Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2014/0156

 

 “П" ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “П” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хуулийн зохицуулалтад нийцүүлж захиргаан акт гаргуулахаар буюу “Х” их дэлгүүрийн хууль бус үйл ажиллагааг зогсоож, хариуцлага тооцсон акт гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Х” ХХК-иас Кристиан диор нэрийн бүтээгдэхүүнүүдийг импортлон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулж байгаа нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Мөн улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5/35 дугаартай дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Х” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани гадаадын нэр хүндтэй үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийг Монголынхоо хэрэглэгчдэд санал болгож байгаа үйл ажиллагаа маань өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл биш харин дэмжиж байгаа үйлдэл болно гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нараас давж заалдах гомдолдоо: "П" ХХК нь дэлхийд нэр хүнд бүхий Кристиан диор, Живэнши зэрэг брэндүүдийн үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг Монгол улсын зах зээлд худалдаалах үйл ажиллагаа явуулдаг.

Гэтэл Х их дэлгүүр нь тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч болон өмчлөгчөөс нь авсан зөвшөөрөл, гэрээгүй атлаа дээрх нэрийн брэндүүдийн гоо сайхны зарим бүтээгдэхүүнүүдийг Монгол улсад худалдаалж байгааг "П" ХХК хууль бус хэмээн үзэж энэ маргаан үүссэн байдаг.

Маргаан үүсгэх болсон гол үндэслэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.2-т 12.9-д заасан зохицуулалт юм.

Учир нь "П" ХХК-ийн тухайд Кристиан Диор брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг Монгол улсад худалдаалахын тулд, хуульд заасан дээрх шаардлагыг хангахын тулд үйлдвэрлэгчтэй нь буюу Франц улсад байрлах Парфюм Кристиан диор компанитай 1995 оны 09 сарын 21-ний өдөр "Дистрибьюторын гэрээ", 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр "Онцгой эрхийн борлуулалтын гэрээ" зэргийг байгуулан эдгээрийгээ баталгаажуулан 2012 оны 12 сарын 07-ны өдөр Парисын албан ёсны нотариатын баталгаа, 2012 оны 10 сарын 30-ны өдөр батламж зэргийг авч шүүхэд нотлох баримтаар өгсөн байдаг.

Гэтэл Х ХХК-ийн тухайд Кристиан Диорын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах эрхтэй эсэхээ нотлох баримт гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ч тэр, шүүхэд ч тэр зөвхөн чанар, тоо, ширхэг /Гарал үүслийн тодорхойлолт/, урьдчилсан инвойс 13 05 гэсэн ганцхан баримт өгсөн.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ч тэр, шүүх ч тэр Х ХХК-ийн Диор нэрийн бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа үйл ажиллагааг шалгахдаа гаднаас бараа бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалж байгаа бол хэнээс авсан байх нь сонин биш, хэн нэгнээс л авсан, ямар баримт бичиг байх нь сонин биш, гадаад л баримт бичиг байвал, энэ баримтыг өгсөн газар нь хэн байх нь, ямар эрхтэй этгээд болох нь сонин биш, ямар ч байсан хамаагүй нэг баримт л байвал хамаагүй гэдэг агуулгаар асуудалд хандсан.

Гэтэл "П" ХХК-ийн авсан эрхүүд болоод манай Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар тавьж байгаа шаардлага бол заавал эрх бүхий этгээдээс нь түүний бараа бүтээгдэхүүнийг худалдаалах эрхийг гэрээгээр олж авсан байхыг шаарддаг.

Өөрөөр хэлбэл Диорын бараа бүтээгдэхүүн худалдаалах гэж байгаа бол Диороос л зөвшөөрөл авах ёстой. Түүнээс шүүхийн дүгнээд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үзээд байгаа шиг байдаг, байдаггүй нь мэдэгдэхгүй Герман Хела гэх сүлжээнээс биш. Нөгөө талаас шүүхийн шийдвэрт бичээд байгаачлан "П" ХХК нь Х ХХК-ийг өөртэй нь өрсөлдлөө, ижил төрлийн бараа бүтээгдэхүүн худалдааллаа гэж огт гомдол гаргаагүй юм.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилго бүхий хууль тогтоомжийн 12.2-т заасан шаардлагыг тавьсан бөгөөд П ХХК хуулийн энэ заалтад ягштал нийцэх байдлаар гадаад улсын гарал үүсэл бүхий бараа бүтээгдэхүүнийг Монгол улсад оруулж ирж худалдаалж байхад Х ХХК-ийн тухайд бусдын бараа бүтээгдэхүүнийг хэнээс ч авсан зөвшөөрөлгүйгээр, хаа нэгэн газраас оруулж ирж зарж байгаа нь хуулийн дээрх шаардлагатай нийцэхгүй төдийгүй энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9-д заасан хэрэглэгчдийг төөрөгдүүлэх үйлдэл мөн юм.

Учир нь гоо сайхны зах зээл дээр хэрэглэгчид П ХХК-ийн зарж байгаа, эсвэл Х ХХК-ийн зарж байгаа Диор хоёрын аль нь жинхэнэ, аль нь албан ёсны болохыг ялгах боломжгүй, энэ хоёрын хэн нь албан ёсны этгээд болохыг, хэнээс нь авахаа мэдэхгүй төөрөгдөлд орох юм. Үүнийг, энэ эргэлзээг л арилгах зорилгоор Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.2-т үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулсан байхыг шаардсан юм.

Түүнчлэн хуулиар яагаад заавал гэрээ байхыг л шаардсан юм бэ, яагаад тодорхойлолт биш, захидал биш, тэмдэглэл биш, зөвхөн гэрээ байхыг шаардаад байгаа нь ч цаанаа зорилготой юм.

Учир нь үйлдвэрлэгч болон түүний бараа бүтээгдэхүүнийг худалдаалагч хоёрын хооронд гэрээ байгуулагдсанаар тэдний хооронд тодорхой эрх, үүрэг, хариуцлага үүсч, түүнийх нь ард хэрэглэгчдийн эрх хамгаалагдаж, хэрэглэгч, худалдан авагчдад баталгаа ирдэг, тэд чанартай, аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөл бүрдэж, эрх нь хамгаалагддаг, итгэл ирдэг, тэр хэрээр үйлдвэрлэгчид хариуцлага хүлээлгэдэг.

Харин Хн тухайд Франц улсын Диор бараа бүтээгдэхүүнийг өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр Германаас оруулж ирж хэрэглэгчдэд хүргэснээр Монголын хэрэглэгчдэд Францын Диор брэндийн үйлдвэрлэгчдээс ямар нэгэн баталгаа өгөхгүй,

тухайн бүтээгдэхүүнүүдийн чанар, аюулгүй байдлыг хариуцахгүй тул үүний ард Монголын хэрэглэгчдийн эрх ашиг үйлдвэрлэгчийн зүгээс ямар нэгэн хамгаалалтгүй хоцрох юм. Өөрөөр хэлбэл худалдагчаас өөр эргээд буух эзэн, буцах хаяггүй гэсэн үг юм.

Эцэст нь Кристиан Диор брэндийн гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг П ХХК-иас өөр этгээд Монгол улсад худалдаалахыг эсэргүүцээгүй бөгөөд гагцхүү хуулиар үүний тулд ямар шаардлага тавигдаж байна, тэр шаардлагыг Х ХХК мөн хангах ёстой гэдэг агуулгаар маргаан үүсгэсэн.

П ХХК Кристиан Диор брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаалахын тулд барилгын тааз, талбайн хэмжээнээсээ өгсүүлээд ямар тавиуртай байх, тухайн тавиур дээр яаж өрөхөөс өгсүүлээд Кристиан Диорын бүхий л стандартыг хангаж, тодорхой гэрээ хэлцэл байгуулж, үүрэг хүлээж, хэрэглэгчдэд чанар, аюулгүй байдлыг амлаж чадаж байхад Х ХХК нь энэ бүх шаардлагыг үл хэрэгсэн үйл ажиллагаа явуулж байгаа явдал нь яавч шударга өрсөлдөөн биш юм.

Х ХХК нь П ХХК-тай яг адилхан гэрээ, зөвшөөрөлтэй, яг адилхан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.2-т заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд л сая шүүхийн шийдвэрт бичээд байгаа өрсөлдөөн, тэр дундаа шударга өрсөлдөөн, өрсөлдөөнийг дэмжих, хязгаарлах асуудал яригдахаас биш эрхтэй этгээд, эрхгүй этгээд хоёрын хооронд яавч өрсөлдөөний тухай, шударга өрсөлдөөний тухай, өрсөлдөөнийг дэмжих тухай яригдахгүй юм.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 сарын 06-ны өдрийн 29 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт Х ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцох тухай захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч “П” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан “Х" их дэлгүүрийн хууль бус үйл ажиллагааг зогсоож, хариуцлага тооцсон акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчээс “үйлдвэрлэгч болон өмчлөгчөөс нь зөвшөөрөл авалгүйгээр “Х” их дэлгүүр нь Кристиан Диор брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаалж байхад захиргааны байгууллага хариуцлага тооцохгүй байна” хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргаж байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг нэрлэн заасан байх ба эдгээр үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн маргаж байгаа дээрх үндэслэлийг нэрлэн заагаагүй байна. Иймээс захиргааны байгууллагыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д зааснаар худалдагч барааг худалдаанд гаргахдаа үйлдвэрлэгч /нийлүүлэгч/-ээс энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан бараа нийлүүлэх талаар зохих гэрээг байгуулсан байхаар зохицуулжээ. Эндээс үзэхэд нэхэмжлэгчийн “үйлдвэрлэгч болон өмчлөгчөөс зөвшөөрөл авч барааг худалдах ёстой” гэх тайлбар няцаагдаж байх ба нийлүүлэгчээс бараа худалдан авч, зарж борлуулах үйл ажиллагааг хуулиар хориглоогүй байна.

Мөн хуулийн дээрх заалтад “энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан барааг нийлүүлэх” хэмээн нөхцөл заасан байх ба энэ тохиолдолд хэргийн оролцогчид барааны чанар, хуурамч эсэх талаар маргаагүй тул Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтыг энэ хэрэгт хэрэглэхгүй.

Нөгөө талаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд Кристиан Диор компанийн нэрийн өмнөөс “үйлдвэрлэгч болон өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй” хэмээн шүүхэд маргах, нэхэмжлэл гаргах эрхийг тусгайлан олгогдоогүй байна.

Нэхэмжлэгчийн “Кристиан Диор компанийн барааг худалдаалахын тулд ямар шаардлага тавигдаж байгаа, тэр бүх шаардлагыг “Х” их дэлгүүр хангах ёстой” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь Кристиан Диор компанийн албан ёсны дистрибютор болж, бүтээгдэхүүн борлуулах, ямар ямар шаардлага тавигдах нь зөвхөн гэрээ байгуулагч хоёр талд хамааралтай болохоос гуравдагч этгээдэд хамааралгүй. Энэ тохиолдолд Кристиан Диор компани нь “манай бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүй борлуулсан” хэмээн Х их дэлгүүрт холбогдуулан маргах эрхтэй болохоос нэхэмжлэгчид хамааралгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Иймээс “шударга бусаар өрсөлдөж байна” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн “Х” их дэлгүүр нь тухайн барааг Германаас оруулж ирснээрээ тухайн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хариуцахгүй тул хэрэглэгчийн эрх ашиг хамгаалагдахгүй” гэх гомдлын тухайд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт зааснаар захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн нэхэмжлэлээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах учиртай. Ийм учраас хэрэглэгчийн эрх ашиг хамгаалагдах тухай асуудал нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд хамааралгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.      

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

  1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.