Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 17

 

2019            02             15                                                 17

Д.Т, О.З нарт холбогдох

                                                                эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                      

                                                                                                                                                                                     Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

            Шүүгдэгч: Д.Т,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Т, О.З нарт холбогдох, эрүүгийн 1819003250173 дугаартай, 1 хавтас, 126 хуудас бүхий хэргийг шүүгдэгч Д.Тын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.                                                                                                  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19..... оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, ......... харуул хамгаалалтын газарт ....... ажилтай, Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Ган замын ....... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Манлай ван овогт Д-ийн Т /РД:МЮ............1833/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 09 дүгээр сарын ......-ны өдөр Сэлэнгэ аймгийн ....... суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар төмөр замын харъяа ....... татах хэсэгт ....... ажилтай, Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, ........ байрны 0...... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт О-ийн З /РД:МЗ.......879/ нарт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Манлай ван овогт Д-н Т нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Виктория бааранд 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим хохирогч О.З-ын толгойн тус газарт толгойгоороо мөргөн, бороохойгоор цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Боржигон овогт О-ийн З нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ......... бааранд 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим хохирогч Д.Т-ын толгойн тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                           

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Манлай ван овогт Д-н Т, Боржигон овогт О-йн З нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.Зыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, О.З нар торгуулийн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т, О.З нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Д.Т, Д.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т, О.З нарт урьд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Т давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 2018 оны 11 сарын 04-ний шөнө 01 цаг 30 минутын үед Виктория бааранд хамгаалагчаар ажиллаж байхад О.З нь бааранд үйлчлүүлж байхдаа согтуурч бүжгийн талбайд эмэгтэй хүмүүсийг хоргоож, дараа нь 3 дугаар ширээнд сууж байсан 3 эмэгтэйн хажууд очиж суун бусдын тайван байдлыг алдагдуулсан учир намайг 3 эмэгтэй дуудсан. Очиход О.З нэлээн согтуу байсан. Би шаардлага тавьж та өөрийн сууж байсан ширээн дээрээ очно уу, эсхүл гарахыг шаардсан. Гэтэл урьд нь цагдаа байсан нь хамаагүй, зайл гэсэн. Тэгэхээр нь татаж баарнаас гаргасан. Би О.Зыг гаргаад гарах, орох хаалганы хажууд зөөгч Бат-Оргилтой зогсож байхад О.З гаднаас орж ирээд хүзүүдэж аваад чихэнд юм хэлэх гээд байх шиг байхаар нь тонгойж чихээ ойртуулахад хазах гэж дайрсан. Тэгэхээр нь зайлахад миний толгой хэсэгт мөргөчихөөд жорлон руу яваад өгсөн. Юу болсныг мэдээгүй, сүүлд нь сонсоход хамарнаас нь цус гарсан гэсэн. Би түүний хамрыг мөргөөгүй, өөрөө ирж мөргөсөн. Миний толгой болон нүдний шил хөдлөөгүй, толгойн хэсэгт хөндүүр болоогүй. Би гайхаад юу болсон талаар зөөгч Оргилоос асууж байсан. Тэгээд гадуур хувцсаа өмсөөд уулзах санаатай гарах гээд явж  байхад 3-р ширээнээс 1 эмэгтэй даллахаар нь очиж явахад З нь араас зүүн нүд рүү гараараа цохиж зуурч тэврээд тавихгүй, чамайг ална гээд агсраад байсан. Би түүнийг тавиулах гэж оролдож байгаад хоёулаа тэврэлдсэн хэвээрээ шалан дээр унасан. Энэ хооронд би түүний зүүн мөрний хэсэгт бороохойгоор 2 удаа цохисон. Тэгээд зөөгч Бат-Оргил бид хоёрыг салгаж гадагш нь гаргасан. Миний зүүн нүд таглагдсан, юм харахгүй болсон байсан. Нүдний шил хагарч шалаар тарсан малгай унасан байсан. Би түүний араас гарахад О.З машинд суугаад яваад өгсөн. Би 1-рт ажлаа хийж бааранд дэг журам сахиулж байсан, 2-рт О.Зыг хамар руу нь санаатай мөргөөгүй, өөрөө ирж хамраараа мөргөсөн. Ямар нэгэн гэмтэл үүсээгүй, зөвхөн хамарнаас нь цус гарсан. 3-рт миний зүүн нүд 1 хоног хараагүй байж байгаад аажмаар юм хардаг болсон. Урьд нь 2016 оны 1 сард нүдний хагалгаанд орж болор солиулсан, эмчийн хяналтанд байдаг. 4-рт миий биед халдаж, улмаар ална гэж тэврээд тавихгүй байхаа нь түүний халдлагыг таслан зогсоох гэж бороохой хэрэглэж цохисон. Өөр шалтгаанаар цохиогүй. Түүнд үүссэн гэмтэл нь ямар ч шарх сорви, нүдэнд харагдах зүйлгүй байсан. Хэрэв гэмтэл гарсан гэж үзэж байгаа бол миний буруугаас болоогүй, түүний өөрийн буруугаас болсон. Ер нь бааранд ч бай, гадаа ч бай согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхай байдал гаргасан, бусдыг үл хүндэтгэн, хүний биед харагдахаар гэмтэл үүсгэсэн О.Зын буруу гэж үзэж байна. Шүүхээс надад оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 26 жил цагдаагийн байгууллагад ажиллаад, ахмад цолтой тэтгэвэртээ гарсан хүн. Би өдий наслахдаа ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй, төрөөс гавъяа шагнал авч байсан. Намайг ажил үүргээ гүйцэтгэж байхад З миний биед халдсан. Би анхнаасаа энэ бүгдийг хэлсэн, би хүнд цохиулж хохироод дээр нь торгуулийн ял авч байгаадаа гомдолтой  байна гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Тын гаргаж байгаа гомдол үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн одоо өгч байгаа мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн мэдүүлэг зэрэг нь зөрүүтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т юу гэж мэдүүлсэн бэ гэхээр “З орж ирээд юм хэлэх гээд чих рүү ойртоход хазах гэж байна гээд би зайлаад мөргөсөн. Дараа нь орж ирэхэд нь цээж рүү нь бороохойгоороо 2 удаа цохисон” гэж мэдүүлдэг. Тэгсэн хэдий ч шүүх хуралдаан дээр өөр зүйл ярьж байна. Т нь Зын биед гэмтэл учруулсан болох нь хангалттай тогтоогдож байгаа. Зын довтолгоо эхлэх үед нь би цохисон, өөрийгөө хамгаалсан гэдэг боловч довтолгоо нь төгссөний дараа Т Зын биед хөнгөн гэмтэл учруулсан байдаг. Тын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн, нотлох баримтаар нотлогдсон тул Тын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Учир нь давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Тын давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр  хязгаарлалгүй тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Т нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Виктория баарны хамгаалагчаар ажилладаг ба 2018 оны 11 дүгээр сарын 04-ний орой тус бааранд үйлчлүүлж байсан О.Зыг бусдын ширээнд зөвшөөрөлгүй сууж, хүмүүсийн ая тухыг алдагдуулж байгааг анхааруулах явцдаа түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж, бороохойгоор цохисны улмаас биед нь тархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч О.З нь мөн бааранд, мөн цаг хугацаанд өөрийн ширээнд суухгүй бусдын ширээнд сууж, хүмүүсийн ая тухыг алдагдуулж байгааг анхааруулсан хамгаалагч Д.Тын шаардлага тавих явцад түүний эрх чөлөөнд халдаж толгой руу нь гараараа цохисны улмаас зүүн нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйл баримтууд болсон болох нь шүүгдэгч нарын гэрчээр,  яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/0378, 02/0375 тоот шинжээчийн дүгнэлтүүд, гэрч О.Хэрлэн, Г.Амгаланбаатар, Б.Бат-Оргил нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

Мөрдөн шалгах болон прокурорын хяналтын шатанд шүүгдэгч нарт хэргийн материал танилцуулсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад тэд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хуулийн зүйчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар бие биенийхээ эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь “Хууль ёсны байх” зарчимд нийцсэн, оролцогчдын “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” эрхийг хангасан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Тыг Виктория бааранд аман гэрээгээр тохиролцож хамгаалагчаар ажиллаж байсан тул “Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль”-ийн 3.1.4-т заасан харуул хамгаалалтын алба хаагч биш гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй болсон.

Шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч нарт мөн хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь хүнд биш,  “Шударга ёсны зарчим”-д нийцсэн ял шийтгэл гэж үзнэ.

Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч Д.Тын ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр  үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Тын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                                        А.САЙНТӨГС