Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00564

 

А.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00956 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар магадлалтай,

А.Эгийн нэхэмжлэлтэй

НШШГГ газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НШШГГ газраас нэхэмжлэгч А.Э, П.Эрдэнэдалай нарт 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн 4/16878 тоот мэдэгдэлд дурдсанаар Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун Их монгол улсын гудамж 801 дүгээр байрны 601 тоот хаягт байрлах орон сууцыг 231 947 222 төгрөгөөр үнэлсэн байна. Уг орон сууцыг нэхэмжпэгч Худалдаа хөгжлийн банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулан 272 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн БГ-РСС2013103015-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний дагуу 272 000 000 төгрөгөөр үнэлэн банкинд барьцаалсан. Гэтэл НШШГГ газраас томилсон шинжээч орон сууцыг 231 947 222 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид орон сууцыг “Тэнцвэр эстимэйт" ХХК-иар үнэлүүлэхэд 258 688 350 төгрөгөөр үнэлсэн нь “Дамно” ХХК-ийн үнэлгээнээс 27 гаруй сая төгрөгөөр илүү байна. “Дамно” ХХК нь үнэлгээний тайланг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр гаргасан байхад хариуцагч 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгч нарт мэдэгдэл хүргүүлж, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр танилцуулсан гэх тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасныг зөрчсөн. “Дамно” ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ хөрөнгийн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүргүүлсэн гэж мэдүүлсэн. НШШГГ газраас ирүүлсэн баримтаас үзвэл үнэлгээний тайланг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ирүүлсэн мэтээр шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэлийг нөхөж хийсэн байх магадлалтай. Энэ баримтаар үнэлгээний тайланг 2018 оны 10 дугаар сарын 8- ны өдөр ирүүлснийг тогтоохгүй. Учир нь хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой бүх баримтыг шүүхэд ирүүлэхэд энэ баримтыг ирүүлээгүй, хэргийн 46 дугаар талд 2018 оны 10 дугаар сарын 9 гэх огноогоос үзвэл он сарын зөрүү гарч, эргэлзээтэй байдал үүсч байгаа тул 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн үнэлгээ хүлээн авсан тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Иймд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун, 801 дүгээр байрны 601 тоотод байрлах орон сууцыг 231 947 222 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3247 дугаар захирамжаар А.Э, П.Эрдэнэдалай нараас 191 631 677 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгч, арилжааны банкны харилцах дансыг битүүмжилж, П.Эрдэнэдалайгийн харилцах данснаас 1 005 000 төгрөгийг төлүүлсэн. Төлбөр төлөгч нараас төлбөр гаргуулах өөр эд хөрөнгө тогтоогдоогүй тул ипотекийн барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун 801 дүгээр байрны 601 тоот 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгосон. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт ”Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлана” гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4дэх хэсэгт шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан. Шийдвэргүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банктай А.Э, П.Эрдэнэдалай нар 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр рон сууцны зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 160 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, сарын 1.5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нар үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, А.Эгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун, Их Монгол Улсын гудамж, 801 дүгээр байрны 601 тоотын 110 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Зээлдэгч нар орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас банкнаас зээлийн өр төлбөрийн асуудлаар шүүхэд хандаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/03247 дугаар захирамжаар 191 075 015.75 төгрөгийг гаргуулж банкинд олгуулахаар шийдвэрлэсэн. НШШГГ газар барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааны явцад төлбөр төлөгч иргэн А.Э барьцаа хөрөнгө болох 4 өрөө орон сууцны үнэлгээтэй холбогдуулан шүүхэд хандсанаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзээд байна. “Дамно” ХХК-ийн захирал шүүх хуралдаанд гэрчээр оролцоод үнэлгээний аргачлалын талаар тайлбарласан. Түүнчлэн үнэлгээний тайланг зориулалтаас хамаарч аргачлал өөр өөр байдаг талаар мөн мэдүүлсэн. Төлбөр төлөгч нар 2013 онд уг орон сууцыг барьцаалан зээл авахад 272 000 000 төгрөгөөр үнэлсэн боловч үүнээс хойш 6 жилийн дараа 231 000 000 төгрөгөөр үнэлж байгааг харьцангуй өндөр үнэлгээ гэж үзэж байна. Хариуцагчаас “Дамно” ХХК-ийн үнэлгээг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авснаа бэхжүүлэн, тэмдэглэл үйлдсэн, мөн нотлох баримтын шаардлага ханган ирүүлсэн. Уг үнэлгээг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацааны дотор буюу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй. Энэ баримтыг хуурамчаар үйлдсэн, нөхөж хийсэн гэх зүйлгүй. Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулах орон сууцыг Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон мөртлөө шүүх хуралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж, тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00956 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03247 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун /13311/, Их Монгол улсын гудамж, 801 дүгээр байр, 601 тоот хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэгдсэн, 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг үнэлсэн ДамноХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №11118-29 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай А.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/Ш32019/00747 тоот захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 101/ШШ2019/00956 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “байх тул” гэсний дараа “НШШГГ газарт холбогдох” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч шүүх нотлох баримтыг дутуу үнэлэн шийдвэрлэсэн тул дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түвшинцэнгэлийг гэрчээр асуух үед хөрөнгө үнэлгээний тайланг НШШГГ газар хүргүүлсэн өдрийг 2018 оны 10 сарын 1 мөн болох талаар тодорхой дурддаг бөгөөд тус компанийн тамга бүхий албан бичигт бичигдсэн он сар өдөртэй таарч байдаг. Шүүхээс гэрч этгээд өөрөө хүлээн зөвшөөрсөн үйл баримт дээр дахин нотлох баримт гаргуулахаар хариуцагчид даалгасан. Уг даалгаврын дагуу хариуцагч буюу НШШГГ газраас хөрөнгийн үнэлгээ хийсэн “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авсан тэмдэглэлийг гаргуулахаар захирамжилсан. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч болон гэрч нарын хооронд үйлдсэн тэмдэглэлийг л нотлох баримтаар гарган өгсөн байдаг. Хөрөнгө үнэлгээний тайланг хүргүүлсэн талаар уг баримт нь хариуцагчийн албан бланк эсвэл албан дугаарлалтаар хүлээж авсан бус зөвхөн хариуцагчийн төлөөлөгч болон хариуцагчийн зүгээс асуулгасан гэрч нарын гарын үсэг тэмдэг дарагдсан нотлох баримт байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал хариу тайлбар хүргүүлэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийг бүхэлд нь гаргаж өгч байсан бөгөөд дээр дурдсан нотлох баримт нь тус хэрэгт авагдаагүй байсан нотлох баримт юм. Үүнээс болж хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэгт дурдагдсан он сар өдрүүд зөрүүтэй байдал бий болсон бөгөөд шүүхийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгт авагдсан гэрчийн өөрийн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн нотлох баримтыг бус үндэслэл бүхий эргэлзээ төрүүлэх нотлох баримтыг үнэлж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч НШШГГ газарт холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах гэж буй Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун /13311/, Их монгол улсын гудамж, 801 дүгээр байр, 601 тоот, 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж үзжээ.

Магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлд хамаарахгүй байх тул хангах боломжгүй байна.

А.Э, П.Эрдэнэдалай нар “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д 191 075 015.75 төгрөгийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун, 801-р байр, 601 тоот, 4 өрөө орон сууцнаас үүргийг хангуулахаар эвлэрснийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2017/03247 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ. /хх-ийн 24-26 дугаар тал/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, төлбөр төлөгч нарт 2018 оны 5 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 4-ний өдөр мэдэгдэл хүргүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулжээ. /х.х-ийн 32, 35-37 дугаар тал/

Төлбөр төлөгч, төлбөр авагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч орон сууцны үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэсэн байна. /х.х-ийн 38-43 дугаар тал/

Шинжээч “Дамно” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристалл таун /13311/, Их Монгол улсын гудамж, 801 дүгээр байр, 601 тоот, 110 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг 231 947 222 төгрөгөөр тогтоожээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан ба үүнийг үгүйсгэх баримт нотолгоо байхгүй, шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчөөгүй, улмаар шүүхийн хууль зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Тэнцвэр эстимейт ХХК-ийн үнэлгээг шүүхэд гаргасан ба тус байгууллага нь орон сууцны зах зээлийн ханшийг 2019 оны 2 сарын 28-ны байдлаар 258 688 350 төгрөг гэж тогтоосон, шинжээч Дамно ХХК-ийн тогтоосон үнээс 27 сая төгрөгийн зөрүүтэй боловч  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул дахин үнэлгээ тогтоолгох шаардлагагүй байв.

Шүүх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг  мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй учир шинжээчийн үнэлгээг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй юм. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дээрх зохицуулалт урьдчилан шийдвэрлэх журам биш болно.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шийдвэрийн тогтоох хэсэгт А.Эгийн нэхэмжлэл ямар хариуцагчид холбогдсон болохыг орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүх залруулсан тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                        

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                   ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА