Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/688

 

 

 

 

 

 

 

 

2020             10           19                                         2020/ШЦТ/688

 

 

                               

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Н.Нарангэрэл,

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл /ҮД:-/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Г-ийн Н-т холбогдох эрүүгийн - тоот дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, - тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х- овогт Г-ийн Н- /-/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч *******- нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ө хотхоны 80/5 дугаар байрны 81 тоот гэртээ  Б.Х-тэй маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж, зүүн гайморын хөндийн дотор, гадна, урд хана болон баруун гайморын хөндийн урд ханын хугарал, духны зүүн хэсэг, болон зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаа эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн завжинд язралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч *******- шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би сонсгож буй ялын зүйл анги, прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийнн эмчилгээнд 1.491.000 төгрөг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Цаашид хийлгэх эмчилгээний зардал, хийлгэх шүдний зардал зэргийг нотлох баримттай бол төлж өгөхөд татгалзах зйүлгүй. Иймд миний холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хохирогч Б.Х- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Н- бид хоёр полкон дээр гараад зогсож байтал Н- миний нүүр рүү 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь би Н-т би танай гэрт зодолдохгүй, надтай зодолдмоор байгаа бол 2-улаа гаръя гэж хэлээд үүднийх нь өрөөнд гутлаа өмсөж байтал Н- ирээд доош дараад нүүр рүү болон хөл рүү олон удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-8-10 х/,

 

3. Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Бид нилээн согтоцгоосон сууж байтал Х- юм ярьж байснаа Дэлгээ сексдээ сайн гэж хэлсэн чинь нөхөр дуугүй сууж байсан. Тэгээд 2 цаг гаран юм ууж ярьж сууцгааж байгаад дахин архи аваад уугаад эхэлж байтал намайг ямх охин гэж дуудаад байсан чинь манай нөхөр Х- түрүүнээс хойш манай эхнэрийг яагаад байгаа юм бэ гэхэд Х- хоёулаа тагтан дээр очиж учраа олъё гээд тагт руу гарсан. Х- “чаддаг юм бол гараад ир, хоёулаа гараад үзье” гээд гутлаа өмсөөд зогсож байтал манай нөхөр очоод Х-ийн нүүр рүү өшиглөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-20 х/,

 

4. Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Х-, Н- хоёр тагт руу гарсан ба би харж байтал Н-, Х-ийн нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд бид нар гарч тэр хоёрыг буцаагаад гэрт оруулж ирсэн бөгөөд Х-, Н-т би танай гэрт чамтай зодолдохгүй гэж хэлээд үүдний өрөөнд очоод гутлаа өмсөөд тонгойж байтал Н-, Х-ийн нүүр рүү нэг удаа өшиглөчихсөн. Тэгсэн Х-ийн хамарнаас цус гарч байсан ба би цусыг нь арчиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-24 х/,

 

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн - дугаартай “...Б.Х-ийн биед зүүн гайморын хөндийн дотор, гадна, урд хана болон баруун гайморын хөндийн урд хугарал, духны зүүн хэсэг болон зүүн нүдний зовхи, зүүн хацар, шанаа эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи, доргилт, зүүн завжинд язралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-31-32 х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ

Шүүгдэгч *******-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгч *******-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг шүүгдэгч *******- нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн хугацаагаар төлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаар бэхжүүлж жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х- овогт Г-ийн Н-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******- нь торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч *******-т оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР