Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 096

 

 

 

 

Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

           

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 396 дугаар шийдвэртэй, Н-ийн нэхэмжлэлтэй, А-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Айбек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Берикбол, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцанд хийлгэсэн засварын хөлс 3421711 төгрөг, байранд засварын үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 99600 төгрөг, нийт 3521311 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэгч  Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Н нь орон сууцаа 1998 оны үед төрөөс үнэгүй хувьчилж авч эдүгээ 19 дэх жилдээ амьдарч байна. Тус 8 байр нь 5 давхар ба тэдний орон сууц 45 тоот номертой 4 давхарт байрлалтай. Нгийн орон сууцны эгц дээд талаас буюу 5 давхрын 48 тоотоос 2012 оноос хойш байнга халуун, хүйтэн ус алдсанаас болж тус орон сууцанд үлэмж хэмжээний хохирол учирсан. 48 тоот байрыг эзэн нь байнга оюутан нарт түрээслүүлдэг учраас жинхэнэ эзэмшигч, өмчлөгч нь хэн бэ гэдгийг анхны үед мэдэхгүй байсан боловч уг байрны хууль ёсны өмчлөгч нь Баян-Өлгий аймгийн ХААН банкны ажилтан А гэдгийг мэдсэн. Н нь А рүү утсаар ярихад тэрээр манай нөхөр Улаанбаатар хотод явж байгаа, танайд очиж байрыг үзнэ гэсэн. Ингээд А-ын нөхөр гэх Х тэдний орон сууцанд ирж орон сууцны бодит байдлыг нүдээр харж, орон сууцанд учруулсан гэм хорыг буюу хохирлыг төлж өгнө гэж амласан боловч утсаа ч авахгүй сураггүй алга болсон.

Н нарын амьдардаг орон сууцанд халуун, хүйтэн ус байнга дээд давхрын орон сууцнаас алдагдсаны улмаас орон сууц мөөгөнцөртөж, хана туурга хагарч, шавар шавхай дээрээс унаж, орон сууцанд хүн амьдрах аргагүй болсон. Үүнээс болж орцны хана ч мөөгөнцөртөж, будаг, шохой нь ховхорч унасан. Ингээд дээд давхрын орон сууцны өмчлөгч А нь тус орон сууцанд учруулсан хохирлыг төлж өгөөгүй учраас хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй "Азын хом шагай" ХХК-иар орон сууцанд засварын ажлын төсвийг хийлгэж, улмаар орон сууцны барилгын засал чимэглэлийг "НULD" ХХК-иар хийлгэсэн. Дээр дурдсан зардалд нийт 3521311 төгрөгийн бодит зардал гарсан. Иймд Нгийн хувийн өмчлөлийн орон сууцанд хийлгэсэн засварын хөлс болох 3421711 төгрөг, засварын үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 99600 төгрөг, бүгд 3521311 төгрөгийг А-аас гаргуулан Н-д олгуулах шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбарт: “Н нь өөрийнхөө эзэмшлийн орон сууцандаа хийсэн засварыг бусдаас нэхэмжилж, хөршийн эрхийг зөрчиж, бусдын эд хөрөнгийг нь эвдэн сүйтгэж, санаатайгаар оргон зугтаж байгаа мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Миний бие Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт хувийн өмчлөлийн орон сууцтай гэдгээ зөвшөөрч байна. Би уг байрны эзэн гэдгийг тус байрны сууц эзэмшигчдийн холбооноос мэдэх бүрэн боломжтой бөгөөд миний бие байнгын оршин суугаа газартаа тогтвортой оршин сууж байгаа. Хэрэв надаас хууль, журмын дагуу шаардсан, нэхэмжилсэн зүйл байгаа бол би тухай бүрт нь өгөх бүрэн боломжтой байсан. Н нь өөрийнхөө эзэмшлийн байранд дээд талын айлаас байнгын ус алдсан хэмээн бичсэн байна. Гэвч уг ус нь манай байрнаас алдсан нь эсхүл байрны завсарт байгаа усны хоолой хагарснаас ус алдсан болох нь тогтоогдохгүй байхад шууд тулган шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Миний эзэмшлийн байрны дотор байгаа бүх сантехник, усны хоолойнууд нь бүрэн бүтэн байсан ба ямар нэгэн байдлаар ус алдаж байгаа эсэх нь нүдэнд ил байгаа хэсгүүдээс нь ажиглаад мэдэх боломжгүй байсан бөгөөд ил ус алдаж байгаагүй. Өөрөөр хэлбэл энэ нь уг барилгын байрнуудын хоорондох нууц хоолойнуудаас гарсан байж болзошгүй юм. Тэрхүү ус алдаж буй газар нь хаана, хэний эзэмшлийн газар гэдэг нь тодорхой бус байгаа юм. Манай байрны ил монтажаас ус алдаж байгаагүйг нэхэмжлэгч Н болон түүний гэр бүлийнхэн ч гэсэн нүдээр үзэж, харж байсан. Тус байрны далд хоолойноос ус алдсан бол Сууц өмчлөгчдийн холбоо хариуцах ёстой. Иймээс нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр би орон сууцны даатгалыг сар бүр төлж байсан тул нэхэмжлэгч өөрт нь учирсан хохирлыг засвар хийлгэхээс өмнө надад мэдэгдсэн бол даатгалын компанид хэлээд, даатгалын байгууллагын төлөөлөл оролцуулан үнэлгээний байгууллагуудаар үнэлгээ хийлгүүлэн хохирлыг даатгалаас нөхөн төлүүлэх боломжтой байсан. Энэхүү нэхэмжлэлийг өмнө нь шүүхэд гаргаж байсан бөгөөд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотлох ёстой атлаа нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгээ нотолж чадаагүй байсан юм.

Иймээс тус нэхэмжлэл хэрэгсэхгүй болох ёстой атлаа нэхэмжлэлийг шүүх буцааж тогтоол гаргасан нь хариуцагчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн явдал болсон. Үүнээс болж би нэг хэрэгт 2 дахь удаагаа хариуцагчаар татагдаж байна. Хуулиараа тус нэхэмжлэлийг буцаах биш хэрэгсэхгүй болгох байсан юм. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчид хууль зөрчиж тусгайлан боломж олгосноос болж миний эрх ашиг зөрчигдөж болзошгүй байна. Хэрэв шүүхээс энэхүү нэхэмжлэлийг ханган шийдвэрлэвэл нотлох баримтыг бүрдүүлж чадаагүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй шүүх бүрэлдэхүүнээс гэм хороо буцаан нэхэмжлэх болно.

 

Эцэст нь хэлэхэд нэхэмжлэгч Н нь өөрсдийнхөө байрыг шинэчлэн засварлаж, гарсан зардлыг биднээр төлүүлэн авахыг эрмэлзэж байна. Иймд түүний хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 396 дугаар шийдвэрээр:

“1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн хариуцагч А-д холбогдуулан гаргасан Орон сууцанд хийлгэсэн засварын хөлс 3421711 төгрөг, байранд засварын үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 99600 төгрөг, нийт 3521311 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72550 төгрөгөөс 71291 төгрөгийг улсын орлого болгож, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1259 төгрөгийг Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Н-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суудаг, Ители-Күйик овогт Яайн Сьезд би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 396 тоот шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх тухайн гэм хорын маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр энэхүү давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэн Н тухайн орон сууцыг 1998 оны үед төрөөс үнэгүй хувьчилж авч, эдүүгээ 19 дэх жилдээ амьдарч байгаа. Тус 8  дугаар байр нь 5 давхартай ба Н-гийнх тухайн орон сууцны 45 тоот номертэй 4 давхарт байрлалтай, Н-гийн орон сууцны эгц дээд талаас буюу 5 давхрын 48 тоотоос 2012 оноос хойш байнга халуун, хүйтэн ус алдаснаас болж тус орон сууцанд үлэмж хэмжээний хохирол учирсан. Тухайн үед 48 тоот байрны өмчлөгч нь байнга оюутан нарт байраа түрээслүүлдэг учраас жинхэнэ, өмчлөгч нь хэн бэ гэдгийг анхны үед мэдэхгүй байсан. Харин сүүлд уг орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Баян-Өлгий аймгийн ХААН банкны салбарт ажилтай А болохыг олж мэдсэн байна. Н нь А-тай утсаар ярьж орон сууцанд бий болсон асуудлыг ярихад тэрээр миний нөхөр Х Улаанбаатар хотод явж байгаа, танайд очиж байрыг үзэж, хохирлыг чинь барагдуулан өгнө гэж хэлж байсан байна. Ингээд А-ын нөхөр Х гэдэг хүн орон сууцанд ирж, болсон байдлыг нүдээр үзээд орон сууцанд учруулсан гэм хорыг буюу хохирлыг арилгаж өгнө гэж хэлж амлаж байсан юм. Харин сүүлд А болон Х нар нь утсаа ч авахгүй сураггүй алга болсон. Н нарын амьдардаг орон сууцанд халуун, хүйтэн ус байнга дээд давхарын орон сууцнаас алдагдсаны улмаас орон сууц мөөгөнцөртөж, хана туурга хагарч, шавар шавхай дээрээс унаж, орон сууцанд хүн амьдрах аргагүй болсон юм. Үүнээс болж орцны хана ч мөөгөнцөртөж, будаг, шохой нь ховхорч унасан юм. Ингээд дээд давхрын орон сууцны өмчлөгч А нь тус орон сууцанд учруулсан хохирлыг төлж өгөөгүй учраас хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй “Азын хом шагай“ ХХК-иар орон сууцанд засварын ажлын төсвийг хийлгэж, улмаар орон сууцны барилгын засал чимэглэлийг “HULD” ХХК-иар засвар хийлгэсэн юм. Дээр дурдсан орон сууцанд хийсэн зардалд нийт 3521311 төгрөгийн бодит зардал гарсан юм.

Ийнхүү гарсан бодит зардлыг гэм хор учруулсан этгээд А нь арилгах үүрэгтэй юм. Гэтэл анхан шатны шүүх нь Н-гийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтуудыг үнэлээгүй явдалд гомдолтой байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 396 тоот шийдвэрийг хүчингүйд тооцон “Хувийн өмчлөлийн орон сууцанд хийлгэсэн засварын хөлс 3421711 төгрөг, байранд засварын үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 99600 төгрөг, бүгд 3521311 \гурван сая таван зуун хорин нэгэн мянга гурван зуун арван нэгэн\ төгрөгийг А-аас гаргуулан Н-д олгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Н нь хариуцагч А-д холбогдуулан орон сууцанд хийлгэсэн засварын хөлс 3421711 төгрөг, байранд засварын үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 99600 төгрөг, нийт 3521311 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч манай байрнаас ус алдсан эсхүл байрны засварт байгаа усны хоолой хагарснаас ус алдсан болох нь тогтоогдохгүй байхад шууд тулган шаардаж байгаа нь үндэслэлгүй, миний байрны дотор байгаа бүх сантехник, усны хоолойнууд нь бүрэн бүтэн байсан, ямар нэгэн байдлаар ус алдсан эсэх нь нүдэнд ил байгаа хэсгээс ажиглаад мэдэх боломжгүй бөгөөд ил ус алдаж байгаагүй гэж маргажээ.

           

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч 8 дугаар байрны 48 тоотоос 2012 оноос хойш байнга ус алдаж уг байрны 45 тоот айлын орон сууц мөөгөнцөртөж, хана туурга хагарч, будаг, шохой нь ховхорч унаснаас болж засвар хийлгэсэн хөлс 3521311 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүсжээ.

           

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “орон сууц мөөгөнцөртөж, хана туурга хагарч, шавар шавхай дээрээс унаж, будаг, шохой нь ховхорч унасан, хүн амьдрах боломжгүй болсон” гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаартай орон сууцанд гаргасан гэмтлийн дүгнэлтийг нотлох баримтаар шүүхэд өгсөн боловч уг дүгнэлтийг гаргасан хэсгийн инженер гарын үсэг зураагүй, нотлох баримтын шаардлагыг хангаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ба 8 дугаар байрны 48 тоот айлаас ус алдснаас болж хохирол учирсан гэх үндэслэлийг шүүхэд нотолж чадаагүй байна.

                                   

            Иймээс давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71300 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 396 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71300 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                       

                                                                        Д.КӨБЕШ