Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 142/ШЦТ/2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд

-улсын яллагчаар М.Гансувд

-хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Наранчимэг

-шүүгдэгч Р.Ш нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Шд холбогдох эрүүгийн 2034001510155 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Р.Ш нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “4 дүгээр зөрлөг” гэх газарт 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Сузуки Аеро маркийн 3219 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас урдаа яваа жолооч Б.Наранчимэгийн жолоодож явсан Тоёота Приус 20 маркийн 0692 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гарган, улмаар зорчигч Ц.Сумъяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Э.Наранчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Р.Ш нь: “02 сарын 05-нд хотоос гараад явж байхад урд байсан машиныг түрүүлэх зорилготой давхар машин гүйцэт түрүүлж яваад Наранчимэг зүүн гар тийшээ эргэхээр нь араар нь гарах санаатай байсан. Гэтэл Наранчимэг зогссон. Тэгээд араас нь орсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-8 тал/, зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 9-10 тал/, хохирогч Ц.Сумъяагийн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/, хохирогч Б.Наранчимэгийн мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/, үнэлгээний 16572188 дугаартай тайлан /хх-ийн 40-41 тал/, шинжээчийн 90 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 тал/, шинжээчийн 88 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34 тал/, техникийн шинжээчийн 17 дугаартай дүгнэлт /хх-ийн 47 тал/, шүүгдэгч Р.Шинэтулгын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

            Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Шд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

          Шүүгдэгч Р.Ш нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг “4 дүгээр зөрлөг” гэх газарт 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Сузуки Аеро маркийн 3219 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас урдаа яваа жолооч Б.Наранчимэгийн жолоодож явсан Тоёота Приус 20 маркийн 0692 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гарган, улмаар зорчигч Ц.Сумъяагийн эрүүл мэндэд хүндэвтэр, жолооч Э.Наранчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • Хэргийн газарт үзлэг хийсэн: “...хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р багийн нутаг 4-р зөрлөг гэх газрын Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн асфальтан зам дээр болсон байв. Уг газарт ирэхэд 06-92 УБА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан байрлалтай асфальтан замын зүүн хэсэгт замаас гарсан байдалтай байв. Түүнээс 14,10 метрийн зайд 3219 УНЛ улсын дугаартай Сузуки Аеро маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урд зүгт харсан байдалтай асфальтан замаас гарч зогссон байв. 06-92 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн багаж гупер гэрэл дохио арын шил зэрэг эвдэрсэн байдалтай зогссон байв. Мөн 32-19 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд гэрэл, дохио, гупер гопуд зэрэг нь эвдэрсэн байдалтай зогсож байв. Асфальтан зам дээр тээврийн хэрэгслүүдийн тарж бутарсан эд анги байх ба 32-19 УНА улсын дугаартай Аеро маркийн тээврийн хэрэгслийн тос тосол бүхий шингэн асфальтан зам дээр асгарсан байдалтай байв.Тээврийн хэрэгсэл мөргөлдөж тос, тосол асфальтан зам дээр асгарсан мөрний эхлэлийг А цэгээр авав...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 тал/,
  • Зам тээврийн осол хэргийн газрын схем зураглал /хх-ийн 9-10 тал/,
  • Хохирогч Б.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан хохирлын баримтууд /хх-ийн 12-13 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 54 тал/
  • Шинжээч “АРВИЖИХ-ЭСТИМЕЙТ” ХХК-ний үнэлгээчин Д.Чимэдсайханы 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16572188 дугаарын авто машины техникийн эвдрэл, хохирлын “...шууд зардал 3,990,000 ...шууд бус зардал 1,170,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан, дүгнэлт /хх-ийн 40-41 тал/,
  • Шинжээч Б.Батчимэгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 90 дугаартай: “...Ц.Сумъяагийн биед баруун 3, 4-р хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 тал/,
  • Шинжээч Б.Батчимэгийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 88 дугаартай: “...Б.Наранчимэгийн биед тархи доргилт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна...Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 тал/,
  • Техникийн шинжээч Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Х.Батболдын 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 17 дугаартай: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 06-96 УБА улсын дугаартай Приус 20 тээврийн хэрэгслийн жолооч Борхүү овогтой Наранчимэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв...32-19 УНЛ улсын дугаартай Аеро маркийн тээврийн хэрэгслийн жолооч Рэнцэн овогтой Шинэтулга нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалт зөрчсөн байна гэж үзэв...Аеро маркийн тээврийн хэрэгслийн жолооч Рэнцэн овогтой Шинэтулга нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалт зөрчсөнөөс Борхүү овогтой Наранчимэгийн жолоодож явсан Т.Приус 20 маркийн 06-92 УБА улсын дугаартай тээврийн хэрэгспийн араас мөргөж зам тээврийн осол гарсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 47 тал/,
  • Хохирогч Ц.Сумъяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2020 оны 02-р сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос нөхөр Шинэтулгын хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хоолт гэх газар луу 32-19 УНЛ улсын дугаартай Сузуки Аеро маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Тухайн үед нөхөр маань жолоо бариад би жолоочийн урд суудал дээр суугаад явж байсан юм. Тэгээд Налайх дүүрэг өнгөрөөд 4-р зөрлөг рүү даваад уруудаад явж байсан. Тухайн үед би унтаад явж байсан. Тэгтэл түр тар хийсэн чимээ гарахаар нь сэрээд харсан чинь цагаан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн байсан. Тэгээд би Налайх дүүргийн эмнэлэг дээр очоод үзүүлж эмнэлгийн тусламж авч зураг авхуулахад миний 2 ширхэг хавирга хугарсан байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хэргийн материалтай танилцахгүй шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

Хохирогч Б.Наранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Надад урьд гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна...Би хохирлоо барагдуулаад авчих юм бол ямар нэг гомдол санал гэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/, Түүний гэрчээр өгсөн: “...би 2020 оны 02-р сарын 05-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Налайх дүүргээс замын хүн суулгаад таксинд явсан юм. Уг хүн маань Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг 4-р зөрлөг гэх газар очино гэхээр нь би уг газарт хүргэж өгтөл 4-р зөрлөгийн Диваажингийн самбар гэх газрын асфальтан зам дээр буусан. Би тухайн хүнийг буулгачихаад цааш хөдөлж буцаж Налайх дүүрэг рүү явах гээд буцаж эргэх гээд дохиогоо өгчихсөн явж байсан. Тэгтэл миний ард хар өнгийн Харьер маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Харин би эргэх үйлдэл хийх гээд дохиогоо өгөөд явж байгаад толиндоо харсан чинь аймар хурдтай саарал өнгийн машин хойноос ороод ирсэн. Тэгснээ ард явж байсан машин бид хоёрын голоор орж ирээд миний араас мөргөж намайг машинтай хамт замын хажуу тал руугаа мөргөж оруулсан. Тэгээд би эмнэлэг Цагдаад мэдэгдсэн. Би тухайн үед машиндаа ганцаараа явж байсан. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг гаргуулна. Миний толгой хавантай байгаа. Хүзүүний зөөлөн эд гэмтэлтэй. Хавирганы цууралттай байгаа. Тухайн тээврийн хэрэгсэлд эрэгтэй, эмэгтэй 2 хүн сууж явж байсан. Эрэгтэй хүн нь жолоогоо барьж явсан. Би гомдолтой байна. Би эд хөрөнгө болон эрүүл мэндээрээ хохирсон учраас бүх зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

  • Шүүгдэгч Р.Шинэтулгын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би хүлээн зөвшөөрч байна...Би 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг 4 дүгээр зөрлөг гэх газар гүйцэж түрүүлэх гэж байгаад зам тээврийн осол гаргасан...би буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Ш, хохирогч Б.Наранчимэг нарын мэдүүлэг зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

       Шүүгдэгч Р.Ш нь Сузуки Аеро маркийн 3219 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.

 

          Шүүгдэгч Р.Шинэтулгийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

          Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Р.Шинэтулгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Р.Ш нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

       Иймд шүүгдэгч Р.Шинэтулгийг автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс хохирогч Ц.Сумъяад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгч Р.Ш нь хохирогч Ц.Сумъяад төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Наранчимэг нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд эд хөрөнгийн хохиролд 5.160.000 төгрөгийн, эрүүл мэндийн хохиролд 1.135.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалин буюу 2.000.000 төгрөгийн нийт 8.295.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Мөрдөн байцаалтын шатанд даатгалаас 5.000.000 төгрөг, шүүгдэгч Р.Шас 100.000 төгрөг тус тус төлсөн байна.

Шүүх хохирогч Б.Наранчимэгийн гаргасан эрүүл мэндийн 1.135.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт баримтаар авагдсан 820.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 770.000 төгрөгийн, ажилгүй байсан хугацааны 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нийт 1.770.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаас шүүгдэгч Р.Шинэтулгын төлсөн 100.000 төгрөгийг хасч үлдэх 1.670.000 төгрөг дээр даатгалын зөрүү болох 160.000 төгрөгийг нэмж шүүгдэгч Р.Шас нийт 1.830.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Наранчимэгт олгож, хохирогч Б.Наранчимэгийн 4 дүгээр сарын цалин болох 1000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг шүүгдэгч Р.Ш нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол төлөхтэй холбоотой асуудлаар завсарлага авч шүүхээс тогтоосон 1.830.000 төгрөгийг хохирогч Б.Наранчимэгт төлөөгүй байна.

Иймд шүүгдэгч Р.Шас нийт 1.830.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Наранчимэгт олгож, харин хохирогч Б.Наранчимэгийн 4 дүгээр сарын цалин болох 1000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Учир нь хохирогч Б.Наранчимэг нь хүүхэд харж сард 1.000.000 төгрөгийн цалин авдаг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулгаар нотлогддог тул 3 сарын цалин 1.000.000 төгрөгийг гаргуулж, харин 4 дүгээр сарын цалин авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул 4 сарын цалин болох 1.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Шүүгдэгч Р.Шинэтулгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 цагийн нийтэд тустай ажил хийлгэх” ялын дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгч Р.Шинэтулгийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Р.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд маргаагүй, бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдын эрүүл мэндэд учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч Р.Шинэтулгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Ш нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Шд сануулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Р.Шд Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Бусад асуудлаар:

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.Ш нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Р.Шинэтулгийн №761730 дугаарын жолоочийн үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Ш автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчисөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Дэлгэр овгийн Р.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Р.Шд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Ш нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Ш нь эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохиролд 5.100.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Р.Шас 1.830.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Наранчимэгт олгож, хохирогч Б.Наранчимэг нь 4 дүгээр сарын цалин болох 1000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.Ш нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Р.Шинэтулгийн №761730 дугаарын жолоочийн үнэмлэхийг буцаан олгосугай.
  2. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА