Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 42

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, Нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг Улсын яллагч Д.Шинэбал Шүүгдэгч Л.Оюунтуяа Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бямбабаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Оюунтуяад холбогдох 201613000069 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Налайх дүүргийн 2-р хороо, Тайжийн 6-8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Лхагвадоржийн Оюунтуяа, /Регистрийн дугаар: УС81092601/ Шүүгдэгч Л.Оюунтуяа нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Г.Оюунтуяа нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн үед Завхан аймгийн Ургамал сумын Тосгуур багийн нутаг Цагаантолгой гэх газар өөрийн 80-81 УБВ улсын дугаартай Креста маркийн авто машиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-ын “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хүмүүсийг тараахаар шаардлага тавьж явсан цагдаагийн ажилтан Р.Идэрболдыг мөргөж түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан, улмаар З.Идэрболдыг мөргөснөө мэдсээр байж зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Түүний гэм бурууг нотолсон нотлох баримтуудаас дурдвал: 1.Хохирогч З.Идэрболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2016 оны 05 сарын 03-04-нд шилжих 01 цагийн орчимд Ургамал сумын Бүрчигтий гэх газар хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа 13 орчим машинтай хүмүүсийг тараах зорилготой очсон юм. Бид тухайн үед 12 хүний бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж байсан юм. Биднийг очиход хууль бусаар ашигт малтмал олборлохоор ирсэн хүмүс бүгд машин машиндаа сууцгаагаад тал тал тийшээ таран зугтаасан. Миний зогсож байсан газар хар бараан өнгийн, маш хурц гэрэлтэй жийп машин тулж ирэхээр нь би хажуу тийшээ болоход тэр машин хажуугаар зөрсөн. Уг машин өнгөртөл араас нь мөн хурц гэрэлтэй машин маш хаазтай ирж миний зүүн тал руу мөргөсөн. Би хол шидэгдэж унахад уг машин өнгөрөөд явсан. Ямар өнгийн, ямар маркийн машин байсныг харж чадаагүй. Миний зүүн хөлний өвдөгний холбоосууд гэмтэлтэй гэсэн оноштой эмчилгээ хийлгэсэн.” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Түмэнцогтын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Тэгээд сүүлийн 3 дахь шөнө буюу 2016 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө нөгөө газраа Алтанхуяг ухсан нүхэн дотроо, би нүхний аман дээр нь машин дотор жолооны ард Оюунтуяа байж байтал 01 цагийн үед тэнд ...цагдаа ирлээ гээд бөөн бужигнаан болоод явчихаар нь ганцаараа гүйгээд машины зүүн талын хаалгаар ороод суутал Алтанхуяг машины зүүн урд хаалгаар орж ирээд суусан. ...Тэгээд Оюунтуяа машинаа жолоодоод хөдлөөд явсан чинь удаагүй машин жолоодож явсан Оюунтуяа цагдаа шүргэчихлээ ш дээ гэж хэлээд хурдаа хасаж нэг зогсох гэснээ хурдаа нэмээ яваад өгсөн. Алтанхуяг хажуу талаас нь чи машинаа зогсоогооч гэж хэлсэн чинь Оюунтуяа уйлаад тэр чигтээ юм хэлэхгүй яваад байсан” гэсэн мэдүүлэг, Гэрч П.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Тэр өнгөрч явсан Пажеро маркын автомашины араас Идэрболд хараад буцаад эргээд харах үед нь цагийн өнгийн суудлын жижиг машин гэрэл нь асаад Идэрболдыг чиглээд давхиж байсан. Тэр үед Идэрболд тэр машинаас зайлаад хажуу тийшээгээ буюу баруун тал руугаа болсон чинь тэр машин Идэрболдыг зайлсан тал буюу машинаа зүүн тийшээ дараад Идэрболдыг машиныхаа яг урд хэсгээр голлоод мөргөсөн. ...Тэр мөргөсөн машин нь тэр чигтээ яг ертөнцийн зүгээр яг урд зүг зугтаагаад явчихсан” гэсэн мэдүүлэг Гэрч С.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Тэгсэн чинь Пажероны ард 1-2 метрийн зайтай явж байсан цагаан өнгийн Креста маркын автомашин Идэрболдыг буцаад эргээд харах үед нь тэр машин зүүн тийшээ дараад Идэрболдыг машиныхаа урд хэсгээр мөргөсөн. Яг мөргөх үед нь Идэрболд биеэ баруун тийшээгээ эргүүлээд зүүн талаараа мөргүүлээд машины хамар дээр өнхрөөд машины баруун тал руу нь газар унасан. Тэр мөргөсөн машин нь зогсоох ямар ч арга хэмжээ аваагүй. Тэр чигтээ урд зүгт зугтаагаад явчихсан. Тэр машин зугтааж байгаа машин учир их л хурдтай явсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримдуудаар нотлогдож байна. Г.Оюунтуяагийн үйлдлийн улмаас хохирогч З.Идэрболдын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 20162021 дугаартай “Р.Идэрболдын биед өвдөгний үений уутан дахь шингэний ихсэлт, дунд чөмөгний 2 талын булууны хавант өөрчлөлт, дотор талын жийргэвчинд дегегератив өөрчлөлт, дотор талын хажуугийн холбоосны хаван гэмтлүүд тогтоогдлоо. -Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх бөгөөд хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. -Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулж байгаа тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. -Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлийн байдлаас хамаарна. -Шинжээч эмч П.Базардаргиагийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 201620176 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Гэвч зүүн өвдөгний үений холбоосны тасрал гэж буруу оношилсон байна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Түүнчлэн шүүгдэгч Г.Оюунтуяа өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг яллах үндэслэл болголоо. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд тогтоолын үндэслэл болгон шүүгдэгч Г.Оюунтуяаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан болон мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Идэрболд хохиролд 4.0 сая төгрөг нэхэмжилж байсан ч Улаанбаатар хотоос Улиастай суманд нийтийн тээврийн автобусаар ирэхдээ 48000 төгрөг төлсөн зорчигчийн тасалбараас өөр баримт гаргаж өгөөгүй байна. Харин шүүгдэгч Г.Оюунтуяа хохирогчид эмчилгээний үед хэрэглэсэн эм тариа, эмнэлгийн төлбөр, таягний үнэ зэргийг төлсөн баримтуудаа болон бэлнээр шилжүүлсэн 450000 төгрөгний баримтаа хэрэгт хавсаргуулсан байна. Эдгээр баримтуудаар шүүгдэгч хохиролд нийт 865000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэстэй. Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх үндэслэл болгох нь зүйтэй. Түүнд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй байна. Ял шийтгэл оногдуулахад харгалзах дээрх хөнгөрүүлэх нөхцөл, 04-14 насны хүүхдүүдтэй болон үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Лхагвадоржийн Оюунтуяаг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас осол гаргаж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан болон зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Оюунтуяаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2/хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Оюунтуяад Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялд мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2/хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж шүүгдэгчийн эдлэх ялыг 1/нэг/ жилийн хорих ялаар тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Оюунтуяад оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оюунтуяад оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг тэнсэж 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд Л.Оюунтуяад хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай.

7. Шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдсугай.

8. Л.Оюунтуяад 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шүүгдэгчийн эд хөрөнгө болох 4500000 төгрөгний үнэлгээтэй 80-81 УБВ улсын дугаартай Креста маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг мөн 150000 төгрөгний үнэлгээтэй More маркийн угаалгын машин, 300000 төгрөгний үнэлгээтэй HKC маркийн LED дэлгэцтэй 32 инчийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолуг тус тус хүчингүй болгосугай.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “B” ангиллын 768942 дугаартай жолоочийн үнэмлэхийг Л.Оюунтуяад буцаан олгосугай.

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

12.Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    Д.НЯМ