Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 378

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 09 өдөр               Дугаар 183/ШШ2017/00378                                 Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, 1 байр, 18 тоотод оршин суух  Боржигон овогт Бат-Өлзийгийн Мөнхцэцэгийн /РД:ЦД70090363/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-д холбогдох,

            Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4 522 651 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай  нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний бие Б.Мөнхцэцэг нь 2007 оны 1 сарын 01-нээс Автобус 1 компанид кондуктороор ажилд орсон. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын Б/1665 дугаар тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 02259 дугаар шийдвэрээр тогтоож, Нийслэлийн шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 1063 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 00941 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.            Дээрх шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1124 дугаар тушаалаар ажилд эргүүлэн томилсон болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс ажилд эргүүлэн томилсон тушаал гарсан 2016 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй, цалин хөлсгүй байсан тул энэхүү хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 2014 оны 3 сард 10 хоног, 4 сард 21 хоног, 5 сард 22 хоног, 6 сард 21 хоног, 7 сард 18 хоног, 8 сард 23 хоног, 9 сард 22 хоног, 10 сард 21 хоног, 11 сард 3 хоног нийт 161 ажлын өдөр ажилгүй байсан тул ажлын нэг өдрийн цалинг шүүхийн шийдвэрт тогтоосноор 28 091 төгрөгөөр тооцож нийт 4 522 651 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр ажлаас халагдаж, шүүхэд гомдлоо гаргаад гурван шатны шүүхээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Ажил олгогчоос 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б1124 дугаар тушаалаар ажилд нь эргүүлэн томилсон тул 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн анхан шатны шийдвэр гарсан өдрөөс ажилд томилсон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлагыг гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэг өдрийн цалинг 25 670 төгрөгөөр тооцож, 4 133 836 төгрөгийг зөвшөөрч байгаа тул эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус дүүргийн шүүхэд иргэн Б. Мөнхцэцэг нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 4 522 651 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б. Мөнхцэцэг нь ажилдаа архи үнэртүүлж ирж Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам ноцтой зөрчсөн тул 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1665 тоот тушаалаар ажлаас халагдсан.

Нэхэмжлэгч шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүх хурал 2016 оны 3 сарны 17-ны өдөр болж шүүхээс шийдвэр гарсан. Шийдвэрийг 2016 оны 4 сарын 14 ны өдөр гардан авсан бөгөөд 2016 оны 4 сарын 27-ны өдөр хариуцагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу давж заалдах гомдол гаргасан. 2016 оны 6 сарын 16-ны өдөр хариуцагч магадлалын эс зөвшөөрч ИХШХШТ хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 т заасан эрхийнхээ дагуу хяналтын гомдлыг гаргасан.

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1124 тоот тушаалаар Б.Мөнхцэцэгийг ажилд нь эргүүлэн авсан. Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 25-нд шүүхэд нэхэмжлэгч гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гаргах өдрийг хүртэл гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Нэхэмжлэгчийг гурван шатны шүүхээр ажил нь эгүүлэн тогтоосон, түүний ажилгүй байсан 161 хоногийн цалин нэхэмжилж байгаад маргахгүй байна. Харин нэхэмжилж байгаа мөнгөн дүнг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс нэг өдрийн цалинг 28,091 төгрөг гэж тооцсон нь буруу, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалд заасан цалин тооцох хэмжээг шүүхээс анхаарч үзээгүй, нэхэмжлэгчийн 7, 8, 9, 10 дугаар сарын цалингаар тооцсон. Нэхэмжлэгчийн 2015 оны цалингаас харахад 7 дугаар сарын цалинд хоолны мөнгө 72,000 төгрөг, унааны мөнгө 19,000 төгрөг, 8 дугаар сарын хоолны мөнгө 12,000 төгрөг, унааны мөнгө 3,200 төгрөг, 10 дугаар сарын хоолны мөнгө 39,000, унааны мөнгө 10,400 төгрөг буюу нийт 155,400 төгрөгийг хасаж тооцоод дундаж цалин хөлс нь нэг өдрийн 25,676 төгрөг болдог бөгөөд үүнийг 161 хоногт үржүүлэхэд 4,133,836 төгрөг байгаа тул энэ мөнгийг л зөвшөөрч болно, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинд 4 133 836 төгрөгийг төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж бичилт хийхэд татгалзахгүй гэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:

            “Тус шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баясгалан бид нар дараах нөхцөлтэйгөөр эвлэрэн тохиролцож байна. Үүнд:

1.Хариуцагч нь нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 133 836 төгрөгийг олгохоор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр,

2.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан 4 522 651 төгрөгийн шаардлагын 388 815 төгрөгт холбогдох хэсгээс татгалзахаар эвлэрлийн гэрээ байгуулсан” гэжээ.

 

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Мөнхцэцэг нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4 522 651 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 522 651 төгрөгийг 388 815 төгрөгөөр багасгаж, зохигч 4 133 836 төгрөгийн хэмжээнд эвлэрч хариуцагч нь уг 4 133 836 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр харилцан тохиролцож, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна.

            Иймд зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

           ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4 552 651 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийн зохигч 4 133 836 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 4 133 836 төгрөгийг төлөх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  Б.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  87 312 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 81 091 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү  захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд  зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХУЛАН