Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/393

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Б.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржгон овогт Баатарын Цэлмүүнд яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905012490445 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Баянгол дүүргийн ...  дугаар хороо ...  дугаар байрны ...  тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн ...  дугаар хороо ... дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Ц-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Ц- нь 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо 10 дугаар байрны 14 тоотод иргэн Б.Оюумаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Ц- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй гэв”

Шүүхээс шүүгдэгч Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Б.Оюумаагийн “Тухайн үед манайх 2 өрөө байр түрээслэн амьдардаг байсан бөгөөд уг байрны нэг өрөөнд  нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Нөгөө өрөөнд нь манай хадам аав Баатар, хадам ээж Дорждэрэм, хадам дүү Цэлмүүн нар амьдардаг байсан юмаа. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би нөхрийнхөө хамт Валентины баяр тэмдэглээд бид хоёр шөнө 01 цаг өнгөрч байхад гэрийнхээ гадаа ирсэн ба АТМ-ээс мөнгө аваагүй байрны гадаа ирсэн байсан учир нөхөр түрүүлж ороод  би өөрөө байр тойрч яваад АТМ-ээс таксины мөнгийг авч өгөөд эргээд гэртээ 15 минут орчмын дараа орсон ба нөхөр хаалгаа тайлж өгсөн. Намайг орох үед хадам ээж хоёр хүүхдийг хараад байж байсан ба би өрөөндөө ороод орондоо хэвтэж байтал гаднаас хаалга цохиход нь би хаалга тайлж өгтөл хоёр цагдаа орж ирээд дуудлага өгсөн үү гэсэн. Тэгтэл би цагдаа нарт дуудлага өгсөн юм уу гэхэд хадам ээж би дуудлага өгсөн юм, наад хүн чинь намайг байнга дарамталдаг наадах хүнээ аваад яв гэж манай нөхрийг хэлсэн. Тэгээд цагдаа манай нөхрийн хувцсыг өмсүүлээд аваад явсан. Тэгээд нөхрийг аваад яваад явчихаар нь би та чинь ямар сонин юм бэ, хүүхдээ өгөөд явуулчихаж байгаа юмуу гэж хэлсэн. Тэгээд би та дандаа яахаараа ингэж байдаг юм бэ, байрны мөнгө төгрөг, түрээсийн төлбөр маргаашнаас эхлээд төлөх болж байна, эрүүлжүүлэхэд оруулсан 100.000 төгрөг болно, хэн төлөх юм бэ гэж хадам ээжид хэлсэн. Тэгээд хадам ээж бид хоёр нилээд их ширүүн маргалдсан. Тэгтэл охин Цэлмүүн рүү утсаар залгаад намайг энэ зодлоо гээд утсаар ярих шиг болсон. Тэгтэл удахгүй Цэлмүүн гаднаас орж ирээд чи муу миний ээжийг яаж байгаа юм бэ гээд жижиг өрөөнд намайг байхад шууд орж ирээд дээрээс дараад авсан. Тэгтэл манай хоёр хүүхэд аниа, эмээ болиоч гэхэд болихгүй байсан ба Цэлмүүн намайг үснээс зулгаагаад дараад авахаар нь би эргүүлээд үснээс нь зулгаасан. Тэгээд зогсож байхад хадам ээж дундуур орж ирээд бид хоёрыг дундуур ороод салгаж байсан. Би тэгэхээр нь би больё, хэдүүлээ ам хэлээр яръя, хүүхэд айчихлаа, миний амнаас цус гараад байна гэж хэлээд Цэлмүүн чи тавь, тэгвэл би тавина гэж хэлээд Цэлмүүний үсийг зулгааж байгаад болиод тавьсан.

          ... Хүүхдийнхээ амьдралд ороод санхүүгийн дарамтанд оруулдаг гэсэн байдлаар уурлаж хадам ээж Дорждэрэмд уурласан. Тэгтэл хадам ээж уурлаж дүү Цэлмүүнийг дуудаж Цэлмүүн учрыг нь олохгүй шууд л ээжийгээ өмөөрөөд намайг зодсон.

          ... Цэлмүүн үснээс зулгааж байхдаа зууралдаж нүүрний баруун хэсгийг маажсан. Үүнээс болж миний зулайн хуйхны цус хуралт үүссэн. Нүүрний зулгаралт баруун талдаа үүссэн. Тархи доргисон. Мөн завьж язрал үүссэн. Мөн Цэлмүүн үснээс зулгааж доош дарсанаас болж би газар унаад өнхөрсөн. Тэр үед миний тохой шаланд цохигдоод зүүн тохой хөхөрсөн байсан. Хадам ээж салгах гэж дундуур орж бид хоёртой ноцолдоод байсан. Надад тэр үедээ гэмтэл учруулсан зүйл байхгүй. Харин Цэлмүүн л гэмтэл учруулсан. Миний хувьд би хадам ээж, дүү нартайгаа маргалдсан уучлалт гуйх байх гэтэл уучлалт гуйхгүй байгаа учир гомдол гаргаж өгсөн. Одоогоор надад эмчилгээний баримт байхгүй учир ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-15 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2422 дугаартай:

          “1. Б.Оюумаагийн биед тархи доргилт, нүүрний зулгаралт, зулайн хуйхны  цус хуралт, баруун завьжны язрал, зүүн тохойн үений цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөний хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 17 дугаар хуудас/

 

          Б.Ц-ий яллагдагчаар өгсөн “...Ингээд ортол бэр эгч нилээд ээж рүү агсарсан байдалтай ээжтэй хэрэлдээд бие бие рүүгээ орилж хашгирсан байдалтай коридорт хэрэлдэж байхаар нь маргааныг болиулах гээд хоёр тийш нь салгаад дундуур нь ороод зогсож байтал бэр эгч Оюумаа ээжийг цохих гэж гараа далайж цохих үедээ миний зүүн мөр лүү цохисон. Тэгэхээр нь би Оюумааг жижиг өрөө рүү нь түлхсэн. Тэгтэл бэр газар шалан дээр унасан. Тэгээд Оюумаа босож ирээд бие биенийхээ үснээсээ зулгаалцсан. Тэр үед бид хоёр бие биенийхээ толгой нүүр цээж рүү зөрүүлээд цохилцож байсан ба бид хоёр газар давхаралдаж унаад бас цохилцож ноцолдсон.

          ... Оюумаа эгч бид хоёр үсдэлцээд бие биенээ маажиж газар унагаад ноцолдож байсан. Энэ үед тухайн гэмтэл учирсан.

          ... Миний хувьд эгч Оюумаатай сайн дураараа эвлэрсэн. Бидний хувьд дахин ийм маргаан гарахгүй. Өөрийн хийсэн зүйлдээ харамсаж байгаа. Ухамсарлаж ойлгож байгаа учир хэргийг хөнгөн байдлаар хялбаршуулан шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Ц-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч  Б.Оюумаагийн “...Баатархүү овогтой Оюумаа миний бие Баатар овогтой Цэлмүүн дүүдээ ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэл байхгүй учир уг хэргийг хялбаршуулсан журмаар хөнгөн шийдэж өгнө үү”  гэсэн хүсэлт /хэргийн 63 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ц- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгон овогт Баатарын Цэлмүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Ц- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.Ц- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ