| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/01381/И |
| Дугаар | 615 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 615
| 2017 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2017/00615 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч О.Одгэрэл, Дэ.Энхцэцэг нарын бүрэл дэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино тосгонд байрлах “Биокомбинат” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 47 дугаар байр, 35 тоотод оршин суух, Цагаанзалаа овогт Бадарчийн Баттогтоход /РД:ИС65032601/ холбогдох
Гэм хорын хохирол 169 231 616 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Ололт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цолмон /ШТЭҮ-1704/, хариуцагч Б.Баттогтох, Хан-Уул дүүргийн хяналтын прокурор Г.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Биокомбинат” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Б.Онолбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан Б.Баттогтох нь тухайн үед 2011 оны 7 сарын 7-ны өдрөөс 2013 оны 12 сарын 26-ны өдрийн хооронд тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа хууль бус тогтоол шийдвэр гаргаж, нийт 15 ажилтан, ажилчдыг ажлаас халж байсан ба эдгээр нэр бүхий хүмүүс хуульд заасан эрхийнхээ дагуу шүүхийн байгууллагад нэхэмжлэл гомдол гаргаж байжээ. Ийнхүү нийт 15 ажилтныг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирал асан Б.Баттогтох нь Монгол Улсын Хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, буруу тушаал шийдвэр гарснаас болж эдгээр 15 ажилтны цалин хөлс бусад хохирол 169 543 692 төгрөгийн хохирлыг төлүүлэх тухай шүүхийн шийдвэрүүд гарсан билээ. Гэтэл өнөөдөр захирал асан Б.Баттогтох нь танай шүүхэд буюу Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИХАШШ-д нэхэмжлэл гаргаж, өөрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, бусад хохиролд 60,0 орчим сая төгрөгийг нэхэмжилж, хариуцагчаар “Биокомбинат” ТӨААТҮГ-ыг татуулан, улмаар уг хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан удаа дараа хойшилсны эцэст шүүх шийдвэрээ гаргасан. Өөрөөр хэлбэл Захирал асан Б.Баттогтохын цалин хөлсөнд нийт 42 000 000 төгрөгийг хариуцагч байгууллага болох “Биокомбинат” ТӨААТҮГ-аас гаргуулахаар шүүхийн шийдвэр гарлаа. Энэ хэргийн нэхэмжлэгч болох иргэн Б.Баттогтох нь “Биокомбинат” ТӨААТҮГ-аас цалин хөлж нэхэмжилж байгаа боловч энэ хүн захирлаар ажиллах хугацаандаа хууль бус тушаал, шийдвэрүүд гаргасны улмаас манай байгууллагын нэр бүхий 15 ажилтан хохирсон ба уг хохиролдоо нийт 169 543 962 төгрөгийг хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй. Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1...-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж, гаргуулах эрхтэй” гэж заасан байдаг. Энэ тохиолдолд иргэн Б.Баттогтох нь “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа хууль бус тушаал шийдвэр гаргаж, 169 543 692 төгрөгийн хохирлыг манай байгууллагад учруулсан тул эргээд энэхүү байгууллагад учирсан дээрхи хохирлыг хуульд заасны дагуу буруутай этгээд болох иргэн Б.Баттогтохоор төлүүлэх ёстой” гэсэн зөвлөгөөг мэргэжлийн хуульчид бид нарт өгөөд байна. Тиймээс “Биокомбинат” ТӨААТҮГ нь хуульд заасан эрхийнхээ дагуу ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд энэ хэргийн хариуцагч болох Б.Баттогтохоос энэхүү 169 543 692 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь дээр хэлсэнчлэн иргэн Б.Баттогтох нь захирлаар ажиллах хугацаандаа нэр бүхий 15 хүнийг хууль бусаар халсан ба эдгээр хүмүүс нь хууль бусаар халагдсан хугацааныхаа цалин хөлс бусад хохиролд 169 543 692 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжилсэн билээ. Шүүх энэ маргааныг өнөөдөр эцэслэн шийдвэрлэсэн ба дээрхи нэр бүхий 15 хүний цалин хөлс бусад хохиролд 169 543 692 төгрөгийг манай байгууллагаас гаргуулж, эдгээр хүмүүст олгосон билээ. Нэгэнт Б.Баттогтох захирлын хууль бус тушаал шийдвэрээс болж байгууллагад ийнхүү хохирол учирсан тул Монгол улсын холбогдох хууль тогтоомжуудад заасны дагуу бид буюу манай байгууллага нь гэм буруутай этгээд болох Б.Баттогтохоос 169 543 692 төгрөгийг гаргуулах ёстой байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Ололт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ асуудал анх 2016 оны 1 дүгээр сараас эхэлсэн. Төрийн өмчийн хороо өөрсдөө 169 сая төгрөгийг нэхэмжилж байсан. Сүхбаатар дүүргийн шүүхэд байхад хариуцагч олдохгүй байна гээд нэхэмжлэлийг буцаасан байдаг. Хүний буруу гаргасан шийдвэрээс болж төрийн байгууллага хохирох ёсгүй, тиймээс танай байгууллага Б.Баттогтох гэж хүнээс 15 хүний нэр бүхий хүмүүсийн хохирлыг нэхэмжил гэсэн албан даалгаврыг өгсөн учраас Б.Баттогтох гэж хүнээс нэр бүхий 15 хүний хохирлыг нэхэмжилж байгаа.
Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлийг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Төрийн байгууллага бусдад гэм хор учруулсан бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар өөрийн шууд санаатай эсвэл болгоомжгүй үйлдлээс болж бусдад гэм хор учруулсан бол байгууллагад учирсан хохирлоо тухайн буруутай этгээдээс шаардах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь удаа дараа Монгол улсын хууль тогтоомж, Хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журам зэргийг зөрчиж хууль бус тогтоол, тушаал гаргаж байсан гэдгийг шүүхийн байгууллага тогтоосон байгаа. Энэ талаар шүүхийн шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудас, холбогдох бүх баримтуудыг нэг бүрчлэн гаргаж өгсөн. Хариуцагчийн хариу тайлбарт шүүхийн шийдвэрийг буруу гарсан мэтээр, өөрийн хүмүүсийг халсан үйлдлийг зөв мэтээр бичсэн байдаг юм билээ. Хуулийн байгууллага хариуцагчийн буруу гарсан тушаалаас болж үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоосон тул 169,231,616 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн 200 гаран хуудас нотлох баримт нь н.Өлзийтогтох, н.Насанжаргал нарын талаар баримт байгаа бөгөөд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байна. Хариуцагч нь 2011 оноос 2013 оны хооронд “Био Комбинат” ТӨААТҮГ-т ажиллаж байсан бөгөөд уг хугацааны тайланг гаргаж өгсөн байгаа. Байгууллагын санхүүг хуульд заасан арга журмын дагуу дүгнэх боломжгүй байна гэсэн байгаагаас харахад хариуцагч нь ажиллаж байх хугацаанд хангалтгүй ажилласан байна. Хариуцагч нь маш сайн ажиллаж байсан гэж бичсэн байдаг боловч тэр талаар баримт байхгүй. Шүүхийн шийдвэрээр бүгд тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Баттогтох шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би “Био комбинат” ТӨААТҮГ-д ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн урамшуулал авахаас татгалзаж байсан. Яагаад гэвэл маш олон жил тайлан нь буруу гарч байсан. Үр дүнгийн урамшуулал аваагүй би яаж “Био комбинат” ТӨААТҮГ-н хохироох юм бэ. Би хүмүүсийг ямар нэг улс төрийн нам, шашин шүтлэг зэргээс болж халаагүй юм. Шүүх бүрэлдэхүүн хэргийг тал бүрээс нь харж шийдвэрлэх байх. Миний бие 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зарлагдсан “Био комбинат” ТӨААТҮГ-н захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад орж 5 хүнээс түрүүлж шалгарч Төрийн өмчийн хорооны тогтоолоор томилогдсон байгаа. Би эдгээр хүмүүстэй уулзахад надаар удирдуулахгүй, стратегийн үйлдвэрийг хэвийн болгох үүднээс, шалтгаангүй 9 хоног ажлаа тасалсан учраас Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд үндэслэж ажлаас халах тушаал гаргасан. Энэ хугацаанд 5.7 тэрбум төгрөгийн халдварт өвчний захиалгат үйлдвэрлэлийг явуулахын тулд надад өөр сонголт байгаагүй.
Би 9 хүнийг нь халсан, бусад нь өөрсдөө ардаас нь явсан. Б.Баяртогтох, Ж.Ганбат, М.Хашбилэг, С.Наранцацрал, Б.Давгажамц, Т.Хунцэцэг, Ц.Нямжаргал нөгөө 2 хүнийх нь нэрийг санахгүй байна. Эдгээр хүмүүсийг 9 хоног ажлаа тасалсан тул 1 тушаалаар халсан.
Энэ бүхэн анхнаасаа зохион байгууллагатай байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн захирлын төлөө өрсөлдөөд авч чадаагүй учраас энэ бүхнийг зохион байгуулсан хүн нь Ц.Өлзийтогтох юм. Мөн энэ хүн нь 400 гаран сая төгрөгийг хувийн дансандаа шилжүүлж авсан нь актаар нотлогддог бөгөөд үүнийг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Ц.Өлзийтогтох гэж хүн намайг 3 шатны шүүхээр ажилдаа эргүүлэн томилогдсон байхад эргүүлээд ажилд оруулахгүй байхын тулд бүхий л газраар шалгуулж бүхнийг хийж байна. Ц.Өлзийтогтох нар өөрсдийн хувийн дансанд хийж авсан 400 гаран сая төгрөг, мэргэжлийн санхүүгийн хяналтаар гарсан 4,7 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчлүүдийг арилгаагүй байж өөрсдөө авч идсэн цалинг надаар гаргуулах гэж байгаа нь ямар нөхцөл байдалтай байгаа гэдгийг нь харуулж байна. Дээрх хүмүүс нь шалтгаангүйгээр 9 хоног ажлаа тасалсан, амьд вакцины технологийг зөрчсөн, хэрэгцээнд тэнцэхгүй гэсэн бэлдмэлийг хөдөө орон нутагт ачуулж малчид хэрэглэгчдэд хэрэглүүлсэн гэх мэт ноцтой зөрчлүүд байдаг боловч шүүхээс нэр бүхий хүмүүсийг ажилд нь эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг миний хувьд хүндэтгэн үзэж байна.
Гэхдээ тухайн үеийн нэхэмжлэгч байгууллагыг асар их санхүүгийн бохир үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн ноцтой алдаануудын талаар нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгааг анхаарч үзнэ үү. Би бага ч гэсэн хугацаанд нэхэмжлэгч байгууллагад ажлаагүй байсан бол энэ санхүүгийн болон бусад зөрчлүүд, хэрэггүй тоног төхөөрөмж авдаг болон үйлдвэрлэлийн ноцтой зөрчлүүд зогсох байсан уу, миний бие хэсэг хугацаанд ч гэсэн тухайн байгууллагад ажиллаж энэ бүх зөрчлийг илрүүлсэндээ баяртай байдаг. Цалингийн нөхөн олговор 2012 онд 36.9 сая төгрөг, 2013 оны 8.3 сая төгрөг гарсан байна. Харин намайг ажлаас халагдсан буюу 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш гэхэд 2014 оны 23,7 сая төгрөг, 2015 оны 74.1 сая төгрөг тус тус гарсан байна. Үүнээс харахад намайг ажлаас халагдсанаас хойших цалингийн нөхөн олговрын хэмжээ нь 2 дахин их байна. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буюу намайг ажлаасаа халагдсанаас хойш 100 сая гаран төгрөгийн нөхөн олговор гаргасан байна гэв.
Эдгээр хүмүүс нь санаатайгаар ажилдаа орохгүй авах мөнгөө нэмж байсан нь харагдаж байгаа юм. Жишээ нь н.Уранчимэг нь 2011 онд 1 сая төгрөг, 2012 онд 3.7 сая төгрөгийг аваад ажилдаа очихгүй гэж хэлээд дахиж ирээгүй. Гэтэл намайг ажлаас халагдсаны дараа эдгээр хүмүүсийг ажилд нь авахгүй байсан мэтээр нэхэмжлэл бичүүлж энэ мөнгийг авсан байдаг. Хэрэв намайг ажлаасаа халагдаагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Эдгээр хүмүүс нь намайг захирал байх хугацаанд ажилдаа орох гэж хичээл зүтгэл гаргаагүй бөгөөд энэ нь зориуд их мөнгө авахын тулд гэж ойлгож байна. Б.Давгажамц, Ж.Ганбат, Б.Баяртогтох, С.Батхуяг, М.Хашбилэг нарыг 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажилд нь эргүүлэн авах тушаал гарсан. Дээрх ажилд томилсон тушаалуудыг шийдвэр гүйцэтгэгч н.Ганхуяг ирж хүлээж аваад явсан боловч эдгээр хүмүүс нь ажилдаа ирэхгүй 3 хоног болсон. Үйлдвэр эхлэхээс өмнө их засвар хийсэн учраас хугацаанаасаа бага зэрэг хойшилж эхэлсэн бөгөөд 3 хоног ирэхгүй байсан тул сахилгын шийтгэл оноосон тушаал гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж эдгээр хүмүүсийг олж ажилд нь явуул гээд хүний нөөцийн менежерийг явуулсан. Үүнээс хойш дахин 5 хоногийн турш ирэхгүй байсан тул 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмыг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн хүмүүс ч мөн эдгээр хүмүүсийг олоогүй юм билээ. Дараа нь 1 сар гаран хугацааны дараа эдгээр хүмүүс нь хөдөөнөөс ирсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагатай заргалдаж намайг шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэж цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгч Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Намайг шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэх үндэслэл байхгүй гэсэн прокурорын тогтоол гарсан.
Намайг ажлаас халагдсаны дараа нэхэмжлэгч байгууллагын захирлыг н.Сэр-Од түр гүйцэтгэж байсан бөгөөд тухайн хүмүүс нь ажилдаа эргэж орохоор ирэхэд нь авах боломжгүй гэж хэлээд буцаасан бөгөөд энэ тэмдэглэл нь байдаг. Одоогийн захирал н.Онолбаатар гэж хүн нь намайг анх ажилд ороход нэг эмийн нэр мэдэхгүй гэж байсан байж одоо ерөнхий нягтланг шалгаруулаад сууж байгаагаас харахад үүний цаана хуйвалдаан байгаа гэдэг харагдаж байна. н.Давгажамц, н.Баяртогтох, н.Ганбат, н.Хашбилэг, н.Батхуяг нарыг дуудаж авч ирж цалинг нь өгсөн, бөгөөд одоо н.Хашбилэгээс бусад нь бүгд ажлаасаа гарсан байгаагаас харахад энэ хүмүүс нь цалин авах гэж л ирсэн гэдэг нь харагдаж байна. Ажилд эргүүлэн тогтоолгосноос хойш 8 хоног ирээгүй, бөгөөд сар гаран хугацааны дараа ирж маргалдаж байгаа нь 235А тоот Хан-Уул дүүргийн прокурорын тогтоолоос харахад ажилд эргүүлэн тогтоох, гомдол гаргах хугацаа нь дууссан байгаа юм. Тиймээс үндэслэлгүй шүүхийн шийдвэр болох 2015 оны 4047 дугаартай шийдвэрээр гарсан 57,4 сая төгрөгийг надад хамааралгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн үндэслэл болсон хуулийн заалтууд нь гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт хамаарч байгаа бөгөөд бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол уг учруулсан этгээд хариуцан арилгуулах үүрэгтэй гэжээ. Миний бие Төрийн өмчийн хорооны 2011 оны тогтоолоор тус үйлдвэрийн газрын захирлаар томилогдсон бөгөөд Төрийн өмчийн хороотой контрактын гэрээ байгуулж ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар контрактын гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байх хугацаанд 300 сая төгрөгийн барааг авах гэхэд нь 80 сая төгрөгөөр олж 200 сая төгрөгийг хэмнэсэн юм. Энэ талаар нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Шилийг дахин ашиглаж 100 сая төгрөг хэмнэх мэтээр нийт 400 сая төгрөг хэмнэж байсан талаар нотлох баримтыг өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь огтхон ч хохироогүй. Ажлаас халагдсан хүмүүсийн оронд өөр хүмүүс авч ажиллуулсан ч 2011, 2012, 2013 оны нэхэмжлэгчийн цалингийн сангийн орон тоо хэтрээгүй. Дээрх бүгдээс үзэхэд нэхэмжлэгч байгууллагад ямар хохирол учирсан нь тогтоогдохгүй. Намайг ажилд эргүүлэн томилуулахгүй байхын тулд буруу гарсан санхүүгийн тайланг дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өгсөн боловч шүүх үүнийг үнэлж аваагүй. 2012 оны аудитын дүгнэлтээр сайн гэж гарсан боловч дараа нь бүгд муу гэж дүгнэлт өгсөн байгааг одоог хүртэл ойлгодоггүй. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдад учирсан гэм хорыг арилгахдаа уг гэм хорыг гэм хор учрахаас өмнөх байдалд сэргээх адил нэр төрөл чанарын эд хөрөнгө, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу чанарын хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Үүнээс харахад гэм хор учрахаас өмнөх байдалд нь хэрхэн сэргээх нь тодорхой бус байна. Би нэхэмжлэгч байгууллагад захирлаар ажилласан 2.4 жилийн хугацаанд үйл ажиллагаа бүхий л талаар сайжирсан. Эдийн засаг зорилтыг биелүүлсэн бүтээгдэхүүнийг нэмүүлж эдийн засгийн чадварын нэмэгдүүлсэн. Түүний үр дүнд ажилчдын цалин 2 дахин нэмэгдүүлсэн, ажилчдын нийгмийн асуудлыг бага боловч сайжруулсан, сурч боловсрох сургалтад хамруулах гээд давхардсан тоогоор 250 гаран ажилтан сургалтад хамрагдсан юм. Нэхэмжлэгч нь 39 жилийн турш их засвар хийгээгүй байсан бөгөөд дээвэр болон дотор талд нь их засвар хийж үйлдвэрлэл болон ажилчдын ажиллах нөхцлийг сайжруулсан. 1973 оноос хойш гадна шугам сүлжээндээ засвар хийгээгүй байсан болохоор өдөр бүр нэг турба тэсэрч дэлбэрдэг байсныг бүрэн шинэчилж өнөөдөр ажилчдын тайван ажиллах нөхцөл бүрдсэн. Дотоод боломж бололцоог ашиглаж зардлаа хэмнэсэн, бүтээгдэхүүнээ чанарын шалгалтад хамруулдаг болсон гээд анх ажлаа авч байсан үеэс бүхий л талаараа нэхэмжлэгч байгууллагыг дээрдүүлсэн.
Мөн би Төрийн өмчийн хороотой хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орсон, энэ тохиолдолд иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх 498 дугаар зүйлийн 498.5-д заасанд хамаарахгүй болохыг анхаарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор Г.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүх хуралд прокурор оролцох талаар хуульд заасан байдаг бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч талаас прокурорыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан учраас Төрийн нэрийн өмнөөс шүүх хуралд оролцож байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар гэм хор учирсан гэж үзэж байна, хариуцагч нь өөрийн ажиллаж байх хугацаандаа эрх эдэлж үүрэг хүлээдэг. Хариуцагчийн ярьж байгаа зүйлс нь өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч холбоогүй зүйлийг яриад байна. Өнөөдөр бол нэр бүхий 15 хүнийг ажлаас нь халсан асуудлыг ярьж байгаа бөгөөд энэ ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэдгийг нь тогтоож эдгээр хүмүүсийг ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхээс шийдвэр гарсан. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдсэн. Ингээд нийт 169,543,692 төгрөг гэм хорын хохирол учирсан байна. Хариуцагчийн нэр бүхий 15 хүнийг ажлаас халсан шийдвэр нь буруу гэдгийг шүүхээс тогтоосон тул энэ мөнгийг төлөх үүргийг хариуцагч хүлээсэн байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна, шүүхээс хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Биокомбинат” ТӨААТҮГазар нь хариуцагч Б.Баттогтоход холбогдуулан гэм хорын хохиролд 169 543 692 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 169 231 616 төгрөг гаргуулахаар багасгажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Баттогтохыг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа нэр бүхий 15 ажилтныг ажлаас чөлөөлсөн боловч тэднийг шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 169 231 616 төгрөгийг байгууллагаас төлсөн тул байгууллагад учирсан хохирлыг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эрх хэмжээнийхээ хүрээнд ажлаа гүйцэтгэж байсан, нэр бүхий 15 ажилтанг ажлаас үндэслэлгүй халаагүй, ажлаа хийдэггүй, ноцтой зөрчил дутагдал гаргадаг байсан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцласан нь хууль зөрчөөгүй, байгууллагадаа хохирол учруулаагүй болох нь хийж гүйцэтгэж байсан ажлуудаар нотлогдоно гэж маргасан.
Хариуцагч Б.Баттогтох нь “Биокомбинат” ТӨААТҮГазарт 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртлэх хугацаанд контрактын гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан “Биокомбинат” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Б.Баттогтохтой байгуулсан контрактын гэрээ, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.[1]
Хэрэгт авагдсан зохигч талуудын хооронд байгуулагдсан Контрактын гэрээний 22-д “захирал үйлдвэрийн газрын нийт ажилтнуудтай хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллана”, 37-д “үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, төрийн албан тушаалтын томилох, чөлөөлөх тэдгээртэй гэрээ байгуулах болон Төрийн өмчийн хорооноос тогтоосон орон тоо, цалингийн сангийн хэмжээнд ажилтан, ажиллагсдын цалинг тогтооно” гэж тус тус заасан байна. [2]
Хариуцагч нь контрактын гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хууль бус үйл ажиллагаа явуулсан, ажил тасалсан, технологи зөрчсөн, хэрэглээнд тэнцэхгүй бэлдмэлийг нийлүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан нэр бүхий 15 ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцласан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.
Гэвч Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №1045 дугаар шийдвэрээр Ц.Өлзийтогтохыг үйлдвэрлэл технологийн албаны дарга, ерөнхий технологичийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14 408 460 төгрөг, мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №2273 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №766 дугаар магадлалаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 312 697 төгрөг,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №483 дугаар шийдвэрээр С.Дашдэмбэрэлийг вакцин үйлдвэрлэлийн технологичийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 289 907 төгрөг, мөн 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн №123 дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 565 517 төгрөг,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №32 дугаар шийдвэрээр Д.Уранчимэгийг жижиг амьтан үржүүлгийн цехийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 127 355 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №1132 дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 730 428 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №1296 дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны 3 сар 7 хоногийн цалинтай тэнцэх олговрыг, Нийслэлийн шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №1166 магадлалаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 000 000 төгрөг,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №1318 дугаар захирамжаар Б.Энхбаатарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 495 054 төгрөг, Нийслэлийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн №147 дугаар магадлалаар Б.Энхбаатарыг судалгаа, хөгжлийн лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 285 730 төгрөг,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №477 дугаар шийдвэрээр Э.Батцэцэгийг вакцин үйлдвэрлэлийн 2-р цехийн технологичийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 851 525 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн №213 шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 438 245 төгрөг,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №425 дугаар шийдвэрээр Д.Цолмонг оношлогоо бэлдмэл үйлдвэрлэлийн цехэд технологичийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 972 840 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн №180 дугаар захирамжаар цалингүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 554 972 төгрөг,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №1477 дугаар шийдвэрээр С.Наранцацралтыг борлуулалтын цехийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 306 802 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №1132 дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 593 705 төгрөг,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №1476 дугаар шийдвэрээр Ц.Нямжаргалыг хөлдөөлт хатаалтын цехийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 639 924 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №1132 дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 940 550 төгрөг,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №135 дугаар шийдвэрээр Т.Хунцэцэгийг оношлогооны бэлдмэл үйлдвэрлэлийн цехийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 799 525 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №1132 дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 532 259 төгрөг,
Нийслэлийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №135 дугаар магадлалаар Ж.Ганбатыг чанар хяналт шинжилгээний лабораторийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 072 055 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №1163 захирамжаар чанарын хяналт шинжилгээний лабораторийн эрхлэгчээр ажиллуулж, цалингийн зөрүүг гаргуулахаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №134 дүгээр шийдвэрээр М.Хашбилэгийг вакцин үйлдвэрлэлийн 1-р зэргийн цехийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 928 168 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №1164 дүгээр захирамжаар вакцин үйлдвэлэлийн цехийн эрхлэгчээр ажиллуулж, цалингийн зөрүү гаргуулахаар,
Хан-Уул дүүргийн 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн №199 дүгээр шийдвэрээр С.Батхуягийг биобэлдмэл үйлдвэрлэлийн цехийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 213 210 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №1132 дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 315 250 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 12-ны №1160 дугаар захирамжаар вирусын үйлдвэрлэлийн цехийн эрхлэгчээр ажиллуулж, цалингийн зөрүү гаргуулах,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн №198 дугаар шийдвэрээр Б.Баяртогтохыг вакцин үйлдвэрлэлийн 2-р цехийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 503 600 төгрөг, 2012 оны 9 дүгээр 12-ны өдрийн №1162 дугаар захирамжаар вакцин үйлдвэрлэлийн 2-р цехийн эрхлэгчээр ажиллуулж, цалингийн зөрүү гаргуулахаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн №192 дугаар шийдвэрээр Б.Дагважамцыг эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 062 100 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №1132 дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 346 690 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №1161 дүгээр захирамжаар эсрэг ийлдэс үйлдвэрлэлийн цехийн эрхлэгчээр ажиллуулж, цалингийн зөрүүг гаргуулах,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №1489 дүгээр шийдвэрээр тэжээлт орчин бэлтгэлийн цехийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 251 315 төгрөг, Дүүргийн иргэний хэргийн анхан шатын 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №5867 дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 000 000 төгрөгийг гаргуулах,
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №4047 дугаар шийдвэрээр Б.Дагважамц, Б.Баяртогтох, Ж.Ганбат, М.Хашбилэг, С.Батхуяг нарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 57 423 280 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч нарт тус бүр 11 484 656 төгрөгийг олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.[3]
Нэхэмжлэгч “Биокомбинат” ТӨААТҮГ-аас эдгээр хүмүүсийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 169 231 616 төгрөг[4]ийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, захирамжууд, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжууд, шүүхийн гүйцэтгэх хуудас, мөнгөн шилжүүлгийн баримт, төлбөрийн даалгавар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны харилцах данснаас мөнгө шилжүүлэх тухай баримтууд, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байх бөгөөд зохигч мөнгө шилжүүлсэн эсэх талаар маргаагүй болно.4
Хариуцагч нь Ц.Өлзийтогтох, С.Дашдэмбэрэл, С.Уранчимэг, Б.Энхбаатар, Э.Батцэцэг, Д.Цолмон, С.Наранцацрал, Ц.Нямжаргал, Т.Хунцэцэг, Ж.Ганбат, М.Хашбилэг, С.Батхуяг, Б.Баяртогтох, Б.Дагважамц, С.Туяа нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцласан нь үндэслэлтэй, үл бүтэх этгээдүүдийг үүрэг ажлаас нь чөлөөлсөн, хувийн ашиг сонирхолтой бүлэглэл үүсгэж үйлдвэрлэлд хохирол учруулсан, хууль бусаар ажил хаялт зохион байгуулсан, хууль бусаар хувьдаа ашиг хүртэж байсан нь санхүүгийн баримтуудаар, санхүүгийн хуурамч баримт бүрдүүлэн банкны нууц дансанд шилжүүлсэн баримт, чанарын шаардлага хангаагүй биобэлдмэлүүдийг мал эмнэлгийн хэрэглээнд гаргаж байсан баримтуудаар нотлогдоно.
Ц.Өлзийтогтох нь шаардлагагүй тоног төхөөрөмж, улсын мөнгөөр худалдан авч завшдаг болох нь 2012 оны зорилтот түвшингийн биелэлт захирлын ажлын тайлан, санхүүгийн тайлангаар, “Биокомбинат” ТӨҮГ-ын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын материал, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн актуудаар, Д.Насанжаргал, Ц.Өлзийтогтох, Д.Мэнджаргал нар нь мөнгө хувьдаа завшсан болох нь “ХХААЯамнаас зарласан Шүлхийгээс сэргийлэх вакцин нийлүүлэх тендерт оролцох болон түүнээс олох ашгийг хуваах тухай гэрээ”, “Ашиг хуваах гэрээний гүйцэтгэлийг дүгнэсэн акт”, “Тендерээр шүлхийн вакцин нийлүүлсэн ажил гүйцэтгэлийн ашгийн тооцоо”, төлбөрийн даалгавар, Төрийн өмчийн хорооны шалгалтаар илэрсэн зөрчлийг барагдуулах ажлын жагсаалтаар тогтоогдож байгаа тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргасан боловч эдгээр ажилтнуудыг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон байна.
Мөн хариуцагч нь эдгээр ажилтнуудын зүгээс ажилдаа орох талаар санаачлага гаргаагүйгээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нэмэгдсэн гэсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар “ажил олгогч нь ажилтныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй” бөгөөд хуульд заасан үүргээ биелүүлсэн талаараа хариуцагч шүүхэд нотлоогүй, ажилтнуудыг хууль бус үйл ажиллагаа явуулсан, ноцтой зөрчил гаргасан гэж мэтгэлцсэн боловч дээрх ажилтнуудыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн үүргээ биелүүлээгүй байна гэж үзэв.
Иймд хариуцагчаас контрактын гэрээнд зааснаар ажлаа хуулийн дагуу явуулсан тул хариуцлага хүлээхгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй, гэрээнд зааснаар ажилтуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах үүрэг хүлээсэн боловч үүргээ хэрэгжүүлэх явцдаа дээрх ажилтуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцласнаас урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулж байгууллагад хохирол учирсан, уг хохирлыг байгууллага нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 489.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар хариуцагч Б.Баттогтох нь албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулсан хохирлыг нэхэмжлэгч “Биокомбинат” ТӨААТҮГ нь нөхөн төлсөн тул хариуцагчаас 169 231 616 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нь Контрактын гэрээний 47-д “захирлын гэм буруутай үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, бусад хууль тогтоомж, үйлдвэрийн газрын дүрэм, энэ гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхээ хэтрүүлэх буюу урвуулан ашиглах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэж заасан боловч эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр гэрээ байгуулаагүй тул нөхөн төлөхгүй, гэм хор учруулаагүй гэсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан боловч хариуцагчид энэ үндэслэл тогтоогдсонгүй.
Хариуцагч нь контрактын гэрээнд заасан ажлаа сайн хийж байсан болох нь шүүх хуралдаанд үзлэг хийсэн баримтад бичлэг, фото зургийн тайлан, санхүүгийн тайлангуудаар нотлогдоно, мөн гэм буруугүй болох нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын №235А прокурорын тогтоолоор тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэрээр түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон гэж тайлбарласан нь хохирол нөхөн төлөхгүй байх үндэслэл болохгүй болно.
Иймд хариуцагч нь “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдөр томилогдож 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан талаараа маргаагүй, мөн 15 ажилтуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцласан болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдож байх тул хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бусдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, эрх ашиг нь хохирч хохирол учирсан, уг хохирлыг байгууллага нөхөн төлсөн байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж зааснаар хариуцагчаас ажилчдын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гэм хорын хохиролд тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохиролд 169 231 616 төгрөгийг нөхөн төлсөн гэж нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт Ц.Өлзийтогтоход 23 821 157 төгрөг /14 508 460+9 312 697=23 821 157/, С.Дашдэмбэрэлд төгрөг 4 883 424 төгрөг /2 289 907+746 958+1 846 559=4 883 424/, Д.Уранчимэгт 5 548 090 төгрөг /1 014 620+3 730 428+803 042=5 548 090/, Б.Энхбаатарт 5 663 081 төгрөг /3 605 924+2 057 157=5 663 081/, Э.Батцэцэгт 5 041 845 төгрөг /1 851 525 +3 190 320=5 041 845/, Д.Цолмонд 4 527 812 төгрөг /1 972 840 +2 554 972=4 527 812/, С.Наранцацралд 4 846 077 төгрөг /1 176 122+3 669 955=4 846 077/, Ц.Нямжаргалд 4 487 482 төгрөг /3 011 550+1 475 932=4 487 482/, Т.Хунцэцэгт 4 179 573 төгрөг /2 560 009 +1 619 573=4 179 573/, Ж.Ганбатад 5 344 893 төгрөг /1 864 850+3 480 043=5 344 893/, М.Хашбилэг 4 356 140 төгрөг /1 735 351+2 620 789=4 356 140/, С.Батхуягт 4 333 139 төгрөг /1 991 889+2 341 250=4 333 139/, Б.Баяртогтохд 2 253 240 төгрөг, Б.Дагважамцад 4 228 830 төгрөг /1 855 890+2 372 940=4 228 830/, нийт 83 514 792 төгрөгийг нөхөн төлсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас 83 514 792 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас С.Туяад 3 251 315 төгрөг олгосон эсэх нь баримтгүй, 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №1160, 1161, 1162, 1163 захирамжаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хэдэн төгрөг гаргуулсан эсэх нь тодорхойгүй, шилжүүлсэн баримт нь хэрэгт авагдаагүй, мөн С.Туяагийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт олгосон 11 190 950 төгрөг, Ж.Ганбат, Б.Дагважамц, Б.Баяртогтох, С.Батхуяг, М.Хашбилэг нарын Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №4047 дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт олгосон 57 423 280 төгрөгийг хариуцагч Б.Баттогтохын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байхад шийдвэрлэсэн байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.[5]
Иймд хариуцагч Б.Баттогтохоос 83 514 792 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Биокомбинат” ТӨААТҮГазарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 85 716 824 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн Ц.Өлзийтогтохын тайлбар гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. [6]
Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч Ц.Чимгээ нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул зохигчийн зөвшөөрлөөр түүнийг эзгүйд шүүх хуралдаан явуулсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Б.Баттогтохоос гэм хорын хохиролд 83 514 792 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ”Биокомбинат” ТӨААТҮГазарт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 85 716 824 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Биокомбинат” ТӨААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 005 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баттогтохоос 575 523 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧ Дэ.ЭНХЦЭЦЭГ
[1] / хэргийн 2 –р хавтас 12-15-р хуудас /
[2] /хэргийн 2 хавтас 13-р хуудас /
[3] /хэргийн 1 хавтас 3-14, 17-22, 27-30,34,37-38, 41-42,45-46,51-53,58-59,62-64,69-73, 77-78, 82-86, 89-90, 93-99, 102-103, 108-109, 110-112,114-115, 117-119,121-123,126-127,130-131,140-141,144-145,149-151,153-154,156-157,158-160,163-164,167-168,171-173,179-180,186-190-р хуудас/
[4] /хэргийн 1 хавтас 8, 15, 16, 23, 25, 26, 31, 33, 35, 36, 39, 40, 43, 44, 48, 49, 50, 54, 55, 56, 57, 66, 67, 68, 74, 76, 79, 81, 87, 92, 100, 101, 104-105, 108, 113, 118, 120, 124, 125,129,133,134,135,142,143,146,147,152,161,162,165,166,169-170, 175, 176, 178, 181, 184,185,191,193,194, хэргийн 3 хавтас 69-89, 90-93, 106-107,115-116-р хуудас/
[5] /хэргийн 1 хавтас 45-46, 51-53,61,126-127,136-137,153-154,156-157,167-168,179-180,186-187-р хуудас,/
[6] /хэргийн 3 хавтас 126-129-р хуудас/