Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1518

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Да.Энхцэцэг, Дэ.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголонгийн 9-387Б тоотод оршин суух Боржигон овогт Ишийн Отгонсүрэнгийн /РД:ШЖ58060714/ нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсд холбогдох

Тэтгэврийн зөрүү 4 162 880 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр иргэний  хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан, Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн И.Отгонсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний бие И.Отгонсүрэн нь улсад 28 жил 4 сар ажиллаж байгаад 2013 оны 8 дугаар сарын 12-нд тэтгэвэрт гарсан. Улсад ажилласан хугацааг минь үнэлж 314 000 төгрөгөөр тэтгэвэр тогтоосон.

            Олон хүнээс асуухад намайг тэтгэврээ арай бага тогтоолгосон байна гэсэн тул 2016 оны 11 сард Нийгмийн даатгалын газарт өргөдөл бичиж, тэтгэврээ дахин бодуулахад 104 072 төгрөгөөр нэмэгдэж 2016 оны 12 сараас 488 000 төгрөгийн тэтгэвэр авах болсон. Одоогоор миний биеийн байдал тааруу, чихрийн шижин өвчтэй, мөн элэгний өвчний улмаас хэвлийд шингэн хурсаны учир байнга эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Миний тэтгэврийг тогтоохдоо буруу бодож тогтоосон нийгмийн даатгалын ажилтанд их гомдож байна. Учир нь тэтгэврээс өөр орлогогүй надад 4 162 880 төгрөг бол эмчилгээнд маань их хэрэгтэй болно.

Иймд 2013 оны 8 сараас 2016 оны 12 сар хүртэлх нийт 40 сарын тэтгэврийн зөрүү болох 4 162 880 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас гаргуулж иргэн И.Отгонсүрэнг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Манай нөхөр болох нэхэмжлэгч И.Отгонсүрэн нь 2013 онд тэтгэвэрт гарахдаа тэтгэврээ тогтоолгоход 296 000 төгрөгөөр тогтоосон, гэтэл хамт ажиллаж байсан бусад хүмүүсээс бага байна гээд дахин 2016 оны 11 сард Нийгмийн даатгалын газарт өргөдөл өгсөн. Гэтэл 2016 оны 12 сард тэтгэврийг 488 000 төгрөгөөр тогтоосон. Тиймээс тухайн үед буюу 2013 онд тэтгэвэрт гарахад нь нийгмийн даатгалын ажилтны буруугаас болж, бага тэтгэвэр тогтоогдон хохирсон юм. Тухайн хариуцаж байсан ажилтан нь хамгийн өндөр тэтгэвэр тогтоолгох оныг нь буруу сонгосноос, энэ талаар зөвлөж, хэлж өгөөгүй үүргээ биелүүлээгүйгээс тэтгэвэр багаар тогтоогдож хохирсон гэж үзэж байна. Иймд нийгмийн даатгалын ажилтны буруугаас хохирсон хохирол болох 40 сарын тэтгэврийн зөрүү 4 162 880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус хорооны өндөр насны тэтгэвэр авагч Иш овогтой Отгонсүрэн 2013 оны 8 сард хүнд нөхцлөөр 28 жил 4 сар 1 өдрөөр 2003-2008 оны цалинг сонгож тэтгэврээ тогтоолгосон. Иргэн И.Отгонсүрэн нь 2016 оны 12 сарын 07-ны өдөр тэтгэврээ шалгаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан тул тэтгэвэр тогтоолгосон материалыг үзээд анх тогтоолгосон 5 жилийн цалинг нэг удаа өөрчлөх 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн 3/28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт: “2/авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтсонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа,” гэсний дагуу тэтгэврийг дахин шалгаж үзээд 1995-2000 оны цалинг сонгож тэтгэврийг нэмэгдүүлсэн. Иргэн И.Отгонсүрэнгийн өмнөх тэтгэвэр 384 907 төгрөг байсан бол Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу тухайн иргэн өргөдөл гаргасан өдрөөс хойш тэтгэврийн хэмжээг 2016 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн өөрчилсан 488 979 төгрөг болгон зөрүү 104 072 төгрөг нэмж тооцсон болно.

Иймд өргөдөл гарсан өдрөөс эхлэн цалингийн өөрчлөлтөөр дахин өөрчлөлт орж байгаа тул тэтгэврийн зөрүү болох 4 162 880 төгрөгийг тооцох боломжгүй. Иймд тус хэлтэст холбогдуулан гаргасан И.Отгонсүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тэтгэвэрт өөрчлөлт орсон нь манай ажилтны буруутай үйл ажиллагаанаас биш хуульд боломж олгосон байсан учраас л нэмэгдсэн юм. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв .

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нь 2013 онд тэтгэвэр тогтоолгоод 2016 онд өөрчилсөн юм байна. 2013 оны 8 сарын 12-нд тэтгэвэрт гарахдаа тухайн үеийн өргөдөл дээрээ хэдэн оны цалинг тооцохоор бичих ёстой боловч бичээгүй байсан учраас тахир дутуугийн тэтгэвэр авахдаа сонгож байсан оныг нь үндэслээд тэтгэвэр тогтоосон. Бидэнд заавал тухайн хүний өндөр тэтгэврийг сонгож ав гэсэн үүрэг байхгүй, тэтгэвэрт гарч байгаа хүн өөрөө л энэ оныг гэхэд бид тухайн оноор нь тэтгэврийг нь тогтоодог, өөрөө хүмүүс хариуцлагатай үүнийгээ бодоод ирсэн байдаг. Тиймээс нийгмийн даатгалын байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас тэтгэвэрт өөрчлөлт ороогүй, энэ нь тэтгэврийн хувийн хэргээр харагдаж байгаа. Жил болгон Засгийн газраас итгэлцүүр өөрчлөгдөж байдаг болохоор тэтгэврийн хэмжээ хэлбэлзэж байдаг, хэрвээ тухайн үед одоо нэхэмжлэгчийн хэлж байгаагаар тогтоогдсон бол зөрүү гэж 4 162 880 төгрөг биш, 663 төгрөг л гарахаар байна. Гэхдээ энэ нь хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэг удаа өөрчилж болох хууль батлагдсантай холбоотой зөрүү юм гэв.

           

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч И.Отгонсүрэн нь хариуцагч Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан тэтгэврийн зөрүү болох хохирлын 4 162 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нийгмийн даатгалын ажилтны буруутай үйл ажиллагаанаас цалинг буруу тодорхойлж тэтгэврийг багаар тогтоож хохирол учирсан тул 40 сарын тэтгэврийн зөрүү болох 4 162 880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.  

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, манай ажилтны буруутай үйл ажиллагаанаас тэтгэврийн зөрүү гараагүй, тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр өөрчлөгдөж, хууль батлагдсантай холбогдуулан цалинг шинэчлэн тогтоосонтой холбоотой зөрүү гарсан гэж маргасан.

 

Нэхэмжлэгч И.Отгонсүрэн нь 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэрт гарах тухай өргөдөл гаргаж, 2013 он 8 дугаар сарын 23-ны өдөр тэтгэвэрээ тогтоолгосон болох нь хэрэгт авагдсан өргөдөл, тэтгэвэр тогтоолтын хуудас, тэтгэврийн дэвтрийн хуулбар, тэтгэврийн хувийн хэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5-8, 20-24, 74-124-р хуудас/

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр авах эрх үүсч, 5 дугаар зүйлд заасны дагуу тэтгэврийн хэмжээг тогтоолгожээ.

Хариуцагч нь тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалаас шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн 2001 оноос 2005 оны хөдөлмөрийн хөлснөөс бодсон, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэд нэхэмжлэгч нь дурын 5 жилээр тогтоолгох оноо бичээгүй учир өмнөх групп тогтоолгохдоо бичсэн хөдөлмөрийн хөлсийг үндэслэсэн  гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохдоо 2001 оноос 2005 оны цалин хөлснөөс бодсон нь үндэслэлгүй, хамгийн өндөр 5 жилээс тооцоогүй учраас зөрүү гарсан, энэ талаар зөвлөгөө мэдээлэл өгөөгүй, нийгмийн даатгалын байцаагч нь үүргээ зөрчиж, ажилдаа хариуцлагагүй хандсан, 1995 оноос 2000 оны цалин хөлснөөс тодорхойлсон бол тэтгэвэр өндрөөр тогтоогдож хохирол учрахгүй байсан гэсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч И.Отгонсүрэн нь 2013 оны 8 сарын 06-ны өдөр “группээ цуцлаж тэтгэвэрт суух хүсэлтэй байгаа учраас өндөр насны тэтгэвэрт гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст гаргаж, 2013 оны 8 сарын 23-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсаар 28 жил 4 сар 1 өдөр шимтгэл төлсөн тул 2001 оноос 2005 оны хөдөлмөрийн хөлснөөс бодож, тэтгэврийн хэмжээг 296 835 төгрөгөөр, 2015 оны 4 сарын 24-ний өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсаар Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоол, 2015 оны 52 дугаар тогтоолын өөрчлөлтөөр тэтгэврийг 363 907 төгрөгөөр, 2016 оны 6 сарын 01-ний өдрөөс Засгийн газрын 292 дугаар тогтоолын дагуу тэтгэврийг 384 907 төгрөгөөр тогтоосон байна.

Мөн 2016 оны 12 сарын 07-ны өдөр “...1995-2000 оны цалингийн дундажийг нягтлуулан шалгуулах хүсэлтийг гаргасан” тул 2016 оны 12 сарын 12-ны өдрийн тэтгэвэр тогтоолтын хуудсаар шимтгэл төлсөн хугацааг 30 жил 1 сар 14 өдрөөр тооцож, 488 979 төгрөгөөр тэтгэврийг өөрчлөн тогтоосон болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэтгэврийн №99660 тоот хувийн хэрэг, түүний тэтгэврийн дэвтрээр тогтоогдож байна. /хэргийн 74-124-р хуудас/

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг ...аль дуртай 5 жилд төлсөн шимтгэлээс тооцохоор” заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан өргөдөлдөө өөрийн аль дуртай 5 жилээ дурьдаагүй боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгохдоо гаргасан өргөдлийг үндэслэн тогтоосон гэдэг нь үндэслэлгүй, тухайн даатгуулагчийн тэтгэврийн төрөл өөрчлөгдөж байгаа учраас өндөр насны тэтгэвэрийг тогтооход нэхэмжлэгчээс аль дуртай жилээ сонгох талаар тодруулах боломжтой байсан байна. 

Гэвч нэхэмжлэгчийг анх 2013 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Засгийн газрын 153 дугаар тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр тогтоосон боловч тэтгэврийг олгох явцад уг итгэлцүүр нь 2014 оны Засгийн газрын 15 дугаар тогтоолоор өөрчлөгдөж, 2014 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс хойш шинэчлэн тогтоогджээ.

Мөн 2015 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хуулийн 28.1.2-д “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа” өөрчлөн тогтоохоор заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн тэтгэврийг 384 907 төгрөгөөр тогтоосон боловч түүний хүсэлт гаргаснаар 488 979 төгрөгөөр өөрчлөн тогтоож, зөрүү нь 104 072 төгрөг болж байгаа боловч энэ нь нийгмийн даатгалын ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүссэн хохирол гэж үзэх үндэслэлгүй, хуульд зааснаар уг зөрүүг нөхөн олгох боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Учир нь Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд заасны дагуу гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, гэм буруу тогтоогдсон, учирсан гэм хор, гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл гэм буруу болон хохирол хоёр нь шалтгаант холбоотой тохиолдолд хохирлыг гэм буруутай этгээд арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч буюу даатгуулагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгөх бөгөөд уг баримтыг үндэслэн хариуцагч буюу нийгмийн даатгалын байгууллага нь уг баримт бичгийг хянан үзэж, тэтгэврийг тогтоох бөгөөд нэхэмжлэгчийн тогтоогдсон тэтгэвэр нь итгэлцүүр өөрчлөгдөх болон хуульд нэмэлт орсноор өөрчлөн тогтоосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч И.Отгонсүрэнгийн хариуцагч Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан тэтгэврийн зөрүү болох хохирлын 4 162 880 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар томилогдсон иргэдийн төлөөлөгч В.Түмэндэмбэрэл нь товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул зохигч талуудын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-д зааснаар нэхэмжлэгч И.Отгонсүрэнгийн хариуцагч Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан тэтгэврийн зөрүү болох хохирлын 4 162 880 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Отгонсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81 600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ХУЛАН

 

                                                      ШҮҮГЧИД                           Да.ЭНХЦЭЦЭГ

 

                                                                                                  Дэ.ЭНХЦЭЦЭГ