Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1624

 

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2017/01624

Улаанбаатар хот

 

 

                        

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 50 мянгат өөрийн байранд байрлах “Даянбулаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед их дэлгүүрт байрлах, “Номин даатгал” ХХК-д холбогдох

Даатгалын гэрээний үүрэгт 102 853 790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

         

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир,   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.                                                                                                

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Даянбулаг” ХХК-ийн захирал Я.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Даянбулаг” ХХК нь өөрийн өмчлөлийн 0108 УНИ улсын дугаартай Toyota Landcruiser маркийн авто машиныг “Номин даатгал” ХХК-иар даатгуулж, 3060202639 дугаартай тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал хийлгэсэн. Даатгалтай машиныг манай ажилтан жолоодон явахдаа гэнэтийн саад тохиолдож, машинаа зайлшгүй замын хажууруу гаргаж зогсоосны улмаас нийт 102 853 790 төгрөгийн хохирол учирсныг даатгагчид хандаж “Даатгалын гэрээ”-ний дагуу нөхөн төлбөр олгохыг хүссэн боловч гэрээний 5.17-д зааснаар “Хохирол гарсан шалтгаан , байрлал, хугацааны аль нэг нь тодорхойгүй..” гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно. Даатгал хийлгэсэн автомашиныг манай компани Голомт банкны лизингээр авсан, өмчлөх эрх нь тус банкны нэр дээр бүртгэлтэй ба сар бүр лизингийн төлбөр төлж байгаа. Автомашинд их хэмжээний хохирол учирсны улмаас компани өөрийн зардлаар засвар үйлчилгээ хийлгэх боломжгүй байгаа ба даатгагч “Номин даатгал” ХХК нөхөн төлбөр олгоогүйгээс автомашинд засвар үйлчилгээ хийх боломжгүйд хүрч ашиглах боломжгүй байгаа машинд их хэмжээний лизингийн төлбөр төлж нэмж хохирч байна. Иймд “Даян булаг” ХХК болон “Номин даатгал” ХХК-ийн хооронд 2016 оны 04-р сарын 21-ны өдөр байгуулсан 3060202639 дугаартай гэрээний 4.14 дэх хэсгийн “B” хамгаалалтын төрлөөр иж бүрэн даатгуулсан байхад үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан байх тул 102 853 790 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Даянбулаг” ХХК нь 2016 оны 4 дүгээр сард Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашин лизингээр худалдаж авсан. Лизинг олгосон Голомт банкны шаардлагын дагуу “Номин даатгал” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр даатгалын гэрээний 4.14.в нөхцөлөөр 3060202639 дугаартай даатгалын гэрээ байгуулсан. Энэхүү даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр шаардаж байгаа. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр даатгуулагчийн зөвшөөрөлтэй этгээд жолоодож явахдаа осол гаргаж 102.853.790 төгрөгний хохирол учруулсан. Уг хохирлыг арилгуулахаар “Номин даатгал” ХХК-д хүсэлт гаргасан боловч даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.17-д зааснаар хохирол гарсан шалтгаан, байрлал, цаг хугацааны аль нэг нь тодорхойгүй, 5.19-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд Цагдаагийн байгууллагад ослын талаар газар дээр нь мэдэгдэж, дүгнэлт гаргаагүй гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Тиймээс дараагийн шатны байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч холбогдох материалыг бүрэн дүүрэн шалгалгүйгээр даатгагчийн эрх ашгийг үндэслэлгүй хамгаалж хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Даатгуулагч “Даянбулаг” ХХК нь даатгалын нөхцөл бий болсон тохиолдолд даатгалын гэрээний дагуу “Номин даатгал” ХХК болон Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төв 102 утсанд мэдээлсэн. Энэ бол даатгуулагчаас хэрэгжүүлж болох үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэж болно. Харин Цагдаагийн байгууллага өөрийн үйл ажиллагааны хүрээнд акт, дүгнэлт гаргуулах нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал. Тиймээс хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  1. Даянбулаг ХХК-ийн бүрдүүлж өгсөн материалд 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр 361-н гарамд гарсан гэх зам тээврийн осолын талаар цагдаагийн байгууллагаар газар дээр нь үзлэг шалгалт хийлгүүлж, акт дүгнэлт гаргуулсан, тухайн үеийн нөхцөл байдлыг зургаар болон бусад баримтаар баталгаажуулсан баримт байхгүй.
  2. Даянбулаг ХХК-ийн эзэмшлийн автомашиныг жолоодож явсан жолооч Баяраа нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Номин даатгал” ХХК-нд бичиж өгсөн тайлбарт тухайн үед замын цагдаад дуудлага өгсөн цагдаа ирээгүй ярьж холбогдоод зургийг нь аваад хотруу ороод ир гэсний дагуу хотод орж ирж шалгуулсан гэх тайлбараар тухайн зам тээврийн ослын талаар цагдаагийн байгууллагаар газар дээр нь үзлэг шалгалт хийлгүүлээгүй болох нь тодорхой байна.
  3. Даянбулаг ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн тодорхойлолт, осол хэрэг гарсан газар дээрх хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг баримтууд байх боловч дээрх хэмжилтийн бүдүүвч зураг болон тодорхойлолтыг ямар баримтын үндсэн дээр үйлдсэн болох нь тодорхойгүй байна.

 

  1. Даатгалын 3060202639 тоот гэрээний даатгалд хамрагдахгүй нөхцлүүд хэсгийн 5.17-д Хохирол гарсан шалтгаан, байрлал, хугацааны аль нэг нь тодорхойгүй нотлох боломжгүй гарз хохирол, 5.19-д Хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд цагдаагийн байгууллагад аваар ослын талаар газар дээр нь мэдэгдэж үзлэг шалгалт хийлгэн акт дүгнэлтийг гаргуулаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар “Даянбулаг” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 “Даянбулаг” ХХК-ны бүрдүүлж өгсөн материал 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-ийн гарамд гарсан гэх зам тээврийн ослын талаар Цагдаагийн байгууллагаар газар дээр нь үзлэг шалгалт хийлгүүлж, акт дүгнэлт гаргуулсан болон тухайн үеийн нөхцөл байдлыг зургаар баталгаажуулсан баримт байхгүй. “Даянбулаг” ХХК-ны эзэмшлийн автомашиныг жолоодож явсан жолооч Р.Баяраа 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бичиж өгсөн “...Замын цагдаагийн газарт дуудлага өгөхөд ирээгүй, хотод орж ирж шалгуулсан...” гэх тайлбараар цагдаагийн байгууллагаар газар дээр нь үзлэг шалгалт хийлгээгүй болох нь тогтоогдож байгаа. Тухайн үед тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан болох нь тодорхойгүй байгаа. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Сонгинхайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн тодорхойлолт, осол болсон газрын бүдүүвч зураг гэх мэт баримтууд байгаа боловч ямар баримтын хүрээнд үйлдсэн болох нь тодорхойгүй байна. Иймд 3060202639 дугаартай даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.17-д зааснаар хохирол гарсан шалтгаан, байрлал, цаг хугацааны аль нэг нь тодорхойгүй, 5.19-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд Цагдаагийн байгууллагад ослын талаар газар дээр нь мэдэгдэж, дүгнэлт гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Даянбулаг” ХХК нь хариуцагч “Номин даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 102 853 790 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.  

 

Нэхэмжлэгч “Даянбулаг” ХХК нь хариуцагч “Номин даатгал” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр №3060202639 тоот “Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” байгуулж, тус компанийн Ланд круйзер маркийн 0108 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулсан болох нь хэрэгт авагдсан “Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”, даатгалын баталгааны хуудас, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 4-5-р хуудас/

Хэрэгт авагдсан “Номин даатгал” ХХК-ийн даатгалын баталгааны №3060202639 тоот хуудсанд даатгуулагчийн мэдээлэлд даатгуулагчийн нэр болон эзэмшигчийн нэр Голомт банк гэсэн боловч даатгалын хураамжийг “Даянбулаг” ХХК төлсөн, гэрээг “Даянбулаг” ХХК-ийн захиралтай байгуулсан, даатгуулагчийн гарын үсгийг “Даянбулаг” ХХК-ийн захирал Я.Пүрэвсүрэн зурсан гэж зохигч талууд шүүх хуралдаанд тайлбарласан, даатгалын гэрээг “Даянбулаг” ХХК болон “Номин даатгал” ХХК-ийн хооронд байгуулагдсан эсэх талаар зохигч талууд хэн аль нь маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.  

 

 

Мөн даатгалын зүйл болох 0108 УНИ улсын дугаартай Тоёота Ландкруйзер маркийн автомашиныг нэхэмжлэгч “Даянбулаг” ХХК нь худалдаж авахдаа Голомт банкнаас 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №ЗГ1905109397 дугаар “Автомашины зээлийн гэрээ”-гээр 165 000 000 төгрөгийн зээл авч, уг зээлийн гэрээний барьцаанд тус банктай мөн өдөр байгуулсан №БГ1905109397-1 дугаар “Барьцааны гэрээ”-гээр Тоёота ландкруйзер маркийн 0108 УНИ улсын дугаартай автомашиныг барьцаалж, банкны өмчлөлд автомашиныг шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн №1183827 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байх боловч “Барьцааны гэрээ”-ний 2.1-д “барьцаалуулагч нь барьцаанд бариулсан эд хөрөнгийн өмчлөгч буюу барьцаалах хууль ёсны эрхтэй болохоо албан ёсоор нотолсон болно”, Голомт банкны 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №10-167 тоот албан бичигт “...зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгэлтэй болохыг мэдэгдэж байна” гэсэн байх бөгөөд уг автомашин нь “Даянбулаг” ХХК-ийн эзэмшилд байсан талаар хэн аль нь маргаагүй тул нэхэмжлэгч “Даянбулаг” ХХК нь шаардах эрхтэй байна гэж үзэв. /хэргийн 9-12-р хуудас/

Зохигч талууд гэрээ байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байгуулагдсан уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч “Даянбулаг” ХХК нь даатгалын тохиолдол бий болж, даатгуулсан тээврийн хэрэгсэлд 102 853 790 төгрөгний хохирол учирсан тул даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн.

Хариуцагч “Номин даатгал” ХХК нь даатгалын гэрээнд заасан даатгалд хамрагдахгүй нөхцөл үүссэн тул даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэггүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарамын урд замд Тоёото Ландкруйзер маркийн 0108 УНИ улсын дугаартай автомашиныг жолооч Р.Баяраа жолоодож яваад замын хажуу руу орж автомашинд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийн “Автомашин, техникийн хохирлын үнэлгээний тайлан”, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 48-55-р хуудас/

Уг ослын улмаас нэхэмжлэгч “Даянбулаг” ХХК-ийн даатгалын гэрээнд хамрагдсан тээврийн хэрэгсэл болох Тоёото Ландкруйзер маркийн 0108 УНИ улсын дугаартай автомашинд 102 853 790 төгрөгний хохирол учирсан болох нь “Мөнххада” ХХК-ийн үнийн санал, “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийн автомашин, техникийн хохирлын үнэлгээний 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №45 тоот тайлангаар нотлогдож байх бөгөөд даатгалын зүйл учирсан хохирлын талаар зохигчид маргаагүй, харин хариуцагч нь тохиролцсон болзол бүрдсэн эсэх талаар маргасан болно.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйл учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлнэ гэж заажээ.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан “Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 5 зүйлд заасан даатгалд хамрагдахгүй нөхцлүүдийн 5.17-д “хохирол гарсан шалтгаан, байрлал, хугацааны аль нэг нь тодорхойгүй нотлох боломжгүй гарз хохирол”, 5.19-д “хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд цагдаагийн байгууллагад аваар осол, хулгайн талаар газар дээр нь мэдэгдэж, үзлэг шалгалт хийлгэн акт дүгнэлт гаргуулаагүй, гэрээнд заасан хугацаанд даатгагчид мэдэгдэж, хохиролтой холбоотой материалыг даатгагчид ирүүлээгүй” бол даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй гэж заасан байна.

Хариуцагч нь осол болоход цагдаагийн байгууллагад газар дээр нь мэдэгдэж үзлэг хийлгэж, акт дүгнэлт гаргуулаагүй, нөхөн үзлэг хийлгэсэн байгаа тул тухайн осол гарсан шалтгаан нөхцөл, байрлал, хугацаа нь тодорхойгүй нотлох боломжгүй гарз хохирол учирсан, мөн тухайн үед даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийг хэн барьж явсан нь мэдэгдэхгүй, тухайн хүний буруугаас осол болсон эсэх нь тогтоогдох боломжгүй тул тохиролцсон болзол бүрдээгүй гэсэн.

Түүнчлэн хариуцагч нь хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №8-2е/38 албан бичигт “...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус дүүргийн нутаг дэвсгэр 21 хороо, 361 гарамын урд замд Т.Ланд200 маркийн 0108УНИ дугаартай автомашиныг жолооч Р.Баяраа нь жолоодож яваад зам тээврийн осол гаргасныг зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Болорцогт дуудлагаар очиж хэмжилт хийхэд уг тээврийн хэрэгсэл нь ослын газраас хөдлөөгүй байсан болно” гэсэн боловч гэрчийн мэдүүллэгээр ослын газраас хөдөлсөн, нөхөн үзлэг хийсэн болох нь тогтоогдоно гэж мэтгэлцсэн.

 

Талуудын хооронд байгуулсан “Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.11-д зааснаар даатгуулагч буюу нэхэмжлэгч нь “замын цагдаагийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх, акт, дүгнэлт гаргуулах” үүргийг хүлээсэн бөгөөд уг үүргийнхээ дагуу Р.Баяраа нь Замын цагдаагийн газарт 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 07 цаг 29 минутад дуудлага өгсөн, ослын талаар газар дээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас, шуурхай удирдлагын хэлтэс-102-д өгсөн дуудлага мэдээллээр нотлогдож байна. /хэргийн 58-р хуудас/

Мөн нь нэхэмжлэгч нь ослын талаар “Номин даатгал” ХХК-нд мэдэгдсэн гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ослын талаар мэдэгдсэн, очиж автомашинтай танилцсан эсэх талаараа маргаагүй тул Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1-д заасан даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №13-8д/458 дугаар албан бичигт “...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус дүүргийн нутаг дэвсгэр 21 хороо 361 гарамын урд замд Т.Ланд 200 маркийн 0108УНИ дугаартай авто машиныг жолооч Р.Баяраа жолоодож яваад зам тээврийн осол гаргасаныг зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Болорцогт дуудлагаар очиж хэмжилт хийсэн болно” гэсэн байх бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлаар СХД-ийн 21 хороо, 61 гарамын замд 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 цаг 40 минутад дуудлага авч, 08 цаг 00 минутад үзлэг хийхэд мөргөх хэлбэрээр осол гарчээ. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 цаг 20 миниутад хэрэг гарсан нь үзлэгээр тогтоогдов. Холбогдогч жолоочийн биеийн байцаалтад Рэнцэндорж овогтой Баяраа, биеийн байдал эрүүл, утас 88086093, 99110108 гэж бүртгэсэн, дуудлагын бүртгэлийн хуудсаны 478/06-д “АТ-2, станц 08.00, 61 гарам, СХД, тландкруйзер 0108 УНИ Р.Баяраа, а/д Болорцогт” гэсэн байх тул осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр уг ослын талаар холбогдох баримт үйлдэгдсэн байна.

Иймд хохирол гарсан шалтгаан, байрлал, хугацаа нь Замын цагдаагийн газрын осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлаар тогтоогдож байх бөгөөд машинд ослын улмаас 102 853 790 төгрөгний хохирол учирсан, цагдаагийн байгууллагад аваар ослын талаар газар дээр нь мэдэгдэж, үзлэг шалгалт хийлгэсэн байх тул хариуцагчийн даатгалд хамрагдахгүй нөхцөл үүссэн гэсэн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.

Мөн хариуцагчаас даатгалын зүйл болох автомашиныг осол болох үед даатгуулагчийн зөвшөөрөлтэй этгээд барьж явсан эсэх нь эргэлзээтэй гэж маргасан боловч 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдалд холбогдогч жолоочийн биеийн байцаалтад Рэнцэндорж овогтой Баяраа, биеийн байдал эрүүл гэж тэмдэглэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын №0997807 дугаартай дэвтрийн хуулбараар Р.Баяраа нь “Даянбулаг” ХХК-нд менежерээр ажилладаг болох нь тогтоогдож байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас “Даянбулаг” ХХК-нд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаагүй байна гэсэн албан тоотыг ирүүлсэн боловч энэ нь даатгалын нөхөн төлбөрийг олгохгүй байх үндэслэл болохгүй болно.

            Зохигч талуудын хооронд байгуулагдсан “Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар “даатгуулагчийн зөвшөөрөлтэй этгээд жолоодох үеийн зам тээврийн осол В 100 хувь даатгуулсан байх тул гэрээний 4.1-д заасан “даатгагч даатгалд хамрагдахгүй нөхцлүүд хэсэгт заагдсанаас бусад тохиолдолд даатгалын эрсдэлийн улмаас даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө”, 4.2-д “даатгуулагч автотээврийн хэрэгслээ зах зээлийн үнээр бүрэн даатгуулсан тохиолдолд гарсан хохирлыг 100 хувь нөхөн төлнө” гэж зааснаар ослын улмаас автомашинд 102 853 790 төгрөгний хохирол учирсан үнэлгээний талаар хариуцагч тал маргаагүй тул хариуцагч “Номин даатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 102 853 790 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Даянбулаг” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч “Номин даатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 102 853 790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Даянбулаг” ХХК-нд олгосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Даянбулаг” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 672 300 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Номин даатгал” ХХК-иас 672 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Даянбулаг” ХХК”нд олгосугай.  

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН