Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 098

 

 

 

 

 

 

К-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,        

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 350 дугаар шийдвэртэй, К-гийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Маншүк, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус төвийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэгч К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “К миний бие 2002 онд Монгол хэл бичгийн дээд сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой, магистр зэрэгтэй. 2003 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 12 тоот тушаалаар “цагийн багшаар”, 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тус төвийн захирлын 44 тоот тушаалаар “цагийн багшаар” томилогдож, 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр захирлын 22 тоот тушаалаар үндсэн багшаар томилогдож, одоогийн байдлаар тус сургуульд 14 жил багшаар ажилласан.

 

Ажилласан хугацаанд алдаа дутагдал гаргаж, хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ажилласан байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Энэ хугацаанд мэргэжлээр үр бүтээлтэй ажиллаж байгууллагын аварга, сургуулийн шилдэг авьяаслаг багш, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байсан ба урлаг спортоор уйгагүй хичээллэсний ур дунд ширээний теннисний чиглэлээр спортын дэд мастер зэрэг хамгаалж, волейболын аймгийн шигшээ багийн тамирчнаар шалгаран хичээллэж, гадаад дотоодод болон олон тэмцээн уралдаанд оролцож багийн болон хувийн олон амжилт гаргаж байсан. 

 

2017 оны 01 дүгээр сарын 05-наас 07-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Кош-Агаш районд зохиогдсон нээлттэй тэмцээнд багаар оролцох болсон тул волейболын аймгийн шигшээ багийн тамирчдыг бүрэн бүрэлдэхүүнээр оролцуулахаар аймгийн удирдлага болон аймгийн Биеийн тамир, спортын газар шийдвэрлэж, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр К намайг 1 дүгээр сарын 03-наас 09-ний өдрүүдэд ажлаас түр чөлөөлж, тэмцээн уралдаанд оролцох боломжоор хангахыг хүсэлт болгосон. Уг хүсэлтийг захирал И тухайн өдөр аймгийн волейболын холбооны тэргүүлэгч М биеэр хүргүүлж, чөлөө хүссэнийг И захирал цагийг нь зохицуулж, бололцоо гаргаж өгнө гэж амаар хариу өгсөн байдаг. Мөн тухайн үед улирлын амралт эхэлж байсан учир миний бие хичээлийн цагийг зохицуулж, сургалтын менежер Ж-т мөн хэлж зохицуулан явсан.

 

Түүнчлэн аймгийн Биеийн тамир, спортын газрын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн багш К надад чөлөө хүссэн тухай 01 тоот бичгийн хүсэлтийг захирал И хүлээн авч, бичгээр татгалзсан хариу өгөөгүй учир чөлөө олгохыг зөвшөөрсөн гэж үзэж байна.

 

Багш К намайг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 01 тоот тушаалд: Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.3.1-д заасан зөрчил болох “Хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан” гэх заалт, хөдөлмөрийн гэрээний 7.2.7-д заасан “Хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 /гурав/ хоногоос дээш өдрийн ажил тасалсан” гэх заалтуудыг баримталсан нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь: К миний бие хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 01 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд ажил тасалсан үйлдэл гаргаагүй. Учир нь тухайн өдрүүдэд К миний бие Оросын Холбооны Улсын Кош-Агаш районд зохиогдсон волейболын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон маань холбогдох баримтуудаар батлагдаж байгаа билээ. Би чөлөө авсны дараа сургалтын менежер Ж-т чөлөө авсан талаар хэлж зохицуулалт хийхийг хүссэний дагуу миний орох ёстой хичээлүүдийг Е багш орлон заасан байна. Нөгөөтээгүүр, миний бие 3 дахь өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үдээс хойш тэмцээнд явсан тул 12:00 цаг хүртэл ажлын байрандаа байж зохих бүртгэлийг хийлгүүлсэн. Мөн 01 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагаас хойш хичээлтэй байсан тул Оросын Холбооны Улсаас оройн хичээлдээ амжиж ирж бүртгэлээ зохих журмын дагуу хийлгүүлж байсан. Намайг ажил тасалсан хэмээн үзсэн ч, бүртгэл хийсэн цагаар авч үзсэн ч 3 хоног хүрэхгүй юм.

Сургуулийн захирал надтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, нэг хувийг гардуулж өгөөгүй байсан. Нэгэнт хөдөлмөрийн гэрээг гардаж аваагүй тул тус гэрээгээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд заасан гэдгийг ч мэдэхгүй. Надад гардуулж өгөөгүй хөдөлмөрийн гэрээгээр надад хатуу хариуцлага хүлээлгэж байгаа явдалд гомдолтой байна.

 

Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалт болон Хөдөлмөрийн гэрээнд “Хүндэтгэж үзэх шалтгаангүй ажил тасалсан” гэдгийг тайлбарласан тайлбар байхгүй, шалтгаангүй ажил тасалсныг тодруулж тайлбарлаагүй учир К миний тэмцээн уралдаанд оролцсон явдал тодруулбал аймгийг төлөөлөн оролцож байгаа болохоор хүндэтгэн үзэх шалтгаан гэж ойлгож байна.

 

Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш ажилтай К намайг зөрчил гаргаагүй байхад хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан явдал тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан нь сургуулийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.4-д заасныг болон 10.1.13-д заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Хасений К намайг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн ажлаас чөлөөлөх тухай тус сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: “К нь тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байхдаа 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагаас 2017 оны 1 дүгээр сарын 5, 6, 7-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дур мэдэн ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн.

Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.8-д “багш зайлшгүй тохиолдолд чөлөө авахаар бол урьд өдөр нь мэдэгдсэний үндсэн дээр чөлөөг захирал чөлөөний хуудсаар олгохоор зохицуулсан байдаг. Гэтэл К байгууллагын ажилтны хувьд захирал надад биечлэн ирж чөлөө олгох талаар хүсэлт гаргаж байгаагүй болно. Хэрэв урьд өдөр нь учраа хэлж бичгээр чөлөө олгохыг хүссэн бол хичээлийн цагийг нь зохицуулан дүрэм журмын дагуу чөлөө олгох асуудлыг судлан үзэх байсан.

 

Гомдол гаргагч гомдолдоо чөлөө авсан талаар сургалтын менежер Ж-т хэлж хичээлээ зохицуулж өгөхийг хүссэн хэмээн дурдсан ч сургуулийн сургалтын менежер Ж удирдлагын зөвшөөрөлгүйгээр хичээл зохицуулах эрх бүхий албан тушаалтан биш.

 

Нөгөө талаар манай байгууллага спортын байгууллага биш учраас К-гийн тэмцээнд оролцсон нь түүний хувийн асуудал болохоос тус байгууллагыг төлөөлөн уралдаан тэмцээнд оролцох үүрэг хүлээгээгүй. Хөдөлмөрийн гэрээгээр К зөвхөн цагийн хуваарийн дагуу хуваарьт хичээл заах үүрэгтэй ба ажил олгогч түүний хөдөлмөрт тохирсон хөлс олгох үүрэгтэй.

 

Мөн гомдол гаргагчийн гомдолдоо дурдсанчлан түүний заах ёстой хичээлийг Е багш заагаагүй, тухайн үед тус сургуульд н.Еркегүл гэж багш байгаагүй. К багш 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 2 пар, 05-ны өдөр 4 пар, 06-ны өдөр 4 пар, 07-ны өдөр 3 парын хичээл заах ёстой. К багш хичээл ороогүйгээс болж суралцагчдад заах ёстой хичээл тасалдаж, монгол бичгээр бичигдэх ёстой байсан төгсөх ангийн сурагчдын мэргэжлийн үнэмлэх бичигдээгүй, гадны сургуулийн багшаар бичүүлсэн учраас 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр захирлын зөвлөлөөр монгол хэл, уран зохиолын багш К-гийн хичээл тасалсан асуудлыг хэлэлцэн Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд захиргааны арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

 

Иймээс К-гийн 2015 оны 11 дүгээр сард тухайн үеийн ажил олгогч С.Гүлстантай харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.7-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцон гэрээг цуцлахаар тусгасан учраас нэгэнт ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дур мэдэн ажил тасалсан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан.

Мөн гомдолд дурдсанчлан ажил олгогч ажилтанд ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар урьдчилан танилцуулах үүрэг хүлээхгүй бөгөөд хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил гаргасан бол холбогдох арга хэмжээ авах нь ажил олгогчийн эрхийн асуудал юм. Иймд гомдол гаргагч К-гийн гомдол үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр:

 “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалыг хүчингүй болгож К-ийг тус төвийн монгол хэл уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “К-гийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 350 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбек миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

1. Нэхэмжлэгч К нь 2007 оноос эхлэн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлтийн төвд монгол хэлний багшаар ажиллаж байсан ба ажилтан ажил олгогч нар харилцан тохиролцож үүрэг хүлээж 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан нь хэрэгт авагдсан К-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогддог. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын аж ахуйн нэгж, байгууллага Монгол Улсын иргэдийн хоорондын хөдөлмөрийн гэрээнээс үүссэн хөдөлмөрийн харилцааг зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан. Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтан хоорондын хөдөлмөрийн гэрээнээс үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах гол эх сурвалж Хөдөлмөрийн тухай хууль буюу түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн хэмжээ тогтоосон эрхийн актууд юм. Гэтэл шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хууль буюу хөдөлмөрийн харилцаанд Биеийн тамир, спортын тухай хуулийг үндэслэл болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Учир нь К нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.8-д “байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хууль тогтоомжийг сайтар судлан нарийн чанд дагаж мөрдөх” үүрэг хүлээсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд ажилтны эрх, үүргийг заахдаа “ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам”-ыг сахин биелүүлэхийг ажилтанд үүрэг болгосон. Иймээс ажилтан хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийнхээ дагуу Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахин мөрдөж уг журмын 8.8-д “багш чөлөө авах зайлшгүй тохиолдол гарвал чөлөөг захирал олгоно. Багш чөлөө авах тухайгаа урьд өдөр нь мэдэгдэж, хичээлээ зохицуулсан байна. Чөлөөг чөлөөний хуудсаар олгоно.” гэж заасны дагуу тэмцээнд оролцохоор болсон талаарх холбогдох нотлох баримтыг хавсарган хүсэлтээ сургуулийн захиралд гаргасны дагуу чөлөө олгох эсэх нь шийдвэрлэгдэх ёстой байсан. Гэвч К сургуулийн захиралд чөлөө олгох талаар хүсэлт гаргаагүй, ажилтны хувьд захирал Иад тэмцээнд оролцох болсон талаар биечлэн уулзаж мэдэгдээгүй, чөлөө хүсээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тодорхой дурдсан. Мөн К нь чөлөө авсан гэдгээ нотолж чадаагүй төдийгүй энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй.

 

Иймээс ажилтан К нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахин биелүүлэх үүргээ зөрчиж зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 5,6,7-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дур мэдэн ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөнд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй байтал шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан.

 

2. Шүүх дүгнэхдээ К тамирчин учраас Биеийн тамир, спортын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан эрх нь хөндөгдсөн, тэмцээнд оролцох хугацаанд үндсэн ажлаас чөлөөлөгдөх ёстой байсан хэмээн үзсэн боловч дээрх хуулийн заалтыг тэмцээнд оролцох талаар урьдчилан сургуулийн захиралд мэдэгдэхгүйгээр дур мэдэн ажилтан ажлын байраа орхиж явсан ч ажлаас нь чөлөөлөгдөх ёстой, тамирчны хувьд давуу байдал эдлэх ёстой хэмээн тайлбарлан ойлгож болохгүй.

Тамирчин хүн ч багш хүн ч эрх зүйн этгээд учраас Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөн ажиллах нь ажилтны хуулиар хүлээсэн үүрэг учраас К-гийн чөлөө авахгүйгээр тэмцээнд оролцсон нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

Хүний эрх нь бусад хүний эрхээр хязгаарлагддаг. Иймээс К-гийн тамирчны хувьд эдлэх эрх багш нь заах ёстой хичээлээ заагаагүйн улмаас Үндсэн хуульд заасан “сурч боловсрох” эрхээ эдэлж чадахгүй байгаа сурагчдын эрхээр хязгаарлагдах ёстой.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан “тэмцээнд оролцох хугацаанд үндсэн ажлаас чөлөөлөгдөх тамирчны эрх” нь тухайн тэмцээнд оролцох эрхээ авсныг ажилладаг байгууллагын өмнө нотолсноор үүсэх бөгөөд ажилтан нь тэмцээнд оролцох болсныг мэдсэн тохиолдолд ажил олгогч ажилтныг үндсэн ажлаас нь чөлөөлж тухайн багшийн заах ёстой хичээлийг зохицуулах үүрэг хүлээнэ.

 

Аймгийн Биеийн тамир, спортын газрын К-д чөлөө олгохыг хүссэн хүсэлтийг үндэслэн сургуулийн захирал чөлөө олгох журамтай ч эрх бүхий байгууллагын чөлөө олгох тухай хүсэлтийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал хүлээж авсан эсэх нь нотлогдон тогтоогдоогүй байхад хариуцагч байгууллагыг ажилтандаа чөлөө олгох үүргээ биелүүлээгүй байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан хэмээн ажилтны хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсанд буруутгах нь үндэслэлгүй юм.Өөрөөр хэлбэл ажилтан К нь сургуулийн захиралд ОХУ-д тэмцээнд оролцох болсон тул чөлөө олгохыг хүсэж,  амаар болон бичгээр хүсэлт гаргасаар байхад сургуулийн захирал олон улсын тэмцээнд оролцох болсныг мэдсээр байж чөлөө олгохоос үндэслэлгүй татгалзсан, хүсэлтийг шийдвэрлээгүй, хариу өгөөгүйн улмаас тэрээр аргагүй байдалд орж тэмцээнд оролцсон бол түүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх байсан. Гэвч К тэмцээнд оролцох талаар урьдчилан мэдэгдэж, чөлөө олгох тухай сургуулийн захирал Иад хүсэлт гаргаагүй тухайн үед ажилтан нь тэмцээнд оролцохоор ОХУ-д зорчихоор болсон талаар сургуулийн захирал мэдээлэлгүй байсан нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогддог.

 

Нэхэмжлэгч талаас аймгийн Биеийн тамир спортын газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн К-д чөлөө олгохыг хүссэн утга бүхий 01 дугаартай албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгч “захирал И хүлээн авч, бичгээр татгалзсан хариу өгөөгүй учир чөлөө олгохыг зөвшөөрсөн” гэж тайлбарлан маргаж байгаа хэдий ч дээрх албан тоотыг “захирал И хүлээж авсан нь түүнд хүргэж өгсөн, тэмцээнд явахыг мэдэж байсан нь”  хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байхад шүүх нэг талыг баримталж шийдвэр гаргасан.

Мөн гэрч Х, З нарын гэрчийн мэдүүлэг нь К тэмцээнд оролцсоныг, чөлөө олгохыг хүсэж хүсэлт гаргасныг нотлохоос биш дээрх хүсэлт буюу албан тоотыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хүргэж өгснийг нотлохгүй юм. 

Биеийн тамир спортын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай албан тоотыг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хүргүүлсэн бол хэн, хэзээ, хэнд хүргэж өгсөн, хүргэж өгсөн байгууллагын ажилтан, хүлээж авсан ажилтны гэрчийн мэдүүлэг, энэ талаарх явуулсан бичиг болон хүлээн авсан байгууллагын ирсэн бичгийн бүртгэл, хяналтын карт зэрэг нотлох баримтаар нотлогдох ёстой ба нэхэмжлэгч тал хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дээрх нотлох баримтуудыг гаргаж өгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй болно. Мөн шүүх нотлох баримтаар тогтоогдоогүй дээрх байдлыг шийдвэр гаргахдаа анхаараагүй.

Хариуцагч И нь К тэмцээнд оролцохоор болсон талаар мэдээлэлтэй байсан эсэх, албан тоот ирсэн эсэхийг тодруулах зорилгоор хариуцагчийн өмгөөлөгч миний бие шүүх хуралдаанд хариуцагчийг заавал оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Хэрэв хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж дээрх байдлыг тодруулсан бол маргааны нөхцөл байдалд бодиттой дүгнэлт хийх боломжтой байсан. Иймээс ажил олгогч И нь К-д чөлөө олгох хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй төдийгүй ямар ч байгууллагад захирах, захирагдах зарчим үйлчилдэг учраас ажилтан нь сургуулийн захиралд захирагдан чөлөө авсны үндсэн дээр тэмцээнд оролцох ёстой байсан.

 

3. Мөн шүүх нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөсөн шийдвэртээ Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтран баталсан 2009 оны 53/45 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралт “Монгол улсад олон улс, тив дэлхийн спортын тэмцээн, наадмыг зохион байгуулах, санхүүжүүлэх журам”-ын 3.1 “Тэмцээнд бэлтгэх, оролцох тамирчид, арга зүйч, багш, дасгалжуулагч, шүүгчдийг харъяалах шатны Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хүсэлтийг үндэслэн үндсэн ажил, хичээлээс нь дор дурдсан хугацаагаар ажлын хоногоор чөлөөлнө”, 3.1.1 “Сум, аймаг, дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах болон бүсийн тэмцээнд оролцоход 10-аас доошгүй хоног” гэх заалтуудыг үндэслэл болгожээ. Энэхүү журмын агуулга нь Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамир спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр дотоодын буюу Монгол Улсын нутаг дэвсгэрт үндэсний хэмжээнд явуулах спортын их наадам, Улсын аварга шалгаруулах бүсийн болон шигшээ тэмцээнийг зохион байгуулах, хамрагдагчдыг бэлтгэн оролцуулах, санхүүжүүлэх харилцааг зохицуулахаар заасан ба гадаад улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан тэмцээнд оролцох харилцаанд хамаарахгүй байна. Гэтэл К нь 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдрөөс 7-ны хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан ямар ч бүс, сум, аймаг, дүүргийн тэмцээнд оролцоогүй гадаад улсын нутаг дэвсгэр Оросын Холбооны Улсад болсон тэмцээнд оролцсон учраас шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон дээрх журмын 3.1, 3.1.1 дэх заалтууд нь Кош-агашт болсон тэмцээнд оролцсон харилцаанд үйлчлэхгүй бөгөөд шүүх нэг талыг баримтлан хэрэглэх ёсгүй журмыг буруу тайлбарлан хэрэглэж “К-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Журам нь хэм хэмжээ тогтоосон эрх зүйн акт учраас тухайн харилцааг зохицуулаагүй эрх зүйн актыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгосон нь хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнтэй адил үр дагавар үүсгэж шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг алдагдуулдаг. Иймээс Оросын Холбооны Улсын Алтай хязгаарын Кош-агаш районд болсон тэмцээнд оролцсон тамирчинд дотоодод зохион байгуулагдах сум, аймаг, дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах болон бүсийн тэмцээнд оролцсон тамирчинтай адил 10-аас доошгүй хоногийн чөлөө олгох ёстой мэтээр дүгнэсэн шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна.

 

4. Хариуцагч И нь шүүх хуралдаан болох 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төгсөх ангийн улсын шалгалт эхэлсэнтэй холбогдуулан улсын шалгалтын комиссын ахлан ажиллах учраас шүүх хуралдаанд заавал биечлэн оролцох боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт өмгөөлөгч надаар дамжуулан гаргасан, мөн хариуцагчийн өмгөөлөгч миний бие хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж хариуцагчийг өөрийн татгалзлаа нотлох, мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр нэг удаа хойшлуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр нь хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1 дэх хэсгүүдэд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмуудыг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүх шийдвэр гаргахдаа маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёсгүй хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 350 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт:  “Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хэмээн үзсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1.1-т “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ” хэмээн заасан билээ. Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс хуулийг хэрэглэхгүй, биелүүлэхгүй гэж Монгол Улсын хүчин төгөлдөр Биеийн тамир, спортын тухай хуулийг баримтлан шийдвэр гаргасныг буруутгасан нь үндэслэлгүй болжээ. Мөн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь хөдөлмөрийн дотоод журмынхаа 8 дахь заалтын 8.7-д “...улсын болон олон улсын шинж чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцож, амжилт гаргасан хүмүүсийг шагнаж, урамшуулах”-аар тусгасан нь санамсаргүй хэрэг биш бөгөөд Урлаг, спортыг дэмжих нь сургуулийн үндсэн зорилт болохыг тодорхойлж байгаа явдал юм. Нөгөөтээгүүр, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан бөгөөд 16 дугаар зүйлийн 16.8-д “соёл, урлаг Шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, үр шимийг хүртэх нь “иргэний үндсэн эрх” болно. Үндсэн хуульд заасан “иргэний үндсэн эрхийг” ямар нэгэн этгээд хязгаарлах, хясан боогдуулах эрхгүй байдаг тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Ажилтан К-ийг 3 хоног ажил тасалсан болох нь тогтоогдсон, К ажил тасалснаас болж сурагчдын суралцах эрх ашиг нь зөрчигдсөн мэтээр бичсэн байна. Гэвч К нь чөлөө авсны дараа сургалтын менежер Ж-т чөлөө авсан талаар хэлж зохицуулалт хийхийг хүссэний дагуу, түүний орох ёстой хичээлүүдийг С гэдэг багш орлон заасан байна. Энэ талаар хэрэгт нотлох баримтууд нь ч авагдсан байна. Иймд сурагчдын сурах эрх нь зөрчигдсөн гэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн К-ийг З хоног ажил тасалсан гэдгийг засвартай цагийн бүртгэлээр нотолж байгаа гэж байгаа нь ч эргэлзээтэй байна. К-гийн хувьд би тэмцээнд оролцоод ирэх хугацаанд 2 хоног болсон ба албаар намайг 3 хоног тасалсан болгож, дараа нь засвар хийсэн байгаа гэж тайлбарладаг нь үндэслэлтэй юм. Яагаад гэхээр, цагийн бүртгэл нь ямар нэгэн засваргүй байх ёстой боловч засвартай цагийн бүртгэлийг үндэслэн ажил тасалсан гэж үзэн ажилтны эрхийг зөрчиж болохгүй.

Хариуцагчаас манай байгууллага спортын байгууллага биш учраас К-гийн тэмцээнд оролцсон нь түүний хувийн асуудал болохоос тус байгууллагыг төлөөлөн оролцох үүрэг хүлээгээгүй гэж тайлбарлаж байгаа боловч Биеийн тамир спортын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах зарчмыг тусгаж өгсөн бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.3-т биеийн тамир, спортын бодлого, арга хэмжээ нь төрийн бүх шатны, биеийн тамир, спортын байгууллага болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжих зарчим баримтлахаар зохицуулсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.

 

Биеийн тамир спортын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д тамирчны эдлэх эрхийг заасан байх ба, мөн хуулийн 15.1.2-т тэмцээнд бэлтгэх, оролцох хугацаанд үндсэн ажил, сургуулиас санхүү, эдийн засгийн болон биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу чөлөөлөгдөх эрхтэй гэж заажээ. Биеийн тамир, спортын газрын дарга Х болон аймгийн Волейболын холбооны дарга З нарын гэрчийн мэдүүлгээр К-ийг ажлаас чөлөөлөхийг хүссэн албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл аймгийн волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин М-аар уг албан бичгийг хүргүүлсэн талаар Биеийн тамир, спортын газрын дарга Х гэрчилсэн байна.

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2009 оны 53/45 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Монгол улсад олон улс, тив дэлхийн спортын тэмцээн, наадмыг зохион байгуулах, санхүүжүүлэх журмын гуравдугаар зүйлийн 3.1.-д “Тэмцээнд бэлтгэх, оролцох тамирчид, арга зүйч, багш, дасгалжуулагч, шүүгчдийг харьяалах шатны Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хүсэлтийг үндэслэн үндсэн ажил, хичээлээс нь дор дурдсан хугацаагаар ажлын хоногоор чөлөөлнө. Үүнд: 3.1.1-д Сум, аймаг, дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах болон бүсийн тэмцээнд оролцоход 10-аас доошгүй хоног” гэж заасан байх тул К нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангаагүй талаар дурдсан байна. Гэвч анхан шатны шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэж, гарын үсэг зуруулан баталгаажуулсан байна. Мөн түүний шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаагүй шалтгаан нь хүсэлтэд холбогдох нотлох баримтыг хавсаргаагүй байсан юм. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           

К нь Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан тус төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, үндэслэлээ “хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 хоногоос дээш ажил тасалсан гэх заалтуудыг баримталсан нь бодит байдалд нийцээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ажил тасалсан үйлдэл гаргаагүй” гэж тайлбарлажээ. Хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрч  “2017 оны 01 дүгээр сарын 5,6,7-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дур мэдэн ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж шүүхэд маргасан байна.

 

            Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2004 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар тушаалаар К-ийг тус төвийн монгол хэл, уран зохиолын багшаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан ба К-ийг ”Захиргаанаас чөлөө авалгүй дур мэдэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 07-ны өдрийн ажлын цаг дуустал ажил тасалсан” гэх үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлжээ.   

 

Ажил олгогч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.8, 9.3.1, хөдөлмөрийн гэрээний 7.2.7 дахь заалт, Захирлын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр К-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх зохицуулалтад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Чөлөө олгох эрх бүхий албан тушаалтны шийдвэргүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь баримтаар тогтоогдсон байхад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэж ажилтныг эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчжээ. 

           

Ажилтан К нь Баян-Өлгий аймгийн биеийн тамир, спортын газрын 2017 оны 01 дүгээр сарын сарын 02-ны өдрийн 01 дугаартай Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралд “Волейболын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн 2017 оны 01 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд ОХУ-ын Кош-Агач районд болно. Уг тэмцээнд танай сургуулийн багш К оролцох болсон тул  2017 оны 01 дүгээр сарын 3-9-ний өдрийг хүртэл ажлаас нь чөлөөлж, тэмцээн уралдаанд оролцох боломж олгоно уу” гэх албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг албан бичгийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хэзээ, хэн, хэнд хүргэсэн талаар нотлох баримтаар нотлоогүй, ажилтан К нь захирлаас албан ёсоор чөлөө хүссэн хүсэлт бичиж ажлаас чөлөө авснаа нотлох баримтаар нотлоогүй байхад түүнийг ОХУ-ын Кош-Агач районд болсон волейболын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн  нээлттэй тэмцээнд оролцохоор ажлаас чөлөө авсан болох нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх тэмцээнд оролцсон болох нь тогтоогдож байх тул К-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2009 оны 53/45 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Монгол улсад олон улс, тив дэлхийн спортын тэмцээн, наадмыг зохион байгуулах, санхүүжүүлэх журмын гуравдугаар зүйлийн 3.1.-д “Тэмцээнд бэлтгэх, оролцох тамирчид, арга зүйч, багш, дасгалжуулагч, шүүгчийг харьяалах шатны Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хүсэлтийг үндэслэн үндсэн ажил, хичээлээс нь дор дурдсан хугацаагаар ажлын хоногоор чөлөөлнө. Үүнд: 3.1.1.-д Сум, аймаг, дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах болон бүсийн тэмцээнд оролцоход 10-аас доошгүй хоног” гэж заасан боловч К-гийн оролцсон тэмцээн нь Монгол улсад зохиогдоогүй, олон улс, тив дэлхийн спортын тэмцээн биш зөвхөн ОХУ-ын Кош-Агач дүүрэгт зохион байгуулагдсан Тебекова Кыдатын гэгээн дурсгалд зориулсан волейболын нээлттэй тэмцээнд оролцсон болох нь тогтоогдсон ба энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй. 

 

Нэхэмжлэгч К нь  Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотоод журмын 9.3.1, Хөдөлмөрийн гэрээний 7.2.7-д заасныг зөрчиж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 5,6,7-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь цагийн бүртгэл /хх-ийн 82-85 тал/, цагийн бүртгэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 76-77 тал/, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-ийн 98-101 тал/, сургуулийн ерөнхий жижүүрийн хяналтын хуудас /хх-ийн 102-103 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.  

            Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байхад ажилтны гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

 

Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр ажилтан К-гийн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус төвийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч К-гийн хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан гаргасан “тус төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож, Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол, хариуцагчийн давж заалдах гомдол нь тус тус тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

 

                                                                                                            Д.КӨБЕШ