Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 006/2015/0001/З |
Дугаар | 221/МА2015/0233 |
Огноо | 2015-06-03 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2015/0233
М.Үгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч М.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ё нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Үгийн нэхэмжлэлтэй, С аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С аймгийн Засаг дарга С.Б нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/414 дүгээр захирамжаар С сумын Ганзамын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орших БАМ-ын 1 дүгээр байранд 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03:00 цагт гал түймэр гарч, хүний амь нас эрсдсэн нөхцөл байдлыг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэхэд С сумын нутгийн байгууллагыг удирдлагагүй орхигдуулж, гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажлаагүй С сумын Засаг дарга М.Үд 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Иймд С аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/414 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С аймгийн Засаг дарга С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: С сумын нутгийн захиргааны байгууллагыг удирдлагагүй орхигдуулсан нь дараах баримтаар нотлогдоно. Үүнд: Сумын Засаг дарга томилолтоор ажиллах болон чөлөө авсан үед сумын удирдлагыг Засаг даргын орлогч хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэтэл сумын Засаг дарга М.Ү нь томилолтоор явахаасаа өмнө Засаг даргын орлогч Д.З-т ажлаа хүлээлгэж, үүрэг даалгавар өгч ажиллаагүйн улмаас сумыг удирдлагагүй орхигдуулсан байна.
Сумыг удирдлагагүй орхигдуулсан нь мөн аймгийн Онцгой комиссын ирцийн бүртгэл, хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байдаг. Онцгой комиссын гишүүн нь М.Ү руу 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний 08 цаг 30 минутад 99168045 дугаарын утсаар залгахад холбогдох боломжгүй байсан.
Сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын а,б-г, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8, 14, 26 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулаагүй төдийгүй, хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/414 дүгээртэй Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ё давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийн
1.Үндэслэх хэсгийн ...Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь дүгнэж үзээд С аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/414 дүгээртэй захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Тогтоох хэсгийн 1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/414 дүгээртэй Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгосугай гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
С сумын Ганзам 7 дугаар багийн нутаг дэвсгэрт орших БАМ-ын 1 дүгээр байр-нд 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 цагт гал түймэр гарч, хүний амь эрсэдсэн нөхцөл байдлыг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэхэд С сумын нутгийн захиргааны байгууллагыг удирдлагагүй орхигдуулж, Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй гэсэн үндэслэлээр С сумын Засаг дарга М.Үд сахилгын шийтгэл ногдуулсан С аймгийн С сумын Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/414 дүгээр захирамжийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийн үндэслэл, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч М.Ү нь 2014 оны 10 дугаар сарын 30-наас 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сум дүүргийн Засаг дарга нарын улсын зөвлөлгөөн-д[1], 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хотын захирагч-2014 хэлэлцүүлэгт тус тус оролцон Улаанбаатар хотод ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар[2] тогтоогдож байна.
Засаг даргын орлогчийн ажлын байрны тодорхойлолтын 1.4-д Засаг даргын эзгүйд ажлыг нь орлон гүйцэтгэж болно[3] гэж заажээ. Харин сумын Засаг даргын орлогч Д.З нь Удирдлагын академийн Төрийн алба удирдлагын сургуульд суралцах болсон гэх шалтгаанаар 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр сумын Засаг даргад ажлаас чөлөөлөх тухай өргөдөл гаргаснаар долоо хоног бүрийн 4, 5 дахь өдрүүдэд албан үүргээ гүйцэтгэж байхаар харилцан тохиролцож, түүнд түр чөлөө олгосон байх бөгөөд гал түймэр гарсан 2014 оны 10 дугаар сарын 30, 31-ний пүрэв, баасан гарагуудад сумын Засаг даргын орлогч нь албан үүргээ гүйцэтгэж байх ёстой байжээ. Гэтэл хариуцагчаас ...орон нутгийг удирдлагагүй орхигдуулсан... гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.
Хэрэв ямар нэгэн шалтгааны улмаас сумын Засаг даргын орлогч нь Засаг даргын албан үүргийг орлон гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдалтай байсан бол тэр тухайгаа мэдэгдэж Засаг даргын үүргийг өөр этгээдээр гүйцэтгүүлэхээр томилуулах боломжтой байжээ.
Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлон заасан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтаас үзвэл сумын Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад шууд үүрэг даалгавар өгөх, удирдан зохион байгуулах чиг үүрэг, эрх хэмжээгүй байх тул аймгийн Онцгой комиссын хуралд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга оролцоогүй нь нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ ногдуулах үндэслэл болохооргүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, 131.1.2-т үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж заасан.
Хуулийн эдгээр зохицуулалтуудаас үзвэл хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчсөн тохиолдолд төрийн улс төрийн албан хаагч болох нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахаар байна. Гэтэл С сумд гал түймэр гарч хүний амь нас эрсэдсэн тухайн цаг үед нэхэмжлэгч албан томилолттой байсан, түүнчлэн албан үүргээ өөр этгээдэд хариуцуулсан, түүнчлэн аймгийн Онцгой комиссын хуралд сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргыг оролцуулах үүргийг хуулиар хүлээгээгүй, нэхэмжлэгчийн буруугаас гал түймэр гарч хүний амь нас эрсэдсэн нь тогтоогдоогүй байх тул хариуцагчийн гаргасан маргаан бүхий Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хууль тогтоомжид нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн б-д байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон үед хүн, мал амьтныг аврах, нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, ...нөхөн олговор үнийг төлөх... гэж заасан.
Нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 цаг 00 минутад С сумын Ганзамын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт гарсан гал түймэр гарсан талаар мэдэж гал түймэрт өртөгсдийн судалгааг гаргах, тусламж үзүүлэх талаар холбогдох этгээдэд үүрэг даалгавар чиглэл өгч, зохих арга хэмжээг авч байсан нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба хариуцагчаас нэхэмжлэгчийг гал түймэр гарсны дараа хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэх талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ