Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1065

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2017/01065

Улаанбаатар хот

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 29 дүгээр байр, 23 тоотод оршин суух Боржигон овогт Цэгмидийн Сарантуяагийн /РД:ШЗ62010366/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 37 байр, 45 тоотод оршин суух Даваа овогт Лхагважавын Бямбасүрэнд /РД:ЧИ54112065/ холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 245 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Л.Бямбасүрэн бид нар нэг үйлдвэрт ажиллаж байсан тул бие биеэ нилээд сайн мэддэг зэргэлдээ байранд амьдардаг байсан учраас 2014 оны 1 сарын 01-нд 4 500 000 төгрөгийг, мөн оны 1 сарын 17-нд 3 000 000 төгрөгийг зээлүүлсэн байсан юм. Гэтэл “амьдрал хүнд байна, хүүхдүүдэд мөнгө хэрэгтэй болоод байна” гэх мэтээр  шалтаг хэлэн гуйгаад байхаар нь 2014 оны 1 сарын 24-нд 2 000 000 төгрөг нэмж өгөөд “ер нь хоёулаа гэрээ байгуулна” гэж хэлж байж өөрөөр нь бичүүлж бүгд зээлсэн мөнгийг нэгтгэн 9 500 000 төгрөгөөр сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлүүлсэн юм. Ингээд тохирсон ёсоор Бямбасүрэн сарын хүүг өгч байсан. Гэтэл 2014 оны 6 сарын 27-нд “1 000 000 төгрөг нэмээд өгчих” гэсний дагуу өгч зээлийн гэрээндээ бичин гарын үсэг зуралцан баталгаажуулсан. Бямбасүрэн надаас бүгд  10 500 000 төгрөг зээлж авсан боловч эргүүлэн төлөхгүй байсан. 2014 оны дундуур “хүүхдүүд нэг бизнес хийх гээд Солонгосоос ирээд байна” гэж гуйсаар байгаад 3 000 000 төгрөг, мөн “охин машин оруулж ирээд байгаа зарагдахгүй татварын мөнгө нэхэгдээд байна” гэж гудамжинд таарч шалсаар байгаад 2014 оны сүүлээр 2 000 000 төгрөг, “Цагаан сар болох гээд байна, охин Солонгосоос бараа оруулж ирж зарвал ашигтай байна, мөнгө нь дутаад  байна” гэж 2015 оны 2 сарын 01-нд  манайд ирээд гуйгаад байхаар нь “түрүүчийн мөнгөө өгөөгүй болохоор би итгэхэд бэрх байна” гэсэн чинь “чи ямар найзыгаа мэдэхгүй биш, би бололцоотой хүн шүү дээ, Зурагтад хашаа байшин байгаа түүнийг зарсан ч мөнгө болно” гэхчлэн  шалтаг хэлэн гуйгаад байхаар нь түүнд нэмж өөрт бэлэн байсан 1 800 000 төгрөгийг өгч ойролцоо байдаг нотариатын газраас нэг зээлийн гэрээний загвар гуйж аваад түүн дээрээ бичин 4 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаа хэтрүүлбэл 0,5 хувийн алданги төлөхөөр болж гэрээний нэг хувийг хувилан Бямбасүрэнд өгсөн юм. Үүнээс хойш Бямбасүрэн 2015 оны 6 сард манай гэрт 2 000 000 төгрөг авч ирж өгөөд “гэрээгээ сунгая” гэхээр нь би зөвшөөрөхгүй, мөнгөө нэхсэн чинь элдэв зовлон тоочоод “би хүүтэй нь өгнө шүү дээ” гээд байсан боловч надад итгэл төрөхгүй байсан юм. Үүнээс хойш мөнгөө нэхэхээр өөдөөс “Солонгосоос охин мөнгө явуулна, тэгэхээр төлнө хүлээж бай” гэдэг байсан болно. Сүүлдээ 2016 оны 12 сард “чи итгэхгүй байгаа бол би чамд байрныхаа бичиг баримтыг өгье” гэж хэлээд гэртээ орж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ эх хувиар нь авч ирж өгсөн юм. Л.Бямбасүрэн өр авлагын тооцоог хийвэл үндсэн зээл 17 300 000 төгрөг, гэрээгээр тохирсон 4 сарын хүү 3 460 000 төгрөгнөөс өгсөн бэлнээр 2 000 000 төгрөг, 7 сарын 2-нд 100 000 төгрөг, 8 сарын 1-нд  400 000 төгрөг, 9 сарын 9-нд 580 000 төгрөг, 9 сарын 21-нд 650 000 төгрөг, 10 сарын 18-нд 650 000 төгрөг, 10 сарын 3-нд 350 000 төгрөг тус тус миний ХААН банк дахь дансанд шилжүүлснийг  тооцоход бэлнээр 2 000 000 төгрөг, шилжүүлгээр 2 730 000 төгрөг, бүгд 4 730 000 төгрөг авсан. Гэрээнд зааснаар 4 сарын хүүг хасахаар 1 270 000 үлдэгдлийг үндсэн зээлээсээ хасахаар үндсэн зээл 16 030 000 төгрөг болж байна. Үүнээс алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар тооцоход 8 015 00 болж байгаа юм. Мөн өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан гэрээний дагуу 1 200 000 төгрөгийг төлсөн болно.

 Иймд Бямбасүрэнгээс үндсэн зээлийн үлдэгдэл 16 030 000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөний алданги 8 015 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн нэмэгдэл зардал болох 1 200 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 175 төгрөг, бүгд 25 529 175 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч Л.Бямбасүрэн нь нэхэмжлэгч Ц.Сарантуяагаас удаа дараа мөнгө зээлж байсан бөгөөд мөнгөө шилжүүлсний дараагаар 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан байдаг. Гэрээ байгуулснаас хойш Л.Бямбасүрэн хүлээн зөвшөөрч хүүг нь төлж байсан. Гэтэл дахин мөнгө зээлж 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан, гэрээндээ 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Л.Бямбасүрэн нь мөнгийг зохих хэмжээгээр төлж байсан, гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрч байсан. Ц.Сарантуяа нь авсан мөнгөө хасаад гэрээний үлдэгдэл төлбөрт 16 030 000 төгрөг, алданги 8 150 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 200 000 төгрөг, нийт 25 245 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2011 оны 12 сарын сүүлээр Ц.Сарантуяагаас 200 000 төгрөг, 12 сарын эхээр 500 000 төгрөг, 2012 оны сүүлээр хамт дэлгүүр хэсэж яваад 500 000 төгрөг, 2013 онд 1 000 000 төгрөг гээд нийт 5 орчим сая төгрөг авсан. Энэ мөнгөө надад 5 хувийн хүүтэй зээлж байсан бөгөөд энэ авсан мөнгөний хүү гэж нэмээд намайг загнаж байгаад 9 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлүүлсэн гэж бичүүлсэн. Би тухайн үедээ зээлж авсан мөнгөний хүү гэж сар бүр  500 000-600 000 төгрөг бэлнээр төлдөг байсан бөгөөд надаас энэ мөнгийг авдаг байсан мөртлөө  зээлсэн мөнгө нь хасагдах биш улам л өсөөд байсан. Би гайхаад асуухаар зээл дуусаагүй гэдэг байсан. Ц.Сарантуяа нь найз нартаа байнга хүүтэй мөнгө зээлдэг байсан бөгөөд хэлсэн мөнгийг нь өгөхгүй гэхээр хүүхдийнх нь ажил дээр очиж орилж байгаад мөнгө авдаг, хүүхдүүдийг нь ажлаас халуулж байсан болохоор айгаад хэлсэн мөнгийг нь өгдөг байсан. Би 2014 оны 1 сарын 24-ний өдөр дээрхи мөнгийг аваагүй, өмнө зээлж авсан бага хэмжээний мөнгийг хүү гэж нэмэгдүүлээд надаад бичүүлж авч байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар зааж өгсөн.  Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад  хэлцэл” гэжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн  282.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол  хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр  хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байна. Ц.Сарантуяа нь 2012-2013 оны хооронд бичгээр байгуулаагүй зээлийн гэрээнд хүү тооцож тухайн сард гарсан хүүгээ үндсэн зээл дээрээ нэмж дахин хүү тооцож авсаар байгаа 2014 оны 1 сарын 24-ний өдөр байгуулсан гэх зээлийн гэрээнд Л.Бямбасүрэн нь нэг ч төгрөг аваагүй, өмнөх зээлүүдийн үндсэн зээл, хүү, хүүгийн тооцсон тооцооллыг нэгтгэсэн дүн юм.  Мөн дээрх 2015 оны 2 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ ч мөн адил өмнөх гэрээний тооцоолол бөгөөд нэг ч төгрөг Ц.Сарантуяагаас нэмж зээлж аваагүй.

Иймд нэгэнт хууль зөрчсөн төлбөр төлөөд дууссан хүү бодох эрхгүй зээлийн гэрээнд үндэслэж байгуулагдсан дээрх зээлийн гэрээнүүд нь анхнаасаа хүчин төгөлдөр бус тул Ц.Сарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.Бямбасүрэн нь Ц.Сарантуяагаас хамгийн анх 2011-2012 оны хооронд 3 удаа бага хэмжээгээр мөнгө зээлсэн байдаг. Хамгийн дээд тал нь 1 000 000 төгрөг зээлж байсан, 5 хувийн хүүтэй. Гэхдээ бичгээр тохиролцоо буюу гэрээ байгуулаагүй. Хэдийгээр бичгээр гэрээ байгуулаагүй ч гэсэн хүүг төлөөд явсан байдаг. 2014 оны 1 сарын 24-нд 4 500 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 3 000 000 төгрөгийг авч байгаагүй. Өмнө нь авсан зээлийн хүү нь нэмэгдээд ийм их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчийг байнга дарамталж сүрдүүлдэг. Хүүнээс хүү бодогдож байгаа, өгөхгүй бол хүүхдийн чинь ажил дээр очиж нэхнэ гэж айлгадаг байсан. 1 000 000 төгрөгийг нэмж зээлээгүй, мөн 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг хариуцагч Л.Бямбасүрэн нь мэддэггүй. Тухайн зээлийн гэрээгээр мөнгө аваагүй, айлган сүрдүүлж гарын үсгийг нь зуруулсан байдаг. Хариуцагч нь 5 000 000 гаран төгрөг зээлсэн, зээлийн хүүнд нь 50 000 000 гаран төгрөг төлсөн учраас зээл төлөгдсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ц.Сарантуяа нь хариуцагч Л.Бямбасүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 245 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 4 500 000 төгрөг, 1 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөг, 1 дүгээр сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг, 6 дугаар сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөг, 2014 оны дундуур 3 000 000 төгрөг, сүүлээр 2 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 1 800 000 төгрөг, нийт 17 300 000 төгрөгийг шилжүүлэн өгч, 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулсан боловч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул үндсэн зээл 16 030 000 төгрөг, алданги 8 015 000 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардал 1 200 000 төгрөг, нийт 25 245 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь 2014 оны 1 дүгээр сарын 01-нд 4 500 000 төгрөг, 1 дүгээр сарын 17-нд 3 000 000 төгрөг, 1 дүгээр сарын 24-нд 2 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийг хүлээн аваагүй, 2014 оны 1 сарын 24-ний өдөр 9 500 000 төгрөгийг “Зээлийн гэрээ”-гээр шилжүүлээгүй, 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулаагүй, 2011-2013 онд зээлж авсан 5 000 000 орчим төгрөгний хүүнд хүү бодож гэрээ хийсэн, энэ мөнгийг буцаан төлж үүрэг дуусгавар болсон, гэрээгээр мөнгө шилжүүлж аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Ц.Сарантуяа хариуцагч Л.Бямбасүрэн нар нь 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 17 300 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр “Зээлийн гэрээ”-г байгуулжээ. /хэргийн 74-р хуудас/

Хариуцагч нь 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”-г байгуулаагүй, гарын үсэг зураагүй, уг зээлийн гэрээгээр 17 300 000 төгрөгийг шилжүүлж аваагүй тул хууль зөрчсөн, мөн гэрээ нь 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн тул хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээнд “хариуцагч Л.Бямбасүрэн, хариуцагч Ц.Сарантуяагаас бүгд 9 500 000 төгрөг 6 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлэв. Сар сард нь хүү өгнө” гэж харилцан тохиролцож, талууд гарын үсгээ зурсан байна. /хэргийн 3-р хуудас/

Хариуцагч нь уг гэрээгээр 9 500 000 төгрөгийг хүлээн аваагүй тул хууль зөрчсөн гэсэн боловч 9 500 000 төгрөгийг 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 4 500 000 төгрөг, 1 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөг, 1 дүгээр сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөгөөр шилжүүлсэн, мөн зээлийн гэрээний баримтад “2014 оны 6 дугаар сарын 27-нд 1 000 000 төгрөгийг нэмж зээлэв. Бүгд 10 050 000 төгрөг” гэсэн баримтад гарын үсгээ зурсан, 2014 оны 6 дугаар сарын 27-ноос 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгахаар харилцан тохиролцсон байх тул түүний мөнгө хүлээн аваагүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.

Хариуцагчаас 2011-2013 онд зээлсэн мөнгөний хүүг төлсөн гэж тайлбарласан боловч 2011-2013 онд хүү төлж байсан талаарх тайлбараа баримтаар нотлоогүй, 2011 оны 12 сарын сүүлээр авсан 200 000 төгрөг, 12 сарын эхээр авсан 500 000 төгрөг, 2012 оны сүүлээр авсан 500 000 төгрөг, 2013 онд авсан 1 000 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгний хүүнд 50 000 000 гаран төгрөгийг төлсөн гэсэн тайлбар нь бодит үнэнд нийцэхгүй, баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасныг зөрчсөн мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Мөн хариуцагчаас 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээг байгуулаагүй, гарын үсэг зураагүй, мөнгө шилжүүлж аваагүй гэж маргаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр зээлийн гэрээнд зурсан гарын үсэг нь хариуцагч Л.Бямбасүрэнгийнх мөн эсэх талаар Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон.

Шүүхэд ирүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №1311 тоот шинжээчийн дүгнэлтэд “...1.2015.02.01 гэсэн огноотой, “Зээлийн гэрээ”-ний баруун доод хэсэгт “Зээлдэгч” гэсний доор “Л.Бямбасүрэн” гэсний ард зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Л.Бямбасүрэнгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирно” гэжээ. /хэргийн 75-р хуудас/

            Иймд нэхэмжлэгч нь 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 17 300 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан, хариуцагч нь зээлийн гэрээнүүдэд гарын үсгээ зурсан байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар мөнгө шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа 5 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан гэсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй, зохигч талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээний 1-д “зээлийн хэмжээг 17 300 000 төгрөг” гэсэн байх тул нэхэмжлэгчийн нийт 17 300 000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 2 дугаар сарын 01-ны өдрийн  зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн мөнгийг буцаан төлөхийг шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх үүрэгтэй болно.

Хариуцагч нь зээлийн төлөлтөд баримтаар 6 974 750 төгрөг, баримтгүйгээр 50 000 000 гаран төгрөг, 2016 оны 9 сарын 01-нд ам.долларыг 764 750 төгрөгт шилжүүлж тус тус төлсөн, 2014 оны 3 сарын 28-нд охин Амаржаргалаас 3 000 000 төгрөгийг төлж үүрэг дуусгавар болсон гэсэн.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ц.Сарантуяагийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2016 оны 7 дугаар сарын 02-нд 100 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 01-нд 400 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 09-нд 580 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 21-нд 650 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 03-нд 350 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-нд 650 000 төгрөг нийт 2 730 000 төгрөг, бэлнээр 2 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 350 ам.доллар буюу 764 750 төгрөг, нийт 5 494 750 төгрөгийг хариуцагч Л.Бямбасүрэн нь төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 6 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэж хүлээн зөвшөөрсөн маргаагүй. /хэргийн 4-9, 10-15, 35, 36-39, 55-67-р хуудас/

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн зээлийн хүүг төлсөн баримтын тооцоо гэх 2 хуудас баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2014 оны 3 дугаар сарын 28-нд Амаржаргалаас төлсөн 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хамаарахгүй гэж маргасан тул зээлийн төлөлтөөс хасч тооцох боломжгүй байна гэж үзэв. /хэргийн 33-34-р хуудас/

 Иймд талуудын хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу тооцоход үндсэн зээл 17 300 000 төгрөг, хүү 3 460 000 төгрөг, нийт 20 760 000 төгрөгнөөс /2015 оны 2 сарын 01-нээс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх 4 сарын хүү 3 460 000 төгрөг, 1 сарын хүү 865 000 төгрөг х 4 сар =3 460 000 төгрөг, 17 300 000+3 460 000=20 760 000 төгрөг/, хариуцагчийн буцаан төлсөн 6 000 000 төгрөгийг хасч 14 760 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв. 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”-нд алдангийг нийт үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар тооцохоор харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу алдангийг тооцоход хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэгт 4 206 600 төгрөгийг /2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртлэх 57 хоногийн алданги 1 хоногт 73 800 төгрөг, 14 760 000 х0,5 :100=73 800 төгрөг х 57 хоног=4 206 600 төгрөг/ гаргуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн зардал 1 200 000 төгрөгийг хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд тооцож гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд  энэ нь хэрэгт авагдсан 2016 оны 12 сарын 11-ний өдөр байгуулсан “Эрх зүйн туслалцаа үзүүлэх” №112 тоот гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ш.Жаргалсайханд Ц.Сарантуяагаас 600 000 төгрөг шилжүүлсэн баримтаар нотлогдоно гэсэн боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 285 дугаар зүйлийн 285.1-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй, мөн 1 200 000 төгрөгний 600 000 төгрөгийг шилжүүлсэн баримтгүй байх тул өмгөөлөгчийн зардалд төлсөн 1 200 000 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд хариуцагч Л.Бямбасүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 18 966 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Сарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 278 400 төгрөгийг /14 760 000+4 206 600=18 966 600 төгрөг, 25 245 000-18 966 600=6 278 400 төгрөг/ хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч Л.Бямбасүрэнгээс 18 966 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Сарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 278 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287 825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252 783 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ХУЛАН