| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2022/00022Э |
| Дугаар | 154/2022/00027 |
| Огноо | 2022-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 154/2022/00027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Улсын яллагч Б.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ц.Баясгалан, Ц.Бат-Эрдэнэ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2237000000017 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багт оршин суух, РД:*******,******* овогт*******гийн Баясгалан
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Алтай сумын Бодонч багт оршин суух, РД:ПА90121810,*******овогт*******ын Бат-Эрдэнэ
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Цогзолын Бат-Эрдэнэ нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт байх иргэн Ц.Баясгалангийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Ц.Баясгалантай “...Бужнаагийн найз залууг алах байсан юм...” гэх шалтгаанаар маргалдах явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, иргэн Ц.Баясгалангийн эрүүл мэндэд зулайн хуйханд язарсан шарх, зулай болон духанд зөөлөн эдийн няцрал санаатайгаар учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,
Цэцэнгийн Баясгалан нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт байх орон гэртээ хамтран амьдрагч Ц.Бат-Эрдэнийг найз гэх Бужнаатай хардаж, түүний хүзүү орчим газар маажиж, толгой тус газар нь модон сандлаар цохиж Ц.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Ц.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Дахин дахин дуудагдаж чирэгдэл болохгүй хэргийг шийдүүлмээр байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бид Үенч сум орж караокед суусан юм. Тэнд сууж байхад би Бүжнээгийн нөхөр гэх хүний толгойн ар хэсэгт нэг цохисон. Тэр хүн намайг боож унагаагаад дараад миний хамарнаас цус гарсан. Тэгээд тэндээс гараад буцаад явж байхад замд Ц.Баясгалан согтуу машин барина гэж хэлсэн, бариулахгүй байсан чинь зугтаад, намайг замд хаяж яваад буцаж ирээд авч Давааням гэх айлд очиж нүүр гараа угаагаад гэртээ очоод намайг айлийн эхнэрийг нөхрөөс нь хардаж зодолдлоо гэж хэлээд сандалаар миний толгойруу цохиход цус гарч, сандал нь хагарчихсан. Би сандалын дээд талын тагаар толгой руу нь нэг удаа цохичихсон чинь толгойноос нь цус гарсан байсан юм...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ц.Бат-Эрдэнэ өөрөө надруу пиздаа утас өгөөдөх, миний утас яаав, би тэр залууг ална гэж хэлэхээр би мэдэхгүй гэж хэлэхэд миний толгойд гараараа нэг удаа цохисон тэгээд би эргүүлээд сууж байсан сандалаараа нуруу луу нь 1 цохисон, Ц.Бат-Эрдэнэ эргүүлээд миний цохисон сандалаар миний толгойд нэг удаа цохиж цус гаргасан юм...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: ”...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай хамтран амьдрагч болох Бат-Эрдэнэ, Бүжнаа, Бүжнаагийн найз залуу бид 4 Үенч сум орж караоке орохоор болоод 18 цагийн орчимд яваад Үенч суманд очиж караоке ороод нэг шил Болор архи, 4 пиво аваад уугаад дуулаад сууж байхад Буян-Орших босоод найз охиндоо зориулж байна гэж хэлээд дуу дуулсан юм. Тэгтэл Ц.Бат-Эрдэнэ босоод Буян-Оршихийг 2 удаа шанаадаж авсан. Тэгээд надад ирээд намайг 2 удаа алгадсан тэр үед Буян-Орших та эмэгтэй хүн яаж байна гээд Бат-Эрдэнийг сандал дээр дарж авсан чинь хамраас нь цус гарчихсан. Тэгээд караокены хүмүүс гарцгаа гэхээр нь тухайн газраас гараад сумруу ирж байгаад замаас гараад зогстол Бат-Эрдэнэ бид нартай хэрүүл хийгээд ингэж явсаар суманд Давааням гэх айлд ороод цай, хоол идээд сууж байтал Бат-Эрдэнэ Бат-Оршихтой дахиж маргалдаад заамдалцаад автал Бат-Орших Бат-Эрдэнийг тонгороод шидсэн. Тэгээд айлаас гараад бид 4 гэр гэрлүүгээ яваад гэрт ороход Ц.Бат-Эрдэнэ надад утас хаана байна пиздаа минь гэж хэлээд, хэл амаар доромжилж намайг толгойруу цохисон юм. Тэгэхээр нь чи яагаад дандаа намайг цохиж байдаг юм бэ гэж хэлээд сандал аваад ар нуруу хэсэгт цохисон. Тэгэхэд сандал салж унахаар нь сандлын их хэсгийг аваад миний толгой руу цохиход толгой хагараад цус гархаар нь сумын эмнэлэг рүү залгаад, сумынхаа цагдаа руу залгасан чинь утсаа аваагүй болохоор Цагдаагийн газрын 102 дугаартай утасруу залгаж дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2022 оны 02 дугаар 14-ний орой 21 цагийн орчимд байх Ц.Баясгалан, Ц.Бат-эрдэнэ, Ц.Отгонжаргал, Буян-Орших нар манайд ирсэн. Манай нөхөр Давааням бид 2 байсан. Тэгээд хоол идэх гэж байсан болохоор хоолоо буулгаж өгсөн. Түүнийг идээд Ц.Отгонжаргал, Буян-Орших 2 хоорондоо Үенч суманд очиж караокед ороход чамаас боллоо надаас боллоо гэж маргалдахад Ц.Бат-Эрдэнэ та нар больцгоо гээд Буян-Оршихтой маргалдсан юм. Тэгээд эхлээд Буян-Орших, Бүжнаа нар гараад явсан. Араас нь Ц.Баясгалан, Ц.Бат-Эрдэнэ нар гараад явсан. Тэд нар анх Үенч сумаас ирэхэд нэг нэгнээ хардсан байдалтай ирсэн юм...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2022 оны 02 дугаар 14-ний өдөр 16 цагийн үед Баясгалан надруу чат бичээд хэдүүлээ Үенч явж караоке орж валентины баяр тэмдэглэх үү гэхээр нь би тэгүүл нэг айлаас 30 мянган төгрөг гаргаад явъя гэсэн. Тэгээд Үенч суманд караоке ороод 8 лааз пиво, нэг шил Болор архи аваад тухайн авсан зүйлээ уунгаа дуулж байтал Ц.Бат-Эрдэнэ манай найз залуу болох Буян-Оршихыг хэл амаар доромжилж байгаал хацарлуу нь хоёр алгадсан манай найз залуу ямар нэгэн юм хэлээгүй. Ц.Бат-Эрдэнэ нойл явж ирчихээд Ц.Баясгалантай маргаад Ц.Баясгаланг хоёр алгадаад авахаар нь манай найз залуу Ц.Бат-Эрдэнийг караокены сандал дээр дарж аваад дээр нь сууж байгаад та эмэгтэй хүнд гар хүрдэг ямар сонин хүн бэ гээд хэлээд байж байтал караокены хүн орж ирээд энд юу болоод байна гэсэн чинь манай найз залуу манай хамт явсан эхнэр нөхөр хоёр маргалдаад муухай юм болчихлоо одоо гарлаа гэж хэлээд бид хэд тухайн караокеноос гараад Алтай сум явж байтал замд Ц.Баясгалан, Ц.Бат-Эрдэнэ хоёр хоорондоо маргаад машинаас буугаад хэрэлдээд байхаар нь арай гэж аргадаж байгаад машинд суулгаад Алтай сум ороод Давааням ахынд очих үедээ замаасаа дэлгүүр орж ганц шил 0,5-тай Ерөөл нэртэй архи аваад очсон. Тэгээд тэндээ хоол унд идээд сууж байгаад Буян-Орших бид юунаас болж маргасан талаар сайн санахгүй байна юу ч гэсэн бид хоёр маргасан. Тэгсэн Ц.Бат-Эрдэнэ дундуур орж ирж надад нэг юм хэлэх шиг болсон чинь Ц.Баясгалан, Ц.Бат-Эрдэнийг хардаад маргаан болохоор нь Буян-Оршихийг аваад тухайн айлаас гараад явсан. Тэгсэн араас машинтайгаа ирчихээд хамт манайд очиж жаахан сууя гээд зогстол Ц.Бат-Эрдэнэ машинаасаа бууж ирээд манай найз залуу болох Буян-Оршихтой хэрүүл маргаан хийгээд заамдаад авахаар нь Буян-Орших, Ц.Бат-Эрдэнийг хавираад газар унгаасан. Тэгээд бид Ц.Баясгалангийн машинд суугаад Ц.Баясгалангийн гэрийн гадна очоод машинаас нь буугаад бид хоёр шууд гэрлүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Баясгалангийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 180 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Баясгалангийн биед зулайн хуйханд язарсан шарх, зулай болон духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ц.Баясгалангийн биед учирсан дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Энэхүү гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Хохирогч Ц.Бат-Эрдэний биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 209 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Бат-Эрдэнийн биед зүүн чихний ард эдгэрч буй шарх, духны баруун, баруун талын эрүү, зүүн даланд эдгэрч буй зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ц.Бат-Эрдэний биед учирсан дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Энэхүү гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл
-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
- гэрэл зургийн үзүүлэлт
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч иргэн Ц.Баясгалантай маргалдах явцдаа эрүүл мэндэд нь зулайн хуйханд язарсан шарх, зулай болон духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ц.Баясгалан нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Ц.Бат-Эрдэнийг хардаж, түүний хүзүү орчим газар маажиж, толгой тус газар нь модон сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэрч Ч.Нандинцэцэг, Ц.Отгонжаргалын нарын мэдүүлэг, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 180, 209 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал, хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Ц.Баясгалангийн эрүүл мэндэд учирсан зулайн хуйханд язарсан шарх, зулай болон духанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, хохирогч Ц.Бат-Эрдэний эрүүл мэндэд учирсан зүүн чихний ард эдгэрч буй шарх, духны баруун, баруун талын эрүү, зүүн даланд эдгэрч буй зулгаралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Баясгалан, Ц.Бат-Эрдэнэ нар нь харилцан маргалдаж зодолдсоны улмаас бие биенийхээ биед хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Эдгээр үйлдэлийг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Баясгалан, Ц.Бат-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын хувьд хохирогч Ц.Баясгаланд 68000 төгрөгний хохирол учирсныг төлөөгүй тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Баясгалан, Ц.Бат-Эрдэнэ нарт тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Баясгалан, Ц.Бат-Эрдэнэ нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн дөрвөлжин хэлбэртэй, дээд таггүй, 4 буланг төмрөөр холбож хийсэн 16.5 см өндөртэй, 23х23см хэмжээтэй 9 ширхэг савх модоор хийсэн сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийг албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамжаар шүүгдэгч Ц.Баясгалан, Ц.Бат-эрдэнэ нарыг албадан ирүүлэхийг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн ба албадан ирүүлэхэд гарсан зардал 97500 төгрөгийг шүүгдэгч Ц.Бат-Эрдэнээс гаргуулах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Баясгалан, Ц.Бат-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баясгаланг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баясгаланд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял, Ц.Бат-Эрдэнэд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Баясгалан, Ц.Бат-Эрдэнэ нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Баясгалан, Ц.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнээс 68000 /жаран найман мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ц.Баясгаланд олгосугай.
7. Шүүгдэгч Ц.Баясгалан, Ц.Бат-Эрдэнэ нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн дөрвөлжин хэлбэртэй, дээд таггүй, 4 буланг төмрөөр холбож хийсэн 16.5 см өндөртэй, 23х23см хэмжээтэй 9 ширхэг савх модоор хийсэн сандалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнээс 97500 /ерэн долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулан Ховд аймгийн Цагдаагийн газрын Булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Баясгалан, Ц.Бат-Эрдэнэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ