Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 107

 

 

 

 

 

 

 

  С.Б-д холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Д.Агар,

            нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1553 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 82 дугаартай эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч С.Б-д холбогдох 1811020780678 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Чонос овгийн С.Б-, 1989 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй, /РД: УХ89110598/;

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан;

            С.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр .......... дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..............” нэртэй барьцаалан зээлдүүлэх газраас иргэн О.Саруулзулын “Samsung galaxy s6”, “Iphone-5”, “LG G4” маркийн гар утаснуудыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 514.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Б-д холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй шинээр илэрсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

            Үүнд: 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 944 дугаартай магадлалд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийн прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Иймд дээрх хэргийг прокурорт очтол С.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан байх ба шүүгчийн захирамжийн “тодорхойлох” хэсгийн 2 дахь заалтад хавтас хэрэгт авагдаагүй хэргийн талаар дурьдсан, мөн 3 дахь заалтад улсын яллагчийн шүүх хуралдаанд яригдаагүй зүйлийг бичиж хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

            Мөн Эрүүгийн 1811020780678 дугаартай хэрэгт яллагдагч С.Б-ы гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул прокурорын тогтоол гарган яллагдагч С.Б-тай оногдуулах ялын талаар тохирч 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр ял тохиролцсон, яллах дүгнэлт гардуулсан эсэх асуудлыг шийдвэрлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаахаар заасан байхад шүүгдэгчийн гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

            Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1553 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх С.Б-д холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй шинээр илэрсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 944 дугаартай магадлалд авагдсан ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай” гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн үндэслэл нь ойлгомжгүйгээс гадна тус шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг “Шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох учраас Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн үйлдлийг нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна. Мөн үнэлгээний хувьд гурван үе дамжсан хөөрөг гэж мэдүүлсэн. Үүнийг нотлох баримт байгаагүй. Дахин үнэлгээ хийлгүүлэх саналтай байна”, прокурорын тайлбарыг “Шүүгдэгч нь урьд хулгайн гэмт хэргээс 7 удаагийн ял шийтгүүлж байсан” гэх мэтээр өөр хэргийн талаар дурьдсан нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх талаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн байна.

Уг шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэг нь дээр дурдсан байдлаар зөрчилдөөнтэй байгаа боловч захирамжлах хэсгээр шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжгүй гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Учир нь,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос яллагдагч С.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна.”, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Прокурор ... хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэснийг тус тус зөрчиж, яллагдагчид оногдуулах ялын талаар санал гаргаж танилцуулахгүйгээр зөвхөн яллах дүгнэлтийн хавсралтад ялын талаар дурьдаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу байна.

Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах үндэслэлдээ “давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан асуудлыг хийж гүйцэтгүүлэхээр” гэж бичсэн буруу болно. Иймд анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болон бусад асуудлын талаар тодорхой зааж байвал зохино. Давж заалдах шатны шүүхээс, хэргийг прокурорт буцаасан захирамжийн үндэслэлийг тодруулан дүгнэсэн болно.

Прокурорын эсэргүүцлийн агуулгаас үзэхэд, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг зөрчсөн, шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн хоёр үндэслэл заажээ .

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1492 дугаартай “урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох” тухай шүүгчийн захирамж гаргаж, хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс нотлогдож байх тул эсэргүүцлийн энэ талаар бичсэн хэсгийг хүлээн авах боломжгүй. 

Харин прокурорын эсэргүүцлийн “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй” гэсэн хэсгийг хүлээн авсныг дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1553 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 82 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР 

 

ШҮҮГЧ                                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ 

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ