Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2014/0358

 

Д аймгийн Х сумын * дүгээр баг Зэвсэгт хүчний *** дугаар ангийн захирагч С.Н, тус ангийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч Ч.Ч нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар шийдвэртэй, Д аймгийн Х сумын * дүгээр баг Зэвсэгт хүчний *** дугаар ангийн захирагч С.Н, тус ангийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч Ч.Ч нарын нэхэмжлэлтэй, Д аймгийн Аудитын газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний *** дугаар ангийн захирагч С.Н, тус ангийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч Ч.Ч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ангийн 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд Аудитын газраас аудит хийж, 01/118, 02/119, 03/120 дугаартай төлбөрийн актууд тавигдсан нь хүчээр тулган хүлээлгэсэн шинж чанартай байгаа нь хууль бус гэж үзсэн учир гарын үсэг зураагүй бөгөөд шүүхэд хандаж уг актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаадаа харамсаж байна. Аудитын байгууллагыг Монгол Улсын Их хурлын харьяа байгууллага гэдгийг өнөөдөр мэдэж байна. Энэ төлбөр тавьсан актуудын мөнгийг бид хувьдаа авч хэрэглээгүй. Улсын мөнгийг улсад нь зарцуулсан байхад акт тавьж байгаад харамсаж байна. Тухайлбал, Аудитын газрын 01/118 тоот төлбөрийн актаар цалингийн зардлаас 1.428.000 төгрөгийг зочид буудлын хөлсөнд зарцуулсан гэсэн байгаа. Бид төвөөс томилолттой ирсэн хүмүүст буудлын мөнгө хүрэлцэхгүй байсан учир зарцуулсан нь үнэн.

 

 

 

 
 

Гэхдээ энэ нь Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасны дагуу нэмэлт орлогоос буудлын хөлс төлж болно гэж ойлгож байна.

 

Сахилгын шийтгэлийн дагуу суутгагдсан мөнгө нь манай өөрийн орлого гэж үзэж байна. Зөрчил гаргасан хүнээс цалингийн 3 сар 20 хувиар хасах шийтгэлтэй байхад тэр цалин суутгагдаж, шийтгэгдсэн хүн үлдсэн цалингаа авсан байх ёстой. Зэвсэгт хүчний нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг дээр орлогын ангилал дээр хураамж, торгууль шийтгэл энэ бол орлого гээд заасан байдаг.

Аудитын байгууллага нь яагаад бидний дотоод үйл ажиллагаанд оролцоод байгаад гайхаад байна. Манай цэргийн анги нь мал мах авах төсөв байдаггүй. Бид гуйлгаар цэргийн хоолонд мах авдаг. Түрүү жил амьдын жинг нь 1000 төгрөгөөр ав гэсэн команд ирээд түүний дагуу авсан байгаа. Ер нь малчдын гар дээрээс мал авч байгаа тохиолдолд 10 хувиа өгөө гэж хэлж яаж болох вэ дээ. Ашиг олж байгаа тал болохоор малаа зарж байгаа малчин болно шүү дээ. Малчдаас авч байгаа малчны гар дээрээс мал авч байгаа тохиолдолд 10 хувийг авахгүй гэсэн Улсын дээд шүүхийн тогтоол байна лээ. Ер нь энэ акт нь бичиг үсгийн хувьд алдаатай, захирагч гэхийг “ахирагч” гэж бичихээс эхлээд актууд нь алдаатай бичигдсэн байгаа юм. Бид энэ төлбөрийн 7 сая төгрөгийг төлөхөд туйлын харамсалтай байна. Бид ч ардаа амьдралтай хүмүүс шүү дээ. Ангиа төлөөллөө гээд хувьдаа авч / хэрэглээгүй, бүх зүйл данс савандаа орсон, авсан өгсөн газар нь баримт материалтайгаа байгаа учир хувиараа төлж чадахгүй” гэжээ.

Хариуцагч Д аймгийн Аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах аудитор Д.Нармандах шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Төрийн аудитын тухай хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу бид Зэвсэгт хүчний *** дугаар ангийн 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг баталгаажуулж, 12.462.422 төгрөгийн 3 ширхэг төлбөрийн акт тавигдсан юм. Санхүүгийн Аудитыг зохион байгуулах тухай Монгол Улсын ерөнхий аудиторын 2013 оны 149 дүгээр тушаалаар батлан хамгаалах болон хилийн д цэргийн анги салбарын 2013 оны санхүүгийн тайланд аудит хийж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Ерөнхий аудиторуудад даалгасан юм. үүний дагуу Зэвсэгт хүчний *** дугаар ангийн 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг баталгаажуулж, аудитаар нийт 68.031.668 төгрөгийн зөрчил илэрч, 12.462.422 төгрөгийн 3 ширхэг төлбөрийн акт, 55.569.246 төгрөгийн үнийн дүн бүхий 2 ширхэг албан шаардлага бичигдэж, залруулагдаагүй алдаа Аудитын олон улсын стандартын 320-д заасан тэвчих магадлалтай алдааны дээд түвшин 2 хувиас хэтэрсэн тул 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн.

 

 

Зэвсэгт хүчний *** дугаар ангийн захирагч хурандаа Д.Нэргүй, Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогч Ч.Ч нар нь дээд шатны байгууллагаас томилолтоор ирсэн хүмүүсийн буудлын хөлсөнд 6 удаагийн үйлдлээр 1.428.000 төгрөгийг Ганхэрлэн зочид буудал руу ажилчдын цалингаас суутган авсан гэрэл, дулааны мөнгийг шилжүүлэхдээ хамтад нь цалингийн зардлаас шилжүүлснийг тайлан баталгаажуулах явцад Ч.Ч-тай хамт сууж байгаад түүж гаргасан.

Мөн тус ангийн сахилгын шийтгэл ногдуулан цалингаас суутган авсан 7.154.445 төгрөгийг мөнгөн кассын нярвын хувийн харилцах дансаар дамжуулан цэргийн албан хаагчдын цалингийн хамтаар гарган авч захиран зарцуулсан байсан. Энэ нь Төсвийн тухай хууль болон “Цалин хөлс, нэмэгдэл урамшуулал болон тэтгэвэрт гарахад олгогдох 1 удаагийн мөнгөн тэтгэмжийн зардлыг бусад зардалд шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Цалингийн батлагдсан төсвийг өөр зүйлд зарцуулдаг, ажилчдадаа арга хэмжээ авч суутгасан төсвийг өөр зүйлд зарцуулдаг, ажилчдадаа арга хэмжээ авч суутган авсан цалинг төсөвт төвлөрүүлэлгүй өөрсдөө дур мэдэн зарцуулдаг хэвшил манай аймагт арилаад 10 гаруй жил болж байна. Ахлах нягтлан бодогч Ч.Ч цалингийн зардлыг бусад зардалд шилжүүлэн зарцуулахыг хориглосон заалт байдгийг мэддэг атлаа хууль, журам зөрчсөн. Төсөв бол ард түмний татварын I мөнгө, аль нэг албан тушаалтны үзэмжээр зарцуулдаг асуудал биш юм.

Нэхэмжлэгч шүүхэд тайлбарлахдаа эдгээрийг орлого гэж үзээд байх юм. Энэ нь орлого биш юм. Монгол Улсын төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т орлого гэж тухайн этгээдийн дотоод гүйлгээнээс бусад гаднаас хүлээн авсан бүх төрлийг гүйлгээг орлого гэж үзнэ гээд заасан байгаа учир татварын бус орлогыг шууд төвлөрүүлэх ёстой юм.

Монгол Улсын хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо, толгойд ногдох орлогыг албан татвараас чөлөөлнө гэж заасан болохоос борлуулсан орлогыг чөлөөлнө гэж заагаагүй байгаа юм. Харин акт  дээрх алдаатай бичигдсэнд уучлал хүсэж байна” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр: Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.5, 15.1.12, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, 23 дугаар зүйлийн 23.1, 47 дугаар зүйлийн 47.3, Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 9.1.4, 9.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй

 

 

 

 

болгож, Д аймгийн Аудитын газрын 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01/118, 02/119 дугаар актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн

шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 03/120 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нармандах давж заалдах гомдолдоо: “Хариуцагч Д аймгийн Аудитын газрын 01/118 ДРАГ-2014/45-СТА, 02/119 ДРАГ-2014/45-СТА, 03/120 ДРАГ-2014/45-СТА тоот төлбөрийн актуудыг хүчингүй болгуулах тухай Зэвсэгт хүчний *** дугаар ангийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн 8 дугаар шүүх 2014 оны 06 дугаар сарын 24-ны өдөр хянан хэлэлцээд 16 тоот шийдвэрээр Д аймгийн аудитын газрын 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/120 ДРАГ-2014/45-СТА тоот төлбөрийн актыг хүчингүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Санхүүгийн аудитыг зохион байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий аудиторын 2013 оны 149 тоот тушаалаар батлан хамгаалах болон хилийн цэргийн анги салбарын 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Ерөнхий аудиторуудад даалгасан юм. Үүний дагуу бид Зэвсэгт хүчний *** дугаар ангийн 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг баталгаажуулж, аудитаар нийт 68.031.668 төгрөгийн зөрчил илэрч 12.462.422 төгрөгийн 3 ширхэг төлбөрийн акт, 55.569.246 төгрөгийн дүн бүхий 2 ширхэг албан шаардлага бичигдэж, залруулагдаагүй алдаа Аудитын олон улсын стандартын 320-д заасан тэвчих магадлалтай алдааны дээд түвшин 2 хувиас хэтэрсэн тул 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд нь хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн.

Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь заалт нь "Малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого" албан татвараас чөлөөлөгдөнө гэснийг тодорхойлсон бөгөөд мал борлуулж олсон орлогыг нь энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д "хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого" нь үйл ажиллагааны орлогод хамаарч буй учир татвар ногдуулах үндэслэлтэй гэж үзэн Зэвсэгт хүчний *** дугаар ангийн нягтлан бодогчийн Мал мах худалдан авсан 38.799.770 төгрөгөөс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар суутган тооцоогүй, татвар төлөгчийн дугаарыг орлого олгосон тухай баримтад тэмдэглэж, өссөн дүнгээр гаргаж татварын хэлтэст мэдэгдээгүй 3.879.977 төгрөгийн зөрчил илэрсэнд 03/120 ДРАГ-2014/45-СТА тоот төлбөрийн акт тогтоосон.

 

Мөн энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-д "Суутгагч нь иргэнд орлого олгох бүртээ түүний татвар төлөгчийн дугаарыг орлого олгосон тухай баримтад тэмдэглэж, өссөн дүнгээр гаргаж мэдэгдэх"-ийг хуульчилж өгсөн байдаг. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-26.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 509 тоот тушаалаар батлагдсан "Хувь хүнд олгосон орлогоос албан татвар суутгаж, төсөвт шилжүүлэх заавар"-ын 3.1 -д "Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлого"-д бараа материал нийлүүлэгч иргэн тухайн байгууллагатай гэрээ байгуулаагүй, зөвхөн нэг, хоёр удаагийн бараа нийлүүлэлтээр олсон орлогоос суутгагч тухай бүр 10 хувийн албан татвар ногдуулан, дараа сарын 10-ны дотор харьяа дүүргийн татварын албанд шилжүүлнэ" гэсэн заалтыг Зэвсэгт хүний *** дугаар ангийн санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогч ахмад Ч.Ч мөрдөж ажиллаагүй.

Хувь хүн орлого олсон бол 10 хувийн татвар төлдөг асуудал улсын хэмжээнд татварын албаны системд мөрдөгдөж манай аймагт үйл ажиллагаа явуулдаг 327 дугаар ангиас бусад зэвсэгт хүчин болон хилийн цэргийн анги салбарууд дээрх хууль журмыг мөрдөж хэрэгжүүлэн ажиллаж байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 16 тоот шийдвэрийн 8 дугаар хуудасны 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/120 дугаар актыг хүчингүй болгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд:

Д аймгийн Аудитын газрын 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01/118 ДРАГ-2014/45-СТА, 02/119 ДРАГ-2014/45-СТА, 03/120 ДРАГ-2014/45-СТА дугаар бүхий актуудаар Зэвсэгт хүчний *** дугаар ангийн 2013 оны санхүүгийн тайланг баталгаажуулах явцад гарсан нийт 68.031.668 төгрөгийн зөрчилд 12.462.422 төгрөгийн төлбөр ногдуулж, холбогдох этгээдээр төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч, нэхэмжпэгч Зэвсэгт хүчний *** дугаар ангийн захирагч С.Н, нягтлан бодогч Ч.Ч нараас анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх дээрх актуудаас 01/118, 02/119 дүгээр актуудыг хэвээр үлдээж, харин 03/120 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 327 дугаар анги мал, мах худалдан авсан 38.799.770 төгрөгөөс хувь хүний орлогын албан татвар 3.879.977 төгрөгийг суутган тооцоогүй нь

 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1.4-д заасныг зөрчсөн гэж үзэж 3.879.977 төгрөгийг төсөвт төлүүлэхээр 03/120 дугаар акт тавьжээ.

Хариуцагчаас малчдын мал борлуулж олсон орлогыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах үйлчилгээ үзүүлэх, зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого буюу үйл ажиллагааны орлогод хамаарч байгаа гэж үзэж нэхэмжлэгчийг мал худалдаж авсан үнийн дүнгээс хуульд заасан хувиар татвар суутгаж, төсөвт шилжүүлээгүй зөрчилд төлбөр ногдуулсан нь зөв гэж маргаж байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “малчин өрх” гэж хувийнхаа өмчийн малыг байнга маллаж, ашиг шимээр нь үндсэн орлогоо олдог гэр бүлийг; 4.1.3-т “мал бүхий этгээд” гэж энэ хуулийн 4.1.2-т зааснаас бусад мал өмчилж байгаа хувь хүнийг ойлгохоор заасан.

Хуулийн энэ заалтаас үзэхэд малчин өрх буюу мал бүхий этгээд нь өөрсдийн зардлаар мал маллаж, түүний ашиг шимээр үндсэн орлогоо олдог тул малын тоо толгойд ногдох орлого буюу мал, малын мах, түүхий эд борлуулсан орлого нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-т малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлогыг чөлөөлнө гэж заасан орлогод хамаарах бөгөөд хуулиар чөлөөлөхөөр заасан орлогыг үйлдвэрлэл эрхэлж, үйл ажиллагаа явуулсан орлого гэж үзэж, татвар ногдуулан, нэхэмжлэгчийг мал худалдан авахад олгосон орлогоосоо татвар ногдуулан суутгаагүй гэж акт тавьсан нь үндэслэлгүй байна.

Харин малчин өрх, мал бүхий этгээд малын ашиг шимийг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүнийгээ борлуулах зэргээр олсон орлого нь үйл ажиллагааны орлогод хамаарч татвар ногдох орлого болно.

Анхан шатны шүүх дээрх актыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ тухайн орлого нь татвар ногдох орлого мөн эсэхэд, нэхэмжлэгч албан татвар ногдуулан суутгаж, төсөвт шилжүүлэх үүрэг хүлээх ёстой эсэхэд дүгнэлт өгөөгүй ч энэ нь шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл биш гэж үзэв.

Харин 01/118 дугаар актаар цалингийн зардлаас 1.428.000 төгрөгийг зочид буудлын хөлсөнд зарцуулсан зөрчилд, 02/119 дүгээр актаар ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулан цалингаас суутган авсан 7.154.445 төгрөгийг мөнгөн кассын нярвын дансаар дамжуулан авч, зарцуулсан зөрчлүүдэд төлбөр төлүүлэхээр акт тавьсан нь холбогдох хуульд нийцсэн талаар дүгнэж, 01/118, 02/119 дүгээр актуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг ДУРДсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.