| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2017/01155/И |
| Дугаар | 1284 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 1284
| 2017 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2017/01284 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Сургалтын задгай 4 гудамж, 12 тоотод оршин суух Бүрх овогт Батсайханы Ганзоригийн /РД:НП80052379/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Туул 5 гудамж, 19 тоотод оршин суух Хар адуу овогт Вандангийн Отгондэлгэрт /РД:ШЕ88012977/ холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 950 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:
Би 2017 оны 2 сарын 03-ны өдөр В.Отгондэлгэрийн эзэмшлийн Хаан банкны 5074073523 тоот дансанд 10 000 000 төгрөгийг андуурч шилжүүлсэн бөгөөд В.Отгондэлгэртэй уулзаж 6 000 000 төгрөгийг нь буцаан авч, үлдэгдэл 4 000 000 төгрөгийг Хаан банк В.Отгондэлгэрийн төлөгдөөгүй зээлэнд суутган авсан байсан. Ингээд 2017 оны 2 сарын 22-ны өдөр В.Отгондэлгэртэй үлдэгдэл 4 000 000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр байгуулсан. Зээлдэгч В.Отгондэлгэр нь 2017 оны 3 сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 4 000 000 төгрөг, 1 сарын хугацааны хүүний төлбөр 400 000 төгрөг, нийт 4 400 000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байна. Зээлийн гэрээний 2.7-д зааснаар 2017 оны 3 сарын 22-ны өдрөөс 2017 оны 4 сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны 25 хоногийн алданги 550 000 төгрөг, зээлийн үлдэгдэл 4 400 000 төгрөг, нийт 4 950 000 төгрөг болсон ба үүнийг В.Отгондэлгэр төлөхөөр байна. Иймд 4 950 000 төгрөгийг хариуцагч В.Отгондэлгэрээс гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч В.Отгондэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Вандан овогтой Отгондэлгэр миний бие Ганзоригоос зээлсэн 4 950 000 төгрөгийг 2017 оны 7 сард бүрэн төлж барагдуулж хохиролгүй болгоно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ганзориг нь хариуцагч В.Отгондэлгэрт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 950 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4 950 000 төгрөгийг хариуцагч нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 4 950 000 төгрөгийг 2017 оны 7 сард бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.Ганзоригийн нэхэмжлэлтэй, хариуцагч В.Отгондэлгэрт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 950 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4 950 000 төгрөгийг хариуцагч В.Отгондэлгэр нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 4 950 000 төгрөгийг 2017 оны 7 сард бүрэн төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ганзоригийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 150 төгрөгний 47 075 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлстийн 2603030349 тоот данснаас 47 075 төгрөг, хариуцагч В.Отгондэлгэрээс 47 075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН