Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1309

 

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/01309

Улаанбаатар хот

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Замчдын гудамж, 39 байр, 304 тоотод байрлах “Ингүүмэл инвест” ББСБ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр 2 хд, 64 байр, 11 тоотод  оршин суух Урианхан овогт Буриадын Нямжинд /РД:УШ68093007/ холбогдох 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 104 148 942 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Тэрбиш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Ингүүмэл инвест” ББСБ-ын гүйцэтгэх захирал Д.Тэрбиш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч болох иргэн Б.Нямжин нь 2014 оны 12 сарын 12-ны өдөр манай ББСБ-аас 30 хоногт 5 хувийн хүүтэйгээр, мөн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр 12 сарын хугацаатайгаар бизнесийн эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зориулалтаар зээл  болон барьцааны гэрээ  байгуулан 50 000 000 төгрөгийн зээлийг авсан билээ. Зээл авснаас хойш иргэн Б.Нямжин нь үндсэн зээлээс 4 881 100 төгрөг, хүүнд 15 947 355 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 721 579 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг иргэн Нямжингаас шаардахад цайны газраас  зээлээ төлж чадахааргүй байна. Үнэт эдлэл бурханаа зараад зээлээ төлнө гэсэн боловч ямар ч төлөлт  хийхгүй өнөөг хүрсэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг иргэн Б.Нямжин болон  зээлийн барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шаардаж төлөөгүй зээл, зээлийн хүү, эргэн төлөлтийн хугацаа хэтэрсний нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Нямжингаас нийт 104 148 942 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай ББСБ нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлэхээр харилцан тохиролцож зээл олгосон. Үүнээс хойш хариуцагч нь гэрээний дагуу 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл гэрээний хавсралтын дагуу зээлийн төлбөрийг төлсөн. Үүнээс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 675 хоногийн зээлийн төлбөрийг төлөөгүй. Тиймээс гэрээний дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүүг бодож тооцож нэхэмжлэл гаргасан. Үндсэн зээл 45 118 900 төгрөг, төлөөгүй хүү 50 608 368 төгрөг, төлөгдөөгүй нэмэгдүүлсэн хүү 8 421 674 төгрөг, нийт 104 148 942 төгрөг нэхэмжилж байгаа. Зээлийн гэрээг 1 сараар биш 12 сарын хугацаатайгаар харилцан тохиролцоод байгуулсан, үүнийг хариуцагч өөрөө мэдэж байсан тул гэрээ хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн гэсэн тайлбарыг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь зээлийн төлбөрийг төлнө, хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтүүд нь надад бичгээр байгаа боловч шүүхэд өгөөгүй байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. 

Хариуцагч Б.Нямжин шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            2014 оны 12 сарын 12-ны өдөр “Ингүүмэл инвест” ББСБ-аас 50 000 000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн төлбөрөөс үндсэн зээлийн төлбөрт 4 881 100 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 15 497 355 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 721 579 төгрөгийг буюу нийт 22 100 033  төгрөгийг төлөөд байна. Зээлдэгч миний санхүүгийн байдал илт доголдож, улмаар тухайн авсан зээлээ төлөх боломжгүй болсон хэдий ч өөрийн олж буй орлогоо энэхүү зээлийн төлбөрт төлж байна. Цаашид уг зээлийн үлдэх хэсгийг төлөхөд маш хүндрэлтэй байна. Одоогоор ямар  нэг үйл ажиллагаа эрхлээгүй, ямар ч орлогогүй тул миний бие зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу үлдэх 30 399 967 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна. Энэхүү дүнгээр тохиролцон эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5-д зээлийн ерөнхий хугацаа 1 сар гэж заасан байдаг. Тиймээс гэрээнд заасан хүү буюу 1 сарын хүүг төлж үлдсэн төлбөрийг үндсэн зээлээс хасуулж, үлдэх хэсгийг нь хүлээн зөвшөөрнө.

Мөн гэрээний хавсралт дээр буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 12 сарын хугацаатай буюу 1 жилийн хугацаатай хийсэн. Энэ нь Иргэний хуулийн гэрээний стандарт нөхцөл буюу 200, 201, 202 дугаар зүйлийг баримталж гэрээний стандарт нөхцлийг зөрчсөн гэж үзэж байна. Гэрээний стандарт нөхцөл гэрээний салшгүй хэсэг гэж тодорхой заасан байдаг. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлд стандарт нөхцлийг тайлбарлахдаа “үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол санал гаргагчид ашигтай байдлаар тайлбарлана” гэж заасан. Ингээд дээрх зүйл заалтыг буюу Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.2-д заасныг үндэслэж гэрээг бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Яагаад гэвэл агуулгын хувьд зөрчилтэй хэлцэл байна. Тиймээс нийт зээлсэн 50 000 000 төгрөгнөөс буцаан төлсөн 22 100 033 төгрөгийг хасч, үлдэх мөнгийг төлөхөд татгалзахгүй, барьцааны гэрээний хувьд маргах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Ингүүмэл инвест” ББСБ нь хариуцагч Б.Нямжинд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 104 148 942 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч “Ингүүмэл инвест” ББСБ нь хариуцагч Б.Нямжинтай 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №14/25 тоот Зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд 3 ширхэг эртний эдлэл, бурхан барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн №14/25 тоот гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл хүсэгчийн өргөдөл, кассын зарлагын баримт, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №14/25 тоот Барьцааны гэрээ зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хэргийн 15, 32-р хуудас/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Нямжинг зээлийн гэрээний дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 45 118 900 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 50 608 368 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 8 421 674 төгрөг, нийт 104 148 942 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний хугацааг 1 сараар байгуулсан, гэрээний хугацаа нь 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр дууссан тул хугацаа дууссанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн гэрээнд болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт стандарт нөхцөл болох зээлийн гэрээний хугацааг зөрүүтэй, эргэлзээтэй бичсэн агуулгын хувьд ойлгомжгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргасан.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д “гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж заажээ.

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д “стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна”, 202.2.2-д “үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон” бол хүчин төгөлдөр бус байхаар заасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргасан боловч хэрэгт авагдсан иргэдийн зээл хүссэн өргөдөлд хариуцагч Б.Нямжин нь 50 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатайгаар зээлж авахаар зээлийн хүсэлт гаргаж байсан, нэхэмжлэгч “Ингүүмэл инвест” ББСБ нь 12 сарын хугацаатайгаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргасан бөгөөд зохигч талууд зээлийн гэрээний хугацааг харилцан хэлэлцэж тохиролцсон гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.2-т “талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй” гэж зааснаар гэрээний стандарт нөхцөл өгөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /хэргийн 30-31-р хуудас/

Мөн зохигч талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №14/25 тоот Зээлийн гэрээний 2.1.10-д “хугацаа энэхүү гэрээний 3.1.5-д заасан зээл ашиглах хугацааг хэлнэ”, 3.1.5-д “зээлийн ерөнхий хугацаа 1 сар” гэж заасан боловч №14/25 тоот зээлийн гэрээний Хавсралт 1 болох “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-т зээлийн хугацааг 12 сараар тогтоосон, уг хуваарьтай хариуцагч Б.Нямжин нь танилцаж гарын үсгээ зурсан, мөн зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу зээлийн гэрээний хүүг 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртлэх хугацаанд төлж байсан болох нь зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байх тул зээлийн гэрээг 1 сарын хугацаатайгаар байгуулсан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 35-38-р хуудас/

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч “Ингүүмэл инвест” ББСБ нь 50 000 000 төгрөгийг хариуцагч Б.Нямжинд шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 45 118 900 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 50 608 368 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 8 421 674 төгрөг, нийт 104 148  942 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй гэсэн.

            Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 4 881 100 төгрөг, хүүнд 15 497 355 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 721 579 төгрөг, нийт 22 100 033 төгрөгийг төлсөн болон зээлийн тооцооллын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн боловч үндсэн зээлийн 50 000 000 төгрөгнөөс төлсөн 22 100 033 төгрөгийг хасаад үлдэх мөнгийг буцаан төлөхийг зөвшөөрнө гэж мэтгэлцсэн.

            Зохигч талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №14/25 тоот Зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.3-д энэ талаар харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан зээлийн гэрээг ашигласны хүү, хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт 104 148 942 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 43 418 900 төгрөг, хугацаандаа төлөгдөөгүй хүү 47 760 790 төгрөг, нийт 91 179 690 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч нь үндсэн зээлд 4 881 100 төгрөг, хүүнд 15 497 355 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 700 000 төгрөгийг төлсөн талаар зохигч талууд маргаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаанд хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 1 700 000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл болох 45 118 900 төгрөгнөөс хасч, үлдэх 43 418 900 төгрөгнөөс 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртлэх хүү болох 47 760 790 төгрөг, нийт 91 179 690 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. /50 000 000-4 881 100=45 118 900-1 700 000=43 418 900 төгрөг, хүү 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртлэх 22 сарын буюу 660 хоногийн хүүнд 1 сарын хүү 43 418 900 х 5хувь=2 170 945 төгрөг, 1 өдрийн хүү 2 170 945:30 хоног=72 364 төгрөг, 72 364х660 хоног=47 760 240 төгрөг, нийт үндсэн зээлийн үлдэгдэл 43 418 900 + төлөгдөөгүй хүү 47 760 790=91 179 690 төгрөг/

            Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага гэж нэмэгдүүлсэн хүүнд 8 421 675 төгрөгийг нэхэмжилсэн боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.9-д заасан “ноцтой зөрчил”-д зээлийн төлөлтийн хуваарийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөнийг тооцохоор харилцан тохиролцож, гэрээний 7.1.4-д “зээлдүүлэгч нь гэрээний 10.2-т заасан тохиолдлууд үүссэн гэж үзвэл зээлийг гэрээний хугацаанаас өмнө буцаан төлөхийг зээлдэгчээс шаардах, гэрээг дангаар цуцлах” эрхтэй, 10.2-д “зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцлана” гэж зааснаар хариуцагчийг зээлийн гэрээг 2015 оны 7 дугаар сараас эхлэн 2016 оны 8 дугаар сарын 19-нийг хүртэл 430 хоног зөрчиж, гэрээнд заасан “ноцтой зөрчил” гаргасан байхад эрхээ хэрэгжүүлээгүй буруутай байна гэж үзэж, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.    

            Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нь зээлийн төлбөрийг төлнө, хугацааг сунгаж өгнө үү гэсэн хүсэлтүүд нь бичгээр байгаа гэсэн боловч энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй, шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй болно.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигч талууд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр №14/25 тоот Барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд хариуцагч Б.Нямжингийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 2, ХД 64 дүгээр байр, 11 тоотод байгаа 3 ширхэг эртний эдлэл, бурхан барьцаалжээ. /хэргийн 32-34-р хуудас/

Хариуцагч нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй, барьцааны хөрөнгө нь түүний өмч болох талаараа хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-д “зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй” гэж заасан, талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд уг гэрээний 1.3-д энэ талаар харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

            Иймд хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Нямжингаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 91 179 690 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ингүүмэл инвест” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 969 252 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678 695 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 613 848 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХУЛАН