийг нэмж төлөх хэрэгтэй буюу ашигт малтмалын хайгуулын лицензийн 10 жилийн төлбөрийн алдангийг буруу тогтоосон байна гэх мэдэгдлийн дагуу 2019 оны 1 дүгээр улиралд 7.000.000 төгрөгийг тушаасан. Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэс нь ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж хасалт хийгдсэн талбайн хэмжээгээр төлбөрийн мэдэгдэл ирүүлээгүйн улмаас манай компани нь 2009 оноос хойш хийсэн хөрөнгө оруулалтаараа хохироод байна. Улмаар Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгийн хариуг өгөхгүй, 2019 оны 6 дугаар сар хүртэл явсан. 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын даргад албан бичгээр хандсан бөгөөд үүний дагуу тус газрын дарга Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1/4683 дугаартай албан бичгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх сүүлийн хугацаа нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байсан. Гэвч уг төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлсөн байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт тус тус заасныг биелүүлээгүй байх тул мөн хуулийн 56 дугаар зүйл 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 227 дугаартай шийдвэрээр цуцалсан тул уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирсэн. Нэхэмжлэлийг гаргах хүртэл тухайн шийдвэрийг манай компани хүлээн аваагүй, мөн 2018 оноос хойш хүсэлтийг шийдвэрлээгүй тухайн асуудлыг эрхэлсэн мэргэжилтэн албан тушаалтны хайнга хандсан буруутай үйлдлийн улмаас тусгай зөвшөөрлийн хасагдсан талбайн төлбөрийн хэмжээг мэдэгдээгүй уг эс үйлдэхүйг баталгаажуулсан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 227 дугаартай цуцалсан шийдвэрийг процессийн хувьд алдаатай, түүнчлэн Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон юм...”  гэв.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхэд бичгээр гарган өгсөн хариу тайлбараа дэмжиж байна. Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ховд аймагт эмэг эхээ асарч байсан гэдэг нь төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй байх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасны дагуу олгосон. Хэдийгээр хуулийн этгээдийн захирал нь байхгүй байсан ч гэсэн тамга тэмдэг нь энд байсан болохоор явахаасаа өмнө болон ирснийхээ дараа төлөх бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн сунгаад Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасан хязгаарлалтад орсон байна гэдгийг мэдээд хэсэгчлэн буцааж өгөхийг шаардсан гэсэн буруу тайлбар хэлж байна. Тэгэхээр манай зүгээс давхцалтай байгааг анхаарч үзнэ үү гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Харин заавал буцааж өг гэсэн шаардлага хүргүүлээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд “...талбайн хэмжээгээр гектар тутмаар нь тооцож тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлнө” гэж тодорхой хуульчилсан. Мөн зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.3 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй”. Өөрөөр хэлбэл төлбөр төлөх хугацаанд байсан талбайн хэмжээгээр төлөх ёстой. Тэгэхээр талбайгаа хэсэгчлэн буцааж өгсөн өргөдөл шийдэгдээгүй байсан бөгөөд талбайн хэмжээг тогтоож өгөхийг хүлээж байсан гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар төрийн захиргааны байгууллага нь аж ахуйн нэгжийн төлөх төлбөрийн талаарх  мэдэгдлийг хүргүүлдэггүй. Харин эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Мөн нэхэмжлэгч нь хэдэн төгрөгийн төлбөр төлөх ёстой байсан гэдгээ мэдэхгүй байсан тул хугацаа хэтэрснээс хойш 3 сарын дараа төлбөрөө төлсөн гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй юм. Төрийн захиргааны байгууллагын зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаандаа төлөхийг анхааруулан тухайн байгууллагын бүртгэлтэй хаягаар нь мэдэгдсэн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:     

Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагаа “АМГТГКХД 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 227 тоот шийдвэрийг хүчингүй болгож, XV-0*******- тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг АМГТГКХДд даалгуулах” гэж тодорхойлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар “С” ХХК-ийн 2009 оноос үйл ажиллагаа явуулж байсан гэх XV-0*******- дугаартай  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ээлжит жилийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс цуцалсан” үйл баримт болжээ.

Нэхэмжлэгчээс “...хуулиар хориглосон давхцалтай талбайг буцаан өгөх өргөдлийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан, захиргааны байгууллагаас уг хүсэлтийг шийдвэрлэж байх хугацаанд тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн  төлбөр төлөх хугацаа өнгөрсөн, тухайн үед хайгуулын талбайн зарим хэсгийг буцаан өгсний дараа үлдэх талбайн хэмжээгээр төлбөрөө тооцож төлөх байсан ...” гэж хариуцагчаас “...тус компанид 10 дахь жилийн төлбөрөө төлөх мэдэгдлийг захиргааны байгууллагаас хүргүүлсээр байхад, мөн талбайг буцаах албан ёсны шийдвэр гараагүй төлбөр төлөх хугацаа өнгөрсөн байхад тухайн жилд тусгай зөвшөөрлийн төлбөр хэдийг төлөхөө мэдэх боломжгүй байсан гэсэн нь үндэслэлгүй...” гэж маргажээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

Анх АМГТГКХД 2009 оны 300 дугаар шийдвэрээр Б аймгийн  Ногоон нуур сумын нутаг Дулаан хар уул нэртэй 19649.32 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0*******- дугаартай тусгай зөвшөөрлийг “Б*******” ХХК-д олгож, 2015 онд Кадастрын хэлтсийн даргын 1047 дугаар шийдвэрээр “С” ХХК-д  шилжүүлэн бүртгэсэн байна.

АМГТГКХД 2018 оны 501 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг үндэслэн ашигт малтмалын хайгуулын XV-0*******- дугаартай тусгай зөвшөөрлийн  хүчин төгөлдөр байх хугацааг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс тооцож, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг дуустал гурван жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийж, тусгай зөвшөөрөл эзэмшигч “С” ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7/4902 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, мөн уг мэдэгдэлд “...уг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайтай давхцалтай байх тул давхцалтай хэсгийг буцаан өгнө үү” гэж мэдэгдсэн байна.

Үүний дагуу 2018 оны 07 дугаар  сарын 31-ний өдөр “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Х******* тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгөхийг хүссэн өргөдлийг гаргаж, АМГТГКХД 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 553 дугаар шийдвэрээр “С” ХХК-ийн XV-0*******- тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайгаас 11455.82 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 8175.97 гектар талбайг хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэж, мэдэгдэл хүргүүлснийг тус компанийн гүйцэтгэх захирал Г.Х******* 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн “шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/5599 тоот албан бичгээр тогтоогдож байна.

АМГТГКХД 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 227 дугаар шийдвэрээр “хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр “С” ХХК-ийн XV-0*******- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлөх”-ийг үүрэг болгосон, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх журмыг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх”-өөр, 34.6-д “... заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах”-аар, 34.7-д “... хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар тусгайлан журамлажээ.

 Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32 ... дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй гэж хуульчилсан, тухайн тохиолдолд, нэхэмжлэгч компани нь хайгуулын XV-0*******- дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийг хадгалахын тулд “2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр”-өөс өмнө уг тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан, уг хугацаанд аливаа шалтгаанаар төлж амжаагүй бол “30 хүртэл хоног” буюу “2018 оны 08 дүгээр сарын 20-ны өдөр” хүртэл хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцсон алдангийг, тусгай зөвшөөрлийн үндсэн төлбөрийн хамт төлснөөр тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалах боломжтой байсан гэж үзнэ.

 Тусгай зөвшөөрөл эзэмшигч “С“ ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хуулиар тусгайлан заасан журмын дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй нь тогтоогдсон байх тул “С” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-0*******- дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан маргаан бүхий захиргааны акт Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд, хуульд нийцсэн гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчээс “...гүйцэтгэх захирал Ч.Н-г Х аймагт 2018 оны 07 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын хооронд эмээгээ асарч байсан тул санхүүгийн тамга тэмдгийг ашиглах боломжгүй байсан” гэж тайлбарлаж байгаа бөгөөд 2018 оны 07 дугаар сар бол “С” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх сүүлийн сар тул үүнээс өмнө төлөх бүрэн боломжтой гэж үзэж “өвчтэй хүн асарсан” саруудыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж тооцох боломжгүй байна.

“С” ХХК нь нэхэмжлэлдээ “...Ашигт малтмал, газрын тосны газар хайгуулын  талбайн  зарим хэсгийг буцаах хүсэлтийг шийдвэрлэж байх хугацаанд 10 дахь жилийн төлбөр төлөх хугацаа өнгөрсөн, мөн талбайг буцаах албан ёсны шийдвэр гараагүй байсны улмаас тухайн жилд ашигт малтмалын хайгуулын XV-0*******- тоот тусгай зөвшөөрлийн төлбөр хэд болохыг мэдэх боломжгүй  байсан...” гэжээ. Нэхэмжлэгч компаниас тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан хүлээлгэн өгөхийг хүссэн өргөдлийг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гаргаж, Кадастрын хэлтсийн  даргын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 553 дугаар шийдвэрээр “С” ХХК-ийн  XV-0*******- тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон Б аймгийн Н сумын Д нэртэй 19631.80 гектар хайгуулын талбайгаас 11455.82 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 8175.97 гектар талбайг XV-0*******- тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн  хавсралтад бичиж тэмдэглэж, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 7/5599 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөр”-ийг хэлэх бөгөөд хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх”-өөр, 32 дугаар зүйлийн 32.2-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 145 төгрөг, 2 дахь жилд 290 төгрөг, 3 дахь жилд 435 төгрөг,  4-6 дахь жилд тус бүр 1450 төгрөг, 7-9 дэх жилд тус бүр 2175 төгрөг, 10-12 дахь жилд 7250 төгрөг байх”-аар, 32.3-д “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд 21750 төгрөг байх бөгөөд харин шохойн чулуу, нүүрс, дотоодын үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмалын хувьд гектар тутамд 7250 төгрөг байх”-аар, 34 дүгээр зүйлийн 34.3-д “Тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй” гэж, 34.4-д “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцох”-оор заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл эзэмшигчээс хайгуулын талбайн гектар тутамд хуульд заасан хэмжээгээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй, харин тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг уг төлбөрийг хийх үеийн  тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэн тогтоохоор заасан ба нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх сүүлийн өдөр хүртэл XV-0*******- тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд өөрчлөлт ороогүй байсан байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан дээрх тайлбарыг  хүлээн авах боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2,  106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3, 34.7,1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГКХДд холбогдогдох “АМГТГКХД 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 227 тоот шийдвэрийг хүчингүй болгож, XV-0*******- тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг АМГТГКХДд даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                  ШҮҮГЧ                             Д.ЧАНЦАЛНЯМ