| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/01591/И |
| Дугаар | 97 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А.П-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.О-д холбогдох
Цалин болох 780 ам.доллар буюу 1 809 046 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т*******, хариуцагч Д.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.П******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие MEG,S Guesthouse ХХК-д хөтөч тайлбарлагчаар ажилласан цалингийн үлдэгдэл болох 780 ам.долларыг ******* УБУ улсын дугаартай фургон автомашины жолооч Д.О*******ын Хаан банк дахь 5003******* тоот валютын дансанд 2016 оны 8-р сарын 18-ны өдөр тус компаниас Пүүжээ цалин гэсэн утгатайгаар шилжүүлүүлсэн. Тухайн үед надад валютын данс байгаагүй учир хариуцагчийн дансыг ашиглан цалингаа шилжүүлэн авсан бөгөөд мөнгөө авах гэтэл хариуцагч Д.О******* нь элдэв шалтаг тоочин өгөхгүй байна. Иймд Д.О*******аас 780 ам.доллар буюу монгол мөнгөөр 1,809,046 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэн А.П******* нь хөтөч тайлбарлагчаар ажиллаж байгаад авсан цалингаа валютын данс байгаагүй учир хамт явж байсан жолооч Д.О*******ын дансаар шилжүүлж авахаар шилжүүлсэн. Гэтэл цалинг нь дансанд орчихоод байхад үндэслэлгүйгээр өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Иймд А.П*******гийн цалин 1 809 046 төгрөгийг хариуцагч Д.О*******аас гаргаж өгнө үү гэв .
Хариуцагч Д.О******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие өнгөрсөн зун А.П******* гэх охинтой 19 өдрийн 2 удаагийн аялал нийт 38 өдрийн аялалд хамтран ажилласан. Эхний 19 өдрийн аялалд явахад “энэ жил л аялалд явж байна, холын аялалд явж байгаагүй та зааж өгөөрэй” гэдэг байсан. Анхны аялалд 6 хүнтэй явсан бөгөөд ихэнхи жолооч нар машин тэрэг саадгүй хүрэх газраа хүрсэн бол болоо, бусад нь хөтөчийн хийх ажил гээд орхидог. Харин тухайн үед жуулчдаас шинэ хөтөч аялалаа сайн мэдэхгүй байна гэж санал гомдол гарах байх гээд миний бие хөтөчийн хийх ажил болох очсон газраа тайлбарлах ажлыг нь хийж байсан. Энэ нь А.П*******д маш хялбар байсан ба цалинтай зугаалга шиг л байсан байх. Эхний аялалд шинэ ч гэсэн хэлж заасныг яг таг хийгээд байхаар нь итгэж болох юм шиг ойлголт өгсөн учир өөрийн жуулчин хэрхэн авдаг талаараа хэлж өгсөн. Мөн MEG,S Guesthouse ХХК-иас дараагийн 19-н өдрийн аялалд А.П******* гэх охиныг явуулахгүй өөр орчуулагч явуулна гэсэн болохоор нь би А.П*******д “энэ аялалд чамайг өөр жолоочтой явуулна гэж байна” гэж хэлэхэд А.П******* нь “таниас өөр хүнтэй явмааргүй байна, тань шиг надад туслах хүн байхгүй, та захиралдаа хэлээд аваад яваач” гэж гуйгаад байсан болохоор нь явахаар болсон. Учир нь эхний аялалд явсан зарим жуулчидтай холбоо тогтоох байсан мэйл хаяг болон бусад зүйлс А.П*******д байсан. Ингээд хоёр дахь аялалд явж байх хугацаанд дээрх жуулчидаас холбоо тогтоож, бид хоёр хамтран 2-3 аялал хувиараа авахаар болсон. Авсан аялалынхаа ашгийг бид хоёр 50, 50 хувиар хуваахаар аман тохиролцоо хийсэн. Ингээд аялал эхлэхэд 3 Белги хүн ирэхээр болж 1 хүний өдөрт 185 доллар ба 11 өдөр 3 хүн бүгд 6105 доллараар тохиролцсон ба надад хэлэхдээ 1 хүний 130 доллароор тохиролцсон гэж худлаа хэлэн өөртөө 1 хүний 50 доллар ба 11 өдөр 3 хүнээс 1650 доллар авахаар санаархаж байсан ба “бид хоёрт дахин аялал байгаа 3 хоногийн дараа Баян-Өлгий 2 хүнтэй 21 хоногийн аялал ирэхээр боллоо та тэр аялалыг аваад яваарай, харин би энэ аялалыг ганцаараа аваад явчихъя” гээд намайг орхин явсан. Хэрэв энэ аялал нь үнэн байсан бол аялалаас олох ашиг нь 1500 доллар байсан. Явахдаа надаас картанд хийсэн 780 доллароо нэхсэн, тэгэхэд нь би “ирээд аваарай нэг мөр тооцоо хийсэн нь дээр чи ямар ч байсан наад аялалдаа яваад ир” гэсэн чинь А.П******* нь “таньд нэг ч төгрөг өгөхгүй наад 780 долларыг аваад зайл” гэж хэлсэн. Иймд А.П*******гийн нэхэмжилсэн 780 долларыг гарган өгөхийг зөвшөөрөхгүй байна.
Миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч А.П******* нь MEG,S Guesthouse ХХК-д хөтөч тайлбарлагчаар, миний бие жолоочоор ажиллаж байсан нь үнэн. А.П*******гийн хөтчөөр ажилласан цалинг компаниас миний валютын дансанд “Пүүжээ цалин” гэж шилжүүлсэн. Гэвч би уг 780 ам.долларыг буцаан өгөхгүй. Учир нь А.П******* нь надтай хамтран ажиллана, ашгаа 50, 50 хувиар хуваана гэж харилцан тохиролцсон байсан. Тиймээс эхлээд 1000 ам.долларын ашигтай явсан учраас надад 500 ам.доллар өгөх ёстой, дараагийнхаас бас 750 ам.доллар өгөх ёстой. Би өөр аялалд явах байсан боловч яваагүй, 1140 ам.доллар авах эрхээ алдсан. Нийт би А.П*******гээс 2390 ам.долларын авлагатай учир түүний цалин гэж миний дансанд орж ирсэн 780 ам.долларыг буцаан өгөхгүй гэж үзэж байна. Би энэ хүнээс болж ажлаасаа халагдсан. Миний гадаад жуулчдын нэрс болох 11 хүний нэрс, хаягийг аваад явчихсан тул үүнийгээ гаргуулж авмаар байна. А.П******* нь намайг утсаар ярихдаа хэл амаар доромжилсон, энэ нь түүний надад ирүүлсэн мессежээр нотлогдоно гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.П******* нь хариуцагч Д.О*******т холбогдуулан цалин болох 780 ам.доллар буюу 1 809 046 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч А.П******* нь валютын данс байгаагүй учир Д.О*******ын дансаар цалингаа шилжүүлэн авах гэтэл өгөхгүй байгаа тул цалин болох 780 ам.доллар буюу 1 809 046 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч Д.О******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, А.П******* нь хамтран ажиллана, олсон ашгаа 50, 50 хувиар хуваана гэж харилцан тохиролцсон, нийт 2390 ам.долларын өртэй, мөн энэ хүнээс болж ажлаасаа халагдсан, 11 гадаад хүний нэр, утас авчихаад өгөөгүй хохирол учруулсан гэж маргасан.
Нэхэмжлэгч А.П******* нь “Мegs guesthouse”-ийн хөтөч тайлбарлагчаар ажиллаж байсан бөгөөд 38 хоногийн цалин болох 780 ам.долларыг хариуцагч Д.О*******ын ХААН банкны 5003******* дугаар ам.долларын дансаар “Пүүжээ цалин” гэж шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Мegs guesthouse”-ийн тодорхойлолт, нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 4-5-р хуудас/
Хариуцагч нь түүний ХААН банкны 5003******* дугаар ам.долларын дансаар 780 ам.доллар “Пүүжээ цалин” гэсэн утгатайгаар шилжин орсон талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж, олсон ашгаа 50, 50 хувиар хуваан авахаар тохирсон гэсэн боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 780 ам.долларыг хамтран ажилласнаас олсон ашиг биш, нэхэмжлэгчийн цалин гэдгийг хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул нэхэмжлэгчид цалинг нь буцаан өгөхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Мөн нэхэмжлэгчийн буруугаас өөр аялалд явах байсан боловч яваагүй, 1140 ам.доллар олох байсан орлогоо алдсан, ажлаасаа халагдсан, гадаадын 11 хүний нэрсийг аваад өгөөгүй, нийт 2390 ам.долларыг авах авлагатай учир цалин болох 780 ам.долларыг нь өгөхгүй гэж мэтгэлцсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж ирүүлээгүй болно.
Иймд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүрэг үүсээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчид түүний цалинг өгөхгүй байх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.О*******аас 780 ам.доллар буюу 1 806 046 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.П*******д олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д “гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно” гэж зааснаар 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.долларыг 2 319,29 төгрөгөөр тооцсон болно. /780 ам.доллар х 2 319,29=1 809 046 төгрөг/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.О*******аас цалин болох 1 809 046 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.П*******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 895 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 43 895 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН